Сурвалжлага: Гэмтлийн эмнэлэг хэд дахин их ачаалалтай ажиллаж байна

2016 оны 11 сарын 22

Сүүлийн үед цас их орсны улмаас замын хальтиргаа гулгаа ихэссэн. Улмаар зам тээврийн осол ихээр гарч хүний аминд хүрсэн тохиолдол ч гарлаа. Мөн явган хүн хальтирч унан бэртэж гэмтэх нь нэмэгдсэн. Үүнд анхаарч нийслэлээс авч хэрэгжүүлсэн ажил нь Хотын дарга аж ахуй нэгжтэйгээ хамтарч хүрз барин гулгаатайгаа тэмцсэн. Тус тэмцэл нь ганц өдрийн л настай байлаа. Төд удалгүй цэвэрлэсэн газар нь цас орж, дахин дагтаршсан. Тэгээд л гулгаа үүсч иргэд хальтирч, осол аваар ч улам нэмэгдсэн байна. Энэ байдал нь ч гэмтлийн эмнэлгийн ачааллыг хэд дахин нэмэгдүүлж, өвчтөнүүд багтаж шингэхээ байсан. Бодит байдалтай танилцахаар гэмтлийн эмнэлгийг зорилоо. Гэмтлийн эмнэлэг үүднээсээ эхлээд л дараалалд дарагдсан байдалтай угтав. Эмч ажилтнуудын хувьд таван үг солих завгүй байсан юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик тандалт судалгааны албаны статистикч бага эмч Х.Лусаамаа: 341 хүн цас мөсөн дээр хальтирч унасан

-           Эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүст ямар бэртэл зонхилж байна вэ?

-            Нийт яаралтай тусламж авч байгаа хүмүүсийн нэгдүгээрт бүх төрлийн уналт, хоёрдугаарт нь хүчирхийлэл, гуравдугаарт зам тээврийн осол ордог. Уналт нь дотроо цас мөсөн дээр хальтирч унах, гэрийн тавилга, барилга байгууламжаас унах гэх мэт. Цас ороод эхлэхээр цас мөсөн дээр хальтирч унах байдал харьцангуй ихэсдэг. Тиймээс одоогийн байдлаар хальтиргаа гулгааны улмаас бэртэж гэмтэх байдал зонхилж байна.

-           Энэ сарын байдлаар хэчнээн хүн хальтиргаа гулгаанаас болоод хүргэгдэж ирсэн бэ? Өнгөрсөн онтой харьцуулбал?

-           Одоогийн байдлаар энэ оны 11-р сарын 1-20-ны байдлаар 341 хүн цас мөсөн дээр хальтирч унасны улмаас яаралтай тусламж авсан байна. Энэ нь нийт тусламж авсан хүмүүсийн 8.8 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 хувиар илүү байна. Өнгөрсөн онд 7.2 хувьтай байсан. Энэ жилийн хувьд их байгаа нь цас орсонтой холбоотой байх. Ямар ч байсан эмнэлэг их хэмжээний ачаалалтай ажиллаж байна.

Яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч: 2-3 насны хүүхдүүд гар хөлөө хөлдөөсөн байдалтай орж ирж байна

-           Хэр зэрэг ачаалалтай байна вэ?

-           Хальтиргаа гулгаа их байгаагийн улмаас маш их хүндрэл үүсч байна. Машинууд гулгаж явсаар бие биенийхээ араас орчих жишээтэй. Явган хүний гарцан дээр л гэхэд хүмүүс хальтирч унах тохиолдол элбэг. Ачааллын хувьд маш их байна. Өмнө нь өдрийн цагаар ачаалал бага байж, шөнийн цагаар баар, караокений дуудлага их ирдэг байсан. Учир нь орой болохоор архидаж шоудах нь их байсан юм. Гэтэл одоо эсрэгээрээ өдрийн цагаар ачаалал их байна. 

 

-           Өдөрт хэдэн хүнд үйлчилж байна? 

-           Өдөрт 250-350 хүнд үйлчилж байна. Гэхдээ бидэнд их байна гэж хэлэх эрх байхгүй.

-           Эмч нарын хүрэлцээ хэр байна. Цагаа сунгаж ажиллах тохиолдол гарч байна уу?

-           Эмч нарын хүрэлцээ муу байна. Олноор аваарт орсон тохиолдол ороод ирвэл ачаалал маш их болдог. Эмч нар ээлж ээлжээрээ ажиллаад явж байгаа боловч ээлжийн ачаалал их байна. Нэг хүнд хүрэх эмч сувилагчийн тоо хаанаа ч хүрэхгүй байгаа.

-           Хальтиргаа гулгаанаас гадна хөлдөлт их байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ тухайд?

-           Цочир хүйтрэлттэй холбоотой хөлдөлт ихэссэн. Бага насны хүүхдүүд гэрээсээ хараа хяналтгүйгээр гараад хэдэн минут болоход л гар хөл нь хөлдчихөж байна. Тухайлбал, аав, ээж нь дэлгүүр ороод, усанд яваад ирэх хойгуур нь бага насны хүүхдүүд араас нь гараад гар, хөлөө хөлдөөчихсөн байх жишээтэй. Өнөөдрийн байдлаар л гэхэд 2-3 насны дөрвөн хүүхэд тийм байдалтай орж ирлээ. Эцэг, эхийн хараа хяналт сул байгаагаас иймэрхүү тохиолдол их байна. Мөн өсвөр насны хүүхдүүд чих гараа их хөлдөөж байна. Хүүхдүүд дандаа малгай, бээлийгүй яваад сурчихсан учраас.

Энэ мэтчилэн эмч, эмнэлгийн ажилтантай ярьж байхад хүндрэлтэй байдал их байгаа нь харагдаж байсан юм. Хэдийгээр эмнэлгийн ажилтнууд аль болох хурдан шуурхай ажиллаж байгаа боловч ачаалал их байгаагийн улмаас хүлээлт үүсч байлаа. Өвчиндөө шаналж байгаа зарим өвчтөнд хүлээх нь маш хүнд байгаа нь харагдаж байсан юм.

Өвчтөн Э: Таван цаг гаруй дугаарлаж байна

-           Та яаж байгаад бэртсэн бэ?

-           Хүүхдээ сургуулиас нь авах гэж явж байгаад өрхийн эмнэлгийнхээ хажууд хальтирч унаад, гараа гэмтээсэн. Өрхийн эмнэлэг рүү орсон чинь та төв эмнэлэг рүү яв гэсэн. Одоо тэгээд дугаарлаад  байж байна.

-           Их ачаалалтай байна. Та хэр удаан хүлээж байна вэ?

-           Эхлээд эмчид үзүүлээд бичиг аваад дараа нь зураг авахуулна гэсэн. Эмчид үзүүлэхэд оочер бага байсан. Харин зураг авахуулахад маш удаан хүлээж байна. Уг нь хоёр зураг авдаг төхөөрөмж байсан гэнэ. Тэгсэн яг ид ачаалалтай үед нэг нь эвдэрчихлээ. Би энд өглөөний 11:00 гэж ирсэн. Гэтэл одоо гурав өнгөрч байна. Өчнөөн цаг дугаарлаж байна. Энд харж байгаачлан битүү оочертой, багтаж шингэх зай алга. Үүнийг багасгах арга хэмжээг авмаар юм. Дээд эрх барьж байгаа хүмүүст ард түмнээ харж хандаачээ гэж хэлмээр байна. 

Өвчтөн Б: Яах гэж хальтирч унасан юм гээд загнах байх

-           Дараалалд хэр удаан зогсож байна вэ?

-           Оочер аймаар байна. Намайг өмнө нь ирэхэд гайгүй л байсан. Лав гурван цаг дугаарлалаа.

-           Та яаж байгаад гэмтсэн бэ?

-           Анх аравдугаар сард анхны цас ороход хальтирч унаад хөлөө хугалчихсан. Үйлчилгээний байгууллагын үүдэнд.

-           Албан байгууллагаас 50 метрийн дотор хальтирч унавал тухайн байгууллага хариуцдаг журамтай. Та тухайн албан байгууллагадаа хандаж үзсэн үү? 

-           Хандаж үзээгүй. Энэ талаар сайн мэдээлэл байхгүй. Бараг хандаж үзвэл болгоомжтой явах чинь яасын гээд загнана байх. Мөн нэг сонирхолтой асуудал байна. Цас орсноос хойш Улаанбаатар эзэнгүй боллоо. Цасыг цэвэрлэж байгаа байдал ажиглагдсангүй. Давс цацаж цас арилгадаг машин үзэгдэхээ байлаа. Өмнө нь жил цас ордог л байсан. Гэхдээ дор дор нь янзлаад явдаг байсан. Цас их орох тусам илүү ажиллах ёстой байтал ажил хийж байгаа байдал ор мөргүй алга болсон.

Өвчтөн СХальтиргаа гулгаа бол СӨХ, аж ахуйн нэгж цасаа цэвэрлээгүйгээс үүдэлтэй

-           Эмнэлэгт ирсэн өвчтөнүүдийг харахад ихэнх нь хальтирч унасан байна. Та яаж байгаа бэртэв?

-           Би ч гэсэн мөн л хальтирч унасан. Хальтирч унаж байгаа гол шалтгаан нь хороо, СӨХ, аж ахуй нэгжүүд гадна талбайгаа цэвэрлэхгүй байгаагийн улмаас болж байна. СӨХ олон цэвэрлэгч авсан хэрнээ огт цэвэрлэгээ хийхгүй байна. Тухайлбал, манайх Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо. Битүү цастай гэрээсээ гараад л хальтирч унах тохиолдол их байна. Хороо, СӨХ-ыг л ажилтай болгох хэрэгтэй. 

-           Саяхан л хотын дарга бүх аж ахуйн нэгжийг цасаа цэвэрлэе гэсэн уриалга гарган цэвэрлэгээ хийсэн. Үүний үр дүн танд харагдсангүй юу?

-           Огт мэдэгдсэнгүй. Тэр бол ганц хоногийн л ажил байсан байх. Одоо цас нь ахиж ороод л гулгаа үүссэн. Тэгээд дагтаршсан. Үүнийгээ аж ахуйн нэгж, СӨХ анхаараад аятайхан шүүрдээд авчихгүй л байна даа. Дулаан болохоор хайлж л алга болно байх. Би л гэхэд өчигдөр гэрээсээ гараад булан тойроод л хальтирч унаад гараа гэмтээсэн. СӨХ-ын дарга нар ямар ч ажил хийдэггүй. 

-            Танаас өөр байрныхаа ойр орчимд хальтирч унасан хүн байна уу?

-           Манай ойр орчмын байрууд тэр чигээрээ хальтиргаатай байна. Миний мэдэхийн таван хүн хальтирч унаад бэртсэн гэсэн. Зарим нь хүнд гэмтсэн тохиолдол ч бий. 

-           Гэмтэж, бэртсэн хүмүүс нийлээд СӨХ-ндоо гомдол гаргаж, хандаж үзсэн үү?

-           Очиж болох л юм. Гэхдээ энэ ажлын тал дээр бол хороон дарга таг л байна. Ямар нэгэн авч хэрэгжүүлж байгаа ажил үнэндээ алга. Дээгүүрээ нүдэн балай чихэн дүлий байхаар доод албан тушаалтнууд ойлгомжтой. Байдал хүнд л байна. Үүнээс ард иргэд л их хохирч байна.



Б.Янжиндулам

Гэрэл зураг: Ц.Баярбаатар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОЛОР(110.70.57.187) 2016 оны 11 сарын 22

ЭРГҮҮ БАТБОЛДООР ТӨЛҮҮЛ

0  |  0
Top