Шакирагийн ярилцлага: Би энгийн амьдралд их залхуу хүн

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 08

“Шакира таазны бүжгийг гайхалтай хийхийн тулд нэг хавиргаа авахуулсан юм гэнэ билээ" хэмээн таны нэгэн танил яривал бараг итгэчих гээд байдаг гэм бий. Үнэндээ бол Шакира хавиргаа авахуулаагүй хэрнээ л үегүй юм шиг бүжиглээд сурчихсан дуучин бүсгүй. Урлагийн тайзнаа гарснаас хойш 13 жил өнгөрч, энэ хугацаанд Колумбын шавилхан биетэй нүдэнд дулаахан бүсгүй дэлхийн хамгийн баян оддын нэг болж амжжээ. Саяхан 34 насныхаа төрсөн өдрийг хийсэн Шакира 11 жил найзалсан Антонио Де Ла Руагаас салсныхаа дараахан өөрөөсөө 10 насаар дүү, Испанийн хөлбөмбөгч Жерар Пике хэмээх залуутай учрах болжээ. Жил орчим тэд харилцаагаа нуусан тул тэдний хамтдаа байгаа зургийг олж ирсэн хүнд Испанийн нэгэн хэвлэл 150 мянган евро хүртэл амлаж үзэв. Гэтэл саяхан өнөөх хайгаад олдоггүй зургийн эзэд маань цэнгэлдэх дүүрэн үзэгчдийн өмнө үнсэлцэж, тун халуун янаг хос гэдгээ харуулав. Ингээд Шакирагийн тухай оршлыг орхиж түүний хамгийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.    


-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? 

-Би багаасаа л ээжийн эрх охин байсан. Одоо ч тэр хэвээрээ. Гэхдээ миний бага нас тийм ч амар байгаагүй. Аавын ажил дампуурмагц бид гэрийнхээ өөдтэй өнгөтэй бүгдийг зарахад хүрсзн. Гэрийн тавилга, зурагт, кондишн гээд бараг үнэ хүрч болох бүхий л зүйлээ зарсан. Ээж бид хоёрыг Лос Анжелос явуулчихаад эргээд ирэхэд аав хамаг юмаа зарчихсан, ханхай хоосон гэр л угтсан юм. Би бүр алмайрч орхисон. Яг тэр мөчид би эцэг эхдээ заавал тусална гэж өөртөө амласан.

-Тэгээд амласандаа хүрэхэд амаргүй байв уу? 

-Тийм ч хурдан амласандаа хүрчихээгүй л дээ. Төрөлх хотдоо амжилт олно гэдэг боломжгүй зүйл гэдгийг ойлголоо. Ингээд ээжийгээ ятгасаар улсынхаа нийслэл Боготад нүүж ирсэн. Тэнд би анхны цомгоо бичүүлж, түүнийгээ өөрөө рекламдсан удаатай. Би тоглоогүй шүү. Би өөрөө цомгоо бариад радиогийн хаалгыг цохиж, "Миний цомгийг цацаад өгөөч" гэж гуйж явсан юм. Ашгүй миний цомог АНУ-д их эрэлттэй болж, улмаар би цаашид улам том хөдлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Гэхдээ та тэр үед англи хэл мэддэггүй байсан шүү дээ. Яаж том хөдлөх гэж?

-Тийм ээ, би англи хэлний багштайгаа өрөөндөө ороод түгжчихдэг байлаа. Боб Диланы дууны үг, Жот Уитмений шүлгүүдийг их сонсож, уншина. Англи хэл дээрх анхны Laundry Service цомгоо гаргахын тулд хэлний хичээлээ их хийсэн дээ. Гартаа толь бичиг барьчихаад дууныхаа үгийг бичдэг байлаа. Би тэр үед дууныхаа үгийг өөр хүнээр бичүүлэхийг хүсээгүй. Энэ бол миний л хувь тавилан. Тиймээс хувь тавилангаа би өөрөө л бүтээх ёстой гэж бодсон минь тэр. Заримдаа ингэж суухдаа мөс рүү өндрөөс үсэрч орох гэж буй юм шиг сэтгэгдэл төрдөг байлаа. Гэхдээ би зүтгэсний эцэст амжилтад хүрнэ гэдэгтээ итгэсэн юм.

-Таны хөгжимд хэн, юу нөлөөлсөн юм бэ?

-Юун түрүүнд миний цусаар гүйж буй испани, ливан, итали цус хөгжмийн минь гол үндэс суурийг тавьсан байх. Мөн Британийн The Cure, The Police, The Rolling Stones болон Led Zeppelin зэрэг миний дуртай хамтлагийн аялгуу, дуунууд намайг хөглөж өгсөн.

-Мадонна юмуу Майкл Жексон танд нөлөөлөөгүй гэж үү?

-Би тэдний амжилт, зорилгоор бахархаж, тэдэн шиг амжилт гаргахыг хүсч байсан. Тэд миний үлгэр дууриал болсон гэж хэлж болно.

-Тэгвэл одоо юунд тэмүүлж байна вэ?

-Би урьдын адил их хөдөлмөрлөж байна. Мөн хайртай хүмүүстээ халамж, хайраа бэлэглэхийг зорьж байна. Намайг хайрладаг, миний хайрладаг хүмүүс надад маш чухал гэдгийг би үргэлж мэдэрч, ойлгож явдаг.

-Та гэрийнхэнтэйгээ жилдээ цөөхөн уулздаг байх. Тэднийгээ санаж, үгүйлдэг үү?

-Үгүй ээ, харин ч бид олон уулздаг. Би аялан тоглолтоор ийш тийш их явдаг болохоор хааяа гэрийнхэн дээрээ очих боломж гардаг. Мөн заримдаа гэрийнхэн маань над дээр ч хүрээд ирдэг. Гэр бүл гэдэг бол гэрийн минь багана биш шүү дээ. Гэр бүл гэдэг бол надад хайртай, намайг хүндэлдэг хүмүүс. Харин хамгийн их санаж үгүйлдэг зүйл маань гэвэл колумб үндэсний хоол юм даа. Мөн ангийнхнаа их үгүйлдэг.

-Таны тоглолт гэдэг эрч хүчний илэрхийлэл л гэсэн үг. Та хаанаас энэ их эрч хүчийг авдаг юм бэ?

-Би тайзан дээр дуулж, бүжиглэж, үсэрч, харайх дуртай. Би аялан тоглолтоор явахдаа өдөр бүр дор хаяж нэг цаг биеийн дасгал хөдөлгөөн хийж, гүйлтээр хичээллэдэг. Харин аялан тоглолт дуусмагц өөрийгөө тэгтлээ анхаарахаа болиод жин нэмээд эхэлдэг. Энгийн амьдрал дээрээ би их залхуу хүн шүү дээ.

-Та хоолны дэглэм барьдаг уу?

-Барьдаг. Хоол хүнсний зүйлийг аль болох бага хэрэглэх гэж хичээдэг. Жишээ нь, долоо хоногт нэг л удаа махан хоол иднэ. Гэхдээ нэг идэхдээ үхрийн махтайг сонгодог. Бусад үед ихэвчлэн загас, хүнсний ногоогоор хооллоно. Цагаан хоолтон болох гэж үзсэн ч хоёр сараас илүү тэсэлгүй эргээд маханд орчихсон юм. Миний бодлоор үргэлж галбир сайтай байхын тулд зарим хоол тэжээлээс татгалзаж, өдөр бүр бэлтгэл хийж байх хэрэгтэй. Энэ нь зарим хүнд хэцүү, магадгүй бүр хэрцгий ч санагдаж мэднэ. Гэхдээ амьдралд золиос гаргахгүйгээр амжилт олно гэж үгүй.

-Таны гэрт хувцасны зах л байдаг байх даа?

-Үгүй ээ, би гэртээ загварын ертөнц байгуулчихаагүй. Хүмүүс намайг гэртээ олон зуун хувцас дунд алийг нь сонгохоо эргэлзээд зогсож байдаг гэж боддог шиг байгаа юм. Миний тайзны хувцас ч их цөөн шүү дээ. Би зарим одод шиг тоглолтын турш 20 удаа хувцсаа солихоос залхуу хүрээд байдаг юм. Тийм болохоор цөөн байгаа юм. Би эрх чөлөөтэй хувцаслаж, түүнийг хувцаслалтаараа харуулахыг л эрмэлздэг.

-Та хүүхдийн ирээдүйн төлөө багагүй санаа тавьж, хэд хэдэн ажил зохион байгуулсан. Латин Америкийн ядуу хүүхдүүдэд туслахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хүртэл уулзсан. Аялан тоглолт хийх зуураа яаж иймэрхүү ажлаа амжуулаад байдаг юм бэ?

-Сайн санааны үйлс, хүмүүст тусална гэдэг миний хувьд бараг хөгжмөөс ч чухал зүйлд тооцогддог. Намайг 60 хүрэхэд хэн ч тоож харахгүй, би хэнд ч сонин биш болно. Гэхдээ л би тэр үед урьдын адил хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй, жаргалтай байлгахын төлөө тэдэнд тусалсаар байх болно.

-Яагаад та заавал хүүхдүүдэд тусалдаг юм бэ?

-Би тэднийг хараад өөрийнхөө бага насыг боддог юм. Манай гэрийн туулж өнгөрүүлсэн тэр хэдэн хүнд жил, хэцүү цаг хугацаа намайг хүүхдүүдийг тийм юм битгий үзээсэй гэсэн үзэл суухад хүргэсэн. Би багадаа эцэг эхтэйгээ, орон гэртээ амьдардаг байж. Гэтэл миний үеийн насны жаахан хүүхдүүд гэр оронгүй, гудамжинд хөл нүцгэн л гүйж явдаг байж билээ. Энэ гунигт дурсамж миний ой тойноос гардаггүй юм. Тиймээс л би хүүхдүүдийг харахаар зүрх шимширч, тэдэнд туслах хусэлдээ автдаг юм даа.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top