XIX зууны сүүлчээр амьдарч байсан Хенри Ховард Холмс бол Америкт албан ёсоор бүртгэгдсэн анхны цуврал алуурчин юм. Холмс олон жилийн туршид илрээгүй гаж донтон-алуурчин байсан бөгөөд өөрөө зориуд барьж байгуулсан зочид буудал дотроо аймшигт хэргүүдээ үйлддэг байжээ. Түүний зочид буудлыг хожим “Аллагын шилтгээн” хэмээн нэрлэсэн аж.
Холмс хууран мэхлэх замаар Чикагод үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад, зочид буудал болгосон байна. Барилгын нэг хэсэг нь худалдаа наймааны талбар болон ашиглагддаг байсан бөгөөд нэгдүгээр давхарт нь эмийн сан, элдэв жижиг мухлагууд байрлан, харин дээд талын хоёр давхарт нь эзний офис, цонхгүй хэдэн арван өрөөнүүд, тоосгон хана руу хөтөлсөн хонгилууд, хаашаа ч юм явдаг шатнууд, мөн зөвхөн гаднаасаа л онгойдог хаалганууд байдаг байж.
Холмс “Шилтгээнээ” бариулж байх үедээ барилгын даамлуудаа байн байн сольдог байсан учраас байшингийн бүтэн төлөвлөлтийг түүнээс өөр хүн мэдэх үндэслэлгүй байсан аж. Иймээс ч цагдаагийнханд сэжиг төрүүлэлгүй он удаан жил явж чадсан бололтой.
Зочид буудлын барилга баригдаад дуусангуут Холмс өөрийн гэмт үйлдлээ гүйцэтгэж эхэлсэн байна. Түүний гэмт хэргийн золиос нь ихэвчлэн түүнд алба хашдаг байсан эмэгтэйчүүд, түүний нууц амрагууд, зочид буудлын үйлчлүүлэгчид байсан бөгөөд тэднийг маш ихээр тамлан зовоож байгаад хөнөөдөг байсан аж.
Зарим хохирогчдоо хийн системтэй холбосон өрөөнд хорин, хүссэн үедээ угаартуулж хөнөөдөг байж. Заримыг нь дуу үл нэвтрэх өрөөнд үхүүлэхээр цоожилдог байсан гэнэ. Ингээд цогцосуудыг байшингийн суурины хөндий рүү хаядаг байсан бөгөөд араг яс болоод хатсан хойно нь анагаахын сургуулиудад зардаг байсан аж. Нөгөөдүүл нь ч хаанаас, ямар замаар орж ирж байгаа араг яс болохыг төдийлөн сонирхдоггүй байсан гэнэ. Холмсын мэдэлд хоёр том шатаах зуух, хүчилтэй савууд, янз бүрийн хор агуулсан лонхнууд байжээ.
1893 оны Чикагогийн үзэсгэлэн худалдааны үеэр Холмс жуулчдыг байрлуулж байсан бөгөөд тухайн үед 50 орчим жуулчид алга болж байсан мэдээлэл байдаг аж.
Харин Холмсыг баривчилсны дараа “Шилтгээн”-д нэгжлэг хийгдсэн байна. Энэ үед дээд давхруудад ажиллахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байсан талаар тэндхийн харуул ярьсан тул цагдаагийнхан уг мэдээлэлд ихээхэн анхаарал хандуулснаар доктор Холмсын хүн хөнөөгөөд, хэрхэн далдалдаг байсан олон шинэ арга хэрэгслүүдийг нээн олсон аж.
1895 оны наймдугаар сард уг зочид буудалд түймэр гарч, бүхлээрээ шатаж дууссан бөгөөд хожим түүний суурин дээр АНУ-ын шуудангийн тасаг бий болсон гэнэ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )