Испанийн Барселон хотод өнгөрөгч сарын сүүлчээр зохион байгуулагдсан “Монолит” олон улсын фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцож, төрөлдөө тэргүүлж цомын эзэн болсон хөөмийч Н.Наранбадрахыг эх орондоо ирээд тун удаагүй байхад нь урьж ярилцлаа.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Оролцсон тэмцээн болоод гаргасан амжилтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?
-Баярлалаа. Өнгөрөгч аравдугаар сарын 28-наас энэ сарын 2-ныг хүртэл Испанийн Барселон хотноо зохион байгуулагдсан орон орны урлаг соёлыг сурталчлан түгээх зорилготой олон улсын тэмцээний ганцаарчилсан урлагийн төрөлд түрүүлж, “Алтан цом”-ын эзэн болохоос гадна шүүгч болон ажиглагчдын шагнал, “Talent international” уралдааны батламж, гурван хаант улсын нууц фестивалийн батламжыг тус тус хүртээд ирлээ.
Энэхүү олон улсын фестиваль нь Испани улсын Барселона хотын “Коста брава” гэх далайн эргийн хотод зохион байгуулагдсан. Урлагийн 11 төрлөөр таван насны ангилалд явагддаг энэ уралдааны гол онцлог нь орон орны урлаг соёлыг сурталчлан түгээхэд оршдог. Уг фестиваль нь 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд, энэ хугацаанд 70 гаруй орны уран бүтээлчид оролцож байсан. Түүнчлэн энэхүү наадам нь ЮНЕСКО-д бүртгэлтэй гэдгээрээ мөн онцлогтой.
-Нийт хичнээн орны уран бүтээлчид оролцов?
-Уг нь олон улсын уран бүтээлчид оролцох байсан ч визний асуудлаас болж ирж чадаагүй хүмүүс байсан. Албан ёсоор 12 орны уран бүтээлчид өрсөлдөж, 6 улсын уран бүтээлчид эцсийн шатанд шалгарч үлдсэн.
-Шүүгчдийн бүрэлдэхүүний тухайд...?
-Олон улсын тэмцээн гэдэг утгаараа олон улсын шүүгчид шүүсэн. Тухайлбал, Испанийн 3 шүүгч, ОХУ-ын 1 шүүгч тэмцээнийг шүүн тунгаасан.
-Сүүлийн шатандаа ямар уран бүтээлийг хөөмийлөв?
-Гадаад дууны попуриг хөөмийлсөн. Итали ардын дуу О Соло Мио, Орос ардын дуу Калинка, Францын Канка гэх дуунуудыг багцлан хөөмийллөө.
-Хөөмийн урлагт хүчин зүтгээд 16 жил болжээ-
-Яагаад хөөмийн урлагийг сонирхох болов?
-Хөөмийч болсон түүх их сонин. Би багадаа хөгжим тоглодог, дуу дуулчихдаг урлагт их элэгтэй хүүхэд байлаа. Тухайн үед С.Цэрэнчимэд агсан эмээ өвөө дээр минь их ирнэ. Тэгээд намайг “Яасан сайхан дуулдаг хүүхэд вэ, “Улаан бүч” чуулгын радиод очоод “Будантай юу буурал хорвоо” дууг минь дуулаад бичүүлээдэх гээд их шахна. Би ч хүүхэд болохоор ичээд очиж бичүүлээгүй. Одоо бодохоор их харамсдаг юм.
Намайг бага байхад манайх 50 мянгатад байсан. Би ч байрныхаа ойр хавийн хүүхдүүдтэй их нөхөрлөнө. Тэгсэн Ц.Мөнгөншагай гээд нэг найз маань амнаасаа нэг сонин авиа гаргаад байна аа. Би ч сонирхоод “Чи яаж ийм өвөрмөц авиа гаргаад байдаг юм бэ” гэсэн чинь “Хөөмий гэж ийм урлаг байдаг” гэж анх намайг Хөөмийтэй танилцуулж байлаа. Тэгээд л аавыгаа дагаж, тээврийн жолооч болно гэж боддог байсан би үндэсний урлагтаа дурлаад, бүр сурахаар болсон. 1998 он шүү дээ.
-Тухайн үед язгуур урлаг тэр дундаа хөөмийчдийг бэлтгэх сургууль байсан хэрэг үү?
-Хуримын ордон дээр “Монгол гайхамшиг” гээд язгуур урлагийн сургууль байгуулагдаж таарсан юм. Тус сургуулийн багш нараар Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад, уран нугараач Б.Норовсамбуу, МУГЖ Д.Сундуй гэх хүмүүс ажиллаж байлаа. Сургалтын явц их сургуулийн нэгэн ижил л дээ. Ийнхүү хөөмийн анхны багш маань МУГЖ Д.Сундуй болсон юм. Гэхдээ нэг их удалгүй эрүүл мэндийн шалтгаанаар багшлахаа болиод СУИС-ийн доктор, профессор Б.Одсүрэн багш оронд нь ирж байсан. Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Урлагийн алтан үеийн төлөөллүүдээс номын дуу сонсож, тэдний эрин үед амьдарч байсандаа үргэлжид талархаж явдаг. Түүгээр ч зогсохгүй хөөмийн урлагийн нэрт төлөөлөгчдийн шавь байсан маань маш ховор тохиол байсан юм.
-Ангидаа хэдүүлээ байв?
-СУИС-ийн Хөөмийний ангийн багш С.Загд-Очир, одоо Хөх хотод магистр хамгаалж байгаа Ц.Мөнгөншагай, Ч.Бат-Оюун бид дөрөв төгсөж байлаа. Тухайн үед СУИС-д хөөмийний анги гэж байгаагүй. Сүүлд л нээгдсэн юм.
-Жилд ер нь хичнээн хөөмийч сургууль төгсөж байна вэ?
-СУИС-ийн н.Ганцэцэг гээд бүсгүй хөөмийн анги нээнэ гэж их хөөцөлдсөний үр дүнд 2005 онд СУИС-д хөөмийн анги нээгдсэн. Энэ ангиас тухайн жилээ 9 хүүхэд төгсөж байсныг санаж байна. Түүнээс хойш нэмэгдэж байгаа байх.
-Хөөмийн урлагийг хүн бүр чаддаггүй учраас ийнхүү бага хүн сурч төгсөж байна гэж ойлгож болох болов уу?
-Юм болгоныг хүнд хэцүү гээд байвал хэцүү л байдаг. Гэхдээ хэцүү бүхний ард аз жаргал бий. Миний хувьд ч анх сурч байхад хэцүү зүйлс их л байлаа. Би уушигаа тайруулах хагалгаанд орж байсан маань тухайн үедээ амьсгалаа зохицуулах зэрэгт их л нөлөөлдөг байсан. Бүр шаар үлээж ч чаддаггүй байлаа шүү дээ. Гэхдээ түүнийгээ давж гараад одоо 15-16 жил хөөмийлсэн байна. Хөөмийнийхөө аялгуунд урамшаад цаашид бүр ихийг л сурах хүсэл төрдөг болохоос дуусгах, шантрах зүйлс гэх мэт зүйлсийг бодохгүй болдог юм.
-Хүн ямар ч мэргэжилтэй байсан түүндээ чин сэтгэлээсээ дурлах ёстой-
-Ер нь хөөмий хичнээн төрөлтэй байдаг юм бэ?
-Хөөмийг судалсан эрдэмтэд янз бүрээр л тодорхойлсон байдаг. Б.Одсүрэн багшийн хувьд 12 төрөл байдаг гэсэн бол УГЗ Б.Цэрэндаваа гуай 6 төрөл байдаг гэж тодорхойлсон. Т.Ганбат гэх хөөмийч бол 4 төрөл байдаг гэж үздэг бол миний хувьд үндсэн хоёр төрөл байдаг гэж үздэг. Энэ хоёр төрөлд хархираа, исгэрээ орно. Исгэрээ нь нарийн өнгөтэй, хархираа нь бүдүүн өнгөтэй. Түүнээсээ салбарлаад цааш үргэлжилнэ дээ.
-Таны хувьд энэ хоёр төрлөөр хоёулангаар нь хөөмийлэх үү?
-Ихэвчлэн исгэрээгээр хөөмийлдөг. Яахав бүх төрлөөр нь хөөмийлж болно. Гэвч миний хувьд хөөмийлөхийнхөө суурийг исгэрээгээр тавьсан болохоор үүгээрээ л дагнаж, хөгжихийг боддог юм. Хүмүүс өөр зүйл оруулаач, яагаад ганцхан исгэрээгээр дагнаад байдаг юм гэж л байдаг. Тэрийг би нэг их тоодоггүй.
-Ихэвчлэн дуучид хоолойгоо хайрлах, гамнах гэж ярьдаг. Хөөмийчдийн хувьд хоолойгоо бас хамгаална биз?
-Хувь хүн өөрөөс нь шалтгаална. Зарим хүмүүс хоолой өвдсөн гээд л явж байдаг юм. Миний хувьд нэг их гам бариад байдаггүй. Өвдчихвөл эм уугаад л нэг их хөөмийлөхгүй явж байгаад л эдгээчихдэг юм.
-Ингэхэд шавьтай юу?
-Шавиар орох хүсэлтэй хүмүүс гадаад дотоод гэлтгүй их ирж байсан. Одоогоор надад тусгайлан бэлтгэж байгаа шавь байхгүй. Анх хоёр хүүхэд сургаж үзсэн. Гэхдээ нэг нь Япон яваад хөөмийгөө хийхгүй байгаа, харин нэг нь МУГЖ Б.Сийлэгмаа эгчийн хүүхэд байсан. Хөөмийч бус морин хуурч мэргэжилтэй байсан болохоор одоо тэр чиглэлээрээ ажиллаж байгаа. Түүнээс хойш шавь аваагүй.
Надад “Аливаа хүн мэргэжилдээ дурлах ёстой” гэсэн нэг бодол байдаг. Зөвхөн мэргэжил гэлтгүйгээр бүхий л хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Мэдээж олон янзын бэрхшээл байдаг. Жишээлэхэд сүүлийн үед зөвхөн мөнгөний төлөө хөөмийлж сурах гэсэн олон хүн байдаг болж. Тийм хүмүүст би заахыг хүсдэггүй.
-Гадаад хүмүүс хөөмий сурахыг маш их хүсдэг гэж сонссон. Үнэхээр сурах чин хүсэлтэй хүн ирвэл та шавиа болгох уу?
-Үнэхээр тийм чин сэтгэлээсээ хүссэн хүн байвал түүхийг нь заана. Гэхдээ хөөмийн нарийн арга техникийг заахгүй. Тэр хүмүүс сурмаар байгаа бол тэдэнд зориулсан олон улсын сургууль Монголд байгаа. СУИС-ийг төгссөн Ж.Мэндбаяр гээд хөөмийч “International khoomii school” гэх олон улсын сургууль нээсэн. Тэнд сурч болно. Ер нь гадаад хүмүүс орчинд нь ирээд, Монгол мах идээд, хөдөө талд нь очоод, сайхан байгалийг нь үзэж байж сая сурах ёстой. Энэ сургууль яг ийм байдлаар заадаг юм билээ.
-Хөөмийлөхөд орчин их чухал байх нь ээ?
-Байгальд, гол горхины дэргэд хөг авах гэж нэг сайхан зүйл байдаг. Манай багш нар зөвхөн төгөлдөр хуурын ард нот харуулж заахаас гадна байгальтай холбон тайлбарладаг байсан. Хүн байгаль хоёр чинь салшгүй холбоотой шүү дээ.
-Хөөмий бол “Хүн хөгжим” юм-
-Монголчуудын хувьд хөөмийн урлагийг язгуур урлагийн нэгэн төрөл, үнэт өв гэдэг талаас нь илүүтэй хүлээж авдаг. Гэтэл гадаадын хүмүүс хөөмийг гайхамшиг гэж үздэг?
-Олон уралдаан, тэмцээнд явж байхад хүмүүсийн энэхүү сэтгэгдлийг өөрийн биеэр мэдэрч байдаг. Дэлхийн хүмүүс морин хуур хөгжим, хөөмийн эгшиг хэзээ ч дахин давтагдашгүй гайхамшиг юм гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Сая Испанид явж байхад хүртэл хүмүүс “Ямар гайхамшигтай юм бэ. Ямар нэгэн хөгжмийн зэвсэггүй энэ хөөмий гэгч чинь “Хүн хөгжим” юм биш үү” гэх мэтээр ярьж байсан. Үүгээр ч зогсохгүй өдийг хүртэл энэхүү гайхамшигт урлагийн төрлийг хадгалж, хөгжүүлж явж байгаа Монголчууд гайхамшиг юм байна гэдэг.
-“Марко Поло” киноны хоёрдугаар ангид оролцсон гэсэн. Энэ талаараа яриач?
-Энэ киноны саундтрайк дээр л хөөмийлсөн. Монголоос найман хөөмийч явсан. Одоохондоо киногоо үзэж амжаагүй л байна.
-Та “Алтан гадас” одонгоо хэзээ хүртэв?
-2011 оны Үндэсний их баяр наадмаар авч байлаа. Тэгээд түүнийгээ баталгаажуулж тус оныхоо 11 дүгээр сарын 11-нд Буриад улсад болсон олон улсын хөөмийчдийн наадмаас Гран при хүртэж байлаа. Саяны Испанид болсон наадам бас их сонин тохироо бүрдсэн. Юу гэхээр сугалаа сугалсан чинь 11-ийг сугалаад, гала тоглолтод үзүүлбэрээ үзүүлэх гээд дарааллаа харсан чинь бас 11-т гарахаар бичигдсэн байсан. Ингэж бодохоор 11 гэдэг тоонд их билэгшээгээд байгаа.
-Анхны ажил, анхны хамт олны тухай дурсахгүй байхын аргагүй...
-Сургуулиа төгсөөд 2000 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын хөөмийч болсон. Тэр гайхалтай хамт олны дунд найман жил ажиллажээ. Тэгээд өөрийн хүсэлтээр гараад өнөөг хүртэл “Морьт хангай” группт харьяалагдан уран бүтээлээ туурвиж байна. Энэ завшааныг ашиглаад надад үргэлж туслаж дэмжиж байдаг хамт олондоо, “Морьт хангай” группийнхээ ерөнхийлөгч Эрдэнээ найздаа, “Алтай” констракшны удирдлагууддаа, Өмнөговь аймгийн нэг үеийн найз залуусдаа, сая Испанид тэмцээнд очиход туслаж, орчуулга хийж өгсөн С.Идэр-Од дүүдээ, гэр бүл, найз нөхөд бүгдэд нь баярлалаа гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 8 )
Баяр хүргэе. Хөөмийн хамтлаг байгуулж, хөөмийн бие даасан концерт тогловол хүмүүс хошин урлагаас илүү үзнэ дээ. Би л лав идэвхтэй үзэгч болно. Гавъяат жүжигчин болохыг Н.Наранбадрахад ерөөе
Bayar hurgei amjilt gargasand ni Mergejiliin surguuliara zaalgasan ni zuv l gesen bn. Setguulch uuruu garchigaa yun sonin ugsun yum be
EEEE CHAAVAAS DAA....
gadaadiin hund zaagaagui n deer. eh oronch hun baina hundley. uran nugaraltiig har buh ornii humuus hiigeed ehllee yaj orsoldoh yum be ted nartai. tsarai zus biy haagaaraa asianuud dooguurt ordgoo butgii martaarai bid nariin nudnees oorshuu
дурын дурак чадна хөө
Ёстой зөв Гадаадын хүнд л зааж болохгүй. Гэр барих дээл гэрийн шаахай оёх хөөмийлөх бий биелгээ хийхийг муу гадаадуудад зааж өгөхгүй байсан цагт ялалт монголынх. Бид дэлхийг удирдах нь гарцаагүй. Монгол хүний ухаанд хязгаар мязгаар гэж огт үгүй. Хөөмийгөөр дэлхийг эзлэх цаг ойртсоор ойртсоор улам ойртсоор.