Монголд балетын урлаг үүсч хөгжөөд 60 гаруй жил болжээ. Энэ хугацаанд Монголоос олон сайхан балетын жүжигчид төрөн гарсан байдаг. Тухайн үед ЗХУ-д мэргэжил дээшлүүлж суралцдаг байсан бол одоо олон хүүхдүүд Монголдоо балетын урлагаар хичээллэж, улам л чадваржсанаар байгаа нь сайшаалтай. Харин өнөө цагийн балетын жүжигчин залуусаа манлайлан нэгэн тодоос тод од гялалзсан нь Отгонтөгсийн Анужин. Үеийнх нь залуус чөлөөт цагаа кофе шоп, номын дэлгүүр, шөнийн клуб, спорт зааланд өнгөрөөж байхад тэр үргэлж л бэлтгэл сургуулилт, тоглолт гэсээр тун зав багатай амьдардаг. Ингээд түүнтэй цөөхөн хором ярилцлаа.
- “Уран хас” бүжгэн жүжгийн гол дүрд тоглох гэж байгаа гэж сонссон. Бэлтгэл сургуулилт ихтэй байна уу?
Тийм ээ, Уран хас бүжгэн жүжгийн Хандармаад тоглож байгаа. Энэ сарын 6-нд тоглогдож эхлэнэ. Миний хувьд анх удаагаа Уран хасд тоглож байна. Мөн 12-нд нь Хунт нуур балетын гол дүр болох Одетта, Оделияд тоглохоор болсон байгаа. Одоогоор маш их ачааллалтай л байна даа.
- БНСУ-д болсон “Korea international ballet competition” Олон улсын балетын “А”зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцоод ирсэн. Тэр тухайгаа манай уншигчдад ярьж өгөөч?
Өнгөрөгч зургаадугаар сарын сүүлээр болсон тус тэмцээнд партнёр О.Ганцоожтойгоо оролцоод хүрэл медаль хүртэж ирсэн. Энэ нь Монгол Улсад Оюун багшаас хойш 35 жилийн дараа авч байгаа эмэгтэй балетчины медаль юм. Маш их баяртай байна. Энэ медалд хүрэхийн тулд олон гайхалтай хүмүүсийн дэмжлэгийг авсан. Хамгийн түрүүнд багш Дашлхагвадаа их баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж хамтрагч хамгийн чухал байдаг. СТА О.Ганцоож ахтай тэмцээнд оролцож, медаль хүртсэндээ баяртай байна.
- Таны хамгийн анхны балетын хос хэн байсан бэ?
Би Дуурийн театрт ажиллаад долоон жил болж байна. Хөгжим бүжгийн коллежийг 2012 онд төгссөн. Суралцаж байх хугацаандаа театрт ажилладаг байсан л даа. Миний хамгийн анхны партнёр бол манай ангийн Билгүүдэй. Гэхдээ энэ миний партнёр үүрд гэх зүйл байхгүй л дээ. Тоглож байгаа жүжгээс шалтгаалаад партнёрууд солигдоод явдаг байгаа.
- Яг одоо таны жин хэд байгаа вэ?
Аан, яг одоо 43 килограмм жинтэй байгаа.
- Та нэг ярилцлагадаа би 45 кг байгаа, дахиад хоёр килограмм хасна гэсэн байсан. Тэрийг уншаад би үнэхээр гайхсан шүү. Гэхдээ та хасч чадсан байна. Харин ийм хэмжээний жинтэй байхын тулд тусгай хоолны дэглэм барьдаг уу?
Харин тийм. Өөрөө турах шаардлагатай гэж үзвэл хоолоо сойдог. Туранхай байх тусмаа балетчин хүн бүжиглэхэд амар, партнёрын нуруунд ачаалал бага үүсдэг л дээ. Гэхдээ хоолны дэглэм маш муу барьдаг. Хэт их ачаалалтай үед хоолтой, хоолгүй явна. Тэр үеэрээ турах шаардлага илүү их гардаг. Яг одоогоор бол зөв хооллолтын дэглэм барьж сураагүй л байна.
- Ийм жинтэй байх минийхээр бол их муу юм шиг санагдаад байна л даа. Бие организмд чинь сөргөөр нөлөөлөх ч юм уу, тийм зүйл байдаг болов уу?
Тийм зүйл одоогоор алга байна. Ер нь гадны орнуудын бүжигчид их туранхай байдаг л даа. Тэнд очихоор бид нар бондгор талдаа ордог.
- Тийм гэж үү?
Тийм ээ, Европ хүмүүс их нарийхан, урт гартай. Харин бид мах иддэг гэдэг утгаараа арай өөр биетэй очдог. 43 килограмм байснаар яг одоо биенд өөрчлөлт ороогүй байна. Ер нь бол орохгүй. Эрүүл зөв хооллоод, өөрийн хэрэгцээтэй гэсэн амин дэмээ аваад байхад асуудалгүй гэж боддог.
- Хунт нуурын үзэсгэлэнт хар, цагаан хунд тоглох гэж байна. Ямар сэтгэгдэл төрж байна даа?
Өнгөрөгч долоодугаар сарын 16-нд Хунт нуур бүжгэн жүжгийг анх удаа гоцолсон. Энэ бол миний хоёр дахь удаагийн, бас нэлээн хариуцлагатай тоглолт. Ер нь театрт гол дүр бүтээнэ гэдэг маш их хариуцлага ирдэг л дээ. Мэдээж Хунт нуурт тоглоно гэдэг сайхан зүйл. Гэхдээ зөвхөн Хунт нуур гэлтгүй бусад дүр маань ч бас үзэгчдэд хүрдэг учраас маш их хариуцлага л шаарддаг даа.
- Хунт нуурын хар, цагаан хунд тоглоно гэхээр чамаас маш их ур чадвар, жүжиглэлт шаардагдаж байгаа байх. Энэ жүжгээс чиний олж авсан ололт юу вэ?
Тэгэлгүй яахав, Хунт нуур бол маш их техник шаардсан жүжиг л дээ. Цагаан хун бол энхрий зөөлөн, уян налархай, хар хун бол илүү ширүүн, хурц байх шаардлагатай. Багш нар маань маш сайн ажиллаж байгаа. Тийм болохоор багш нарынхаа хэлсэн зүйлийг ягштал биелүүлэхийг хичээж байна. Мэдээж балетын бүжигчин биш жүжигчин гэж явдаг учраас тэр жүжгийг амилуулах хэрэгтэй. Тийм учраас маш их бичлэг үздэг, судалгаа хийдэг. Үүнийхээ ачаар бага багаар хөгжөөд л явж байна. Цаашдаа улам туршлагажаад ирэхээрээ арай өөр, одоо байгаагаасаа илүү болох байх гэж бодож байна.
- Балетаар охидууд их багаасаа хичээллэж төгсөөд, 20,21 хүрэхээрээ жүжгээ гоцлож эхэлдэг гэж би ойлгосон. Тэгэхээр бусад орны балетчидтай өөрийнхөө одоо байгаа чадварыг харьцуулж үзэв үү?
Манай Хөгжим бүжгийн коллеж ангиасаа шалтгаалаад хүүхдүүдийг ес, 10-н настайд нь балетын ангидаа бүртгэж авдаг. Тэгээд 17,18 настай байхдаа төгсдөг. Ер нь балетын урлаг залуу насны урлаг. Тийм учраас энэ насан дээрээ л эрч хүчтэйгээр бүх зүйлээ хийж чадна, чадахгүй бол тэгээд хэцүү л дээ. Гадаадын алдартай балетчид ч ялгаагүй. 20,21 насан дээрээ амжилтанд хүрсэн байдаг. Оройтож болдоггүй урлаг болохоор залуу насан дээрээ л бүх зүйлээ гаргаж, амжилтанд хүрсэн байх ёстой.
- Та нэг ярилцлагадаа надад одоо балетад тоглох 13 жилийн л хугацаа байна гэсэн байсан. Яагаад тэр вэ?
Тийм ээ. Дуурийн театрт 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Би одоогоор долоон жил ажиллачихсан байна. Тэгэхээр надад тэтгэвэртээ гарахад 13 жил үлдсэн байна гэсэн үг л дээ. Гэхдээ дунд нь юу ч болж магадгүй. Ер нь бол үндсэн ажилтан 20 жил байдаг. Хүн өөрөө хүсч байвал балетын урлагаар хэдэн нас хүртлээ ч хичээллэж болдог. Миний хувьд балетаа бүжиглэж дууссан ч энэ урлагаас хэзээ ч салахгүй. Тэгэхээр энэ урлагтайгаа холбоотой гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр өөрийнхөө хүчийг үзнэ гэж боддог. Манайд зөндөө залуухан охид төгсөж ирж байна. Перм хотоос ч төгсөөд ирсэн. Бид улам олуулаа, баялаг болсоор л байна. Тиймээс бид ирээдүйгээ бодохын тулд арай өөр өөр салбарт орж, балетдаа дэм болохоор зүйл хийж, балетаа хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.
- Үеийнхнээсээ хамаагүй эрт, залуугаараа тэтгэвэрт гарах нь ээ. Гэхдээ үлдсэн 13 жилийнхээ хугацаанд би ийм амжилтанд хүрнэ дээ гэсэн зорилго өөртөө тавив уу?
Мэдээж зорилго байлгүй яахав. Дуурийн театртаа бүжиглэх ёстой бүх зүйлдээ тоглоод, өөрийнхөө сэтгэлийг ханатал балетаараа бүжиглэхийг хүсч байна. Тэгээд цаашдаа шинээр амьдрах нас байгаа учраас өөр мэргэжил эзэмшинэ гэж боддог.
- Ямар мэргэжил вэ?
Бизнесээр сурна гэсэн бодолтой байгаа.
- Өнгөрөгч 10 дугаар сарын сүүлээр цацагдсан "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” дууны клипэнд тоглосон байсан. Үнэхээр сайхан клип, дуу болсон байна лээ. Танд энэ дууны клипэнд тоглох саналыг анх хэн тавьсан бэ?
"Үзэсгэлэнт минь" гээд дуу их сайхан болсон байна лээ. Дуурийн театрын Ерөнхий балетмейстр Жаргал болон захирал маань залгаад ийм дууны клипний зураг авалт болноо, Эрдэнэболд та хоёр очиж тоглооч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр дуун дээр балетын хэсгээс тоглосон байгаа. Сайхан клип болсон байна лээ. Дуу нь ч гэсэн үнэхээр гоё санагдаж байсан. Хүмүүсийн сэтгэлд ч их хүрсэн юм шиг байна лээ. Мөн энэ дуу олны хүртээл болсонд их баяртай байгаа.
- Амралтын өдрүүдээ өөртөө зарцуулж чадаж байна уу, ер нь амрах боломж олдох юм уу?
Манайх Даваа, Мягмар гаригуудад л амардаг. Анх ингэж амрах их хэцүү байдаг байсан. Гэрийнхэн хагас, бүтэн сайнд ийш тийшээ явахад би ганцаараа үлддэг ч юм уу. Одоо бол дасчихсан. Харин ч ингэж амрах маань их таалагддаг. Бүх газар ажиллаж байдаг учраас ажил амжуулахад амархан, хурдан бүтдэг. Мэдээж хүн л юм чинь гэр бүлийхэнтэйгээ амрахыг хүсэлгүй яахав. Амарч байгаа хугацаандаа өөртөө илүү их цаг зарцуулахыг хичээдэг.
- Үеийнхэн чинь одоо дөнгөж их сургуулиа төгсөх гээд таныг бодвол хамаагүй илүү цаг завтай, чөлөөт цагаа дуртай зүйлдээ зарцуулж өнгөрөөж байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
Би үеийнхнийгээ маш их хүндэлдэг. Мэдээж би ийм сургуульд ороод, эрт мэргэжил эзэмшээд явж байгаа учраас азтай байлгүй яахав. Гэхдээ манай үеийнхэнд шилдэг, мундаг залуучууд их байна. Тэд нараас үргэлж суралцахыг хичээдэг, хоцорчихгүй байх юмсан гэж боддог. Минийх бол тогтчихсон мэргэжил, амжилт үзүүлэх үгүй нь цэвэр надаас шалтгаална. Харин тэд өөрсдийнхөө ирээдүйг илүү томоор харж, сэтгэж байна. Тиймээс өөрийнхөө үеийн залуучуудыг хараад маш их бахархдаг. Ер нь бол театраас гадна хүмүүстэй танилцаж, мэдэхийг маш их хүсдэг. Яагаад гэвэл тэд миний мэддэг зүйлээс арай хол, өөрөөр сэтгэдэг. Тэгэхээр бид тэднээс суралцаж, тэд надаас суралцахыг л хичээдэг дээ.
- Театраас гадуур орчинд хүмүүстэй танилцах, уулзах зэрэг боломжоо хэрхэн олж авдаг вэ?
Үнэхээр боломж олдвол лекц, сургалтанд суух дуртай. Гэм нь жаахан боломж хомс байдаг. Гэхдээ “Эрдэмт” клубын залуусын сургалтанд хэд хэдэн удаа очсон. Надад маш их таалагдсан. Аль болох байнга очихыг хичээдэг. Бас хүмүүнлэгийн ажил хийх дуртай. Манай нэг найз маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусладаг. Тиймд тэр найзтайгаа хамтраад нэгэн сонгодог үдшийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт өнгөрүүлэхээр төлөвлөөд байж байна. Нэг үдэш тийм хүүхдүүдтэй хамт байна гэдэг бидний хувьд маш их нэр төрийн хэрэг. Тэднийг харахаар би одоо байгаа зүйлээ голох, одоо байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй байх ямар ч эрхгүй юм шиг санагддаг. Ер нь театраас гадна байгаа хүмүүстэй ярилцах их дуртай. Яагаад гэхээр урлаг, балет хүнийг жаахан хийсвэр болгочих гээд байдаг. Тийм учраас тэр тал дээр өөрийгөө хянахыг хичээдэг.
- Хоёулаа буцаад балетын урлагийн тухай яриандаа оръё. Балет бол маш хүнд урлаг. Бэртэж гэмтэхээс эхлээд танд хэцүү зүйл их тулгардаг байх. Гэхдээ тэвчих ёстой гэсэн тэр сэтгэлийн хатаа та юунаас олж авдаг вэ?
Балет өөрөө хүнийг маш их хатуужилтай болгодог. Манай балетчид үнэхээр их хатуужилтай. Би бэртлээ гэхэд миний оронд өөр нэг хүн арай бэлтгэл муутай гарах л болно. Тэгэхээр тэр хүн ч гэсэн бэртэх магадлалтай болчихож байгаа юм. Тиймээс хариуцлагатай, тэвчээртэй байхыг бидэнд их зааж өгдөг. Хөл гэмтэх бэртэх олон асуудал байдаг ч тэрийг давж туулах тэвчээрийг багш нар маань багаас нь олгодог. Заримдаа ч бас арай ч юм уу гэж боддог л юм. Гэхдээ яахав дээ, бидний гол зорилго бол үзэгчид та бүхэнд энэ урлагийн сайхныг нь хараад, гоо зүйн мэдрэмж аваад сэтгэл дүүрэн энэ театраас гарч яваасай гэж хүсдэг учраас үүний төлөө л зорьдог. Урд байгаа хүмүүсийн төлөө л ажилладаг гэсэн үг шүү дээ. Гэхдээ ихэнхи нь ажил гэхээсээ илүүтэй бидний дуртай зүйл гэж боддог. Тийм учраас ядарлаа, өвдлөө гэж хэлэх нь бага байдаг юм уу даа.
- Би чадах юм байна, би үнэхээр амжилтанд хүрч чадах юм байна гэсэн анхны урмыг юунаас авч байсан бэ?
Ер нь бол би чадах юм байна гэж бодож байгаагүй л дээ. Багш нарын минь л ач. Мэдээж би чадчих юм шиг байна гэсэн сэтгэгдэл төрөхгүй бол яаж амжилтанд хүрэхэв. Бас ээж маань надад их тус болсон. Тийм мундаг сахиусан тэнгэр миний хажууд байдаг болохоор өдий зэрэгтэй, амжилттай яваа байх. Ер нь урлаг, спортод гэр бүл гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Гэр бүл 100 хувь дэмжиж байж ямар ч стрессгүйгээр ажлаа хийдэг. Манай гэр бүл намайг болилоо гэсэн ч, эргээд орлоо гэсэн ч дэмждэг. Уйлсан ч, баярласан ч тэврээд авдаг учраас би их азтай хүн юм уу даа.
- Урлагт өрсөлдөөн их байдаг гэдэг л дээ. Тайзны ард балетчид хоорондоо ямархуу харилцаатай байдаг вэ, үнэхээр бусдын бодож төсөөлдөг шиг ширүүн тэмцэл, атаа жөтөө байдаг уу?
Манайхан их цөөхүүлээ. Ердөө 40-үүлэхнээ шүү дээ. Тийм учраас бид нарын ах эгч нар байнга л сургаж, зөвлөж байдаг. Мэдээж зарим нэгэн асуудал дээр хүн л юм чинь үгэнд нь орохгүй, маргалдах асуудлууд гардаг. Мөн хааяа дураараа зан гаргах гээд тийм асуудлууд байлгүй л яахав. Эргээд энэ хүмүүс бид нарын төлөө хэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ирээдүйд бид ч бас дүү нартаа хэлнэ. Хоёр хүн нэг дүрд тоглох гэж байгаа бол мэдээж хоорондоо өрсөлдөнө. Тэр өрсөлдөөн байхгүйгээр аливаа зүйлийн чанар дээшилнэ гэж хэзээ ч байхгүй. Түүнээс яг кинон дээр гардаг шиг каскин дотор нь зүү хийдэг ч юм уу, тийм асуудал байхгүй. Харин нэгнийхээ чадаж байгаад атаархаж, адилхан чадах гэж хичээх өрсөлдөөн байхгүйгээр энэ урлаг хөгжих боломжгүй. Тиймээс хоорондоо өрсөлдөх, чадвараа улам сайжруулах гэсэн зүйл заавал байна.
- Балет бол Монголын үндэсний урлаг биш, дэлхийн урлаг. Хэзээ нэгэн өдөр энэ Монголын балет гэж дэлхий мэддэг болоход хичнээн цаг хугацаа шаардагдах бол?
Ёстой хэлж мэдэхгүй юм аа. Хурдан байгаасай л гэж хүсч байна. Саяхан Шанхайгийн тэмцээнд очиход О.Ганцоож ах бид хоёрыг хаанахын бүжигчин бэ гэхээр нь Монгол гэхэд огт танихгүй байсан. Монгол Улсыг мэдэхгүй, тийм бүжигчид өмнө нь сонсож байгаагүй гэсэн хүмүүс их байсан. Олон улсад Монголын балетын урлагийг таниулах юмсан гэж хүсдэг. Түүний төлөө л явж байна. Удахгүй маш олон хүүхдүүд төгсөж ирнэ. Тэд маань ч бас үргэлжлүүлээд Монголынхоо нэрийг гаргаад явна гэж бодож байгаа. Тэр цаг хугацаа удахгүй ирнэ гэж найдаж байна.
Ярилцсан Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Amjilt hvse
Bayr hurgey , bas amjilt . Gehdee ene Solongosd bolson temtseen shagnal avsan humuusiig Bat Erdene ahdaa bayrlalaa gej helj baigaagiin sonsooguin b na . Tiim baij bolohgui . Neg temtseend manai ulsaas 3 hun shagnal hurtej baihiig bi sanahgui b na ! Ter temtseend Bat Erdene manaihand asar ih dem bolson gedeg ni oilgomjtoi . Ter temtseen deer ter mundag hun baigaagui bol manai bujigchidiig shuud darah baisan baih gej bodoj b na .
baahan l balet yarij. oor goy yum yarij bolooguin baih daa
амжилт. сайхан ярилцлага байна. улам их хичээгээрэй миний дүү. бахархаж байна