Даварсан ч, даяарчлагдсан ч Монгол монголоороо л үлдье

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Замд таарсан захын нэг залуугаас асуулаа “Чи уламжлалаа хэр сайн мэддэг вэ” гэж. Хариулж байна аа. “Ер нь монголчууд уламжлал ихтэй улс. Уламжлалаа мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа” гэх мэтээр цэцэрхэж байна. Тэгэхээр нь дахин “Та хөөрөг хэрхэн зөрүүлдэгийг мэдэх үү. Дээл хийж байгаа хүнтэй таарвал юу гэж ерөөдөг вэ” гэх мэтээр асуухад шилээ маажаад, гацаж түгдэрээд дуугарсангүй. Тэгснээ “Уучлаарай сайн мэдэхгүй юм байна” гэсээр нүүрэндээ улаа бутруулан яваад өгөв. Энэ мэтээр нэлээд олон залуугаас дээрх асуултыг асуулаа. Бараг бүгд эхний залуу шиг цэцэрхэж байснаа төдхөн асуултад бүдэрч, хэлэх үг алга аа гээд яваад өгөв. Уг нь бичигч миний асуусан асуулт нэг их хүнд асуулт биш байлтай.  

Гэтэл үүнээс даваад яривал илүү том олон асуудал гарч ирнэ. Тун удахгүй Монголын уламжлалт цагаан сар болно. Айл хотол, хамаатан саданаараа чуулан мэнд усаа мэдэлцдэг энэхүү баярыг сүүлийн үед сүр ихтэй, сүржин үйл явдал гэж ад үздэг болж. Халааснаасаа гаргах хэдэн төгрөгийн хэмжээ хэд дахин нэмэгдэх учраас аргагүй л байх. Гэхдээ эрт дээрээс тогтсон уламжлалаа ад үзээд юу хийнэ.


Цагаан сар гэснээс хэдхэн жилийн өмнө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн идээг 10 үеэр зассан байна” гэх мэдээ чих дэлсэж байсан. Идээгээ сондгой тоогоор тааруулж, айл хотлоороо аз жаргалыг бэлгэддэг Монгол заншил ийнхүү буруудаж, улс орны “Аавын” идээ зовлонгоор төгсөж, тухайн үедээ нэлээд шуугиулсан. Энэ мэтээр уламжлалаа алдсан монголчууд захаас эхлээд замаар нэг байна.

АНУ-ын дуучин, дэлхий нийтэд диснейн гүнж хэмээн алдаршсан Селена Гомез "MTV Movie Awards"-ын тайзан дээр гарах үедээ Энэтхэгчүүдийн духан дээрх тэмдгийг буруу зурснаас болж маш их шүүмжлэлд өртсөн. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн төр засгаас дуучин бүсгүйг албан ёсоор уучлалт гуйх ёстой хэмээн үзэж, гомдол гаргасны эцэст Селена Энэтхэгийн ард түмнээс уучлал гуйсан билээ.

Дэлхийн ард түмэн өв уламжлал, ёс заншлаа ингэж л хамгаалдаг байх нь. Тэгвэл монголчууд энэ мэт асуудалд хэрхэн ханддагийг үлгэр жишээчээр харуулах нэгэн үйл явдал цахим ертөнцийг яг гурван жилийн өмнө донсолгож байсныг эргэн саная.


Монголын сарангоо ээжүүдийн нуруундаа үүрч, аргал түүдэг арагийг, хангайн согооных шиг уран гоолиг хөлөөрөө “зад гишгэлэн” зогсоо эрхэмсэг, гоо бүсгүйн бардам төрх Монгол түмэнд даанч таалагдаагүй.

Загвар өмсөгч бүсгүйн төрх байдал, бие хаа ч гэж ёстой л “Уулын согоо” гэсэн үг. Өмссөн хувцас, гаргасан дүр, сонгосон газар нь ч өөлөхийн аргагүй сайхан. Модель бүсгүй ч эр хүн бүрийн харцыг булааж, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэм сайхан гарчээ. Зурагчин нь ч, загвар өмсөгч нь ч сайн хөдөлмөрлөсөн бололтой.

Гэвч барууныхны нэгэн адил бар, ирвэс, арслан, зааныг бус Монгол түмний эрт үеэс дээдлэн хүндэтгэж, нярайлахаар өвдөх үедээ түшиж, удам залгах үрээ төрүүлдэг “араг” хэмээх нандин саванд эр бяраа гаргаж, дайснаа ялсан баатар мэт бардам загинасан нь тэдний энэхүү нүсэр их хөдөлмөрийг талаар өнгөрөөх нь тэр.

Гэхдээ манайхан л болсон хойно “Уран сэтгэмж, даяаршил, оюуны бүтээл” гээд сүрхий зүйлс ярьж, өөрийгөө өмөөрч, хийсэн зүйлээ өндөрт өргөж, “Хөдөөгийн айлын эхнэр гэрийнхээ дээр ааруулаа дэлгэхдээ арган дээрээ гишгэдэг л юм билээ” гэж барьцав.


Гэтэл уран сайхан сэтгэмж, урт гуалиг хөлнийх нь юу илэрхийлэх гээд байгааг монголчууд нь ойлгохгүй байгааг анзаарч байгаа хүн алга. Зүгээр ч нэг “Ойлгосонгүй” гээд өнгөрчихсөнгүй, сэрдхийн цочиж, хүн бүр ээжийнхээ өмнөөс уулга алдаж хүлээн авсан. Монголын загвар өмсөгчид өмнө ээжийн бор авдар дээр нүцгэн заларч, төрийн далбаагаараа биеэ ороож “дэгжирхсэн”. Бүр хоймортоо тавьж, бурхан шүтээнээ залдаг авдар дээрээ нүцгэн бүсгүй сандайлуулж, ээжийнхээ хайртай арган дээр тачаангуй бүжиг бүжиглүүлсэн нөхөрт “Шилдэг гэрэл зурагчин” хэмээх шагнал өгөөд амжсан. Эгээ л энэ зургаа хилийн чинадад илгээж, “Монголчууд бид ийм л “заншилтай” ард түмэн” хэмээн сурталчлаагүй.

Ингээд бодохоор сайхан бүсгүйчүүд, монголд тун ч эрх дархтай юм. Тэд уран гоолиг бие, бурхнаас заяасан гоо үзэсгэлэнгээ гайхуулахын тулд юу ч хийсэн хамаагүй. Тэдэнд дээр өгүүлсэн жишээ даанч жижигдэнэ. Учир нь үүнээс өмнө тэд баатарлаг эрсийн үеийн үедээ дээдэлж, хоймортоо залсаар ирсэн сэлэм нь дээр хүртэл гараад хэвтчихсэн зургаа олон нийтэд дэлгэж байсныг эрхэм уншигч санаж буй байх.

Бидний багад өвөө, эмээ нар уурган дээгүүр хөндлөн алхаж болохгүй, бүсгүй хүн эрчүүдийн дэргэд завилж суудаггүй, галаа асаах аргалынхаа араг нь дээр сандайлж суудаггүй гэх мэтээр сургамжлан, хүмүүжүүлдэг байсан сан. Гэтэл зуухныхаа аман дээр нүцгэн завилж суугаад, гал түлдэг “айхавтар” дүр зургийг ч манайхан л гаргаж ирсэн.

Биднийг ийнхүү уламжлалаараа “тоглож” суухад дэлхийн улс орнууд, даяаршиж буй нийгэмтэй, ёс уламжлалаа хэрхэн хослуулах вэ гэж тархиа гашилгаж суудаг. Мөн ч таарсан хэрэг ээ дээ.

Ер нь бодоод байхад уламжлалтайгаа хүндэтгэлгүй хандаад байгаа жишээнүүдийг эрчүүдээс илүү эмэгтэйчүүд гаргаад байх шиг. Сайхан төрсөн биеэ гайхуулж, шалдан биеийн тэнгэрлэг сайхныг гайхуулсан задарсан бүсгүйчүүдэд хариуцлага тооцох цаг болж. Дэлхий нийтэд нүцгэн биеэ гайхуулагсад байх ч, уламжлал дээрээ сандайлдаггүй гэдгийг энд хэлье.


Бид ийнхүү нүдээ таглаж, чихээ бөглөн суух хооронд задарсан бүсгүйчүүд дахиад л зүггүйтэж, баяр наадмын магнайд явдаг хүчит бөхчүүдийн зодог шуудгаар, эгээ л усны хувцас мэт "гангараад" амжсан.... 

Угтаа Монгол эхнэрийн ёсонд эр нөхрийнхөө малгай бүсийг дээдэлдэг. Монгол бөхийн хувцас хэрэглэлд түүнээс эрхэм нарийн ёс жаягтай ханддаг. Ёс жаяг, өв уламжлал бол үндэстний бусдаас ялгарах хамгийн үнэт зүйл. Харамсалтай нь өнөө цагийн Монгол охид түүх соёл, ёс уламжлалаа ийнхүү уландаа гишгэж, мартагнаад байх шиг. Хатан ухаант монгол ээжүүд маань ч охиддоо зааж сургадаггүй бололтой. Харин ч энэ мэтээр тэдний үйлдэлд шүүмжлэлтэй хандвал "Бусдын эрх чөлөөнд бүү халд, баруунд бол огт өөр шүү дээ" гэх.

Баруунд огт өөр гэж хэлсээр явтал Францын дуучин бүсгүй барууны соёлыг Монголд түгээх гэж “брэнд” гэгддэг Хөвсгөл нутагт минь саатаж, өвөрмөц сонин клипээ хийгээд явсныг та үзсэн байх. Хүзүүндээ дөнгөтэй, хачин элдвийн царайтай бүсгүй Хөвсгөлийн ард иргэдээр ёстой л нэг “наадаж” байгаад явсан байсан. Гэтэл үүнийг шүүмжлэх гэхээр өөрийнхөө толгой дээрх бухалыг хараагүй байж, бусдын толгой дээрх өргөсийг харлаа” гэгчийн үлгэр болох гээд байдаг...

Энд нэг зүйлийг хэлье. Монгол гэдэг Улс бусдын нүдэнд ялгаран харагдахдаа үндэсний өв уламжлалаа дэлгэж нээдэг. Дэлхий хэдий даяарчлагдаж, ардчиллын салхи эрх чөлөөг үлээх хэдий ч, тэр нь улс үндэстний соёл уламжлалыг хийсгэхийн нэр биш юм. Айл гэрийн эрхэм байдал эхнэр хүнээс, улс үндэстний оршин тогтнох үндэс эмс охидоос шууд хамааралтай. Монгол охин гэж бусдаас онцгойрох Монгол эмэгтэйн ёс уламжлалыг умартаж боломгүй.

Бусдын хэлдгээр нийгэм даяарчлагдаж байна. Бид түүнийг даган өөрчлөхгүй, үхэр тэрэгтэйгээ зууралдаж сууна гэж юу байхав. Гэвч давс нь багадсан хоол амтгүй, ихэдвэл шорвог болдогтой адил аливаа зүйлийн жорыг зөв тааруулах нь чухал. Чухамдаа дээрх зураг шиг хачирыг нь ихдүүлээд байвал бид гэрлийн хурдаар довтолгох дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадна гэж үү.

Бид өөрсдөө уламжлалаа уландаа гишгэлээд байвал бусад гүрэн бидний түүх соёл, ёс заншилд хэрхэн хандах вэ. Түүхээ мартаж, өвгөдийнхөө ухааныг доромжлон “урагшилдаг” ард түмэн манайхаас өөр байхгүй л болов уу.

Даварсан ч, даяарчилагдсан ч Монгол монголоороо л үлдье...

О.Туяа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О.Туяа(77.20.104.47) 2019 оны 10 сарын 16

бардам загинасан нь

1  |  0
цэцэг(66.181.184.58) 2016 оны 11 сарын 16

Үүнийг бичигчийн уг санаа ч зөв юм гэвч хөөрөг зөрүүлэж тамхилах хадаг барих ёсны талаар одоогын монголчууд тас буруу ойлголтой байдаг .Хадагыг л гэхэд монгол үндэсний загшил гэж боддог Чингис хаанаас Монгол төрийн уламжилал бүрдсэн гэж үзвэл Чингис хаан маань хэзээч юунд ч хэрэггүй торгоны өөдөс хүнд барьж байсангүй бүтэн дээл хийчих торго булга л барьж байв .Хадаг нь төвдийн улаан шарын шашины зан үйл зан үйл үйлдээ хатуу үйлийг сануулсан үйл юм тайлбар бичий гэсэн үгийн хязгаарт

0  |  0
Зочин(103.9.88.212) 2016 оны 11 сарын 16

Зөв л бичиж. Гэхдээ гээгдэх эгшгийн дүрмээ эргээд нэг сэргээн саначихаарай.

0  |  0
зочин(202.9.42.48) 2016 оны 11 сарын 16

Хаан эзэн шээзгий /арган/ дээр сандайлах муу ёр Харц боол сэнтий дээр залрах муу ёр Хав нохой ширээн дээр гарах муу ёр гэж өвөг дээдсийн сургааль үг байдаг Ер бид удам судрын нь харалгүй сонголт хийснээс өнөөдрийн булай бузар худал хуурмаг явдал /муу ёрууд / газар аваад байна шдээ

0  |  0
уужим балгад(202.21.120.186) 2016 оны 11 сарын 16

ёстой үнэн. эхлээд хүн бол дараа нь боловсор

0  |  0
Top