Улаанбурханы дархлал тогтоцын судалгаанд 4000 иргэн хамрагдана

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон улс” гэх батламжийг 2014 онд гардаж авсан. Гэвч 2015 онд  улаанбурхан өвчин дахин дэгдэж, тэр дундаа нярай багачууд энэхүү өвчний улмаас маш олноороо нас барсан билээ.

Үүнтэй холбогдуулан салбарын яам зургаан сартайгаас дээш насны хүүхдүүд болоод 35 хүртэлх насны залуусыг улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулсан.

Тэгвэл өнөөдрөөс Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран улсын хэмжээнд “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгаа”-г эхлүүлж байгаа ажээ.

Энэхүү судалгааг ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр явуулах бөгөөд 6 сартайгаас 35 нас хүртэлх насны хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцыг тогтооход энэхүү судалгааны зорилго орших юм.

Эрүүл мэндийн яамны  мэргэжилтэн энэ тухай “Судалгааны үр дүнг улаанбурхан, улаанууд өвчний тархалтыг зогсоох, дархлаажуулалтын дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд ашиглана. Цаашид хүн амын дундах дархлал тогтоцыг 4-5 жил тутамд тандан судлаж нэмэлт дархлаажуулалтын хийх, түүнд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж зохион байгуулж байхаар шинээр боловсруулсан Халдварт өвчний үндэсний хөтөлбөрт тусгаж байгаа. Энэхүү судалгааг орон даяар явуулахдаа түүврийн аргаар 4000 орчим хүнийг хамруулахаар төлөвлөж байна” гэж ярилаа.

Нэмж өгүүлэхэд Монгол Улс 1973 онд улаанбурханы эсрэг сэргийлэх тарилгыг дархлаажуулалтад нэвтрүүлж нэг тунгаар хүүхдийг дархлаажуулж байсан бол 1989 оноос 2 тунгаар дархлаажуулдаг болсон байна. Харин 2009 оноос улаанбурхан-гахай хавдар-улаануудын эсрэг гурван цэнт хавсарсан вакциныг нэвтрүүлсэн байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top