“Цасны роман” доорх “Луу жилийн үгийн шарх”

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 23

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Цасны роман” бичил туужийг утга зохиолч судлаач, шүүмжлэгч Ч.Билигсайхан агсан “Социализм хэмээх нийгмийг аймшигт цасан дор монголчууд яаж, юу хийж байсныг уран сайхны болзолт дүрслэл хэмээх модерн сэтгэлгээний аргаар Г.Аюурзана ийнхүү гайхалтай үзүүллээ” гэж онцлон “Цасны роман” нь ердөө хорин хоёрхон тал хуудас. Тэгсэн мөртөө социализмын эмгэнэлт амьдрал нэн тодорхой, бүрэн бүтэн багтжээ. Энэ зохиолын үг өгүүлбэр бүр нь тодорхой утгатай. “Цасан дор өвөлжих хаа очиж дулаахан гэдэг” гэсэн ганц өгүүлбэрт ил байгаа утга нь ерөөсөө үнэнээс гадна социализмын үед бүх юмыг зээл тусламж, гуйлгаар болгодог байснаас нээрэн л амьдрал хангалуун халуун дулаан мэт байжээ. Тийм ч учраас өнөөдөр хүмүүс социализмын үеэ санагалзсаар байна” гэсэн гайхалтай херменевтик хийсэн байдгийг би “ЦАСАН ТЭНГЭР” дороос “ЖИНХЭНЭ ТЭНГЭР”-ийг харахаар дээш малтаж буй өрх, түүнд хүрэх 270 шатны тоо монголчуудын үндэсний ухамсар бүрэн сэргээгүй колончилогдож явсан он жилүүдийн тойм (200+70) мэт санагджихуй гэж яльгүй ахиулан саяхан бичсэн сэн. Гэтэл эрхэм зохиолчийнхоо орчуулсан "Хүннү уулын нойрсогч өвс" түүврийг уншихад дээрх санаа ч элэг нэгт найрагчийн маань "Саравасти Янжмаагийн "Цасны роман", "Данзанравжаа(1803-1856)-д бараалхахуй", "Хүннү уулын нойрсогч өвс" шүлгүүдэд биеллээ олохоор барахгүй улам дэлгэрснийг үзэхэд бахдууштай.

 

"Саравасти Янжмаагийн "Цасны роман"

 

I

Орос хэлт Буриад найрагч

Могойн оюунаар сэтгэл минь дүүрэн-

 

Сэтгэл минь өвдөж 

Хэл минь салаална

Могой мэт салаа хэлтэн үү, би?

Бамбайн дээр минь

 

Бүргэд халих тэнгэр гэрэлтэж

Барьсан жад минь

Бүрхэг лууны толгойг сүлбэнэ.

Могойн оюунаар сэтгэл минь дүүрэн-

 

Сэтгэл минь өвдөж 

Хэл минь салаална...

II

 

Луу жилийн цагаан сарын хуучдаар ирланд Жэймс Жойсыг уншингаа монгол яруу найрагч, зохиолч Г.Аюурзанад зориулан элгэмсүү сэтгэлийн хэдэн бадаг тэрлэв

...Ирланд бол

 

(өөрийн хөргөөс сэдэл авч хэлэхэд)

"хөх монголчуудын"

цасан шамарганд төөрсөн

хөрст дэлхийн сэтэрхий сормуус юм...

БУДРАХ ЦАСАН ДОР МЭДРЭГДЭХ

ЛУУ ЖИЛИЙН ҮГИЙН ШАРХ БОЛ

буриад хэлний таван аялга,

бухимдсандаа хөндүүр ортол нь атгасан

ирланд нударга юм.

Шүлэг зохиолуудаас чинь би

энэ гарагийн,

таван тивийн,

монгол хэлт найрагчдын

тэнгэрийг олж үзнэм...

Шүд зуусан

"ирланд" эрийн хуруунууд

тэсэшгүй их өвдсөндөө

тэнийж сарвайхыг харнам.

"Цасны роман"-аас

буриадын таван аялга дуулдахад,

цаана нь амилах луугийн үг

зүрхний минь шархнаас ч илүү...

Чилгэр саруул тэнгэртэй

монголчуудын ертөнцөд

тэр луугийн үгс

чиний тэгтлээ сайн мэдэх

буриадуудын таван аялгаар түгэхүйд,

нисэлдэх далавчнаас нь

нимгэхэн цагаан хяруу цацарнам..." /82-83 т.х/

Энд л лав даг луу гэсэн тэмдэгт(код)үгээс үүдсэн лууны толгой, луу жилийн үг, лууны толгойг сүлбэх, луу жилийн үгийн шарх зэрэг бэлгэдэлт адилшаалууд (метафорууд) надад "үндэстний шарх" гэсэн харсууслыг мэдээлж байна. Шүлгүүдэд нь ер домгийн антоми, иргэншлийн антоми нэгдсэнээрээ бахдал, бачимдлыг зэрэг оргиох юм.

"Данзанравжаа(1803-1856)-д бараалхахуй"

"...БҮРЭНХИЙ ДУНД ТУУЛСАН ОН ЖИЛҮҮДИЙН

 

ХҮНД, НАМХАН ТЭНГЭР

Бүүдийн бороошоод энэ намрын зүг

эрин зууныг нэвтлэн,

Зүрхэнд минь ирж эхэр татаад

Зуны гүнд живлээ..." /49/

ХҮННҮ УУЛЫН НОЙРСОГЧ ӨВС

 

Уудам тэнгэрийг чимээгүй бясалган

Уулс дээрээс минь өнгийнө.

Униарт хөтлөөр нь хүннүчүүд довтолгон гарч,

өнгөрсөн үеийн нам дороос биднийг нэвт

өртөөлөн гараад,

цаг хугацааны оргил тийш

давхилдсаар одно...

Эртний бурхадын хамтаар

Ийн чимээгүй замхран буцахад нь

ЭРИН ЗУУНУУДЫН ГҮН РҮҮ ШИДЭГДСЭН ЧУЛУУД

БИДНИЙ ГҮНД БУЙ ТЭНГЭРИЙГ ХАГАЧИНА.

Хэлтэрхий нь хөлийн маань доор

Хэлгий цайвар нойрмог өвсний

цэцэгс болж ургана.

Өмнөх амьдралаас авч гарсан

түр зуурын бүлээн илчээ

Өнөө ч бид цааш зөөсөөр явна.

Өлийн салхитай хүйтэн оргил дээр

ХУУЧ ДОМГИЙН СЭРЖИМ ӨРГӨХДӨӨ

ӨӨРСДӨӨ БИД АХИАД Л ТЭНГЭРТЭЙГЭЭ ЧАЦУУРНА /30/ Оюун санааны минь ойд өндөр хөх тэнгэр,  өвөг дээдсийн түүх сүнслэн орчсоор байнаа...Яагаад, яагаад, яагаад тэр вэ? гэдгийг доорх шүлгээс сэрнэ үү!

“...Эвий гуниг минь,

Ширгэсэн горхины дээгүүр

Шөнийн дөл мэт асч яваа шувуухай.

Энэ л шувууны өд

Исгэрэн дүүлээд өнгөрөхдөө

Эртний Тахтай бөөгийн удмын

Эрлэгтэй ч тулах хаттай сэтгэлийг

Элэг зүрхэнд минь ноцоон сэрээчихлээ”/“Удам”/


[1] К.Л.Строс “Бүцийн антропологи”, УБ., 2011, 193 т.х

[2] Сергей Тумуров “Хүннү уулын нойрсогч өвс”, УБ., 2015, 45 т.х

[3] Д.Нямдорж “Хараацай”, УБ., 2015, 116 т.х

[4] Л.Дамбийням “Гүн ухаан”, УБ., 2000, 349 т.х

[5] Р.Уэллек, О.Уоррен “Уран зохиолын онол”, УБ., 1996, 258 т.х

[6] К.Л.Строс “Бүцийн антропологи”, УБ., 2011, 192 т.х

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Angu(176.137.62.46) 2022 оны 04 сарын 25

mundag zaluu shuu amjilt husey

1  |  0
Top