Намирсан урт сахал, цагаан дээл, цэнхэр нөмрөгтэй өвлийн өвгөн улаан уутанд хийсэн бэлгээ тараахаар солигдож буй хоёр он, баавгай туулай тэргүүтэй ан амьтдаа дагуулан гараа далалсаар орж ирж буй нь бага насны дурсамжид тодхон үлджээ.
Шинэ жил дөхөөд ирэхээр гэрт алим, мандарины үнэр ханхийж, цонхон дээрээ гацуур мод, өвлийн өвгөн зураад л... Хүүхэд бүрийн хамгийн их хүсэн хүлээдэг хамгийн дуртай гэрэл гэгээтэй дурсамж үлдээдэг энэ өдрүүдэд албан байгууллага бүрийн үүдэнд өндөр өндөр гацуурууд заларч, орой үзэш өнгө өнгөөр анивчих нь үнэхээр гайхалтай. Хараад л хараад баймаар...
Ийнхүү шинэ оноо угтаж баярлан, цэнгэх үдэшлэг шил шилээ даран эхэлнэ. Гоо сайхны газрууд, үсчин олны хөлд дарагдаж, дараалал үүсэн амьсгаадна.
Социализмыг байгуулж, комуннизмд хүрэх гарааны он жилүүд буюу 1930-аад оноос тухай үеийн Зөвлөлт улсын нөлөөгөөр манайд сүлд мод, өвлийн өвгөн, цасан охин, шинэ жил гэсэн ойлголт орж иржээ. Гэхдээ эдгээр нэрс ихэвчлэн хадмал орчуулгатайгаа явсаар энэ зуунд хүрлээ. Ихэвчлэн сургууль, цэцэрлэгүүд анги танхимаа чимэглэн, сурлага урлагаар амжилт үзүүлсэн жаалуудад өвлийн өвгөн болгон дүрийг нь өөрчилсөн тухайн сургуулийн манаач голдуу өвөөгөөр бэлэг өгүүлдэг байв. Сүлд мод, цаасан ууттай чихэр, жимс, цасан охин, баавгай, туулай, эрээн малгайтай алиалагч. Эд бүгд зөвхөн хүүхдүүдэд л хамаатай билээ. Сүүлийн жилүүдэд манайхан даяаршин буй дэлхийтэй хөл нийлүүлж байгаа илтгэн Санта Клаус энэ тэр гэцгээх болж.
Өнөөдөр тэгвэл монголчууд хэрхэж байна вэ. Хөгшин өвөө, дарга цэрэггүй ура хашгиран ёолкдох болж. “Цаг цагаар цаддаг” гэдэг шиг шинэ долоо хоногийн баасан гараг бүрт архидна, шинэ жилийн үдэшлэг дээр бүр тасарч унаталаа согтоцгооно. Угтаа бол гарч буй он гэдэг ирж буй бүхний гараа, ирээдүйн баяр байлтай.
Томчуудад уг нь дутуу юм үгүйсэн. Тэдэнд эрх мэдэл, хөрөнгө мөнгө гээд байхгүй юм үгүй. Баяр ч гэсэн ажиллаж буй салбарынх тэгш ой, тэмдэглэлт өдрүүдээс өгсүүлээд эрчүүдэд Цэргийн, хүүхнүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн гээд ганц жилийн 365 хоногт баяр тэмдэглэдэггүй өдөр цөөхөн үлддэг билээ. Өөрсдөдөө буй давуу талаа ашиглан томчууд аанай л өөрсдөдөө зориулан гацуур засаж байна, хундага тавилгүй дарс сөгнөж, хутга тавилгүй стейк идэх болж. Өнгөрсөн жилийнхээ алдаа оноог цэгнэх, ирэх онд хийж амжуулахаа төлөвлөх ярилцах гэхээсээ биесээ магтан хошгоруулж, шагнал урамшуулалын хур байтугай аадар буулгах болж. Цаасан малгай уг нь хүйтэн хаах нөөлөг муутай сан.
Худалч хүнд улсын төсвийнхөө нэг улирлын дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр нэгнээ шагнах нэрээр авилга өгч, маргааш нь ёолох гэх өмнөх үдэш нь ёолкдож байна.
Эдгээрийн зарим нь төлбөртэй л гэнэ. Зарим нь урилгаар гэнэ. Зарим нь ч бүр гуйж оруулдаг л гэнэ. Гарч буй үр дүн нь Замын цагдаагийнхнийг онц байдал зарлуулж, согтуу нэртэй нэгдсэн арга хэмжээ авахуулахад хүргэв. Юм элбэгшихийн хэрээр хуучин юм ул болж байна. Өмнө нь шинэ жил гэхээр ув улаан алим, шүүс үсчүүлсэн мандарин санаанд ордог байсан бол өнөөдөр ёолк гэдэг үгний хамт архины эхүүн үнэр сэнхийж байна. Ийм үдшийн маргааш нь бүр аймшигтай.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэдхэн жилийн өмнөх албан мэдээг танд хүргэе. Тэрхүү мэдээнд "Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гурав хоногт 27 хүн ил харагдах шархгүй, золгүй байдлаар амиа алдсан бөгөөд эдгээрийн тав нь баасан гарагт, 14 нь бямбад 14, найм нь нямд осгож, хөлдөж амиа алджээ" гэсэн байна. Тайлбар нь "Тэдний олонх нь шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад, согтож, осгосон байдалтай олдсон" гэх...
Энх цагт гуравхан хоногийн дотор энэ олуулаа бусдын гарт бус, хэн нэгний буруугаас биш шинэ жил, элдэв тэмдэглэлт ойн баяр тэмдэглэж яваад амиа алдаж байгаа нь харамсалтай.
Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол шинэ жилээ албан байгууллага хамт олноороо тэмдэглэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг юм. Тодруулбал, Гурван жилийн өмнө Дорноговь аймгийн Сайншанд хотод 52 настай Б согтуугаар гудамжинд унатаж осгожээ. Талийгаач тус аймгийн бизнесменүүдийн шинэ жилийн баярын цэнгүүнд оролцож согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр ийнхүү амиа алдсан гэх. Хэргийн газарт очсон цагдаа нар болоод эх сурвалж мэдээлэхдээ Б нь машиныхаа хажууд унаад босч чадалгүй байсаар осгож амиа алдсан гэнэ.
Мөн л гурван жилийн өмнө Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажилладаг 34 настай Б гэгч эмэгтэй байгууллагынхаа шинэ жилээр тэргүүний ажилтан болсон байна. Харин үдэшлэгээ харих замдаа осгож нас баржээ.
Байгууллагаасаа зохион байгуулсан шинэ жилийн баярт тэрээр өмнөх жилүүдэд оролцож байгаагүйгээрээ догдлон, яарч орсон тухай ар гэрийнхэн нь ярьж байна. Түүнийг оны Шилдэг ажилтан болсон учраас уух ёстой хэмээн хамт олон нь хөгжөөж, харсан хүн бүхэн шахуу л архиар дайлж, нэг нь нэг, хоёр нь хоёр дарга нь бүр гурван хундагыг нэг дор тулган баяр хүргэж байсан аж. Архи, дарс нэг их хүртээд байдаггүй ч баярласандаа болоод өгсөн бүгдийг нь л уучихаж. 24:00 цаг болж шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулсан ресторан нь хаах цаг болсныг мэдэгдэн, зочдыг тарааж эхэлжээ.
Ажлын хамт олон ч уван цуван гарцгааж, хоёр нь хоёроороо, зарим нь нэгнийх рүүгээ үргэлжлүүлэхээр явсаар цөөн хэдэн хүн хань бараагүй үлдсэний нэг нь талийгаач байсан аж. Талийгаач өндөр өсгийтэй туфль, шилэн тирко, үдэшлэгийн даашинзныхаа гадуур өвлийн куртикээ өмсөөд, цахилгааныг нь ч татаж чадалгүй, баярын бичиг, дурсгалын сувинерээ барин гарсан байна. Тэднийг рестораны зохион байгуулагчид “Ингэтлээ ууж, идээд байхдаа яахав дээ. Хурдан гар, гар. Хамаг цаг үрчих юм” хэмээн төвөгшөөж, “Жаахан суучихвал л толгой гайгүй болох гээд байна” гэх Б-г рестораны ажилтнууд сугавчлан хөөх шахам үүдэнд хүргэсэн аж. Талийгаачтай хамт ажлынх нь гурван ажилтан хамгийн сүүлд гарч ирсэн бөгөөд тэд нэгнийдээ очиж үргэлжүүлэн ууя гэсэн ч талийгаач “Найз нь нэлээд согтсон байна. Харихгүй бол хүүхдүүд хэцүүдлээ. Гэр ойрхон юм чинь гүйгээд харьчихъя. Харин та нар эртхэн харьцгаагаарай” гээд гэрийнхээ зүг алхжээ.
Гэвч түүнийг маргааш өглөө нь гудамжныхаа урдхан талын хонхорт осгосон байдалтайгаар нас барсан байхыг тэндэхийн оршин суугч харж, цагдаад мэдэгдсэн аж. Талийгаач эмэгтэй 82 настай ээж, 2-11 насны гурван хүүхдийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд нөхрөөсөө жил гаруйн өмнө салсан байжээ.
бидний баяр цэнгэл харуусал, зовлон, үхэл дагуулсаар байна.
Энэ мэт байдлаар бидний баяр цэнгэл харуусал, зовлон, үхэл дагуулсаар байна. Бидэнд амиа алдсан нь л ил болдог болохоос хөл, гараа хөлдөөсөн, осгохын даваан дээр эргүүлийн цагдаа, хүмүүстэй таарч эмнэлэгт хүргэгдсэн хичнээн тооны хүн байгааг бид мэдэхгүй.
Монголчууд баяр наадам тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг хэзээнээсээ хэтрүүлэн хэрэглэж ирсэн. Харин үүндээ тохируулсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэгжүүлэх цаг нь болжээ. Шинэ жил, тэмдэглэлт баярын үеэр үдэшлэг, хүлээн авалт зохион байгуулж байгаа баар, ресторан, амралтын баазууд зочдоо гэрт нь хүргэдэг, эсвэл амь нас аюулгүй байдалд нь анхаарал тавьж, такси үйлчилгээтэй хамтран ажилладаг болох цаг нь болсон. Хэрвээ энэ үйлчилгээ манайд хэрэгжиж байсан бол хичнээн хүн, харамсталтайгаар нас баралгүй амьд байх байсныг таах аргагүй...
Шил шилээ дарсан баяр наадам, шилдэг ажилчидын шагнал он гартал үргэлжилнэ. Харин эрхэм та шагналаа сархадаар бүү угаагаарай. Таны хөдөлмөрийн хөлс болохоос архидах шалтгаан биш гэдгийг санаарай. Бусдынх гэж түлхсэн гай магадгүй тань дээр ирэх вий. Муу ёр гэж...
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 5 )
Niigmeeree vaktsind hamragdval ch olon hyniig bayrlyylj gants hyn yilah bhdaa.
uneheer unen busdiig bitgii uruu tat.uuruu l uu.
bayarlaj bolnoo daraa ni uilchilgeenii baiguullaga uilchluulegch dee hurgej ugdug baih ni zuv tertei tergui ter ulsiin l munguur hanatlaa orlogo olj baigaa sh dee
arhigui bol bayarlaj chadahgui bol setgetsiin gajig yum bishuu. bid nar arhigui bujigleel duulaal nargij ogdog . ahri tamhi yund heregteig oilgodoggui. sul doroi humuust zorig ogdog yum boluu
Ene shine jiliin arga hemjee er ni hend heregtein be darga nar dolginodag heden garaa harj uursudduu tal zassan negniig shagnana tegeed l goe hubtsaslaad arhidaad APU-g bayrluulaad l