Аав, ээжийн мэргэжлийг хүү, охин нь өвлөн авах нь бий. Эмч, багш, хуульч, эдийн засагч гээд мэргэжлийг хүүхдүүд нь эзэмших явдал олонтой. Харин улс төрд тэр бүр эцэг эхийнхээ мэргэжлийг хүүхдүүд нь эзэмших явдал харагддаггүй байлаа. Парламентын засаглалд шилжээд 20 гаруйхан жилийн түүхийг үзэж буйн хувьд тийм ч байх нь аргагүй. Ардчилсан хувьсгалаас өмнө өнөөдрийнх шиг хүн бүр улс төрд хошуурдаггүй ч байсан биз ээ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, Ш.Отгонбилэг агсаны хүү О.Содбилэг гээд улс төрд аавынхаа мэргэжлийг залгамжилсан залуус өнөөдөр эхнээсээ УИХ-д ард түмний төлөөлөл болон сууж байна. Нэг ёсны улс төрч аавынхаа мэргэжлийг эзэмшиж хөл тавьсан эхний үеийнхэн. (1990 оноос хойш)
Түүнээс хойш олон залуус улс төрд үе залгамжилан орж ирсэн юм. Тэр тусмаа Монголын нөлөө бүхий улс төрчдийн хүүхдүүд эцэг эхийнхээ мэргэжлийг эзэмших, улс төрд хөл тавих нь олонтой. Батж.Батбаярын хүүдүүд улс төрд орж ирээд ажил, албан тушаал авчихсан л тууж явна. Монгол Улсын хоёр ч ерөнхийлөгчийн хүү улс төрд орсон. Н.Энхбаяр хүүгээ улс төрд оруулж, УИХ-д хүртэл өрсөлдүүлэх гээд болсонгүй. Тэгэхээр нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилуулж байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ улс төрд албан ёсоор орж ирж буйгаа зарласан. Баянзүрх дүүргийн АН-аас Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан. Саяхнаас АН-ын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр түүнийг батламжилсан дуулдав.
Мөн УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярын охидууд улс төрд хөл тавьсан. Н.Батбаяр хоёр охинтой. Түүний том охин Б.Жаргалан “Занаду” арт галерейгийн захирлаар ажилладаг. Тэрээр АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн юм. Бага охин Н.Хулан нь мөн л намд элссэн.
Улс төрчийн удам залгаж яваа нэрс ийнхүү урт хөвөрнө. Улс төрчийн хүү улс төрд орох буруу нь юу байхав. Аавынхаа мэргэжил боловсрол, туршлагыг өвлөн авах нь илүү мэргэжлийн улс төрч байх сайн талтай ч байхыг үгүйсгэхгүй. “Фортуна” Н.Батбаяр “Хүүхэд аавынхаа мэргэжлийг өвлөдөг биз дээ. Улс төрч гэсэн адилхан шүү дээ. Хүүхэд багаасаа аавынхаа мэргэжлийг ойлгоод дэргэд байгаад ирэхээрээ мэргэжилд нь дур сонирхолтой болох тал байна” гэсэн юм. Тийм ч биз. Орчинд нь өссөн багаасаа жаргал, зовлон, хүнд хэцүүг нь мэдэх учраас давуу талтай ч байж мэдэх.
Гэхдээ нөгөөтэйгүүр улс төрчийн хүү, улс төрч байх нь асуудал дагуулах явдал бий. Улс төрч байх, төрийн эрх барих шийдвэр гаргах албан хаагч байна гэдэг өөрөө хариуцлагатай ажил. Монголын өнөөгийн улс төрчдийг харвал нэр бүтэн нэг ч хүн олдохгүй. Бүгд л улсын хөрөнгө хувьдаа завшсан, хөрөнгөжсөн хүмүүс гэдгийг бид зөнгөөрөө мэднэ. Хууль шүүхийн байгууллагаар тэдний буруутайг нь тогтоогоогүй ч тийм байх магадлал, баяжиж хөрөнгөжсөн түүх нь албан тушаал, төрийн хөрөнгө мөнгөтэй холбоотой байх нь их. Иймд асуудалтай аавын хүү, ээжийн охин улс төрд орох нь хэр зохимжтой юм бол. “Эх нь хээр алга бол унага нь шийр алга” гэдэг дээ. Авлига авдаг аавын хүү бас л тийм замаар замнаж мэднэ. (Дээр дурьдсан улс төрчдийг хэлж байгаа юм биш) Нөгөө талдаа улс төрийн нөлөөлөл, бизнесийн эрх ашигаа хамгаалах гэж хүүхдүүд нь улс төрд ордог биз.
Ураг төрлөөрөө улс төрд орох нь ашиг сонирхлын зөрчил үүсдэг талтай. Саяхны жишээ дурьдахад, Монголын толгой баяжуудын нэг Н.Нямтайширын хүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Монголын алт” компанидаа 1600 гадаад иргэнийг Монгол Улсад ажиллуулахаар авчирахдаа татварын хөнгөлөлт эдлүүлсэн, тэдгээр гадаад ажилчдынхаа ажлын байрны төлбөрийг нэмж чөлөөлүүлсэн гэдэг том дуулиан өнөөдөр ч тасраагүй л байна. Татвараас зугтсан, албан тушаал урвуулан ашигласан ноцтой гэмт хэрэг л дээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийг ах дүү хамтаанаараа дүүргэсэн нь бий. Гэр бүлээрээ нэг намын хороог эзэгнэж буй тэр газар ардчилалтай байх, шинэчлэлийн тухай ярих боломжгүй болдог. Хариуцлага тооцох тухай бол бүр ч үгүй. Үе залгамжилсан улс төр нь сайн ч саарч тал их байдаг юм байна. Гэхдээ улс төрөөр дамжуулан хувийн биенесээ ахиулах, компанийнхаа ашиг сонирхолыг хамгаалах гэж улс төрд ордог бол шүүмжлэлтэй л хандах ёстой.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 4 )
ЗА ДАА. Яалтай ч билээ. дэмий юм бичиж бх юм
болохгүй юм байхгүй Харин ч сайн улс төрч болно
aaviigaa dagaj uls trud orj idej uuhiin l husel bgaa da uur yu baidag ym. Tiimees turiin alband neg zereg ajluuldaggui baih huuli batlah heregtei.
Нам дагавал ам тосноос гэж