Хэрлэн Барс хотын цамхагийг бэхжүүлж, сэргээн засварласныг хүлээлцэв

2016 оны 11 сарын 06

2016 оны 11 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших  Хэрлэн барс хотын туурь цамхагийг бэхжүүлж, сэргээн засварласныг хүлээлцэх ёслол боллоо. Энэ арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, МХГ-ын дарга Д.Мөнхтуяа, Соёлын улсын байцаагч Ж.Мангалжав, Цагаан-Овоо сумын Засаг дарга Т.Баярмагнай, БНХАУ-ын Соёлын өвийн академийн Ерөнхий захирал Чай Са Мин, Ерөнхий инженер Лу Жан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

IMG_0227

X зууны үед эртний Кидан гүрний үед баригдсан 1000 жилийн настай соёлын үнэт өв Хэрлэн барс хотын туурь цамхаг нь байгаль цаг агаар, хүний буруутай үйлдэл зэргээс шалтгаалан олон зуун жилийн туршид элэгдэж, гэмтсээр хазайлт үүсэн, нурах эрсдэлд орсон  байжээ.
Иймээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын 2010-2013 онд хэрэгжүүлэх Соёлын солилцооны төлөвлөгөөнд тусгаж, 2014 онд МУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар хоорондын байгуулсан Хэрлэн барс хотын туурь цамхагийг сэргээн засварлахад хамтран ажиллах тухай санамж бичиг, мөн онд МУ-ын Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хооронд цамхагийг бэхжүүлэх, хамгаалахад хамтран ажиллах тухай гэрээний дагуу дурсгалыг сэргээн засварлах ажлыг 2014 оноос эхлүүлж,  ийнхүү дуусган хүлээлгэн өгч байна. Сэргээн засварлах ажилд шаардлагатай нийт 270 сая төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын тал Соёлын буцлтгүй тусламж болгон олгожээ.

IMG_0274

Цамхаг унаж, устах эрсдэлд байсан”IMG_0302

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат:

-       Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын дурсгалыг сэргээн засах ажлыг 2014-2016 оны хооронд хийж гүйцэтгэлээ. 1000 жилийн өмнөх  Кидан улсын үетэй холбоотой энэ дурсгал нь байгалийн болоод хүн нийгмийн нөлөөллөөр унаж устах эрсдэлд орсон байсан. Бид үүнийг Юнескогийн конвенцийн зарчим, ОУ-ын хадгалж хамгаалах арга зүйн дагуу одоогийн байгаа төрх байдлыг судалгааны үндсэн дээр хийж, сэргээн засварлах ажлаа дуусган хүлээлгэн өгч байна. Сэргээн засварлахад нутгийн иргэд оролцсон. Мөн Хятадын талаас судалгаа хийх инженер, зөвлөгөө өгөх баг ажиллсан. Эхний хоёр жилийн хугацаанд судалгаа шинжилгээний ажил болоод түүхий эд бэлтгэх ажлыг хийж, сэргээн засах ажлыг сүүлийн нэг жилийн хугацаанд хийлээ. Дорнод аймаг төдийгүй Монгол Улсын хувьд энэ бол томоохон дурсгалт зүйл. Тиймээс аялал жуучлалын чиглэлээр энэ дурсгалыг хамгаалах, ашиглах менежментийг бид соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу аймгийн ЗДТГ болон Цагаан-Овоо сумын  ЗДТГ-т хүлээлгэн өгч байна.

Соёлын өвийг хадгалж, хамгаалахад тавьдаг “Эх төрх байдал”, “Бүрэн бүтэн цогц байдал”-ын зарчмыг баримтлан цамхагийг сэргээн засварлав

Соёлын өвийн төвийн Соёлын өвийг сэргээн засварлах хэлтсийн дарга С.Чинзориг:

-       МУ-ын БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академийн хамтын ажиллагааны үр дүнд, Хятад улсаас хөрөнгө оруулалт болон мэргэжил арга зүйгээр хангах бүхий л талын тусламж дэмжлэгээр сэргээн засалтын үйл ажиллагаа явагдсан. Манай улсын хувьд хийдүүдийг оруулахгүйгээр томоохон сэргээн засалтын ажлын анхных нь Хэрлэн барс хотын цамхаг болж байна.  Сэргээн засварлах ажилд уламжлалт технологи, уг барилгын өөрийнх нь материалыг орон нутагт нь боловсруулах, ижил материалаар барих зарчмыг баримтлаж ажилласан. Аливаа дурсгалын зүйлийг сэргээн засварлахад эх барилгыг гэмтээхгүй байх ёстой. Тиймээс бид энэ дурсгал дээр ямар тоосго хэр хэмжээтэй хагарсан байна тэр  тоосгыг нөхөж гүйцээх технологиор буюу яг олон улсын сэргээн засварлах үйл ажиллагааны дагуу  ажилласан.

IMG_0285

Төслийг гурван жилийн хугацаанд дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлсэн

-       Эхний шатанд хоёр талын ажлын хэсгийн уулзалтуудыг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө, сэргээн засварлах арга зүйг боловсруулаад дараагийн шатанд архелогийн малталт, судалгаа хийж, дурсгалын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлах ажлын судалгааг хийсэн. Гурав дахь шатанд ажлын зураг төслийг боловсруулж холбогдох байгууллагуудад танилцуулан ажлаа эхэлсэн. Цамхагийн хөх тоосгоноос Хятад улсруу дээж явуулан судалж, сэргээн засварлалтад шаардлагатай шавар, элс, чулуу зэргийг орон нутгаас олборлосон. Ингээд цамхагийн орчимд 10,000 ширхэг хөх тоосгыг уламжлалт аргаар хийж, цамхагийн нэгдүгээр давхрыг сэргээн засварласан. Сүүлийн шатанд буюу энэ онд цамхагийн суурийг нэмж, өргөтгөн бэхжүүлж, 2-7 давхрыг сэргээн засварлаж дуусгалаа. Өмхөрч муудсан модон углуургыг солин, заримыг нь бэхжүүлж, унахаас сэргийлэн бэхэлсэн. Борооны уснаас болж дурсгал их мууддаг учир үүнээс сэргийлж, дээвэр болон ус зайлуулах хоолой бүхий систем суурилуулсан. Мөн аливаа зүйлээс сэргийлэх үүднээс цонхонд төмөр хаалт, үүдний хэсэгт хаалга хийж хүлээлгэн өглөө. Сэргээн засварлалтын өмнөх судалгаагаар цамхагийн 60 хувь нь эвдрэл гэмтэлтэй, 40 хувь нь анхны төрх байдлаар байсан. Дээврийн хэсэг ямар байсан талаар ямар ч баримт, судалгаа олдоогүй учир бид цамхагийн дээврээс бусад хэсгийг анхны эх төрх байдалд ойртуулан сэргээн засварласан.

IMG_0298

Бид энэ төрлийн сэргээн засварлах ажилд туршлагажсан

БНХАУ-ын Соёлын өвийн академийн Ерөнхий захирал: Чай-Са-Мин

-       Манай улсад Хэрлэн барс хотын туурь цамхагтай ижил төстэй дурсгалууд олон байдаг учир манай академи энэ төрлийн сэргээн засварлах ажлыг нилээд хийж байсан төдийгүй туршлагатай гэж хэлж болно. Бидний энэ удаагийн хамтарсан төсөл нь Монгол, Хятад хоёр улсын энэ төрлийн хамтын ажиллагааны эхлэл болж байгаад баяртай байна.

IMG_0273

Түүхийн үнэт өвийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой

Цагаан-Овоо сумын Засаг дарга Т.Баярмагнай:

-       Хэрлэн барс хотын сэргээн засварлалтын ажил нь Дорнод аймаг төдийгүй Цагаан-Овоо сумын хувьд аялал жуулчлал хөгжүүлэхэд томоохон боломж юм. Үүний зэрэгцээ соёлын үнэт зүйлээ хайрлан хамгаалах үүрэг бидэнд оногдож байна.  Энэхүү соёлын өвийг ойр орчмын болон хөрш зэргэлдээ сумдын малчид  хайрлан хамгаалах нь зүйтэй. Бид сум, орон нутгийн төсвөөр малчдаа урамшуулж, соёлын өвийг хамгаалах талаар чамгүй ажлыг хэрэгжүүлж байсан.  Сэргээн засварлалтын ажлыг аймаг, орон нутаг, Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарч, хэрэгжүүлсэнд талархал илэрхийлье. Цагаан-Овоо сумын хувьд Хэрлэн барс хотын туурь, хэрэгсүүрүүд, агуй, хадны бичгүүд, хадны сүг зураг олдсон. Үүнийг холбогдох газруудад хандан судлуулахаар төлөвлөж байна. Манай суманд Чингисийн хэрэм замаас эхлээд түүхийн дурсгалт газрууд олон байдаг.

IMG_0287

IMG_0290

 

IMG_0311

IMG_0259

IMG_0262

IMG_0272

IMG_0276

IMG_0268

 

IMG_0270

IMG_0282

Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юу хийчихвээээээ(202.179.25.105) 2016 оны 11 сарын 08

Хуучин чигээрээ хадгалагдаж байж үнэтэй,сонирхолтой шдээээээээээээээ!!!!!!!!Хятадын барисан барилганд юуны үнэ цэнэ орших вэ!

0  |  0
mongol(66.181.187.95) 2016 оны 11 сарын 06

түүхийн энэ дурсгалыг хэвээр нь бэхжүүлж хадгалдаг болохоос хятадуудаар шинээр бариулдаггүй л баймаар.

0  |  0
irgen(66.181.187.43) 2016 оны 11 сарын 06

tuuhen dursgaliig ter heveer n hadgalj hamgaaldag bishuu

0  |  0
хангал(59.153.113.210) 2016 оны 11 сарын 06

энэ 1000 жилийн түүхтэй цамхаг байж жинхэнэ түүх нотолгоо баримт байж дээ чанар хийц матиарал ур дүй байгаа газрын газар зүй цаг агаарын тогтолцоо өдий хүрсэн цаг хугацааг тооцуулах их л судалгаа төөрөгдлийг арилгах гэрч ул мөр байна даа

0  |  0
batsuh(202.9.40.23) 2016 оны 11 сарын 06

uneheer zub wm hiijee

0  |  0
Top