Зогсoод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урамдах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уйлаад байх юмаа
Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Эрт цагт нэгэн бяцхан жаал Дуут нуурын хөвөөнд тоглож өссөн ба их эгдүүтэй хүү байж гэнэ. Нэгэн өдөр Дуут нуурын савдаг гарч ирснийг санамсаргүй харчихаж. Тэнд байсан хүмүүс айж сандран зугтахад нөгөө жаал харин сонирхон нуур руу явж ороод живж үхэх шахжээ. Нуурын савдаг өөрөөс нь айгаагүй бяцхан жаалыг нуурын эрэг дээр гарган амийг нь аварчээ. Хүү нуур руу байнга ирж тоглосон хэвээрээ байв. Нуурын савдаг нууцаар харж ажигласаар ихэд дасчээ. Хүү нас бие гүйцэн эрийн цээнд хүрч сайхан зүс царай, исгэрэн дуулах хоолой нь нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг нь хужирладаг болжээ. Нуурын савдаг ч хүүг улам ихээр хайрлаж харамлан хүнд харагдаж үзэгдэх боломжгүйдээ шаналан үдэш болгон нуурын усыг цалгиулан уйлан урамддаг болсон гэнэ.
Нэгэн өдөр хүү эр цэргийн алба хаахаар нутгаа орхин явахад нуурын эргэн тойронд савдаг харсан гэх яриа тархаж эхэлжээ. Нуурын савдаг ирэхээ больсон хүүг харахаар нуураасаа гардаг болсон ба уур хилэнтэй болсон байв. Хүү цэргийн албанд яваад их л удаж, нуурын савдаг ч үзэгдэж харагдахаа байж, нутгийнхны цуурхал хоосон яриа болон үлджээ.
Гэтэл нэгэн өдөр нуурын савдагийн чихнээ нижгэр найрын дуу сонсогджээ. Хавь ойрд тийм их шуугиан, баяр наадам сонсоогүй савдаг сонирхон очиж холоос ажиглатал түүний удтал хүлээсэн залуу үзэсгэлэнт бүсгүйн хамт хурим найр хийж танил болсон сайхан хоолойгоороо бүсгүйдээ зориулан дуулж байгааг харж гэнэ. Нуурын савдаг тэвчиж чадалгүй найран дээр харайн очиж газар чичиртэл хашгиран нулимстай нүдээрээ залуу руу харсаар нуур руугаа буцан оджээ. Цугласан хүмүүс айснаасаа болж хөшөөд гэртээ ч харьж чадалгүй бөөгнөрөлдөн хонов гэнэ.
Тэр цагаас хойш нуур руу зүглэх хүнгүй болж, ус уухаар явсан мал эргэж ирдэггүй болжээ. Хоног хугацаа улиран одсоор, нутгийнхан ч хориотой газар хэмээн зүг буруулсаар нэг мэдэхэд 8 жил өнгөрч гэнэ. Хуримласан хосууд ганц хүү төрүүлсэн нь яг л аавыгаа дуурайсан цовоо сэргэлэн хүү байжээ. Очиж болохгүй гэж хориглосон нуур руу нууцаар явж эцэг эхийгээ айлган сандраажээ. Араас нь давхиж нууранд иртэл нуурын эргээр үхсэн малын хүүрнүүд хөвж, үнэр танар, өнгө үзэмж нь үхээрийн муухай болсон байв. Хүүгийнхээ нэрийг дуудан эх нь уйлахад нуурын гүнээс чангаар инээх дуун гарч зовлон шаналалд нь баясаж байна гэнэ. Бүсгүй залуу хоёрын айх сандрах зэрэгцэн адуу мал нь булгиад хаяж одов. Залуу нуурын савдагаас “миний хүүг өгчих” гэж уйлан хайлан гуйж гэнэ.
Тэгтэл нуурын гүнээс ийн хэлжээ. “Хурим найран дээрээ эхнэртээ зориулан чин сэтгэлийн гүнээс дуулж байсан шигээ яг одоо уучлал гуйн намайг тайтгаруулан дуул” гэв. Залуу ч уухайн тас уяртал дуулан савдагийг аргаджээ. Савдаг дууг нь сонсож уяраад “чи өдөр болгон ирж надад дуу дуулж өгч надад харагдаж бай, тэгвэл би одоо хүүхдийг чинь өгье” гэжээ. Залуу ч ам тангараг өгч хэлсэн бүхнийг нь хийе хэмээн сөгдөн гуйсанд хүүг нь буцааж өгчээ. Гурвуул баярлаж хөлийн хурднаар гэр рүүгээ явж очсон даруй бэлтгээд нүүсэн гэдэг.
Амласан ёсоор ирэх ёстой хэмээн савдаг хүлээн суусаар долоо хоножээ. Савдаг тэсэлгүй хилэгнэн хот айл руу очтол хэн ч байсангүй, бүгд нүүсэн байж гэнэ. Тэр цагаас хойш нуур бараадан нүүдэллэж ирсэн айлын хүүхэд тогтохгүй, эсвэл ор сураггүй алга болдог болжээ. Хүүхдээ хайсан хүмүүс олширч шөнөжин уйлалдах дуу сонсогдон хүүхдээ олох байх гэж найдан нуураас холдож чаддаггүй аж. Хэд хоногт нэг удаа хүүхдийнх нь уйлах дуу чанх дэргэд нь сонсогддог учраас бүгд л уйлалдан хэзээ нэгэн цагт хүүхэдтэйгээ уулзана хэмээн найддаг байжээ.
Тэдний ийнхүү шаналан байдгийг алс нутгийн нэгэн хүн сонсоод зорин ирж болсон явдлыг сонсоод нөгөө нуур руу явжээ. Хэрэгт дурласан хүмүүс араас нь очиж хартал нуурын эрэг дээр 6 хоногийн турш дуу дуулж сууна гэнэ. “Их сайхан дуулдаг юм байна, гэхдээ яагаад ингээд дуулаад суугаа юм бол” хэмээн гайхацгаажээ. Гэтэл 7 дахь өдрөөс нь эхлэн алга болсон хүүхдүүд нь нэг нэгээрээ хаанаас ч юм гарч ирж гэнэ. Хүн болгон баяр хөөр болж ямар хэрэг тохиолдсоныг асууж шалгааж байгаад нөгөө дуулж суусан хүнээ мартаж гэнэ. Тэр цагаас хойш дахин савдаг харсан гэх яриа гараагүй ажээ.
Энэхүү домгоос үүдэлтэй “Дуут нуур” дууг Д.Цэвээнравдан, Н.Лутбаяр нарын зохиосноор МУГЖ С.Батсүх дуулжээ.
Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм
Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа.
/Жич: Домог учраас оруулсан зураг нь Дуут нуур биш бөгөөд Ховд аймгийн Дуут суманд байдаг газраас оргилдог булаг юм./
Эх сурвалж: https://www.facebook.com/tamirbuyan?fref=nf
Сэтгэгдэл ( 1 )
=D>