Д.Энхзул: Монголын нөхцөлд линз зүүх тийм ч зөв сонголт биш

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 08

Манай улсад зонхилон тохиолдож байгаа хараа муудалтын 80 хувь нь урьдчилан сэргийлэх, эмчлэгдэх боломжтой байдаг бөгөөд сүүлийн үед чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй нүдний торлогийн эмгэг болон эвэрлэгийн өвчнүүд ихсэж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын тасгийн ахлах зэргийн эмч Д.Энхзулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед Ази-Номхон далай бүсийн орнуудын хүн амын дунд чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй нүдний өвчлөл нэмэгдэж байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Энэ өвчлөл манай улсын хувьд ямар хэмжээнд байна вэ?
-Чихрийн шижин өвчний үед хүний цусан дахь сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ их болоод биеийн бүхий л хэсэгт тарж, нүдний болоод биеийн бичил судсуудыг гэмтээдэг. Нүдний эмчийн хувьд нүдний угийг дурандаад бичил судсууд гэмтсэн эсэхийг хараад чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх боломж байдаг. Чихрийн шижинтэй хүн бүрт энэ шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ зөвхөн нүд гэлтгүйгээр бүх эрхтэнд өөрчлөлт гардаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд чихрийн шижин өвчнөөр 10-аас дээш жил өвдсөн бол нүдний угийг зайлшгүй дурандуулах шаардлагатай гэж дурдсан байдаг.

-Чихрийн шижин өвчин 35-аас дээш насныханд зонхилон тохиолддог гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ наснаас дээш үеийнхэн нүдний торлогийн эмгэгтэй болох эрсдэлтэй гэсэн үг үү? 
-Энэ өвчин дотроо хоёр үе шаттай байдаг. Хоёр дахь нь хижээл насныхан байдаг бол нэг дэх нь харьцангуй залуу үеийнхэн байна. Сүүлийн үед хүмүүсийн амьдралын буруу хэв маягаас болж чихрийн шижиний өвчлөл залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс тухайн хүн залуу ч бай хөгшин ч бай “сахартай” гэх оноштой л болсон бол нүдний мэргэжлийн эмчид хандаж, нарийн оношилгоо хийлгэх ёстой. Гэхдээ өвчнийхөө үе шатаас шалтгаалаад нүдэнд нөлөөлөх явц нь бас өөр өөр.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд чихрийн шижин өвчнөөр 10-аас дээш жил өвдсөн бол нүдний угийг зайлшгүй дурандуулах шаардлагатай гэж дурдсан байдаг. Гэхдээ Монгол хүмүүсийн хувьд бас жаахан ялгаа харагддаг. Чихрийн шижингээр 5-6 жил өвдсөн гэж байгаа ч нүднийх нь угт өөрчлөлт орчихсон өвчтөн их ирдэг.

-Тэгвэл Чихрийн шижин нь хүнд шатандаа орчихсон бол нүдэнд яаж нөлөөлөх вэ?
-Дан ганц нүдний эмч үзээд нүдэнд тийм ийм нөлөө үзүүлнэ гэж хэлэхэд хэцүү л дээ. Нүдний угийг дурандаад илрэхгүй байх тохиолдол бас бий. Тиймээс түүнд тусгай багаж ашиглаж нарийвчлан тогтоох ёстой. Хамгийн чухал нь эрт оношилсноор нүдний угт цус харвахаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.

-НҮДИЙГ 1-25 НАС ХҮРТЭЛ ЭМЧИД ЗААВАЛ ҮЗҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Манайхны хувьд харааны шил зүүгээд л нүдээ хамгаалчихдаг гэх түгээмэл ойлголттой байх шиг санагддаг?
-Нүдний өвчлөл маш олон төрөл байдаг. Зөвхөн өнөөдрийн хувьд бол чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй нүдний торлогийн эмгэг болон эвэрлэгийн өвчнүүдийг ярьж байна. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд үзлэг оношилгоонд тэр бүр хамрагдаж чаддаггүй учраас энэ төрлийн өвчлөл их тохиолдож байна л даа.

Мөн зөвхөн нүдний шил зүүгээд хараагаа хамгаална гэдэг өрөөсгөл ойлголт. Сүүлийн үед компьютерийн хэрэглээ, хотжилтоос шалтгаалсан хараа муудалт маш их болсон. Тиймээс иргэд 1-25 нас хүртэл нь  6 сар, эсвэл жилд нэг удаа заавал мэргэжлийн нүдний эмчид үзүүлж, харааг нь шалгуулах ёстой.

Харин нүдний шилтэй мөртлөө хараа нь улам муудаад байгаа хүүхдүүдээ хугацаа алдалгүй үзүүлж байх шаардлагатай. Түүнчлэн эрүүл ахуйн орчин нүдний хараанд маш их нөлөөлдөг. Жишээлбэл, харанхуй, гэрэл муутай орчинд хичээл хийгээд удаан суувал хараа мууддаг.

-Нүдний даралт өвчний талаар яривал? 
-Энэ өвчин 40-өөс дээш насныханд зонхилон тохиолддог. Хүндэрсэн тохиолдолд сохролд хүргэдэг аюултай. Тиймээс дээрх насны хүмүүс харааны өөрчлөлт байхгүй ч нүдний даралттай байна уу гэдгээ жилд нэг удаа заавал үзүүлэх ёстой. Нүдний даралтаас болж хараа алдагдвал дахин хэзээ ч сэргэдэггүй аюултай.

Нүдний даралтаас болж хараа алдагдвал дахин хэзээ ч сэргэдэггүй аюултай.

-Сүүлийн үед нүдний хорт хавдар аюулын харанга дэлдэх боллоо гэж ярьж байна. Энэ яг ямар өвчлөл байдаг талаар тодруулбал?
-Нүдний хорт хавдрыг үүсгэж байгаа шалтгаануудад удамшлын шинж тэмдэг зонхилдог. Энэ өвчнийг илрүүлэх хамгийн зөв арга бол эрт үзлэг оношилгоо хийлгэх байдаг. Ихэвчлэн бага насанд тохиолдож, хараагүй болгодог. Бидний хувьд насанд хүрэгчдийн нүдний өвчлөл дээр голчлон ажилладаг бол ЭХЭМҮТ-д хүүхдийн нүдний хорт хавдрын талаарх судалгаа шинжилгээний ажил, мэдээллүүд төвлөрч байдаг учраас яг хэдэн хүүхэд энэ өвчнөөр өвдөөд байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Гэхдээ бүх сохролын 80 гаруй хувийг эрт оношилсноор урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой. Сүүлийн үед манай улсын нүдний оношилгоо эмчилгээ дэлхийн түвшинд хүртлээ сайжирч, хөгжсөн.

-Ухаалаг төхөөрөмжүүд сүүлийн үед хараанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж ярьж байна? 
-Ухаалаг утас, компьютер зэрэг нь харааны дэглэмд нөлөөлж байгаа. Нэг юмыг удаан хугацаанд харах, ширтэх зэрэг нь нүдний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хараа сулардаг. Тиймээс эцэг, эхчүүдийн хувьд хүүхэддээ ухаалаг төхөөрөмж хэрэглүүлдэг бол маш сайн хяналт тавьж, тодорхой хугацаанд нүдийг нь амрааж хэвшүүлэх ёстой. Түүнээс гадна хэт ойроос ширтэх нь хараанд маш муу. Тиймээс тодорхой заасан эрүүл мэндийн горимуудыг хэвшүүлэх хэрэгтэй юм. Тухайлбал, компьютер дээр ажиллахдаа биеийн байрлалаа зөв  авч суух хэрэгтэй гэх мэтээр...

Мөн ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ тэр дундаа хүүхдүүдэд донтолт үүсгэж байна. Донтолт их байх тусам нүдэнд үзүүлэх хор хөнөөл нэмэгдэнэ. Нүд ачаалал авах тусмаа булчин суларч  хараа муудаж, сул хараа, хуурамч хараа үүсдэг.

-Компьютерийн хамгаалалттай шил харааг хамгаалж чаддаг болов уу?
-Хэдийгээр манай улсад энэ шилийг үйлдвэрлэхгүй байгаа ч гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн худалдаалагчид чанартай шил оруулж ирж чадвал 100 хувь биш ч тодорхой хэмжээгээр хорыг саармагжуулж, хамгаалах боломжтой гэж үздэг.

-НҮДНИЙ ӨВЧЛӨЛ УДАМШДАГ-

-Нүдний өвчлөл удамшдаг уу?
-Ер нь тодорхой хэмжээнд удамшдаг.

-Сүүлийн үед харааны болоод гоёлын линзийг их зүүдэг болсон. Энэ нь хүний хараанд нөлөөлөх үү?
-Линзийг анх харааны гажигтай тамирчдад зориулж гаргаж байсан бол өдгөө маш өргөн хэрэглэдэг болсон байна. Бидний практикаас харахад манай Улаанбаатарын нөхцөлд линз зүүх тийм ч тохиромжтой биш. Учир нь манай уур амьгал шороо тоос ихтэй, хуурайшилт ихтэй. Гэтэл линзинд зүүх ёстой хугацаа, арчлах тодорхой заавар гэж бий. Харин манайд энэ дэглэмийг баримталдаг хүмүүс маш цөөн. Зарим нь бүр линзтэйгээ унтчихдаг, нэг линзийг маш удаан ашигладаг. Гэтэл линз нүдний бөөрөнхий хар буюу эвэрлэг бүрхүүл дээр байрладаг учраас линзийг удаан зүүх, хэрэглэх тохиолдолд нүдэнд гэмтэл учруулдаг. Линзнээс болоод эвэрлэг бүрхүүлээ гэмтээгээд ирж байгаа өвчнүүд нэмэгдэж байна.

Бидний практикаас харахад манай Улаанбаатарын нөхцөлд линз зүүх тийм ч тохиромжтой биш.

-Нүдний өөх, мах ургалаа гээд хүмүүс яриад байдаг. Энэ ямар учиртай юм бэ? 
-Нүдэнд өөх, мах гэж бий. Нүдний өөх ургаад хараанд нөлөөлдөггүй. Харин нүдний мах ургавал хараанд нөлөөлдөг.  Тиймээс нүдний хар руу давж ургасан махыг авах мэс засал хийдэг. Энэ нь ч сүүлийн үед маш үр дүнтэй, мэргэжлийн түвшинд хийгддэг болсон. Дээхэн үед бол дахин ургах гэх мэт асуудал гардаг байсан нь 100 хувь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Ер нь өөх, мах ургах шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хийж буй ажил мэргэжилтэй  холбоотой.  Бүр тодруулбал, ээлжийн ажил хийдэг, тоосжилттой орчинд ажилладаг хүмүүст зонхилон тохиолддог. Мэдээж эмчид хандаж, урьдчилан сэргийлэх боломжтой.

-Маш олон төрлийн нүдний дусаалга байдаг. Үүнийг байнга хэрэглэх нь зөв үү?
-Нүдэнд аливаа зүйлийг харахад анивчих хэм хэмжээ гэж бий. Тэгвэл ялангуяа компьютер дээр суудаг хүмүүс нэг зүйлийг удаан ширтэхээр тэрхүү анивчих хэмжээ хэвийн байдлаасаа багасдаг. Үүнээс шалтгаалаад нүд хуурайшдаг. Гэтэл нүд маань тодорхой хэмжээнд нулимсаар хучигдаж, чийгшиж байх ёстой шүү дээ. Үүнтэй холбогдуулаад хиймэл нулимс буюу дусаалга гарч ирсэн. Эмч нарын хувьд  ажил мэргэжлийнхээ онцлогоос болж, нүд нь хуурайшдаг хүмүүст бол дусаалга ашиглахыг зөвлөдөг.

-ХАРАЛГАН ГЭДГИЙГ ЭНГИЙНЭЭР ТАЙЛБАРЛАВАЛ ХӨГЖӨӨГҮЙ НҮД ГЭСЭН ҮГ-

-Манай улсын арван хүүхдийн нэг нь харалган байдаг гэх судалгаа байдаг юм билээ. Харалган гэж яг юуг хэлж байна вэ? 
-Нүдний хос хараа гэж зүйл бий. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хараанд тэр бүр анхаарал тавихгүйгээс болоод энэхүү гажиг үүсдэг. Томчуудын хувьд нүдэнд үзэгдэх эмгэг буюу хялар гэх мэт байвал эмчид ханддаг болохоос хос харааны гажгийг тэр бүр мэддэггүй. Гэтэл огт мэдэгдэхгүй байж байгаад мохос хараа, харалган байдал үүсдэг байх юм. Ер нь хос эрхтэн учраас хоёулаа ижил хэмжээнд харах ёстой. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ нүдийг нэг нэгээр нь таглаж бичиг, үсэг зэргийг харуулж байх хэрэгтэй.  Гэрийн нөхцөлд үүнийг хийж болно шүү дээ. Хэрэв таны хүүхэд нэг нүдээрээ сайн хараад нөгөө нүдээрээ сайн харахгүй бол аль болох бага насанд нь эмчид үзүүлж, оношлуулах ёстой. Үүнийг шил зүүж тогтворжуулснаар янзлах боломж уг нь байдаг. Гэтэл эцэг, эхчүүд оройтож оношлуулдаг. Мохос харааг нэг үгээр илэрхийлбэл хөгжөөгүй нүд гэж ойлгож болно.

-Нүдний шил тааруулах гээд очихоор хоёр нүдний харааны төвшинг өөр өөрөөр тодорхойлоод байдаг. Нэг нь 1.75, нөгөөх нь 1.50 байх гэх мэтээр... ?
-0.25-0.5-ын зөрүү байхыг хэвийн гэж үздэг. Харин /-1/ -ээс дээшээ зөрүүтэй болчихвол үүнийг бас өөрөөр авч үзнэ. Тиймээс хос харааны төвшин хэт хол болоод ирвэл зайлшгүй эмчид хандах ёстой.

-Тэгвэл нэг нүд нь маш сайн хардаг, нөгөө нүд нь маш муу хардаг бол хараа сайтай нүднийхээ харааг муутгах уу? 
-Хүмүүсийн дунд маш олон үнэн, худал аман яриа байдаг. Гэтэл эцсийн шийдвэр, оношилгоог мэргэжлийн эмч нарийн шинжилгээний дүнд гаргадаг. Тийм хараатай хүн бол зайлшгүй эмчид хандаж, зөвлөгөө авах ёстой. Нүдний өвчлөл маш олон шалтгаантай шүү дээ. Таны хэлсэн шиг эмгэг маш ховор байдаг. Тиймээс эмчид үзүүлэх л ёстой.

0.25-0.5-ын зөрүү байхыг хэвийн гэж үздэг. Харин /-1/-ээс дээшээ зөрүүтэй болчихвол үүнийг бас өөрөөр авч үзнэ.

-Нүд хуурайших хам шинж гэж юу юм бэ?
-Энэ өвчлөл Монголд түгээмэл байдаг. Мэдээж уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалсан өвчин. Компьютер, ухаалаг хэрэглээ зэргээс болоод сүүлийн үед маш их болсон. Дээр хэлсэнчлэн нулимс нүдийг бүрэн бүрхэж чадахгүй байгаагаас л үүсдэг. Монголд нүдний хуурайшилтын оношилгоо гэж байдаг. Тиймээс эхний ээлжинд эмчид үзүүлнэ, тэгээд дараа нь дусаалга болоод таарсан эмчилгээнүүдийг хийлгэх ёстой.

-Тэгвэл эсэргээрээ нулимс нь гоожоод байдаг хүмүүс байдаг. Энэ нүдний эмгэг үү? 
-Тийм. Нулимс гоожих шалтгаан бас олон. Хуурайшилтаас болоод нулимс гоожно. Мөн нулимсны замын битүүрэлтэй, нарийсалттай бол нулимс гоожно гэх мэт шалтгаанууд бий. Үүнээс гадна хурц үнэр, утаа зэргийг хэт их мэдэрдэг нүд байна. Тиймээс шалтгааныг нь үзэж байж, эмчилгээг зохицуулж хийдэг.

-Сормуус нь эргэчихсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэдэнд бас мэс засал хийдэг гэсэн?
-Хүний сормуус гадагшаа эргэх ёстой байтал зарим хүнийх дотогшоо эргээд ургачихсан байгааг л хэлж байгаа юм л даа. Үүнийг мэс заслын аргаар янзалдаг. Маш олон мэс заслын арга байна. Зарим хүн мэс засалд орчихоод дахин давтан орох ч тохиолдол байна. Тиймээс өөртэй тохирсон хагалгааг мэргэжлийн эмчийн зөвлөгөөнд тулгуурлан хийлгэх ёстой. Манайхан бас л хэн нэгний аман ярианд хууртаад л давхраа оёулчихвал дээшилчихдэг гэх мэтээр сэтгэдэг. Энэ бол тийм биш. Хамгийн гол нь зөвхөн дээд сормуус эргэчихсэн бус доод талын сормуус ч эргэх тохиолдол бий. Үүнээс шалтгаалаад хийх мэс заслууд өөр өөр.  

-ХАРАА ТЭГЛҮҮЛЭХ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН Ч ТӨРӨЛТИЙГ ХОРИГЛОХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ-

-Агаарын бохирдол, хорт зуршлууд нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Яг бүгдэд нөлөөлнө гэж байхгүй. Жишээлбэл, нүд хуурайших гэм мэтэд бол нөлөөлнө.

-Манай улсад сүүлийн үед болор суулгах, солих мэс заслыг их хийдэг болсон байна. Энэ талаар тодруулбал? 
-Монгол Улсад болрын хагалгаа дэлхийн хэмжээнд хүрэхүйц хэмжээнд дурангийн аргаар хийгдэж байна. Тавигдаж байгаа болор нь ямар байгаа вэ гэх асуудал л байдаг. Монголын эмнэлгүүдэд ихэвчлэн уян болор тавьж байгаа. Энэ нь хол, ойрыг хардаг гэсэн үг л дээ.

-Хүмүүс Монголд төдийгүй гадаадын улс орнууд руу явж хараа тэглүүлэх мэс заслыг их хийлгэдэг болсон. Энэ нь хэр зөв зүйл юм бэ? 
-Энэ мэс засал багаж тоног төхөөрөмжөөсөө шалтгаалаад үр дүн өөр өөр байдаг л даа. Манай улсын хувьд энэ мэс заслыг анх “Болор мэлмий” эмнэлэгт хийж байсан бол одоо хэд хэдэн эмнэлэгт хийж байгаа. Энэ мэс заслыг хийлгэж болох эсэхийг эхлээд мэргэжлийн эмчээр оношлуулдаг. Тэгээд тухайн хүн өөрөө хүсвэл хийлгэх боломжтой. Монголд бол харьцангуй сүүлийн үеийн технологиор хийдэг болсон. Энэ хагалгаанд тодорхой заалт гэж байдаг. Хагалгаа хийлгэснээр хараа улам муудах бол хийлгэж болохгүй. Эмч түүнийг нь зөвлөх ёстой.

-Хараагаа тэглүүлсэн бол тодорхой хугацаанд төрөхийг хориглодог гэж сонссон. Үнэн үү? 
-Тийм зүйл байхгүй. Энэ хагалгаа эвэрлэг бүрхүүл дээр лазерын аргаар хийгддэг учраас төрөхтэй ямар ч холбоогүй. Харин өндөр заалттай шил зүүдэг эмэгтэйн хувьд нүдний уганд өөрчлөлт гарчихсан байдаг учраас тэрхүү өөрчлөлт цааш нь нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс кесеров хагалгаа хийх зэргээр шийдэж болно.

-Ярилцсанд баярлалаа.

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Од(27.123.214.89) 2016 оны 12 сарын 13

1. Компьютерын хамгаалалттай шил гэж байдаггүй, 2. Контакт линзийг зөв , зааврын дагуу нүдний эмчийн хяналтанд хэрэглэх нь зүйтэй,

0  |  0
Ganaa(122.201.21.73) 2016 оны 12 сарын 13

Mundag busgui shuu amjilt husie

0  |  0
Top