Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа 10 дугаар байрт эрэмблэгджээ

2016 оны 11 сарын 07

“Говийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган” энэ сарын 3-4-ний өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдсан. Энэ удаагийн чуулган "Нэг говь, Нэг зорилго” уриан дор болсон бөгөөд говийн бүсийн аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл болон нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.

Чуулганы үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Говийн бүс нь Монгол Улсын нийт газар нутгийн 22.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 5.6 хувь нь амьдардаг. Монгол Улсын хөгжлийн тулгуур бүс нутаг юм. Манай төв 2013 оноос Монгол Улсын 21 аймгийг эдийн засаг, засаглалын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлсээр 180 гаруй шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг жил болгон тодорхойлсоор ирсэн. Тухайлбал, Өмнөговь аймаг гуравт, Дорноговь аймаг 10-т, Дундговь аймаг 21-т орж байна. Тиймээс ч бид Дундговь аймгийг сонгож, чуулганаа зохион байгуулж байна” хэмээн онцоллоо. Харин Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ "Манай аймгийн эдийн засгийн үндэс нь мал аж ахуй бөгөөд аймгийн хэмжээнд томоохон үйлдвэр, уул уурхай байхгүй. Тэр утгаараа орлого харьцангуй багатай. Жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас татаас байдлаар авдаг. Зах зээлийн багтаамж багатай аймгийн нэг. Хэдий тиймч Улаанбаатар хоттой ойрхон төдийгүй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүчний нөөцтэй. Мөн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын газар ихтэй. Дуу хуурын өлгий нутаг. Чуулганд оролцож буй аймгууд тус тусын аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ говийн бүс нутгийг хамтдаа хөгжүүлэх, харилцан бие биенийхээ давуу болон сул талыг нөхөж, хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцсон нь өнөөдрийн чуулганы гол үр дүн гэж үзэж байна” хэмээн тодотгов.

Чуулганд оролцсон Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Энэрэлт "Аймгуудын хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо хамгийн чухал. Тиймээс говийн бүсийн аймгууд хамтарч ажиллах нь эерэг үр дүн дагуулна" хэмээн өгүүлэв. Орон нутгийн хөгжлийн боломж, бололцоог хэлэлцэж буй өрсөлдөх чадварын чуулган жилийн өмнө Сүхбаатар аймагт болж байсан билээ.

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top