Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхлээд хоёр зууныг ардаа орхижээ. Ердөө л зуу гаруйхан жилийн өмнө тэд эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө эрчүүдэд бараа мэт худалдагдаж, дарлагдан зовсон ч энэ тухайгаа илэрхийлэх ч эрхгүй байв. Харин зориг гарган дуу хоолойгоо илэрхийлж эхэлснээр тэд бага багаар амжилт олсоор өнөөдрийг хүрчээ. Эрчүүдтэй хийсэн энэ урт удаан хугацааны тэмцэлд хадан дээрээс түлхүүлэх, үй олноороо торны цаана суух, тэр ч бүү хэл амьдаараа шатаалгах зэргээр зовсон ч эрх мэдлээ тодорхой хэмжээгээр ахиулж чадсан байна. Бүсгүйчүүд 100 жилийн өмнө сонгуульд ч оролцох эрхгүй байсан бол өдгөө зарим нэг оронд Парламентын дийлэнхийг эзлэн суух болжээ. Дэлхий дээр тусгаар тогтносон 200 гаруй улсаас эмэгтэй парламентчгүй улс зургаахан (Вануату, Тонга, Катар, Палау, Йемен, Микронези) үлджээ.
Европын комиссоос нэгэн сонирхолтой судалгааг гаргасныг тоймлон сонирхуулья.
Эдийн засаг бизнесийн салбарт норвеги бүсгүйчүүд тэмцэлд оройлон оролцсон гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдсан байна. Энэ хүчин зүтгэлийн үр дүнд тус улсын тэргүүлэх компаниудын 40 орчим хувийг эмэгтэйчүүд атгаж байдаг аж. Гэхдээ Европ тивийг бүхэлд нь авч үзвэл томоохон 10 компани тутмын нэг нь эмэгтэй зархиралтай байна гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ энэ тоо цаашид өсөх бүрэн боломжтой. Учир нь энэ чиглэлээр их дээд сургуульд суралцагч, 2010-2011 онд элсэн суралцагчдын тоо эрчүүдээс хамаагүй их буюу 60:40 харьцаатай байна. Энэ үзүүлэлт манай өмнөд хөршид хамгийн их буюу бүх элсэгч, суралцагчдын 63 хувьд хүсэн бол эрчимтэй хөгжлийн гараанд дээр ирээд буй зүүн Европын Румын, ОХУ, Украин зэрэг оронд тавиас дээш хувьтай гарчээ.
Харин Парламентын төвшинд аваад үзвэл Руанда, Болив, Андорра, Куба, Швед, Сайшелийн арлууд, Финландын шингэн дуутнууд илүү амжилтад хүрэв. Эдгээр орны Парламентад эмэгтэйчүүдийн оролцоо 100 жилийн хугацаанд 40-өөс дээш хувь болтлоо нэмэгдсэн аж. Гэхдээ эдийн засгийн салбараас ялгаатай нь “бөндгөрийнхөө” хүчээр биш, квот тогтоосны хүчээр энэ амжилтыг гаргасан.
Руанда улсын одоогийн Парламентын гишүүдийн 64 хувь нь эмэгтэй. Ингэснээр энэ салбарт эрчүүдийг ялсан анхны улс Руанда болсон юм. Шоглож хэлбэл, эмэгтэйчүүдийн зорилго зөвхөн “Хүйсийн тэгш эрх, 50:50” биш, хэдэн мянган жилийн тэртээд ноёрхож асан “Эхийн эрхт ёс”-ыг сэргээх ч юм шиг. Дээр нэр дурьдсан орнуудаас Андорра эрэгтэй, эмэгтэй гишүүд 50:50 харьцаатай, жендерийн хувьд жинхэнэ “төгс” Парламент бүрдүүлж чаджээ.
Манай улсын хувьд, Парламентын нийт гишүүдийн 15 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэдэг үзүүлэлтээр сүүл хавьцаа бичигдэж байна.
Ажил хөдөлмөрийн салбарт бол хүүхнүүд харин эрчүүдийг хол хаяжээ. Өмнө нь өрх гэрийн “нэргүй ажил” хийсээр хөдөлмөрөө үнэлүүлж чаддаггүй байсан бол одоо хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж хөдөлмөрчин ангийн дийлэнхийг бүрдүүлэх болсон байна. Өдгөө өндөр хөгжилтэй орнуудын ажиллах хүчний 60-аас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Үүнийг уншсан зарим нь “Эмэгтэй хүмүүсээр ажил хийлгээд байвал хөгжчих юм биш үү” гэж дүгнэж ч мэдэх юм.
Парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь харьцангуй бага ч гэсэн Монгол Улс хүйсийн тэгш эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг.
Жендерийн асуудлаар дагнан ажилладаг бүхэл бүтэн агентлагийг Засгийн газрынхаа дэргэд байгуулан ажиллаж байгаа нь үүний илэрхийлэл юм. "Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай" НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх МУ-ын үндэсний 8, 9 дүгээр нэгтгэсэн илтгэл хэлэлцүүлэх 63 дугаар хуралдаан өнгөрсөн сарын 19-ний өдөр Швейцарийн Женев хотноо болж өнгөрсөн. Тэрхүү хуралдаанд тавьсан илтгэлд, конвенцийн хэрэгжилт Монгол Улсад 75 хувьтай байгаа гэж дурджээ. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай тусгай хууль баталснаас гадна, Хөдөлмөрийн тухай, төрийн албаны тухай гэх мэт бусад бүх хуульд хүсийн тэгш эрхийг хангах талаар заалт оруулан мөрдөж, олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь энэхүү дүгнэлтийг хийхэд нөлөөлсөн нь дамжиггүй.
Боловсролын салбарт бол эмэгтэйчүүд бүх төвшинд (цэцэрлэг, сургууль, их дээд сргуулийн оюутан суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгчид) давамгайлж, нэгэнт ноёрхлоо тогтоож чадсан. Өрх гэрийн төвшинд ч энэ байдал хадгалагддаг. Элэг бүтэн гэр бүлүүдийн дунд эмэгтэй “жанжин”-тай нь олон бий. Харин, Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2015 оны жилийн эцсийн тайланд “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өссөн” гэсэн баримт байгаа нь харамсалтай. Эдгээр баримтуудаас харахад, эмэгтэйчүүдийн эрх ядуу гэр бүлд илүү ихээр зөрчигдөж байгаа юм. Тиймээс, үнэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя л гэж байгаа бол юун түрүүнд эдийн засгаа л сайжруулах хэрэгтэй юм.
Хэдийгээр дэлхий нийт эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, дуу хоолойг нь сонсдог болсон ч эмэгтэйчүүд гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болдог, хүн худалдаалах гэмт хэргийн гол бай хэвээр байна. Тиймээс хүйсийн тэгш эрхийн төлөөх тэмцэл цаашид ч олон жил үргэлжлэх нь дамжиггүй.
Д.Дамдинжав
Сэтгэгдэл ( 0 )