НҮБ-ын Ерөнхий Ассамблей 61 дэх хуралдааны 2006 оны 12 дугаар сарын 20-ний 61/225 тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. 2016 оны “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тэмдэглэх гэж байна.
Өнөөгийн байдлаар чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 642 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байна. Чихрийн шижинтэй хүмүүсийн 70 орчим хувь нь амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байгаа ба энэ тоо 2040 он гэхэд 160 сая ба түүнээс хол давж, “Чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрэх таамаглал байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр нийт сохролын 2.6 хувь нь уг өвчний шалтгаантай байна
2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс үзэхэд чихрийн шижин өвчин дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг эзэлж, 10 мянган хүн амд 63.8 хувь байгаа нь өнгөрсөн 2014 оноос 9.8-аар буурсан үзүүлэлт болжээ.
Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10000 хүн амд 61.5, эмэгтэйчүүд 10000 хүн амд 66.0 хувь байна. Насны бүлгээр авч үзэхэд 45-65 насныханд хамгийн өндөр 12062 буюу 10000 хүн амд 238.7 тохиолдож байна. Байршилаар нь үзэхэд Төвийн бүсэд 10000 хүн амд 53.7 буюу хамгийн өндөр тохиолдож, хүйсийн хувьд эрэгтэйчүүд 43.8, эмэгтэйчүүд 63.6 хувь байна. Төвийн бүсийн аймгууд дотроос Дархан-Уул /78.9/, Сэлэнгэ /59.4/, Өмнөговь /58.8/, Говьсүмбэр /52.2/ аймгуудад өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )