Эцэг эхийнхээ урмыг хугалахаас айдаг хүүхдүүд хар тамхи хэрэглэдэггүй

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхэн хар тамхи мансууруулах бодис хэрэглэж, улмаар цагдаагийн байгууллагад саатуулагдах тохиолдол буурахгүй байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс эцэг эхчүүдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.

Хүүхдүүдийн дунд хийсэн олон улсын судалгааны дүнд эцэг эхийнхээ урмыг хугалахаас айдаг хүүхдүүд хар тамхи хэрэглэдэггүй болохыг тогтоосон байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг хүүхдүүдтэйгээ хар тамхи, мансууруулах бодисын талаар нээлттэй ярилцахыг зөвлөе. Хамгийн гол нь бүх зүйл даяаршиж буй энэ нийгэмд энэхүү аюулын талаар эрт ярих тусмаа үр дүнтэй юм.

1.Хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, дотно бай. Учир нь та хүүхдээ илүү сайн мэдэж, ойлгосноор түүнийг зөв хүрээлэл, найз нөхөд рүү чиглүүлж чадна.

2.Хүүхдийнхээ дуртай зүйлсийг хийж, цагийг хамтдаа өнгөрөө. Түүнчлэн түүний оролцож буй уралдаан тэмцээнд дэмжлэг үзүүлээрэй.

3.Дүрэм тогтоож, түүнийг мөрдүүл. Учир нь дүрэм тавьдаггүй эсвэл хэт хатуу шаардлага тавьдаг эцэг эхтэй хүүхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь их байдаг.

4.Өөрөө зөв үлгэр дуурайл бол. Асуудлыг шийдэх, хөгжилдөх, стрессээ тайлахдаа үргэлж зөв аргыг эрэлхийлж бай. Хүүхдүүд эцэг эхээ дуурайдаг.

5.Найз нөхдөө ухаалгаар сонгоход нь хүүхдэдээ тусал. Учир нь найз нөхөд, орчны хүрээлэл хүүхдийн үзэл бодолд нөлөөлдөг.

6.Хүүхэдтэйгээ хар тамхи, мансууруулах бодисын талаар ярилц. Эхлээд өөрөө хар тамхи, архи, тамхи түүний төрлүүдийн талаар мэдээлэлтэй болсны дараа хүүхдэдээ тайлбарлаж, хор уршгийг нь ойлгуулах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top