Эм, эмнэлэгийн хэрэгслийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа

2016 оны 11 сарын 10

ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга үндэсний эм үйлдвэрлэгчдийн болон эм холбооны төлөөлөлүүдтэй уулзаж  эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцов. Уулзалтад нийт 19 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн төлөөлөл оролцов.

Эм зүйн салбарын 2015 оны статистик үзүүлэлтээр монгол улсын хэмжээнд 33 эмийн үйлдвэр ажиллаж 32,7 тэрбум төгрөгийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Үүнээс 29,63 тэрбум төгрөгийн европ эм үйлдвэрлэж 25,12 тэрбум төгрөгийн борлуулалт, 1,02 тэрбум төгрөгийн уламжлалт эм үйлдвэрлэж 0,89 тэрбум төгрөгийн борлуулалт, 0,95 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж 0,98 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. 2015 онд эмийн үйлдвэрүүд нийт 1064 нэр төрлийн эм үйлдвэрлэсэн бөгөөд борлуулалтаар авч үзвэл эх орны эмийн үйлдвэрийн эм дотоодын эмийн зах зээлийн 14,57 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 3,31 хувиар өссөн байна.

Оролцогчдын зүгээс хүн амыг чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах, үйлдвэрлэлийг GMP шаардлагад нийцүүлэхээр идэвхтэй ажиллаж, эмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар дурьдаад  хэд хэдэн асуудлаар дэмжлэг хүслээ. Үүнд зайлшгүй шаардлагатай эм, түүний түүхий эд, сав баглаа боодлыг НӨТ болон гаалийн татвараас чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн татварыг бууруулах, хөнгөлөлттэй зээл, зээлийн барьцаа, банкны зээлийн шалгуур, эргэлтийн хөрөнгийн асуудал дээр дэмжлэг үзүүлэх, зохистой кластер бий болгох, эмийн үйлдвэрийн нарийн мэргэжлийн хүн нөөц бэлтгэх, сургахад олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулах, эксперт авахад дэмжлэг үзүүлэх, эмийн үйлдвэрийн онолын мэдлэгийг  сургалтын хөтөлбөрт суулгах, дотоодын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн чанаргүй гэсэн ойлголт түгээмэл байгааг эмч, ард иргэдэд зөвөөр ойлгуулах, шинэ эм бүтээх судалгаанд инновацийн сангаас дэмжлэг үзүүлэх, эмийн үнийг тогтворжуулах арга хэмжээ авах, валютын ханшийн хэлбэлзлээс үүсэж байгаа хохирлыг зохицуулах,  эмийн зах зээлийн талаарх мэдээлэл, мэдээний санг нээлттэй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүсэж, ирэх 4 жилд хамтран ажиллах төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэхээр боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top