Жирэмсэн болоод сексийн амьдралд маань янз бүрийн өөрчлөлт орох уу?
Хүнээсээ л хамаарна. Зарим жирэмсэн эхийн хувьд секс өмнөхөөсөө ч илүү сайхан санагдаж эхэлдэг байхад заримынх нь хувьд тухгүй, таагүй мэдрэмж төрүүлдэг. Нөхөрт чинь чиний жирэмсэн бие илүү дур булаам, тачаангуй санагдаж, хамгаалалт хэрэглэхгүй санаа амар секс хийх нь чамд ч бас урьдынхаасаа тааламжтай санагдаж магадгүй. Аарцаг хэсэгт нэмэгдсэн цусны эргэлт ч бас “доороо” мэдрэмтгий байхад чинь нөлөөлж байгаа. Харин зарим эмэгтэйн хувьд сексээс зайлсхийж эхлэх нь хэд хэдэн түгээмэл шалтгаантай:
• Жирэмсний хордлого
• Жирэмсний эхэн үеийн ядрал
• Хөх хөндүүрлэх
• Ойр ойрхон шээс хүрэх
• Гормоны өөрчлөлт
• Зулбах вий гэсэн айдас
Эдгээр шинж тэмдгүүд арилах үед та хоёрын бэлгийн амьдрал буцаад хэвийн байдалдаа орох учраас “Ингээд л бид хоёр гал халуухан хос байхаа больчихож байгаа юм уу?” гэсэн бодлоосоо салаарай.
Сексээс болж зулбах эрсдэл бий юу?
Секс зулбалт үүсэх шууд шалтгаан болохгүй гэдгийг барууны эмч нар бүгд нотлоод байгаа. Учир нь секс хийснээс болж зулбалт үүссэн гэж баттайяа хэлэх тохиолдол одоог хүртэл нэг ч бүртгэгдээгүй байгаа юм. Олон зулбалтын эхний шинж тэмдэг (доошоо цусархаг шингэн гарах, базалж өвдөх) сексийн дараагаар үүссэн байдаг ч, тэр нь аль хэдийнэ үүсээд эхэлчихсэн байсан зулбалтыг эрчимжүүлсэн л байх магадлалтай гэж анагаах ухаанд үздэг. Жирийн жирэмслэлтийн үед секс хийх нь хортой зүйл биш ч гэлээ эмэгтэйчүүдийн эмч нар эдгээр тохиолдолд хосуудын бэлгийн харилцааг хориглоно:
• Өмнө нь зулбаж байсан эсвэл зулбахыг завдсан
• Шалтгаан нь үл мэдэгдэх байдлаар цусархаг зүйл гарсан
• Хэвлий хэсгээр өвдөлттэй байгаа
• Савны амсрын сулралтай хэмээн өмнө нь оношлогдож байсан
• Ихэс доороо байрласан бол
• Усны хүүдийнээс ус ялгарч байгаа
• Нөхөрт БЗХӨ илэрсэн бол
Хэрвээ эмч бэлгийн харьцааг хориглосон бол үүнд сэрэл хөдөлгөх бусад үйлдэл, жишээ нь аман секс, гар хангалга ч бас тооцогдож болно гэдгийг санах нь чухал. Учир нь эдгээр үйлдэл эмэгтэйг дур тавиулж, саванд тодорхой хэмжээний агшилт өгөх магадлалтай. Тиймээс эмчийг “болно” гэж хэлтэл тэсээрэй, хоёр оо!
“Өндөр эрсдэлтэй” жирэмслэлтийг эхний хэдэн долоо хоногт нь тодорхойлох боломжгүй байдаг. Олонхи тохиолдолд зулбалт нь зайлсхийж болохгүй хүчин зүйлээс хамаарсан байдаг бөгөөд эмч нар жирэмслэлт хэвийн явагдаж, ургийн цэврүү өсч байгааг харж хүлээхээс өөр аргагүй. Эрт үеийн зулбалтууд ихэвчлэн ээжийн үйлдлээс биш ургийн хөгжил болон хромсомын гажуудлаас үүдэлтэй байдаг билээ. Хэрэв ээжийн эрүүл мэнд сайн бол тээлтийн 9 сарын турш тайвнаар секс хийж болно. Ураг маань усан бүрхүүл дунд сайтар хамгаалагдсан байгаа. Тиймээс юм болгоноос айж нервтэх нь илүүц юм. Харин өмнө нь хэвийн бус жирэмслэлт явагдаж байсан бол болгоомжтой байх нь зүйтэй!
Хамгийн гол нь хайрттайгаа өөрийн айдас, сэтгэл зовнилыг бүгдийг нь нээлттэй хуваалцах нь чухал. Чамд хэрвээ “дэмий” санагдаж байгаа бол магадгүй “дэмий” л байхыг үгүйсгэхгүй учраас үнэн мэдрэмжээ илэрхийлж гурван сар хүртэл нь тэсэх талаар зөвлөлдсөн нь дээр. Харин сексийн харилцаа хязгаарлагдмал болсон ч гэсэн бие биендээ эрхэлж тэврэлдэхээ зогсоохгүй байх хэрэгтэй. Мөн хүчтэй гүн оруулахаас зайлсхийж зөөлөн аажуу секс хийх нь ямар ч жирэмслэлтийн үед илүү таатай байдаг.
Сексийн дараа өвдөлт мэдрэгдвэл?
Сексийн дараа хэвлийгээр жаахан базалж өвдвөл битгий хэт их айгаарай. Энэ бол ховор үзэгдэл биш. Дур тавилт болон простагландин гормон нь саванд агшилт өгснөөр тэрхүү өвдөлт үүсдэг. Жирэмсэн биш үед ч гэсэн энэ агшилт явагддаг боловч бидэнд мэдрэгддэггүй юм.
Мөн сексийн дараа дусал төдий цус гарвал айж түгших хэрэггүй. Жирэмсэн үед савны гадаргуу тун эмзэг, мэдрэмтгий болсноос хамтрагчийн чинь эрхтэн саванд үрэлт үзүүлэхэд үл ялигхан цус гарах тохиолдол бий. Гэхдээ сарын тэмдэг ирж байгаа юм шиг цус үзэгдвэл шууд эмч дээрээ яаралтай очоорой. Учир нь энэ нь ихсийн ховхролын шинж тэмдэг байх магадлалтай.
Ахин хэлэхэд энэ нь базлалт, цусархаг шингэн бол жирийн, байх ёстой үзэгдэл гэсэн үг огт биш. Харин ийм шинж тэмдэг болгон зулбалтыг илэрхийлэхгүй учраас сэтгэлээр юуны түрүүнд унаж болохгүй гэдгийг л сануулж байгаа юм. Тиймээс маргааш нь, боломжтой бол тэр оройдоо эмч дээрээ очиж бүх юм хэвийн байгааг шалгуулан санаагаа хурдхан амраасан нь дээр шүү.
Сэтгэгдэл ( 1 )
Эргэж тайвах уу