Дорнод аймгийн удирдлагууд сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 13

Дорнод аймгийн удирдлагууд хөдөөгийн сумдын удирдлагуудтай ээлжит цахим хурлаа хийлээ. Энэ онд хийж буй дөрөв дэх удаагийн цахим хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргал, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож, 10 сумтай шууд холбогдсон байна. Шуурхай цахим хурлаар цаг үеийн байдалтай холбогдуулан үүрэг, чиглэлийг өглөө. Аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийт нутгаар 5-6 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 14 удаагийн цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр Баян-Уул сум хамгийн их цастай буюу 20 см зузаан цастай, Халхгол сумын Ялалт баг, Чойбалсан сумд 2 см, нийт нутгаар дунджаар 15 см зузаан цастай байгаа ажээ. Энэ жил Дашбалбар суманд 62 айл өрх хөрш зэргэлдээ 4 сумын нутагт оторлох, Матад сумын нутаг дэвсгэр дээр Сүхбаатар аймгийн 8 өрхийн тодорхой тооны мал оторлож өвөлжих талаар мэдээллүүдийг өгсөн юм.

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор  “Ган зудын байдалд үнэлгээ хийх журам” батлагдсан байдаг. Аймгийн удирдлагууд, сумдын удирдлагуудад:

  • Зудын байдалд үнэлгээ хийх, мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсгийг байгуулж, нөхцөл байдалд газар дээр нь үнэлгээ хийн шуурхай тайлагнах.
  • Хүндэрч байгаа болон хүндэрч болзошгүй сумдууд отор нүүдлийн зураглалаа сайн хийх, малчиддаа чиглэл өгөх.
  • Хөрш зэргэлдээ сумдад оторлож, нүүдэллэх тухай мэдээллийг шуурхай өгч байх.
  • Цаг хүндэрч болзошгүй учир байршуулсан өвсний нөөцөө төв суурин газарлуу татах, зам харгуйгаа тооцох.
  • Цаг хүндэрч болзошгүй учраас хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины бэлэн байдлыг хангахад онцгойлон анхаарч ажиллах.
  • Улсын дуудлагад явж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах.
  • Шатахууны нөөцийг хангах, эмнэлгийн эмийн нөөцөд анхаарч ажиллах.
  • Оторлож яваа малчдын тусламж үйлчилгээнд анхаарах.
  • 0-5 болон жирэмсэн эхчүүд, өндөр настны мэдээллийг эрүүл мэндийн газар хүргүүлэх, эдгээр иргэдийг сумын төвдөө татан өвөлжүүлэх.
  • Малын тэжээл бэлдэхтэй холбоотой асуудал жил бүр яригддаг сумын төсвөө батлахдаа малын тэжээл, өвс, гар тэжээлийн нөөцийг бүрдүүлэн төсөв дээрээ тусгаж шийдвэрлэх.
  • Засгийн газрын тогтоолоор нэг сум 100 тн байгалийн хадлан өвс, 30 тн тэжээл бэлтгэдэг, Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалыг үндэслэн ирэх оныхоо төсөв дээр уг асуудлыг тусгахыг үүрэг чиглэл болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top