...Хандлага. Энэ үгийг эх хэлний тайлбар тольд хүний итгэл үнэмшлийн бодит илрэл хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, хүн өөрийн итгэл үнэмшлээрээ бусдын болон нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулж буй сайн дурын чин эрмэлзэл ч гэж ойлгож болох юм...
Нийтлэлийнхээ өмнөтгөлийг “Хандлага” гэх үгийн тайлбараар эхлүүлсэн нь учиртай. Монголын нийгмийн бухимдал, болж бүтэхгүй байгаа бүхний дийлэнхи шалтгаан нь бидний “Хандлагатай” шууд холбоотой гэсэн дүгнэлтийг сэтгүүлч миний бие доорх сурвалжлагийг хийх явцдаа гаргасан юм.
“Хүүхдийн хоёр” хөл хорио тогтоожээ, гэхдээ...
Хүйтний эрч чангарч, улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчнүүд гарах болжээ. “Ханиад, томууны” улирал ч гэж нэрлэдэг өвлийн саруудад хүүхдийн эмнэлгийн ачаалал ихэсдэг. Энэ жилийн хувьд ямар байгаа талаар сурвалжлахаар Нийслэлийн хоёр ч хүүхдийн эмнэлгээр орлоо. Эхлээд Сүхбаатар дүүргийн Хүүхдийн эмнэлэг буюу олны нэрлэдгээр “Хүүхдийн хоёр”-ыг зорив. Хаалгаар нь оруут хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй. Үүдний жижүүр эмч, сувилагч нар жигтэйхэн ажилтай нааш, цааш гүйх ба эргэлтээр ирсэн хүмүүс үүдэнд овоорчээ. Нөхцөл байдлыг хараад сэтгүүлч надад “Эмнэлгийн ачаалал их. Ханиад хүрсэн хүүхдийн тоо хэдэн зууд хүрсэн. Ор дэр нь хүрэлцэхгүй коридороор нь дүүрэн хүүхэд байгаа болов уу” гэсэн төсөөлөл буусныг нуух юун. Ингээд холбогдох хүмүүст нь учраа хэлээд эмнэлгийн даргаас нь эхлээд мэдээлэл авах боллоо.
М.Чимгээ: Томуугийн цар хүрээ 2, 3 дугаар сард ихэсдэг
-Танай эмнэлэг маш их ачаалалтай байгаа бололтой. Хүмүүсийн хөл хөдөлгөөн их байна?
-Манай эмнэлэг 325 ортой. Одоо 408 хүүхэд эмчлүүлж байна Энэ бол яахаа алдсан тийм их өндөр ачаалал биш. Ер нь бол манай эмнэлэг жилийн жилд л ачаалал ихтэй байдаг. 2012 онд H1N1 вирусын дэгдэлтийн үед 200 ортой байхад 500 хүүхэд хэвтэж эмчлүүлж байлаа. Одоогийн байдлаар амбулаторийн үзлэгийн хувь, хэвтэлтийн байдлыг харахад тийм өндөр ачаалал аваагүй байна. Ерөнхийдөө хэвийн хэмжээнд явж байна. Томуугийн дэгдэлтийн оргил үе нь одоо биш. Дөнгөж л эхэлж байна. ДЭМБ, ЭМЯ-наас өгч буй мэдээллээс харахад одоохондоо өндөр цар тахлын хэмжээнд хүрээгүй байна. Дөнгөж эхнийхээ үед л явж байна.
-Гэхдээ танай эмнэлэг их л ачаалалтай харагдах юм?
-Бид ямарваа нэгэн халдвар тархахаас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоосон байгаа юм. Гаднаас эргэлт оруулахгүй байна гэдэг чинь халдвараас хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Энэ олон хүн байхад дахиад шинэ халдвар тээгээд /эбола, H1И1/ вирус гэх зэрэг хүнд халдвар гарвал яана. Бидний хэн нь ч нүүрэн дээрээ “Би халдвартай” гэж бичихгүй шүү дээ. Тиймээс бид энэ эрсдлээс л сэргийлэхийн тулд хөл хорио тогтоогоод байгаа. Түүнээс бус бид хэвлэл мэдээллийнхнээс айгаад оруулахгүй байгаа юм биш. Энэ олон хүний эргэлтийг зөвхөн эмч, сувилагч, асрагч зөөх ачааллаас үл хамаарч, иргэдийнхээ, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийнхээ л эрүүл мэндийг бодож, хөл хорио тогтоосон нь хэт их ачаалалтай харагдуулж байгаа юм.
-Та түрүүн томуугийн цар хүрээний дэгдэлт дөнгөж эхэлж байгаа гэж байсан. Тэгвэл оргил үе нь хэзээ вэ?
-Өмнөх жилүүдээс харахад гурван сард л хамгийн их дэгддэг. Өнгөрсөн жил л гэхэд 10, 11 сард иймэрхүү байдалтай байж байгаад 2, 3 дугаар сард томуугийн цар хүрээ маш их ихсэж байсан.
-Хатгаа өвчин юунаас үүсээд байна вэ. Гол шалтгаан нь агаарын бохирдол уу?
-Яг хатгаа үүсгэгч нь бол томуу, бактер байна. Гэтэл ханиадыг хүндрүүлж, хатгаа болгож байгаа хүчин зүйл нь агаарын бохирдол. Өнөөдрийн энэ айхтар утаа, тоос шороо, агаар дахь хүнд металиудын бохирдол хүний уушгинд байх хүчил төрөгчийг ердийн хангамжид байлгаж чадахгүй байгаа учраас хүүхдүүд хатгаа өвчнөөр өвчлөөд байгаа юм. Ерөөсөө иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн ханиад хатгалгаа өвчнийг бууруулахад ганц эмнэлэг зүтгээд бүтэхгүй. Эмнэлгийн байгууллагын сувилагч, эмч, асрагч нар нойр хоолгүй зүтгэж байна. Эрүүл мэндийн салбарт нэг сайн юм байна. Ийм хүнд нөхцөлд хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байгаа. Манай эмнэлэг бол одоог хүртэл хэчнээн хүнд ирсэн ч амьсгалын дутагдалтай, амьсгал нь зогссон арав 20-иороо аппаратанд орсон ч чичиртлээ зүтгэж байгаад л хүүхдийн амийг авардаг.Үүн шиг том гавьяа хаана байна. Ийм байхад та нар муухай ааштай, харилцаа муутай, хаалттай, хүнд сурталтай гээд л загнаж өгдөг
-Яагаад ийм байдал үүсээд байна вэ?
-Бид шаардлага тавихгүй яах юм бэ. Одоо жишээ нь, хатгаатай хүүхдийн хажууд нь архи уугаад сууж байгаа эцэг эх хүртэл байна. Хатгаатай хүүхдийн хажуу талд аав ээж нь архи уугаад байхаар бид шаардлага тавихаас өөр арга байхгүй. Хатгаатай хүүхдийн маань уух ёстой эмийг нь уулгахгүй хажууд нь сахиур гээд суугаад байгаа хүнд шаардлага тавихгүй гээд яах юм бэ. Бидэнд туслах хэрэгтэй шүү дээ. Зөвхөн эмчээр эм залгиулаад зөвхөн сувилагчаар витаминыг нь уулгуулаад асрагчаар живхийг нь солиулаад байна гэж байхгүй. Үнэхээр өөрийнхөө хүүхдийн төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө, эх орныхоо төлөө эцэг, эхчүүдэд хариуцлага үүрүүлэх гэж бид шаардлага тавьж байгаа. Иргэддээ ийм нийгмийн хариуцлагыг нь ухамсарлуулах нь төрийн асуудал. Эмнэлгийн зүгээс ганцаархнаа зүтгээд нийгмийг эрүүлжүүлж чадахгүй.
-Эмнэлгийн байгууллагаас эцэг эхчүүдэд хандаж, ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд хандаж сэрэмжлүүлэх хэд, хэдэн юм байна. Энэ л та бүхний мэдээлэлд хамгийн чухал нь. Иргэд эрүүл мэндийн салбар руу л дайраад байдаг. Бид л өвчин тараагаад байгаа юм шиг. Бид чинь өвдөөд ирсэн хүүхдүүдийн төлөө чинхүү сэтгэлээрээ нойр хоолгүй зүтгэж байгаа юм шүү дээ. Өнөөдөр л гэхэд манай эмнэлэг хөл хорио тогтоочихоод өвчтөний эргэлтийг зөөж байгаа биз дээ. Энэ эргэлтийг чинь зөөхийн тулд хэчнээн олон хүн ачаалалтай ажиллаж байгаа гэж бодож байна. Мөн дээрээс нь эмийн бодис, ариутгах бодис, боох материал, эм тариа гээд маш их зардал гарч байгаа. Бүх нөөц бололцоогоороо л ажиллаж байна. Тиймээс иргэдийн зүгээс эмнэлгийн ажилтнаа ойлгох хэрэгтэй.
Ээж аав нарт өгөх зөвлөгөө бол маш чухал. Хүүхдийн амьсгалын зам өргөн, богинохон байдаг. Гаднаас орж байгаа вирусын бактерыг шүүж чаддаггүй. Харин том хүнийх бол амьсгалын зам нь урт нарийхан байдаг болохоор гаднаас орж байгаа бактерыг ханаигаад найтаагаад л гаргачихдаг. Харин хүүхдийнх тэгэж чаддаггүй бактер нь шууд уушиг руу нь орчихдог.
Нэгдүгээрт, хамгийн сайн хамгаалалт бол маск. Манайхан маск нэг зүүхээрээ хэдэн өдөр болгочихдог. Хоёр цаг тутамд сольж байх шаардлагатай.
Хоёрдугаарт, хүүхдийг болж өгвөл олон нийтийн газраар бүү авч яв. Тэр олон нийтийн газар чинь халдвартай хүмүүс нэг найтаахад л ханиад халдчихаж байгаа юм. Үүний нэг жишээ бол, Улаан бурхан өвчний халдвартай хүний хажуугаар алхаж өнгөрсөн хүмүүсийн 99 хувь нь улаан бурхнаар өвчилдөг байх жишээтэй.
Гуравдугаарт, хүүхдийг дулаан байлгаж, илчлэг тэжээллэг хүнсээр хангах
Дөрөвдүгээрт, томуу дөнгөж эхэлж байхад хүүхэддээ антибиотикийг яаравчилж бүү өг. Томуу дөнгөж эхэлж байхад том, том антибиотикт дасалтай болгочихдог. Тэгээд хүүхдийг эмчлэх гэхээр маш хүнд болгочихдог. Хатгаа чинь кор шиг нэг удаа өвдөөд дархлаа тогтчихдог өвчин биш. Жилд хэдэн ч удаа хүрч болохоор байдаг. Иймээс олон төрлийн антибиотикийг дур мэдэн өгөх нь хатгааг эмчлэх эмчилгээний тактикт хүндрэл учруулаад байгаа юм.
-Таны бодлоор Монголд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хэр байна вэ ?
-Монголд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ бага биш. Бидэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг л хэрэгтэй байна. Жишээ нь, вакцинжуулалтын хувь нь хэдэн хувьтай явж байна, уушигны хатгаа боллоо абцис боллоо гэхэд хагалгаа хийдэг эмнэлэг ч гэдэг юмуу улам нарийн мэргэжлээр төрөлжих л хэрэгтэй байна. Одоо жишээ нь манай эмнэлэг л гэхэд өвлийн гурван сард л ийм ачаалалтай болохоос бус зуны цагт 30-хан хүүхэдтэй байдаг.
“Хүүхдийн хоёрдугаар” эмнэлгийн дарга М.Чимгээ бидэнд ийм мэдээлэл өгсөн юм. Үүний дараа бид Баянгол дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”-т очлоо.
Б.Болормаа: Цэцэрлэгийн багш нар ханиад хүрсэн хүүхдийг эдгэртэл нь хүлээж авахгүй баймаар байна
Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээр орлоо. Хөл хөдөлгөөн тийм ч их байсангүй. Ингээд тус эмнэлгийн Эмчилгээ, тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Болормаатай уулзлаа.
-Сайн байна уу. Хэвлэлээс явж байна. Танай эмнэлэг хэр ачаалалтай байгаа вэ. Хүүхдүүд ханиад хүрч, хатгаа болох нь ихэссэн гэх мэдээлэл их байна. Та эцэг эхчүүдэд хандаж ханиаднаас сэргийлэх зөвлөгөө өгөөч?
-“Та нар ямар ядаргаатай юм бэ. Хэвлэлийнхэн мэдээлэл хийлээ гээд ямар хэрэгтэй юм. Ажлын хажуугаар төвөгтэй юм” хэмээн Б.Болормаа эмч ихэд уцаарлангуй угтав.
-Уучлаарай бидний зүгээс эмнэлгийн нөхцөл байдлыг сурвалжилж, иргэдэд хэрэгтэй зөвлөмж л хүргэх гэж яваа юм?
-Одоо улирлын чанартай ханиад томууны дэгдэлт гарчихсан байна. Ялангуяа бага насны хүүхэд уушигны хатгалгаа ихсээд байна. Тиймээс:
-Бага насны хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх.
-Хоол унд сайтай байлгах.
-Цэцэрлэгийн насны хүүхэд ханиад хүрлээ гэхэд, яг эхний гурав хоног буюу хамраас нь нус гоожоод эхлэх үед гэрт нь байлгаж, сайн асармаар байгаа юм. Тэгэхгүйгээс болж, ханиадтай хүүхдүүдээ цэцэрлэгүүдээр өгчихдөг. Тэгээд бусаддаа халдааж, улам даамжруулаад байгаа юм. Энэ тал дээр эцэг, эхчүүд өөрсдөө хувьдаа анхаарах хэрэгтэй байна. 0 хүртэлх насны хүүхдүүдийг хооллолт дээр нь маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэгийн багш нар нь эдгэртэл нь хүлээж авахгүй баймаар байна.
-Танай эмнэлгийн хувьд 140 ортой гэж байна. Одоогийн байдлаар хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
-Манай эмнэлэг 10 дугаар сарын дундаас эхлээд ачаалал нэмэгдсэн. Одоо тоглоомын өрөөгөө суллаад нэмэлтээр эвхдэг 60 ор тавьсан. Ингэснээр 140 ортойгоо нийлээд 200 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхийдөө хэвийн байгаа гэсэн үг.
ЭМЯ, ДЭМБ-аас гаргаж байгаа судалгаагаар улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчин ихэссэн болохоос томуу, томуу төст өвчний хүчтэй дэгдэлт дэгдээгүй байна. Иймээс иргэд хувьдаа ханиаднаас сэргийлээд хүүхдүүдээ долоо хоногт нэг удаа боловч агаарт гаргахыг хичээвэл сайн байна.
-Таны бодлоор Улаанбаатарын хэмжээнд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хэр байна вэ?
-Дүүрэг болгон эмнэлэгтэй. Манай эмнэлгийн хувьд хамгийн сүүлд байгуулагдсан нь. Ер нь бол хүйтний, утааны улиралд буюу томуугийн тархалт дэгдэх үед л хүүхдийн эмнэлгийн ачаалал их байдаг. Бусад үед харьцангуй гайгүй. Тийм болохоор нийслэлд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хангалттай гэж бодож байна.
Иргэдийн байр суурь ба хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ
Нийслэлийн томоохон хоёр ч хүүхдийн эмнэлгийн удирдлагаас “Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хэр байна вэ” гэж асуухад “Боломжийн” гэсэн хариулт өгч байгаа юм. Харин иргэдийн хувьд ямар байр суурьтай байна вэ.
Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт хүүхдээ эмчлүүлээд гарсан иргэн Б.Мөнгөнтуул: Миний хувьд хүүхдээ ханиад хүрэхээр нь харьяаллынхаа дагуу дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж, хэвтэж эмчлүүлсэн. Зун ч хэвтэж үзэж л байсан. Хүрэлцээний хувьд боломжийн л юм шиг байна лээ. Харин хэд хоногийн өмнө хэвтэхэд зунаа бодоход их хүүхэд хэвтсэн байсан. Гэхдээ хүүхэд болгон л ортой байсан.
Сүхбаатар дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хүүхдээ эмчлүүлсэн иргэн Ц.Батсайхан:
-Манай хүүхэд хатгаа аваад эмнэлэгт хэвтсэн. Ханиад хүрсэн хүүхдүүд эмнэлэгт их л хэвтдэг юм байна. Гэхдээ олны яриад байдаг шиг коридороор нь дүүрсэн мүүрсэн дүр зураг лав харагдаагүй. Хэвийн л юм шиг санагдсан. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Миний хувьд ачаалалгүй үеэр нь хэвтсэн байж болно шүү дээ.
Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээний талаар байр сууриа илэрхийлсэн Б.Мөнгөнтуул, Ц.Батсайхан нарын хувьд хэдхэн хоногийн өмнө хүүхдээ эмчүүлсэн эцэг эхчүүд. Харин одоо гудамжаар явж байсан хүмүүсийн байр суурийг сонсъё.
Ц.Гэрэлчимэг:
-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэвлэлийн мэдээллээс харахад аймар их ачаалалтай байгаа юм шиг байна лээ. Ханиад хүрч, хатгаа авсан хүүхдүүдээр дүүрчихсэн юм биш үү эмнэлгүүд.
.Н.Насанбат:
-Ханиадны эсрэг вакцинаа цаг тухайд нь хийлгүйгээс болж, энэ жил хүүхдүүд ханиад хүрэх нь их байгаа гэж сонссон.
Г.Долгор:
-Хүүхдийн эмнэлэг хаанаа ч хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Хүүхэд эмнэлэгт хэвтүүлэхийн тулд бөөн оочер дараалал болдог биз дээ. Танил тал байхгүй бол хэцүү болсон үе шүү дээ.
Иргэдийн байр суурь ийм байна. Эмнэлэгт хүүхдээ эмчлүүлээд гарсан эцэг, эхийн хувьд “Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ боломжийн” гэж хариулж байгаа бол энгийн иргэд “Хүрэлцээ муу, эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрсэн” гэсэн ойлголттой явна. Дээрээс дүгнэхэд, бодит байдлыг нүдээрээ харж, танилцсан хүмүүсийн байр суурь нэг өөр. Харин бодит нөхцөл байдлыг нүдээрээ хараагүй ч нийгмийн хандлага, хэвлэл мэдээллийн өгч буй мэдээлэл, бусдаас сонсож мэдсэн хүмүүсийн ойлголт тэс өөр байгаа юм.
Хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий туйлшрав уу?
“ЭМЯ вакцинаа оройтуулж захиалсан уу”, “Хатгаа өвчнөөр хүүхэд нас барж байна”, “Вакцин хийлгэж, халуурснаас болж хүүхдүүд хатгаа аваад байна уу”-, “Томуугийн дэгдэлт дээд цэгтээ хүрчээ” гэх зэрэг гарчигтай мэдээллүүд сүүлийн үед хөврөх болов. Үүнийг уншсан хэн ч “Ханиад хатгааны өвчлөл аюулын харанга дэлдэж байгаа юм байна даа” гэж ойлгохоор байгаа юм. Нийгэмд ч дээрх мэдээлэл хүчтэй хүрч, битүүхэндээ айдаст автуулаад байна. Гэвч бодит байдал дээр “Томуугийн тархалт тийм их хүндэрсэн үү” гэвэл үгүй байгаа юм. Өмнөх жилүүдийн л адил улирлын чанартай өвчлөл ихэсч, эрүүл мэндийн байгууллага боломжийнхоо хэрээр ажиллаж байна. Гагцхүү нийгмийн дуу хоолой болсон хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий сүржин мэдээлэл тархааж байгаа нь харамсалтай. Бодит үнэнийг бус бусдын анхаарлыг татаж, дуулиан шуугиан тарихыг урьтал болгож байгаагаас болж, нийгмийн хандлага буруу тийшээгээ чиглэгдээд байна.
Сэтгүүлчийн дүгнэлт: Хандлагаа өөрчлөхөөс өөр зам алга
Тиймээ, хамгийн гол нь хандлага. Хүн өөрийн итгэл үнэмшлээрээ бусдын болон нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулж буй сайн дурын чин эрмэлзлийг “Хандлага” хэмээн тайлбарласныг нийтлэлийнхээ эхэнд оруулсан нь ийм л учиртай. Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хийгээд ханиад томууны тархалтын талаар нийгэм даяараа ярьж буй энэ үед хаана, хаанаа л хандлагаа өөрчилмөөр санагдлаа.
Хандлага 1: Хэвлэл мэдээллийн байгууллага
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд хий хоосон сенсаацийн араас хөөцөлдөхөөс илүүтэй хүнд хэрэгтэй мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Яг үнэндээ, “Хатгаа өвчнөөр хүүхэд нас баржээ” гэсэн мэдээллээс илүүтэй ханиад томууны улиралд хүүхдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг илүүд үзэх тийм “Хандлага” бидний нийгэмд ашиг тусаа өгөхөөр байгаа юм.
Хандлага 2: Иргэдийн ухамсар ба хариуцлага
-Иргэд өөрсдөө ухамсартай бас хариуцлагатай баймаар байна. Ханиад томууны энэ улиралд эрүүл мэндийн боловсролдоо анхаарч, хүүхдээ өвчнөөс сэргийлэх өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч занших. “Өвдсөн хойноо эмнэлэгт бүхнийг даатгах” бус өөрсдөөс шалтгаалах асаргаа сувилгааг хийдэг тийм л “Хандлага” бидний дунд буй болмоор байна.
Хандлага 3: Эрүүл мэндийн байгууллага
-Иргэдийн эрүүл мэндийн боловсролд анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авдаг байх. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр нэг эмч, сувилагчийн эвгүй харилцаа мянга, мянган эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэр хүндийг иргэдийн өмнө унагадаг. Өвдөөд очсон өвчтөнүүдтэй өөриймсгөөр ханддаг тийм “Хандлага”-ыг л эрүүл мэндийн ажилчдаас иргэд хүсэж байна.
Хандлага 4: Эцсийн бүлэг төр засаг
“Ханиадны хүндрэх шалтгаан нь утаатай холбоотой” гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж буй. Өнөөдөр иргэд хэчнээн урьдчилан сэргийлээд, эрүүл мэндийн байгууллага хэчнээн чармайн зүтгээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэчнээн сэрэмжлүүлж бичээд утааны асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой юм. Иймээс төрөөс “Утаатай тэмцээх”-ээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ үр дүнтэй, илүү өгөөжтэй болгох нь хамгийн чухал юм. Төр нь иргэдээ гэсэн тийм чин сэтгэлийн “Хандлага”-ыг Монголын бүх ард түмэн хүсэж байна.
С.Өлзийбаяр
Эх сурвалж: Criminal.mn
Сэтгэгдэл ( 0 )