BBC-гээс жил бүр оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг шалгаруулдаг уламжлалтай. Ингээд энэ шалгаруулалтанд санал болгож буй Энэтхэг охиныг танилцуулж байна.
Гүри Чиндаркер Энэтхэгийн анхны өвөрмөц сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн нэг юм. Тэр үүр хаяармагц дэлхийн өнцөг булан бүрт байгаа багш нартайгаа холбогдохын тулд тосгоныхоо сургуульд ирдэг.
Энд боловсрол эзэмшиж, одоо их сургуулийн оюутан болсон бүсгүй тэр өдрүүдийг хамгийн сайхан аялал хэмээн тодорхойлжээ.
Би 2009 оны 5-р сард байгаль орчны бие даасан сургалттай, одоо “Үүлэн дэх сургууль” нэрээрээ танигдсан Соүл сургуульд 13 настай 7-р ангид байхаасаа суралцаж эхэлсэн юм.
Зургаан настайдаа “ангид заах” хуучин арга барилтай сургуулийн хүүхдийн түвшний л мэдлэгтэй байв. Тэгтэл Соүл хэмээх нэршилтэй сургалт энэ уламжлалт арга барилыг эвдсэн бөгөөд харилцан заах аргыг гол зорилгоо болгожээ.
Суралцагчид багш нарт орчны бүх зүйлийг харагдуулахын тулд эргэн тойрон шилэн ханатай тусгай лаборатори ангид суудаг. Хамгийн гол нь интернэтэд холбогдсон компьютер биднийг татсан юм.
Би Махарастрагийн цөөхөн барилгатай жижигхэн тосгонд амьдардаг бөгөөд компьютер, интернэтийн тухай сонсч байснаас хэрэглэж ч үзээгүй байв.
Бүхий л зүйлсийн талаар харилцан ярилцдаг болохоор багш нартайгаа найзаасаа ч илүү дотно болсон юм. Бас санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон.
Хичээлийн хувьд багшаар заалгахдаа гол нь биш, бидний сонирхлыг өдөөх зүйлсийг биднээр бодуулж, хариултыг нь олуулж, эцэст нь олсон хариултаа хуваалцдаг.
Гүригийн хүүхэд насаа өнгөрөөсөн гэр
Бид хичээл эхлэхэд нутгийнхаа Марати хэлээр ярьдаг байсан учир англи хэлний цагаан толгой, хэдэн өгүүлбэр, энгийн хэдхэн хэллэгнээс хэтэрдэггүй байв. Өмнө нь уламжлалт сургуулийн сурагч байсан бид ярианы англи хэлийг сонсч ч байгаагүй. Харин хэлийг практик дээр сураад ирэхээр анхлан сурч байгаа бидний айдас аажмаар буурсан юм.
Би бодож бясалгаж, санал бодлоо илэрхийлж, мөн өөрийн харах өнцгийг илэрхийлэх ба бусад хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэж сурсан. Хүүхдүүд бид юуны тухай ярихаа үргэлж өөрсдөө шийдвэрлэдэг.
Харин би Энн Томас багштай холбогдохоор цагийн зөрүүнээс шалтгаалаад өглөөний 06:30-д сургуульдаа ирдэг.
Энн багш хичээлийн үеэр далайн эрэг дээр гэрийнхэнтэйгээ амарч байсан ч хичээлээ заадаг.
Бүр энэ насан дээрээ юу хүсч байгаагаа шийдвэрлэх чадвартай болсон гээд бод доо. Хэрвээ энэ сургалтанд хамрагдаагүй бол би бусад хүүхдийн адил сургуулийн дүнд ач холбогдол өгөх байсан байх.
Боловсрол, мэдлэг хоёр бол ялгаатай зүйлс юм. Харин бие даасан судалгааны дүнд асуулт урган гарч ирдэг бөгөөд энэ сургалтын гол зорилго нь практик мэдлэг олгоход оршино.
Дүн бол тодорхой шалгуурыг давсныг илтгэдэг, харин мэдлэг бол хүнийг өөртөө улам итгэлтэй болгодог.
Уламжлалт сургалтын орчинд сураад л байдаг хэрнээ дүн авах шалгалтанд унаж болно. Мөн тухайн багшийн ч юм уу хэн нэгний зан байдал, бодол сэтгэхүй хүрээлэн байгаа орчинд аяндаа нөлөөлж эхэлдэг.
Соүл сургалт бидэнд үнэхээр чухал зүйлийг өгсөн нь эрх чөлөө юм.
Соүл сургалт математикийн хичээл зөвхөн тэр цагтаа л багтдаг заншлыг эвдсэн. Асуултын хариултыг бэлтгэхээр цээжлэхийн оронд бид төсөөлж байснаас олон зүйлсийг судалж эрэл хайгуул хийж хариултыг олохын онцгой баяр хөөрийг мэдэрдэг.
Бид шинийг эрэлхийлэхийг зуршил болгосон. Хичээл хэзээ ч нэг арга барилаар явагддаггүй харилцан ярианы хэлбэрээр явагддаг нь хөгжилтэй. Багш нар биднээс Энэтхэгийн уламжлал, соёл эсвэл шүлэг яруу найргийн хэсэг зэрэг жижиг зүйлсийг ч сонирхож магадгүй.
Өнөөдөр хүртэл би Соүл сургалтын нэлээд хэдэн багш нартайгаа холбоо барьсан. Рожер бол багш нарын маань нэг бөгөөд Австрали хүн. Бид фэйсбүүкээр болон утасны вайбераар холбогдсоор байгаа. Би түүнээс эргэлзсэн зүйлээ асуудаг. Өнөөдөр ч гэсэн янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн хариу олох аргыг зөвлөсөн.
Одоо би Мумбайн их сургуулийн Канкавалигийн коллежид компьютерийн инженерийн бакалаврын ангид суралцаж байна. Вэб мастерын ажил олно гэдэгтээ итгэлтэй байгаа.
Соүл бол сайхан аялал бөгөөд өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Энэ аялал намайг суралцах, алдаа гаргавал түүнийг засч залруулан, дахин шинээр эхлэхэд сургасан.
У.Маргад
Сэтгэгдэл ( 0 )