Үхрийн “Хорт салст халуурал” өвчин 2012, 2016 онд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт, өнгөрөгч есдүгээр сард Өгийнуур сумын Орхон багт гарсан болох нь оношлогджээ. Холбогдох газруудаас уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн Мал эмнэлгийн лабораторийнхон өнгөрөгч есдүгээр сарын 20-нд өвчний талаарх албан ёсны дуудлагыг хүлээн авч, газар дээр нь очиж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч урьдчилсан байдлаар үхрийн хорт салст халуурал өвчин мөн болохыг тодорхойлжээ. Энэ дагуу есдүгээр сарын 29-өөс 14 хоногийн хорио цээрийн дэглэмийг баримтлан ажилласан ба энэ сарын 13-ны байдлаар хорио цээрийн дэглэмийг ахин сунгаж ажиллах мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.
Өвчний улмаас Өгийнуур сумын нэг малчин айлын 12 толгой мал өвчилж, зааврын дагуу устгал хийсэн байна. Одоогоор өвчний голомтод аймгийн онцгой комиссын ажлын хэсэг газар ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, хорио цээрийн дэглэмд хяналт тавин ажиллаж байна.
Үхрийн “Хорт салст халуурал” өвчин нь герпес вирусээр үүсгэгддэг, салст бүрхүүл үрэвсэх, зовхи хавдаж нулимас гоожих, нүд цийх, биеийн халуун огцом нэмэгдэж, чацга алдах шинж тэмдэг илэрч мал өвчилсөн тохиолдолд үхдэг халдварт өвчин юм. Хонь, ямаа архаг хэлбэрээр хөнгөн өвчилж өнгөрдөг тул үхэр халдварлах гол эх уурхай нь болдог байна. Халдвар тараах зам нь сайтар судлагдаагүй тухайн мал амьтны дархлаа сулрах үед өвчилдөг байна. Энэ өвчний үед гойд үр дүнтэй эмчилгээний арга боловсрогдоогүй, урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрт нэвтрээгүй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )