Их хотын нэрээр нэрлэгдсэн “Улаанбаатар” арт галерейн дөрөв дэх үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ. Уран зургийн өнгө будгийн гайхамшиг хийгээд өнөө цагийн шилдэг уран бүтээлийг дэлгэсэн тус үзэсгэлэнгийн нэр “Exhibition 2016”. Өмнөх үзэсгэлэнгүүдээс ялгарах нь гэр бүлийн уран бүтээлчид хамтран энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаагаараа онцлогоос гадна үзэсгэлэнгээр зочилбол өвлөөр намрыг, өнгөнөөс дулааныг мэдрэх аж.
Эрс тэрс уур амьсгалтай Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй агаад басхүү уйтгар гунигийг төрүүлдэг намар хэмээх улирлын өвөрмөц содон өнгө төрхөөс гадна үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн зургаас их хайр энэрэлийг мэдрэх шиг...
НАМАР: Хайртай гэж түүнд хэлчихээд хариуг нь авалгүй яваад өгмөөр. Үүднийх нь дэргэдээс чимээгүй буцмаар тийм намар болж байна. Энэ улирал бидний оршин буй хязгаараас орь дуу ч тавилгүй алсардаг. Хаалганы цаана хэлээгүй ирсэн шигээ мөдхөн одно. Мөрөө ч үлдээхгүй ээ, эрхэмсэг намар. Тэр бас юу ч болоогүй юм шиг эргээд л хаалга тогшдог. Хаврыг санагдуулсаар хачин гоё болчихсон хүрээд ирдэг. Түүний өнгөнд бид дурладаг, үнэрт нь уусан дасдаг, явах гэхээр нь хоргодоод л. Хамт явчихмаар хачин болдог.
Санаандгүй дурлаад үүрд хайрлах. Шалтгаангүй бодоод насандаа дурсах “сэтгэлийн амраг” юм байна, энэ намар. Хаалганы түгжээ тор хийх чимээг сонсмоор. Гарцаагүй гараад ирнэ гэж хүлээмээр. Итгэл алдардаггүй, сэтгэл холддоггүй намар болж байна. Үнэнч намар юм аа, чи. Гэрэлтэй цонхны чинь дор, гэрийн чинь гадаа мод шиг зогсмоор. Моддын сүүлчийн навчист даруулаад л энд үлдмээр. Залуу насаа бартал тэнд удаан баймаар. Бодлоос тэр бүр үг урсан гардаггүй сонин улирал юм аа, намар.
Э.Цолмонбат: Би дэлхийд зориулж зурдаг
Уран бүтээлч Э.Цолмонбатын хувьд энэхүү үзэсгэлэн бие даасан дөрөв дэх үзэсгэлэн бөгөөд тэрбээр энэ онд уран бүтээлийн арвин их ургацтай байлаа гэсээр биднийг угтсан юм. Тэрбээр үзэсгэлэнгийнхээ талаар “Монголын ураг зурагт байгалийн зураг, аж байдлын зураг, түүхэн зургийн жанр үгүйлэгдэх боллоо. Өнөөгийн зургуудад энэ төрх байдал харагдахаа больж байгаад би маш их харамсдаг. Энэхүү Монголын түүх, байгалийн гайхамшигийг үзүүлсэн уран зургуудыг 1960-1990-ээд онуудад ахмад уран бүтээлчид туурвиж байсан. Гэтэл одоо тэдний бүтээлийг үргэлжлүүлэхгүй, орхих аюул тулгараад байна. Миний хувьд алтан үеийнхэний тэрхүү бүтээлийг хэрхэн өргөжүүлж, хадгалж үлдэх вэ гэдэг дээр маш их санаа зовж явдаг юм. Бид хийж чадаж байсан зүйлийг үргэлжлүүлэн авч явах ёстой. “Дэлхий хөгжиж байна” гээд байсан зүйлсийг орхиж болохгүй. Ер нь би зөвхөн Монголдоо зориулж зурдаггүй, дэлхийд зориулж зурдаг. Ингэхдээ ихэвчлэн монголын гайхамшигт байгаль орчин, ёс заншил, түүхэн байдлыг халуун дулаанаар, маш өнгөлөгөөр илэрхийлэхийг зорьдог. Би энэ Монгол орондоо төрсөндөө маш их баяртай байдаг. Ийм гайхалтай үзэсгэлэнт оронд төрсөн болохоороо л өнөөдөр ийм өнгөлөг зургуудыг бүтээж чадаж байгаа байх” хэмээн ярьсан юм.
Түүний хувьд байгалийн зургийг зөвхөн нэг талаас нь харж зурсангүй. Энгийн нэгэн очоод харахад ойн цоорхойд хэдэн хар улиас байх боловч тэрхүү дүр зургийг өөрийнхөөрөө уран сайхан дүрсэлсэн үзэсгэлэнгийн зургуудыг хараад та бүхэн энэ үг утгатай болхыг ойлгох биз.
Харин энэ талаар эрхэм зураач “Байгаль дээр аппараттай гараад зураг авах, будаг бийрээ аваад зурах хоёр ялгаатай. Зураач хүн эхлээд харна, тархиараа боловсруулж, гараараа илэрхийлж дүрсэлдэг. Тэрхүү зургийг зөвхөн яриад л өнгөрөх биш зурах гэж зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөрийг нь үнэлж, зургийг харах бүртээ тайвшрал авах хэрэгтэй. Монголын байгаль, монголын намар гэдэг асар гоё өнгөтэй. Би энэ өнгө, байгалиас маш их сэтгэл ханамжийг авдаг. Хичнээн агуу юм бэ хэмээн биширдэг. Энэ бүрийг минь олон хүнд хүргэх боломжийг олгосон Улаанбаатар галерейн хамт олондоо баярлалаа. Ер нь сүүлийн үед монголчууд уран зургийг маш их үзэж, маш сайн худалдан авдаг болсон” хэмээн ярилаа.
Түүнээс “Зурсан зураг тань таалагдахгүй байх тохиолдол байдаг уу” хэмээн асуухад “Анхандаа таалагдахгүй үе байсан. Гэхдээ зураг зураад 15 жил болж байгаа болохоор одоо гарт орчихсон. Заримдаа үнэхээр таалагдахгүй зураг мэр сэр гарна. Тэр зургуудаа доошоо харуулж тавиад 7-14 хоног болгоод эргээд харахад хаана алдаж, хаана нь янзлах вэ гэдэг нь тодорхой болчихсон байдаг юм” гэсэн юм.
МАРТАГДСАН АЯЛГУУ. ... "Арван есөн насандаа амьдрал гээч хувь заяаны салаа зам дээр хөсөр хаягдсан Бадам бүсгүй эх орноосоо, элгэн саднаасаа хагацан, Франц улсын Парис хотноо очиж, харь хүнтэй дэр нийлүүлэн үр хүүхдүүдийг нь гаргаж, амгалан тайван амьдарна. Тэрээр насны эцэст өссөн төрсөн нутаг юугаан тэмүүлж, ан авд хорхойтой нөхөр Бордьегийн хүслийн зулыг бадамлуулж, “ХАРУУЛ АЛТАЙ”-даа эргэн ирлээ" ...
Эрхэм уншигч та Төрийн шагналт зохиолч Доржийн Гармаагийн “Харуул Алтай” хэмээх романыг санаж буй болов уу. Ховд аймгийн Булган сумын "Харуул Алтай" уулаас эхтэй Булганы торгууд, Алтайн урианхай, Үенчийн захчин, хасаг гээд олон ястны үүх түүх, үндэс угсаа, соёл, зан заншлын талаар танин мэдэхүйн асар их мэдлэг өгөхийн сацуу харийн бодлогын хар гайгаар элгэн түмэн, өвөг дээдэс минь өөр хоорондоо тэмцэлдэж, түүний золиос болсон олон мянган Монгол айл өрхийн тухай ултай суурьтай, бодитойгоор сэтгэж, утга зохиолтой нийцүүлэн бичсэн энэхүү зохиолыг уншсан сэтгэгдлээс “Мартагдсан аялгуу” бүтээл төрсөн аж.
Элгэн нутаг, эх орноо санаж, харь нутагт харуусан суугаа, гоёл чимэглэл тансаг Монгол эмэгтэйн төрхийг эрхэм уншигч та юу гэж тунгаахыг таашгүй...
Ч.Өнөржаргал: Хүмүүс “Чи өөрийгөө зурчихсан байна шүү дээ” гэдэг
Э.Цолмонбатын гэргий, зураач Ч.Өнөржаргалын хувьд Дүрслэх урлагийн дээд сургуулийг “Ваар урлаач” мэргэжлээр төгссөн гэнэ. Гэвч энэхүү мэргэжлийнхээ хажуугаар уран зурагт дурлах болж, ханьтайгаа хамтран уран бүтээл туурвих болжээ. Түүний хувьд өмнө нь нэлээд олон үзэсгэлэнд ваар урлал болоод уран зургийнхаа төрлөөр оролцож байсан бол энэхүү үзэсгэлэн нь ханьтайгаа хамтран гаргаж буй анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. Тэрбээр үзэсгэлэнд тавигдсан өөрийн уран бүтээлийн тухай “Миний хувьд өнөөдрийн үзэсгэлэндээ бүсгүй хүн, эх үрийн хайр энэрэлийг мэдрүүлэх зургуудаа ихэвчлэн дэлгэсэн. Мөн өнгөлөг цэцэгсийн зарим нэг зургууд маань байгаа. Эмэгтэй хүн болохоороо эхийн хайрын тухай зурах их дуртай. Жишээлбэл дээрх зургийг зурахдаа хүүхдийг ногоон хурганы арьсан өлгийд өлгийдсөнөөр зурсан. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай олддоггүй гэж ярьдаг шүү дээ. Яг түүн шиг эх хүнд, эмэгтэй хүнд үр хүүхэд алдашгүй ховор нандин юм аа гэдгийг илэрхийлэх үүднээс ингэж зурсан. Ер нь би хайрыг илэрхийлэх бүх зүйлийг зурахыг хүсдэг” хэмээн ярьсан юм.
Ч.Өнөржаргалын зурсан зургуудыг ажаад байхад ихэвчлэн өөрийн хөрөг ч гэмээр харагдах аж. Энэ талаараа тэрбээр “Ямар ч зураач хөрөг зурахдаа царайг нь өөрөөрөө л буулгадаг болов уу гэж боддог. Үзэсгэлэнг, зургуудыг маань үзсэн хүн бүр “Чи өөрийгөө зурчихсан байна шүү дээ” гэдэг” хэмээн ярьж байв.
Түүний зургуудийг харахад яруу найрагч Н.Мөнгөнхүүгийн “Ээж бурхан” хэмээх шүлгийн хэдэн мөр эрхгүй тодорч байх шиг...
...Жирмийн сүлжээ шиг амьдралд
Жил жилээр би өсөж нас бие гүйцэхэд
Хамгаас нандин ээжии минь та
Хариуд нь харин өтөлж жижгэрсэн...
Энэ удаагийн “Exhibition 2016” үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээл дэлгэгдсэний цөөн хэдийг л эрхэм уншигч таны мэлмийд толилууллаа. Хүмүүний сэтгэлийг баясгаж, хүйтэн өвлийн жаврыг хулжаах зургууд “Улаанбаатар арт галерей”-н үзэсгэлэнгийн танхимд буй гэдгийг энд дуулгая.
Үзэсгэлэн энэ сарын 15-ныг дуустал өдөр бүр нээлттэй байхыг мөн сануулъя.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 1 )
Saihan zurguud bn.