Монгол Улсад сонгуулийн насны буюу 18-аас дээш насны 2 сая 500 мянга орчим хүн аж төрдөг. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсанаар яг одоогийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3 сая 115 мянга 135-д хүрээд байгаа гэж бодохоор эдгээрийн 700 мянга орчим нь өсвөр үеийнхэн буюу бидний нэрлэдэгээр хүүхдүүд байгаа юм. Гэтэл Замын цагдаагийн газрын 2015-2016 оны статистик мэдээлэлд сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд 5611 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 222 нь нас барж, 5389 нь хүнд болоод хөнгөн гэмтсэн гэжээ.
Энгийнээр тайлбарлая. Монгол Улс 1988 онд 2 сая дахь иргэнээ хүлээн авч байсан бол түүнээс 27 жилийн дараа буюу жил гаруйн өмнө 3 сая дахь иргэнээ зарлан тунхаглаж, түүнтэй хамгийн ойр төрсөн 21 аймаг, есөн дүүргийн чацуутнуудад батламж гардуулж сүр дуулиан болж байсныг уншигчид санаж буй байх. Энэ хурдаар явбал Монгол Улс 2042 онд л дөнгөж 4 сая дахь иргэнээ батламжлана. Гэхдээ нэг жилд 1100 гаруй хүүхдээ зам тээврийн осолд оруулж, 50 гаруйг нь золгүйгээр үхүүлээд байх юм бол бид мөддөө 4 саяуулаа болохгүй...
Сүүлийн жилүүдэд “Төрөлт нэмэгдлээ” гэж ярьж байгаа ч эсэргээрээ зам тээврийн ослын улмаас хорвоог орхиж буй хүүхдүүдийн тоо буурахгүй байна.
2015 онд улсын хэмжээнд 1143 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 54 нь хорвоогийн мөнх бусыг үзсэн бол энэ оны эхний арван сарын байдлаар 48 хүүхэд зам тээврийн осолд өртөж нас баржээ.
Тоон мэдээллээс харахад осолд орж нас барж байгаа хүүхдүүдийн тоо жил бүр цөөн тоогоор буурч байгаа боловч энэ хангалттай үзүүлэлт болж чадахгүй.
Харамсалтайгаар хорвоог орхиж буй хүүхдүүдээс гадна насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж буй маш олон хүүхэд байна. Тодруулбал, 2015 онд зам тээврийн осолд орж тахир дутуу болсон 201 хүүхэд байсан бол энэ онд 199 хүүхэд тахир дутуу болсон талаар албаны хүн тайлбарласан.
Түүгээр ч зогсохгүй өнгөрөгч онд зам тээврийн осолд орсон 1143 хүүхдийн 41.5 хувь буюу 474 нь 0-7 насныхан байгаа бол 42.8 хувь буюу 490 нь 8-14 насныхан, 15.7 хувь буюу 179 нь 15-17 насны хүүхдүүд байгаа юм. Замын хөдөлгөөн, зам тээврийн осол гэдгийг ч сайн мэдэхгүй бяцхан хүүхдүүд минь яагаад ийнхүү шил дараалан алтан амиа алдаад байна вэ. Энэ хэний буруу вэ...
Замын цагдаагийн газраас өдөр бүр зам тээврийн осол, зөрчлийн талаар олон нийтэд мэдээлдэг. Энэхүү мэдээллийн хамгийн сэтгэл эмзэглүүлэх хэсэг нь автомашинд дайруулж амь насаа алдсан өсвөр насны эгч дүүс, хүнд гэмтсэн 3-5 насны хүүхдүүд гэх үгс юм. Энэ тоо өдөр бүрийн тайлан дээр бичигдсэн байх нь бүр аймшигтай...
Ер нь эцэг эхчүүдийн хэдэн хувь хүүхэдтэйгээ хүүхэд мэт ханддаг бол... Магадгүй эцэг эхийн хуралд нь очихдоо л сая хүүхэдтэй хүн гэдгээ санадаг юм болов уу. Хэдийгээр бүгд ийм хариуцлаггүй гэж тодорхойлоогүй ч уншигч та яг одоо өөртөө энэ дүгнэлтийг хийгээд үзээрэй.
Учир юу гэвэл томчууд бид зам хөндлөн гарахдаа өөдөөс ирж буй машиныг хичнээн хугацааны дараа ирэхийг тархиараа тооцоолж чаддаг бол хүүхдүүд эсэргээрээ хараагаараа бүгдийг тооцоолдог байх юм. Тиймдээ л өөдөөс ирж буй 100 км/ цагийн хурдтай автомашиныг хормын төдийд ирээд дайрчихна хэмээн төсөөлдөггүй байх нь... Үүнээс эхлээд хүүхэд, том хүн гэдэг бодьгалиуд өөр өөрийн гэх ертөнц, давуу болоод сул талуудтай...
Өнгөрөгч сард хичээлээ тарж яваад том хар машин /өөрийнх нь тодорхойлсноор/ -д дайруулаад нэг хөлөө хугалуулсан долоон настай, цовоо нүдтэй бор хүүгийн яриаг танд хүргэе.
-Машин ирж явааг хараагүй юм уу?
-Харсан л даа. Арай ч тийм хурдан мөргүүлчихнэ гэж бодоогүй. Уг нь хол л харагдсан юм.
-Багш, ээж аав нь зам хөндлөн гарахдаа юуг анхаарах ёстойг тайлбарлаж өгөөгүй юм уу?
-Багш нэг л удаа хэлж байсан. Гэхдээ ногоон гэрэл, цагаан шугамаар гараарай гэж анхааруулж байсан. Манай сургуулийн дэргэдэх зам гэрлэн дохиогүй ш дээ. Машин харж байгаад л гүйчихдэг юм.
-Гэрээс нь хүн ирж авдаггүй хэрэг үү?
-Хааяа 5 дугаар ангийн агаатайгаа харьчихдаг юм. Машинд мөргүүлдэг өдөр агаагийн хичээл тараагүй болохоор хүлээж тэсэлгүй явж байгаад л...
-Яаж эмнэлэгт очсон юм бэ?
-Нөгөө хар машинтай эгч хүргэж өгсөн. Гэхдээ ээж аавыг ирэхэд олдоогүй гэсэн.
Энэ бол зам тээврийн осолд орсон мянга мянган хүүхдийн зөвхөн нэгнийх нь яриа. Яг үүнтэй ижил шалтгааныг хэлээд гэмтэлийн эмнэлэгийг зорьж буй олон хүүхэд байгаа.
Буруутан нь хэн бэ. Тавхан секунт хүлээж чадаагүй жолооч та, тайлбар учрыг нь хэлж өгөөгүй аав, ээж та, танихгүй мэт хандсан багш та энэ бүгдийн буруутан.
Энэ оны есдүгээр сард сургуулиа тараад харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарч явсан сургуулийн насны гурван хүүхэд машинд мөргүүлж, гэмтэл авсан. Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Өнөөг хүртэл энэ заалт хэрэгжихгүй эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсоор байна. Дээрх дурдсан баримтын дагуу Замын цагдаагийн газраас өнгөрөгч есдүгээр сард бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн гурван багш, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан хоёр эцэг, эхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6-д заасны дагуу хариуцлага тооцсон билээ.
Энэхүү хариуцлага нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох шийтгэл юм. Бүр тодруулбал 192 мянган төгрөгөөр хүүхдийн эрүүл мэнд, амь нас дэнслэгдэж байна гэсэн үг. Гэтэл 192 мянган төгрөг хүнд гэмтэл аваад эмнэлэгт хүргэгдсэн хүүхдийн хэдэн өдрийн эмийг, хэдэн өдрийн ор хоногийн мөнгийг төлж хүрэх вэ...
Ингээд бодохоор замын хөдөлгөөний тухай хуульд “Зөвхөн хүүхдэд” гэх заалт, тодорхойлолт оруулах хэрэгтэй мэт. Уг нь дээрх зүйл заалт бол өнгөрөгч онд батлагдсан Замын хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулагад тусгагдсан хэдий ч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа амийг тавхан өдрийн өвчин намдаах эмний мөнгөөр үнэлж боломгүй.
Бүр цаашлаад зам тээврийн ослоос болж “зогссон” бяцхан зүрх бүрийн төлөө хуулиа чангатгах ёстой.
Үүнээс гадна эцэг эхчүүдийн хариуцлага, хүүхдэдээ тавих анхаарлыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт семинар зохион байгуулж, хуулийн зүйл заалтыг сайжруулах хэрэгтэй. “Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш” гэж үг бий. Бид хэдий болтол өөрийнхөө хүүхдийг осолд орж, эрүүл мэнд, амь насаараа хохироход сая нэг “Энэ чинь бодит аюул” юм байна гэж ойлгох вэ...
Дээр нь хүүхэд хэзээ ч хүүхдийн хамгаалагч байж чаддаггүй. Гэтэл эцэг эхчүүд 10 настай ахаар нь, 15-тай эгчээр нь дүү нарыг нь авхуулсаар удлаа. Ахархан бодлын үзүүрт “Хүүхэддээ харгалзах хүн явуулсан” гэж бодовч угтаа энэ нь дээр өгүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дэх заалтыг зөрчиж байгаа гэсэн үг юм.
Эдгээрээс гадна хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгааныг тодорхойлоход нэлээд олон хувь нь асран хамгаалагчтайгаа явж байгаад машинд мөргүүлж, гэмтэл авсан байна. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал “Хүүхэд асран хамгаалагчтайгаа хамт явж байхдаа осолд өртсөн тохиолдол тал нь байгаа. Тиймээс манай эцэг эхчүүд хүүхдээ гараасаа хөтлөөд явж хэвших хэрэгтэй байна. Хүүхэд л юм чинь гүйнэ, харайна, унана. Ингэхдээ зам руу орох аав ээжээсээ түрүүлж гүйгээд машины уурдуур хойгуур орох гээд эрсдэл их байгаа учраас заавал хүүхдээ хөтлөөд явж байгаач ээ гэж уриалмаар байна” гэлээ.
Эцэст нь нэг зүйлийг дахин өгүүлье. Монгол Улс зам тээврийн ослын тоогоороо Азидаа эхний тавд багтдаг. Өдөрт 60-100 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, осол гаргадаг. Энэ бол зүгээр л “Өө тийм үү. Ямар аймар хэрэг вэ” гэж хэлээд өнгөрөх асуудал биш. Яг одоо дүрэм биелүүлдэггүй согтуу жолоочидтой, хүүхдээ хянадаггүй эцэг эхчүүдтэй тэмцэх цаг болсон.
Та бидний зүрх хурдны төлөө бус амьдралын төлөө цохилдог юм шүү.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 2 )
Үнэхээр сэтгэл өвдөж байна. Эцэг эхчүүд, багш, цагдаа, төр, хүүхдийн төлөө газар, ТББ юу хийж бнаааа
Та бидний зүрх хурдны төлөө бус амьдралын төлөө цохилдог юм шүү. tiim shuu.