Домогт “Далайн самар”-ын ид шид

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

Хэзээ гэдгийг нь тогтоож чадахааргүй тийм эрт цагт хүмүүс Энэтхэгийн далайн эргээс зүрхэн хэлбэртэй асар том самар олоод хоол хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Удалгүй самар анагаах асар их увидастай болох нь тодорсон байна. Гэсэн ч түүнийг хаана ургадаг, чухам хаанаас урсан далайн эрэг дээр хаягддагийг нь хэн ч мэдэхгүй байв. Тийм болоод ч тэр үү, бараг л ид шидийн хүнс, далайн бурхны хишиг гэж нэрлэх нь холгүй байлаа. XVI зууны үед Европт нэвтрэхдээ бүр их нэр хүндийг олж лам нар, хаад ноёдын л хэрэглэдэг зүйл болсон байна. Учир нь тэд л самрын үнийг төлж чадахаар байжээ.  Тэр цагт 50 см диаметртэй нэг далайн самарны мөнгөөр эд бараа ачсан бүхэл бүтэн хөлөг онгоц авч чадах байсан гэдэг.   

            Гэтэл шидэт самрын нууц 1742 онд тодорхой болсон юм. Сайшелийн арлуудад судалгаа хийж байсан францын аялагчид тэндхийн нэгэн арлаас дээрх гайхалтай жимсний модыг олжээ. Дал модны төрөлд хамаарах 30 метр өндөр, 30 см өргөн мөчиртэй тэр ургамал дэлхий дээрх хамгийн хатуу хальстай, хамгийн удаан боловсордог дээр дурдсан үр жимсийг гаргадаг гэдгийг одоо бид мэднэ. Нэг ширхэг самар бүрэн боловсорч гүйцтэлээ 7-10 жил зарцуулдаг аж. Хэдийгээр ид шидийн хэмээн биширч байсан жимсний уг гарвал тогтоогдож, үнэ цэнэ нь буурсан ч хүмүүс одоо болтол анх сурснаараа далайн самар гэж нэрлэсээр байгаа ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top