“Төрөөгүй” Төрийн тэргүүний төлөөх тэмцэл

2017 оны 01 сарын 05

Парламентын шинэ бүрэлдэхүүн болгоны бүрэн эрхийн эхний жилд төрдөг сэдэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа гар хүрэх.

УИХ-ын гишүүн Н.Энх­болд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюун­дарь, Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Ерөнхий­лөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг Байнгын хороогоор дэмжсэнтэй холбогдуулж нийгэм, улс төрийн хүрээнд түрүүчээсээ хардлага дагуулж эхэллээ. Эхнийх нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг баталсан тохиолдолд МАН-ынхан л Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаас өөрөөр бусад намыг буланд шахлаа хэмээн шүүмжлэл дайв. Түүний тодотгосноор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сүүлийн таван жилийн хугацаанд эх орондоо амьдарсан байх гэж заасан нь Үндсэн хуультай зөрчилдсөн. Мөн өмнөх сонгуулиудын үед бие даагч гишүүн намд элсэж, улмаар тухайн улс төрийн хүчин нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болдог байсныг хязгаарласан гэж тэрбээр үзжээ.

Удаахь нь Н.Энхболд нарын өргөн барьсан хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр сөрөг хүчин АН-ын төлөөллөөс нэг ч гишүүн оролцоогүй нь үнэмлэхүй олонхи өөрсдөдөө зориулсан хууль батлах нь гэсэн хардлагыг улам лавшруулав. Сөрөг хүчин АН-ынхан ч “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй. УИХ-ын Тамгын газраас лавлагаа авна” гэснээс өөрөөр тайлбар хийсэнгүй.  Бодвол намын дараагийн даргаа тодруулах гээд завгүй яваа байх. Ямар ч байсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг чиглэсэн хүчтэй шүүмжлэлийг дайх хү­мүүс нь мэдээж АН-ын бүлэг байх тодорхой. Гэхдээ ингэж бичсэнээрээ тэдний зөв бурууг шүүж, дэнслэх гэсэн­гүй. Угаасаа дөрвөн жилийн цикл тутамд салхи ордог парламентын шинэ бүрэлдэ­хүүн болгоны бүрэн эрхийн эхний жилд төрдөг сэдэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа гар хүрэх байдаг.

Гагцхүү үнэмлэхүй олон­хийг бүрдүүлэхээс эхлээд ээлж дараалан сонгуулийн ялалт байгуулаад буй МАН-ын цаг үед Ерөнхийлөгчийн сон­гуулийн хуулийг өргөн барьсанд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Мөн таван намын төлөөлөл бүхий (МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН) өмнөх парламентын үед баталсан Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийнхийг тусгаарлаж “косметик хагалгаа” хийхээр болсон нь нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа хэрэг. Зарим нь Ерөнхийлөгчийн сон­гуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар нам байгуулж дөрөв дэх нэр дэвшигчийг “зар­лана” гэх болсон С.Жавхлан ги­шүүний боломжийг хаана гэх.

Гэхдээ хууль санаачлагч болон холбогдох албаныхны өгсөн тайлбараар одоогийн хуулиас Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн хуулийг тусгаарлалаа гээд агуулга, зарчмын чанартай томоохон өөрчлөлт орохгүй юм байна. Харин УИХ, Ерөн­хийлөгч, орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн хуулиас зөвхөн Ерөнхийлөгчийнхийг салгаж, бие даасан болгож буйгаараа л ялгаатай аж. Мөн одоогийн хуулиар товлон зарлах, санал авах өдрийг тогтоо­хын тулд УИХ хоёр удаа хуралдаж, нэг удаад нь товоо тогтоож, дараагийн хурал­даанаараа санал авах өдрийг тогтоодог байсныг өөрчилжээ. Ингэхдээ нэг тогтоолоор дээрх хоёр асуудлыг шийддэг байх санал оруулсан аж.

Тэгэхээр аль нэг нам өөртөө давуу байдал олгох гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг зориуд тусгаарлаж байна гэж ойлгох нь өрөөсгөл байж таарах нь. Харин хуулийн төслийг хэлэлцэх явцад нэг зүйл тодорхой болох нь бие даагч гишүүн нам байгуулж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой эсэх тухай хуулийн цоорхойг бөглөх. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ч энэ талаар “Зөвхөн сонгуулийн үр дүнгээр УИХ-д суудалтай болсон нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ” хэмээн хэлнэ лээ. Үндсэн хууль болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий.

Харин бие даагч гишүүн нам байгуулж, сонгуульд нэр дэвшүүлэх талаар хуулийн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Нэг үгээр хэлбэл, парламентын цорын ганц бие даагч гишүүн С.Жавхлан нам байгуулах эс бөгөөс элсэх замаар Ерөнхийлөгчийн сон­гуульд өөрийн төлөөллийг өрсөлдүүлэх боломжгүй гэсэн баталгаа хуульд байхгүй гэсэн үг. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ айлсах тусам бие даагч гишүүн С.Жавхлан парламентын гадна талд байгаа намуудын хувьд “үнэтэй тоглогч” болоод байгаа хэрэг. Харин энэ сарын дундуур УИХ-аар батлахаар тооцоолсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд “зөвхөн сонгуулийн үр дүнгээр УИХ-д суудалтай болсон нам” гэсэн заалт оруулснаар дээрх эргэлзээ арилах бололтой. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг шиг Төрийн тэргүүний төлөөх тэмцэл хуулийн төслийг баталж албан ёсоор дагаж мөрдөх хүртэл саарал ордны халуун сэдэв байх нь тодорхой.

 

Н.Энхболд:

Үндсэн хуульд пар­ла­ментад суудалтай улс төрийн хүчин Ерөнхий­лөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэж заасан. Энэ заалт тэр чигээ­рээ Ерөнхийлөгчийн сонгуу­лийн тухай хуульд суусан. Ерөөсөө Үндсэн хуульд заасан заалтуудыг хуулийн төсөлд тусгачихсан байхад л “Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн барилаа” гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хуулиа уншдаггүй юм уу, эсвэл хэргээр ингэж мушгиад байдаг юм уу.

О.Баасанхүү:

Өмнөх сонгуулиудын үед бие даагч гишүүн намд элсэж, улмаар тухайн улс төрийн хүчин нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болдог байсан. Үүнийг мөн хязгаарласан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоногоор тогтоосон нь мөн хангалтгүй. Нэр дэвшигч 21 аймгаар тойрч мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ард түмнийхээ санал хүсэлтийг сонсоход энэ хугацаа хүрэхгүй. Дээрх шалтгаануудын улмаас МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжихгүй.

Ц.Содномцэрэн:

2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын эцсийн тайлан СЕХ-нд ирсэн. Сонгууль товлон зарласнаас хойш сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь буруу юм. Ийм учраас үүнийгээ засч хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн.Тэр зөвлөмжийн дагуу сонгууль товлон зарласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд өөрч­лөлт оруулахыг хориглоно гэсэн заалт оруулсан. Хэзээ товлох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдвал сонгуулиа товлоно.

 

С.Гандөл


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nergui(202.126.91.217) 2017 оны 01 сарын 06

huuchin ardiin ih huraliin darga baisan gombojaw guai g dewshuul

0  |  0
Зочин(59.153.113.194) 2017 оны 01 сарын 05

Монгол Улс еренд орсоор терийн алба еренхийлегчийн сэнтийн телее ухэлдсээр еренхийлегчид Нямдорж гишуунээс эхлээд 3-4 хунийг нэрийг сонгуульд оруулах хэрэгтэй

0  |  0
Top