Хямрал, засаглалын хямрал гэж ярьсаар бид 26 жилийг үдлээ. Өнөөхөө ярьсаар л. Яасан ч удаан хямардаг юм, яагаад ч түүнээсээ салчихаж болдоггүй юм. Засаглалын буюу улс төрийн хямралаас салах гэж оролдсоор байгаа хэрнээ түүн рүүгээ улам гүн гүнзгий шигдсээр байна. Үүнийг засах ганц арга нь Үндсэн хуулийг өөрчлөх гэдэгтэй өдгөө хүн бүр санал нийлэх боллоо. Гэвч 2000 онд хийсэн оролдлого нь бүтэлгүйтсэний улмаас дахиж Үндсэн хуульд гар хүрэхээс аль аль үеийн парламент айдаг болоод байна. 2000 оны тэрхүү өөрчөлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэдэг. Ингээд түүнээс хойш дахиад 16 жил өнөөх хямарсан засагтайгаа өнхрөх гэж оролдов. Явдаггүй ээ. Урагшаа явах нь байтугай, улам яажийгаад салж бутрахдаа тулаад зогсож байна. Монгол төр гэдэг тэргэнд энэ дугуй тохирохгүй юм байна гэдгийг одоо л бүгдээрээ ойлгож ирэв. Зарим нь “Энэ чинь гурвалжин дугуй байсан байна” гэж нүд нээгдэж ч байх шиг.
Юутай ч урт замын тэхий голд урагшгүй, бүтэлгүй, унхиагүй, хэрүүлтэй уруултай зогсож байгаагийнхаа учрыг нь ойлгож, оношоо мэдэж авлаа. Тэр бол Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр цаашаа явахгүй нь ээ гэдэг онош юм. Бүх болохгүй, бүтэхгүй бүхэн нэг ёзоортой байж. Тэр нь Үндсэн хуульд буй хэдэн заалт. Тэдгээрийг засаж, өөрчлөх тухай яриа хэрэгжих боломжтой хамгийн тохиромжтой цаг хугацаа нь магадгүй одоо бүрдээд байх шиг. МАН парламентийн дийлэнх олонхийг бүрдүүлж, 65-ын бүдүүн бүлгийг байгуулаад байгаа яг энэ түүхэн боломжийг ашиглаж Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй байна.
Монголын засаглалын болохгүй байгаа зүйлс юу вэ гэж захын хүнээс асуувал хариулт нь бэлэн байгаа. Давхар дээл, Засгийн газрын тогтворгүй байдал, улстөрчидтэй хариуцлага тооцох механизм байхгүй зэргийг юун түрүүнд нэрлэх биз. 1990 оноос хойш өнөөг хүртэл нийт 15 Засгийн газар солигдсон. 2012 оноос хойш нийтдээ найман удаа сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Зөвхөн энэ хоёр баримт юу илэрхийлнэ вэ. Гэтэл Англи улс 1990 оноос хойш дөрөвхөн Засгийн газартай, Герман улс 1982 оноос хойш гуравхан Засгийн газартайгаар тогтвортой засаглаж байна. Тогтвортойгоор засаглахын давуу талыг эдгээр улс бүрэн илтгэж чадна. Сингапур улс л гэхэд 1960-1990 оны хооронд ганцхан Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Гэтэл эдгээр он жил нь тус улсын хамгийн өндөр өсөлттэй хугацаа юм. Ялгаагүй л парламентийн засаглалтай орнууд шүү дээ. Хүний л нийгэм болсон хойно Ерөнхий сайдаа огцруулаад, өөрөө оронд нь томилогдох атаа жөтөө, хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л байх. Гэвч тэр амбицыг нь хууль зүйн боломжоор хязгаарлаад өгчихсөнд л хэргийн учир бий. Харин манайд энэ боломжийг Үндсэн хуулиараа нээгээд өгсөн. Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нараа өөрөө сонгож томилох эрх манайд байхгүй. Тэр эрхийг УИХ эдэлдэг. Сайд бүрийн УИХ-аас томилдог тул УИХ-ын гишүүн бүрээс хараат байх нөхцөл бүрдсэн гэсэн үг. УИХ-ын гишүүдэд сайд нарын томилгоогоор улс төр хийх, Засгийн газрыг шантаажлах, хүссэн хүнээ тулгах, хүсээгүй хүнээ огцруулах боломжийг олгосон. Өнөөгийн улстөрчид яг л тэр боломжийн хүрээнд эрхээ мэдэж, ямбаа эдэлж байгааг нь бас ч буруутгах аргагүй үзэгдэл. Иймд УИХ нь тулга тойрсон хэрүүл, томилох огцруулах тухай л ярьж суудаг газар болж хувирсан нь ийм учиртай.
Олон жил шүүмжлэл дагуулсан давхар дээлийг тайлахын тулд мөн л Үндсэн хуулиараа оролдох шаардлагатай. Одоогийн хуульд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гээд заачихсан учраас хэн ч хуулийн эрхээ эдлэхийн хүснэ. Энэ сонирхлыг хувь улстөрчийн мораль, нам хүчний үзэл баримтлалаар хязгаарлах оролдлогууд газар аваагүй, авах ч үгүй гэдэг нь тодорхой болсон. Хуулийн хүрээнд бүгдэд олдож байгаа эрх ямбыг тэд ч ялгаагүй хүртэх эрхтэй учраас юун ёс суртахуун, ямар юмных нь мораль ярих ёстой гэж. Энэ жишгээр одоогийн улс төрд байгаа хүмүүс бүгд шахуу давхар дээл өмсөж үзэхийг хүсч байгаа.
Тэгсэн хэрнээ бүх нийтээрээ давхар дээлийг эсэргүүцэж, үзэн ядагчдын дүр эсгэдэг. Үүнээс болж, засаг төрийн ажил явахаа байлаа, цалгардлаа гэлцэх атлаа цаанаа дуртай байдаг янзтай. Уг нь УИХ нь Засгийн газраа хянаж, шаардаж, хариуцлага тооцож ажиллах ёстой байтал нэг бөгс хоёр сандал хуваахын үлгэр болчихоод хөшүүн байгаа нь үнэн юм. Тиймээс засаглалын зааг ялгааг салгаж, байх ёстой байр байранд нь аваачих хэрэгтэй. Давхар дээлийг тайлуулахын цаана маш олон давуу тал гарч ирнэ. Наанадаж л чадалтай, мэргэжлийн боловсон хүчнээр засгийн аппарат бүрдэнэ. Хууль тогтоох эрх мэдэл рүүгээ өнгөлзөхөө больж, зөвхөн хууль хэрэгжүүлэх үүргээ л анхаардаг болно. Төр бүхнийг чадагч болох гэж улайрахаа болино.
Гэхдээ одоогийн МАН-д ийм сонирхол хэр байгаа бол гэдэг анхаарал татаж байна. Хэрвээ хүсвэл энэ мэт өөрчлөлтийг хийх эрх мэдэл, бололцоо нь тэдэнд хангалттай очсон. Тиймээс Үндсэн хуульд гар хүрэх үндсэн эрхийг ард түмэн хэдийнэ олгочихсон гэж хэлчихэж болно. Харин хэрхэн яаж өөрчлөх бол гэхээс илүү, өөрчлөх хүсэл хэр бий юм бол. Өөрөөр хэлбэл, тэд Үндсэн хуулийг өөрчлөх замаар нэгэнт олдсон эрх мэдлээ танах улс төрийн эр зориг гаргах уу гэдэг нь сонин байна.
Д.Дамдинжав
Сэтгэгдэл ( 2 )
МАН ынхан М.Энхболдоос болж одоо нэр хүнд нь ард түмний дунд намынхаа дэмжигчдийн дунд навс унасан. Одоо дахин босохын аргагүй болсон. Шунал ихэдвэл шулам гэдэг нь энэ дээ
Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ ингэж биш. Орон нутгийн сонгуулийг байхгүй болгох хэрэгтэй. Яамдын тоог хатуу зааж өгөх хэрэгтэй. Ерөнхий сайдыг ард түмэн огцруулдаг байх хэрэгтэй. УИХ-ыг тараадаг байх хэрэгтэй. Намуудыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Нэг л том сонгууль зохиодог байх хэрэгтэй. Сонгуулийн хуулиар байнга оролддоггүй болох хэрэгтэй. за.