Дулаанхаан тосгоны иргэд “Эрүүл мэндийн цахим сан”-тай болж байна

2016 оны 11 сарын 07

Өнгөрөгч баасан гарагт Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд Сумын иргэдийн эрүүл мэндийн цахим санг бүрдүүлэх, Халдварт болон хадварт бус өвчнийг эрт илрүүлэх иж бүрэн үзлэг оношилгооны нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү ажил нь Монгол Улсын хэмжээнд сум, тосгонд хэрэгжиж хамгийн анхны бүрэн үзлэг оношилгоо гэдгийг албаныхан онцолж байсан юм. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од “Улсын хэмжээнд халварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа өвчлөл нь өмнөх 10 жилээс 1-2 дахин нэмэгдсэн байна. Хүн амын дунд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгт хүргэж байгаа архи тамхины буруу хэрэглээ, эрүүл бус хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол эрс нэмэгдэж 45-65 насны хүмүүсийн талаас илүү хувь буюу 53-54 хувь нь халдварт бус өвчинд өртөх өндөр эрсдэлтэй байна. Манай аймгийн хүн амын дунд халдварт бус өвчлөл ялангуяа зүрх судасны өвчин, хоол боловсруулах замын шалтгаант өвчлөл улсын дунджаас 1.3-1.5 хувиар өндөр байгаа ба хорт хавраар өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Халварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд, 18-аас дээш насны бүх иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж байгаа нь бидэнд олдсон түүхэн бөгөөд маш том завшаан юм. Учир нь хувь хүн бид өөрийнхөө эрүүл мэндэд төдийлөн анхаарал тавьдаггүй. Өвчин туссаныхаа дараа эмнэлэгт ханддаг сул талтай. Эрүүл мэнддээ санаа тавьж урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх үүргээ биелүүлэхдээ тааруухан ханддаг. Өвчин хүндэрсэн үед эмчилгээ оношлогооны зардал чирэгдэл их гардаг нь нууц биш. Өнөөдөр Дулаанхаан тосгоны иргэдэд өндөр нарийн мэргэжлийн эмч нарийг авчран үзлэг оношлогоог хийлгэж, өвчлөхөөс нь урьдчлан сэргийлэх, болзошгүй үед нь дараа дараагийн арга хэмжээг авах, эргээд үр дүн тооцох “Цахим сан”-г эхлүүлж байна. Энэ бол Монгол Улсын хэмжээнд эхлээгүй байгаа зүйлийг Сэлэнгэ аймагтаа тэр дундаа Дулаанхаан тосгоноос аймгийн Засаг даргын санаачлага, саналын дагуу эхлүүлж байгаа хэрэг юм” гэлээ.

Харин Дулаанхаан тосгоны Эрүүл мнэдийн төвийн эрхлэгч Г.Алтанцэцэг “Манай тосгон дэд бүтэц сайн хөгжсөн зам харилцаа сайтай, эрс тэс уур амьсгалтай байдлаасаа шалтгаалаад улирлын чанартай өвлчлөл нилээд гардаг. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа бид нарын ажилд маш их дэм болсон, бид нарын ажлыг маш ихээр хөнгөлсөн сайхан үйл ажиллагаа болж байна. Монгол Улсын хэмжээнд хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл мэндийн цахим бүртгэлийг эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бүртгэлийг хийснээр тухайн хүний регистрийн дугаар нэр ороход л бүх мэдээлэл нь гарч ирнэ гэсэн үг. Нас, өндөр, өндрийн зөрүү, артерийн даралт, судасны цохилт, ямар нэг эмгэг байгаа бол тэр бүгд бичигдэнэ гэсэн үг. Энэ сангаасаа үүдээд орон нутагтаа эмчлэгдэх нь эмчлэгдээд, дараагийн шатлалд явах нь шууд очиж эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Ер нь 2,3-р шатлалд очиход маш их дараалалттай байдаг. Бид тухайн иргэн ямар нэг өвчтэй бол өвчнийх нь оношийг аль болох эрт илрүүлэхийг зорьж байна. Энэ нь иргэнээ эрүүлжүүлэх ажлын хамгийн чухал ажил болж байгаа юм. Яахав тосгоны эрүүл мэндийн төвийн хувьд хамгийн гол тулгамдаж байгаа асуудал бол байр. Харахад аятайхан байр боловч дээвэр ус гоождог, сангийн асуудалтай. Эмч мэргэжилтнүүдийн хувьд дутагдах зүйл байхгүй. Өнөөдөр тосгоны хэмжээнд амьсгалын замын эмгэг, тэр дундаа бага насны хүүхдүүдэд элбэг байна. Мөн бөөр шээсний замын эмгэг, хоол боловсруулах замын эмгэг их тохиолдож байгаа. Тэр дундаа элэгний, ходоодны асуудалтай хүмүүс ихэссэн. Энэ нь иргэдийн хоол тэжээлийн болоод амвдралын буруу зуршлаас ихээхэн хамааралтай” гэж ярьсан юм. 

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top