Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны долоодугаар сарын 21-нд ажлаа хүлээж авсанаас хойш 100 хоног өнгөрчээ. Түүнтэй өнгөрөгч хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн болоод ирэх жилүүдэд юу хийх талаар нь ярилцлаа.
-Өнгөрсөн гурван сард цаг үеийн олон асуудал давхацлаа. Та нэлээд завгүй байв уу?
-Өнгөрөгч хугацаанд тариа будаагаа хураах, хадлан тэжээлээ гүйцэд базаах зэрэг хөдөө аж ахуйн салбарын ажил анхаарлын төвд байлаа. Энэ намар тариаланчид маань арвин ургац хурааж авсан. Мөн Дархан хотынхоо 55 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Сумдад Нээлттэй хаалганы өдөрлөг хийж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртууллаа. Инженерийн шугам сүлжээний байгууллагуудынхаа хамтаар хотын орон сууцны байрууд, сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн хэмжээнд 98 хувьтай хангасан байна.
Энэ гурван сарын хугацаанд орон нутгийн хөгжлийн сан, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозам, гэрэлтүүлэг, өвөлжилт зэрэгт нийтдээ 6 тэрбум 275 сая төгрөгийг зарцуулсан байна.
-Дархан-Уул аймгийн хувьд олон жил яригдсан нэг зүйл бол шинэ, хуучин Дарханыг холбосон авто замын асуудал. Үүнийг шийдэж чадсан уу?
-Тиймээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлын нэг маань шинэ, хуучин Дарханыг холбосон 2.4 км урттай, 14 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай нэгдүгээр зэрэглэлийн автозамын ажил байлаа. Мөн Дархан хотыг анх байгуулж байхдаа л төлөвлөсөн 8 км магистрал шугамын ажлыг эхлүүлж, анх удаагаа орон нутгийн төсвөөр барьж чадлаа.
-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь намын мөрийн хөтөлбөртэй уялдсан байх?
-Шат шатны сонгууль болж өнгөрлөө. Дарханчууд Монгол ардын намд итгэл хүлээлгэж, аймгийн Монгол Ардын Намын 2016 оны Орон нутгийн сонгуульд оролцсон “Есөн эрдэнийн мөрийн хөтөлбөр”-ийг дэмжсэн. Тус хөтөлбөрийн 9 бүлэг, 142 арга хэмжээнээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 80 арга хэмжээ нь шууд тусгагдсан ба 56 арга хэмжээг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгалаа. Үйл ажиллагааны хөтөлбөрт бидний өмнө тулгамдаж буй олон арван асуудлыг тусгахын дээр олон давтамжтай, иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа асуудлуудыг нэгтгэн бүтээн байгуулалтын томоохон 13 ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Мөн хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төслүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ. Тухайлбал, өнгөрөгч дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Жишиг хороолол” төслийг хэрэгжүүлж, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлсэн. Тэгвэл ирэх дөрвөн жилд “Тохилог хороолол” төсөл хэрэгжүүлж гэр хорооллын иргэдийн ая тухтай, амрах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Өмнө нь жишиг хороолол төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах ажлыг хийж байсан бол одоо “Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж орцуудыг засварлах, орон сууцны байрнуудын доорх инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажилд түлхүү анхаарна.
-Томоохон ажил хэргийг ямар хөрөнгөөр хийх вэ гэдэг асуудал олны анхаарлыг татдаг?
-Улс орны эдийн засаг хүнд байгааг ойлгож байгаа. Гэхдээ бид дэд бүтэцтэй газраа дуудлага худалдаанд оруулж төсвийнхөө орлогыг нэмэгдүүлэх, хандивлагч орны зээл тусламжийг үр дүнтэй ашиглах гэх мэтээр боломжийг хайх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж тооцоход 2019 он гэхэд эдийн засаг сэргэнэ. Үүнээс гадна хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд олон талт эх үүсвэрийг судалж байна. Азийн хөгжийн банк, бусад гадаадын хөрөнгө оруулагчдын урт хугацаатай зээл тусламжаар Дархан-Шарын гол сумын хооронд 49 км хатуу хучилттай, гуравдугаар зэрэглэлийн автозамыг барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банк, МУЗГ хамтран ажиллах гэрээний төсөлд Дархан-Шарын голын авто зам, Хонгор Салхитыг холбосон авто зам, шинэ хуучин Дарханыг холбосон авто замын үлдэгдэл болох 5.8 км авто замын ажлыг суулгахаар санал солилцож, хүсэлтээ тавьсан.
Мөн Дархан Сэлэнгийн бүс нутаг дахь хүнсний ногоо боловсруулах үйлдвэрийг Орхон суманд байгуулах шийдвэрийг Засгийн газраар дэмжүүлж хэрэгжүүлэхээр болсон. Шарын голын уурхайн нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ашиглалтыг сайжруулж, түүнээс гарсан бүтээгдэхүүнийг ашиглана. Боловсролын салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Боловсрол хотхоны бүтээн байгуулалтыг эцэслэнэ гээд олон ажлууд байна.
-Орон нутгийн тээвэр, авто замын асуудлыг хариуцсан газар ирэх онд үйл ажиллагаагаа эхлүүлнэ-
-Орон нутгийн тээвэр, авто замын асуудлыг хариуцах аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулахаар болсон. Гэтэл төрийн байгууллагын бүтцийг данхайлгахгүй, орон тоо нэмэхгүй байх шийдвэр гарчихаад байдаг?
-2015 онд Шийдлийн Засгийн газраас аймгуудын Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын бүтэц орон тоог батлахдаа тээврийн салбарыг үндсэнд нь байхгүй болгосон. Үүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Дархан-Уул аймаг хүн тээвэр, ачаа тээвэр, авто замын нэгдсэн бодлого байхгүй, зохицуулах эрхзүйн орчин бүхий байгууллагагүй явж ирлээ.
Тэгсэн хэрнээ авто тээврийн тухай хуулиар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж ажиллах томоохон асуудлын нэг нь тээвэр, авто замын асуудал байдаг. Одоогоор Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулж диспетчерийг нь цалинжуулаад тус төвөөр дамжуулж хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг хянуулж байна. Цаашид олон арван км хатуу хучилттай авто замууд ашиглалтад орно. Өвөл болж байгаа болохоор хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингээд бид дээрх хүндрэлтэй асуудлаа шийдэх хүрээнд орон нутгийн өмчит газар байгуулж, 2017 оны нэгдүгээр дүгээр сарын 1-нээс тус байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон.
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар төсөвт хүндрэл учруулахгүй байх зарчмаар ажиллана.
-Аймгийн Барилга захиалагчийн албыг 2013 онд яг ийм зарчмаар байгуулж байсан. Гэхдээ ажил үүрэг давхацаж байна гэх шалтгаанаар татан буулгачихсан байснаа энэ онд сэргээсэн. Дахин ийм зүйл давтагдахгүй байх боломж бий юу?
-Хөрөнгө оруулалтыг зөв зарцуулж бодит ажил болгох үүднээс бид Дархан барилга захиалагчийн товчоог байгуулсан. Уг товчоо нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх орон нутгийн өмчит гэдгээрээ онцлогтой. Татан буулгасан удирдлагууд, хэвлэл мэдээллээр орон нутгийн төсөвт ачаалал өгсөн мэтээр тайлбарласан л даа. Гэтэл үнэндээ төсөвт ачаалал үүрүүлж байгаагүй, тендерийн магадлалгүй ажлын 2 хувиар санхүүжилтээ олж байсан. Энэ нь эрх мэдлийн давхцалыг бий болгох биш харин ч аймаг орон нутагтаа хийгдэж буй бүтээн байгуулалтыг чанартай хийхэд илүү анхаарч чадсан юм. Тэр ч утгаараа бид энэ онд тус байгууллагыг дахин байгуулсан.
-Нийслэл төдийгүй орон нутагт ч цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу байна. Танай аймгийн хувьд... ?
-Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдсэн. Хэдхэн жилийн дараа сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын бага бүлгийн хамран сургалт тулгамдсан асуудал болж хувирна. Бид 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Дээр нь өөр зориулалтаар ашиглагдаж байгаа барилга байгууламжийг суллаж, засварлах замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, Нийгмийн даатгалын хэлтэс шинэ байранд шилжсэнтэй холбоотойгоор хуучин байрыг анх баригдсан зориулалтаар нь ашиглах санал иргэдээс ирэх болсон. Саяхан хот орж энэ ажлыг хөөцөлдөөд ирлээ. Засвар арчилгааны хөрөнгө, байрны үлдэгдэл үнийг шийдчихвэл 210 хүүхдийн цэцэрлэгийн байр ирэх онд бий болох боломжтой.
Мөн ОХУ-ын өмчлөлд байдаг хуучин Прокурорын байгууллага Дархан сумын 4-р багт бий. Сүүлийн жилүүдэд өмчлөлийн асуудлаас болоод ашиглагдахгүй байгаа. Анх баригдахдаа цэцэрлэгийн зориулалттай баригдсан тус барилгын асуудлыг Оросын талтай тохирч чадвал 280-320 хүүхэд хүлээн авах боломж байна.
Хөтөл хороололд нэг цэцэрлэг барих зайлшгүй шаардлага байна. Дархан сумын 15 дугаар баг, үйлдвэрийн районд БНСУ-ын хөрөнгөөр баригдаж байгаад дутуу орхигдсон нэлээд том барилга байгууламж байгаа. Үүнийг сургууль цэцэрлэгийн байраар ашиглах, өөрөөр хэлбэл 540 хүүхдийн бага сургууль хэлбэрээр ажиллуулах бүрэн боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Мөн дараагийн 4 жилд 960 хүүхдийн сургуулийг 15 дугаар баг, “Хүслийн хотхон”-ы урд талд нийтийн шугам сүлжээнд ойрхон газар барихаар төлөвлөсөн. Газрыг нь бэлдсэн, төсвийг нь ирэх 4 жилийн дотор заавал шийдүүлнэ.
-Аймгийн удирдлагууд сумдын удирдлагуудтайгаа нягт хамтран ажиллах ёстой. Гэтэл танай аймагт хамтран ажиллах байдал муу байдаг гэж сонссон?
- Аймгийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврыг сумандаа хэрэгжүүлж бодит ажил болгох хүмүүс нь сумдын Засаг дарга нар. Гэтэл манай аймагт өнгөрсөн найман сарын хугацаанд буюу өмнөх удирдлага Засаг даргын зөвлөлийн хуралдаа сумдынхаа Засаг дарга нарыг оролцуулдаггүй жишиг тогтоочихож. Ийм байж таарахгүй ээ. Үүнээс үүдэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын олон ажил зогссон гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь намайг ажил авахад ердөө хоёрхон тендерийн ажил зарлагдсан байсан. Ийм л нөхцөл байдалтай ажлаа хүлээж авсан. Дүгнээд хэлэхэд аймаг сумын удирдлагууд хоорондоо нягт уялдаа холбоотой нэг зүгт харж байж аймаг орон нутгаа хөгжүүлэх нь зүйн хэрэг юм.
-Танай аймгийн хувьд хууль бус газар олголтын асуудал нэлээд яригддаг?
-Газрын тухай хуулинд тодорхой заасан байдаг. Сумын дарга хашааны газар буюу инженерийн дэд бүтэц, шугам хоолойнд холбогдоогүй газарт иргэдэд газар өмчлүүлнэ. Харин аймгийн Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу газар олголт хийдэг. Таны асууж байгаа мэдээллийн хувьд өнгөрсөн найман сарын хугацаанд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулалгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг дээрээ батлаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх ашгийг зөрчсөн. Дээр нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрөгч 5-7 дугаар сарын хооронд гурван удаа тодотгож 400-гаад хүнд газар олголт хийсэн байна. Тухайн үед Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг мэдэгдэж байсан ч уг асуудал хэвээр үргэлжилсэн.
Үүний уршгаар өнөөдөр олон иргэн хохирох болчихоод байна. 2008 онд Г.Эрдэнэбат Засаг даргын үед гарсан хотын дотор шатахуун түгээх станц, гражын газар олголт хийгдэхгүй гэсэн захирамжийн хэрэгжилт байхгүй болсон зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа юм. Энэ бүгдийг засч залруулах нь зайлшгүй учраас бид аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, хоёр сар гаруйн хугацаанд хяналт шалгалт хийлээ. Ингээд гарсан зөрчил, дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад ажиллаж байна.
-Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын сул зогсолтын цалинг өгөхийн тулд хүдрийг баяжуулахгүйгээр шууд гаргаж байгаа-
-Дархан хотын хувьд Улаанбаатарын дараа орохуйц томоохон төвүүдийн нэг. Тэгэхээр аймгийн Ерөнхий төлөвлөгөө гэж бий байх?
-Хотын ерөнхий төлөвлөгөөг “Арт” констракшн компани боловсруулж байгаа. Энэ ажил жаахан удаашралтай байна. Аймгийн ЗДТГ-ын үүдэнд 10800 айлын нийтийн эзэмшлийн орон сууцыг төлөвлөсөн макет байрлуусан байгаа. Тэр бол иргэдийг хуурсан үзүүлэн биш, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байсан ажил. Энэ хүрээнд тээврийн товчооны цаана III хорооллыг төлөвлөж, Бурхант дэд станцаас 5.1 тэрбум төгрөгөөр цахилгаан хангамжийг шийдвэрлэсэн. Энэ бол цаашид 2 дугаар хорооллыг цахилгааны хоёр эх үүсвэртэй болгох, улмаар 3 дугаар хороололд төлөвлөсөн бүтээн байгуулалтыг барихад цахилгааны эх үүсвэр найдвартай байхаар тооцож хийсэн бүтээн байгуулалтын ажил. Энэ бүх ажлууд төр засаг солигдох үеэр зогссон. Тэгэхээр одоо эхлүүлсэн бүхнээ үргэлжлүүлнэ.
-Дархан-Уул аймагт ногоон хөгжлийн бодлого төлөвлөгөө гэж байна уу?
-2014-2015 онуудад бид аймгийн хэмжээнд нэг га газар хэдий хэмжээний ургамал ургаж байна, цөлжилтөөс болж устаж үгүй болж байгаа ургамал байгаа эсэх, ойн сан ямар хэмжээнд байгаа зэргийг судалсан. Уг судалгаанд тулгуурлан салбарын яам бодлогоо тодорхойлж, орон нутаг хэрэгжүүлээд явах нь дамжиггүй. Нөхөрлөлийн тухай хууль гарч, ашиглалт сайжирснаар ой хээрийн түймэр багассан. Үүнтэй холбоотой аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд зэрлэг ан амьтан ихээр суурьшиж байна. Энэ бол нааштай үр дүн.
-Дархан үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутаг. Гэтэл Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид сул зогсолтын мөнгөө авч чадахгүй, олборлож байгаа хүдрээ боловсруулж чадахгүй хилээр гаргаж байгаа гэж сонслоо?
-Мэдээж энэ үйлдвэрийг концессын гэрээгээр хувьчилсан цагаас эхлээд нэлээдгүй хэл ам таталсан нөхцөл байдал орон нутагт үүсээд байгаа. Он гарснаас хойш төмөрлөгийн үйлдвэр орон нутагт 1.6 тэрбум төгрөгийн өртэй, нийгмийн даатгалын санд бас энэ хэмжээний өртэй явдаг.
Ажил олголтын тал дээр хүндрэлтэй, төсөл хөтөлбөр нь зогсонги байдалтай байгаа энэ үйлдвэрийн ажлыг цааш явуулахын тулд бага хэмжээний хүдрийг баяжуулахгүйгээр шууд ачилт хийж байна. Үүнээсээ олсон орлогоор хүмүүсээ цалинжуулж, дараагийн үйлдвэрийн технологийнхоо урьдчилгаа төлбөрөө өгөх байдлаар явж байгаа. Эрдэнэт хотод ган бөмбөлөг үйлдвэрлэх томоохон гэрээ хийж, энэ үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал 200-300 хүнийг ажлын байраар хангана.
-Ярилцсанд баярлалаа.
О.Туяа
Сэтгэгдэл ( 3 )
Энэ хүүхэн мэнгэтэй тогооч мэргэжилтэй цагаач новш зайлаачээ алт ухаж баяжсан хүүхэн нухаж цадсан хулгайчдаа муу жиэиг гарын луйварчин
ulsiin zirkiig zezerleg bolgooch eeee
Дархан төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэж АЖ ҮЙЛДВЭРИЙ ЦОГЦОЛБОР ХОТ болгоно гэж Хаянхярваа шоудаж байсан гэтэл тэр их хуралд гараад удалгүй хувьчлагдаж БАЛАРЧ ЭХЭЛСЭН байх? Төмөрлөгт харьяалагддаг төмрийн хүдрийн ордуудыг ЗАВШИХ ажиллагаа л явагдаад байх шиг? Арматур төмөр хийгээд сүрхий СЭРГЭЖ БАЙСАН шүү дээ? ГОК- ийг одоо ЗАЛГИХ гэж байгаа одоогийн үйлдтэй адилхан юм биш үү? \алдагдалд оруулаад ХЯМДХАН авах\