“Алтан төгрөг бололцоо боломж, Ард түмний сан”-гийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын банк санхүүгийн салбарт олон шинэ зүйлийг санаачилсан, Гавьяат эдийн засагч, хүндэт банкир Ц.Далхаа гуайтай ярилцсанаа толилуулж байна.
- Таныг “Монгол төгрөгийг дэлхийд таниулсан хүн” гэж тодорхойлдог. Өнөөдрийн банкуудын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
- Нийгэм эдийн засгийн шинэчлэл өөрчлөлттэй уялдан 1991 онд анхны арилжааны банк үүссэн. Үүнээс үүдэн Монгол Улсын санхүүгийн системд нэгэн шинэ өөрчлөлт гарсан юм. Төв банк, арилжааны банкууд гэсэн банкны хоёр шатлалт систем бүрэлдэн бий болсон. Ийнхүү сүүлийн арав гаруй жилд нийгэм эдийн засгийн тогтолцоог зах зээлийн сонгодог харилцаанд шилжүүлсэн. Үүнийг өнөөдрийн арилжааны арав гаруй банк болон санхүү зуучлал, бичил зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдээс харж болно. Нийт банк санхүүгийн салбар 1992 онд 19.1 тэрбум төгрөг, 1996 онд 64.8 тэрбум төгрөг 1999 онд 77.5 тэрбум төгрөгийн зээлийг олгож байсан бол 2004 онд 658.4 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь даруй 13.3 дахин өссөн үзүүлэлтэй байна. Банк санхүүгийн байгууллагын хөгжил нь өсөлтийн үедээ нэгэнт орж, чамгүй амжилтад хүрчээ.
- Мөнгөний соёл, мөнгөтэй харилцах ухаан, ёс зүйн тухай гээд яривал таныг түүхийн маш том архив гэж болно. Та өөрийнхөө талаар ярихгүй юу?
- Би 17 настай байхдаа Улсын банкны тасгийн нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. Тэгээд хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, зээлийн эдийн засагч, захирал гээд бүхий л ажил алба хашсан хүн. Хүн нэг салбартаа бүх насаараа ажиллах шиг сайхан зүйл байдаггүй юм байна. Одоо эргээд харахад 60 гаруй жилийг банкиндаа өнгөрөөж дээ. Мэдээж алдаа гаргавал улсын өмнө хариуцлага хүлээнэ. Миний 2000 гаруй шавь банк, санхүүгийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд олон зуун залуу мэрэгжилтэн бэлтгэж, арав гаруй мэрэгжлийн ном сурах бичиг гаргасан. Монгол Улсын бүх л эрдэнэсийг хариуцаж байгаа хүн маш нарийн хяналттай хариуцлагатай байх нь чухал.
- Өнөөдөр эдийн засгийн хямрал гэж хүн бүр ярьж байгаа боловч гарах гарцыг хэн ч тодорхойлж чадахгүй байна. Энэ хүнд үед хэрхэн хуримтлалтай болох вэ?
- Манай Улсын хүн ам улам залуужиж, залуу гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд амьдрал ахуйгаа тооцоотой удирдаж, хөдөлмөрийнхөө хөлс, бизнесийн орлогоо ариг гамтай нарийн тооцоотой зөв зарцуулах хэрэгтэй. Гэр бүлийн амьдралаа өөдрөг чинээлэг болгоход хадгаламж, хуримтлал чухал байдаг. Хүмүүсийн амьдралын нягт нямбай эдийн засгийн тооцоотой үйл ажиллагаанаас нийгмийн баялаг арвижин хуримтлагдаж, улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие, биенээ харилцан дэмжсэнээр мөнгөө өсгөн хуримтлуулах энгийн боловч гайхамшигтай бололцоо нээгдэнэ. Энэ систем бол “Мөнгөний систем” гэж олон оронд хэрэглэгдэж байна. Энэхүү хуримтлалын сан нь иргэдээ ойр зуурын хэрэглээний мөнгөтэй байлгах цаашид нэгдэн хуримтлуулсан мөнгөөрөө үлэмж ихээхэн хэмжээний мөнгөний нөөц хэрэгцээг хангах юм. Мөн гишүүн хүн бүр мөнгө, төгрөгтэйгөө зөв харьцаж соёлтой хэрэглэж, гамнаж, хайрлаж бас хүндэлж чадвал мөнгөн энерги хэмээгч агуу хүчтэн танд туслан дэмжиж баян чинээлэг болгохыг санах хэрэгтэй.
- “Алтан төгрөг бололцоо боломж, Ард түмний сан”-г байгуулсан гэсэн. Энэ сангаа үүсгэн байгуулсан зорилго тань юу вэ?
- Мөнгөн хадгаламж нь хувь хүн, бизнесийн хүрээнийхэн болон үйлдвэр, худалдаа, үйлчилгээ гээд бүхий л аж ахуй нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэр болдог. Мөнгөн хуримтлалын сантай болгох хөтөлбөр нь тавтын системээр ажиллаж хүн бүрийг хуримтлалтай болгож, ард түмнийхээ амьжиргааны түвшинг жигд дээшлүүлэхэд туслах юм. Энэхүү санд зээлдэн туслах сан байх бөгөөд ажил үүргийг нэгэн адил хариуцна. Нөхөрсөг харилцан туслалцах их санг 2014 оны 1-р сараас эхлэн Улаанбаатар, Орхон, Төв, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Замын Үүдийн 4500 гаруй хүнийг хамруулснаар 140.0 сая төгрөгтэй болгож ард түмнийхээ нэгээхэн хэсгийн мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлсэн. Мөнгөн хуримтлалын сан бол хүнээ амьдрал ахуйдаа эдийн засагчаар хандахад туслан сургамжлал болдог юм. Бидний нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчим биелэгдэнэ.
- Таны энэ ажилд төр, засгийн зүгээс дэмжиж ажиллаж байна уу?
- Мөнгөн хуримтлалыг бүх ард түмний хүртээл болгож, одоогийнхоо мөнгөө хөлд оруулж ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж ажиллахад ганц гарын авлага үйл ажиллагааны хөтөлбөр бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 215 дугаар зарлигтаа “Хуримтлалын бүлэг”ийн үүсгэл санаачлагыг нийт иргэдэд түгээж, дэлгэрүүлэх, олон нийтийн үйл хэрэг болгох санаачилгыг орон даяар өрнүүлэхийг Монгол Улсын нийт иргэдэд уриалж зөвлөсөн. Манай ард түмэн бол түүхэн уламжлалаараа эрт дээр үеэс бие, биедээ харилцан туслалцаж байсныг мартах биш, одоо л сэргээн шинэчлэн, найрсаг зан заншлаар ажиллаж амьдрах цаг иржээ гэхэд болно. Бид бүгдийн оршин байгаа 21-р зуун бол ертөнцийн хүн бүрийн хамгийн нийтлэг, соёл иргэншилтэй үе.
- Ард түмнээ мөнгөн хуримтлалтай болгох энэ хөтөлбөрийг гадны аль улс орон ямар туршлагаар хэрэгжүүлдэг вэ?
- Франц, Герман, Куба улсад ажил орлогтой хүмүүсийн сарын цалингийн 20 хувийг тав тухтай ажиллаж амьдрахад зориулан хуримтлалын дансанд оруулах нь хуримтлалыг байнга нэмэгдүүлдэг сайхан туршлага юм. Мөн ОХУ-ын түр хэрэгцээний зээлдэн туслах кассын ажиллагаа нь үндсэн цалин хөлстэйгээ хамт зэрэгцэн үр бүтээлтэй хөгжсөн. БНХАУ гэхэд л 2007 оноос эхэлж ард түмнийхээ эрх ашгийг тэргүүн зэргээр тавьж эд таваар бусад бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж байх шийдвэрийг тусгайлан гаргасан. Мөн Казакстан улсад Назарбаев 2009 оноос хойш ард түмэндээ төрөөс үзүүлэх тусламж дэмжлэгийг бусад орны туршлагаас иш үндэс болгосон. Энэ мэт өвөрмөц аргуудыг тууштай хэрэгжүүлж ирсэн гээд олон төрлийн туршлага болсон ажлууд бий. Монгол хүн бүр хуримтлалтай болж, Монгол Улс дэлхийн хамгийн баян орны тоонд орох цаг ирээсэй гэж хүсч байна.
- Миний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Монгол хүний төлөө эхлүүлж байгаа таны энэ сайн үйлд тань амжилт хүсье!
- Баярлалаа
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 2 )
энэ үед яаж хуримтлалтай болох вэ
Сайн хүний сайхан сургамжтай нийтлэл тавьсан байна. ЦДалхаа гуайд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе