-Би З.Энхболдыг шүүхэд өгнө-
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа Л.Наранбаатарыг урилаа. Түүнийг уул уурхайн инженер, эдийн засагч гэдгээр нь олонхи мэдэхээс гадна улс төрийн хүрээнийхэн “оймс нисгэгч” гэдгээр нь андахгүй. Түүнтэй улс төр, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.
-Намынхаа даргын сонгуульд саналаа өгөхөд бэлэн үү. Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдав уу?
-Намынхаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн. Намын гишүүнчлэлийн татвар төлсөн мэдээлэл дээр миний мэдээлэл гарч ирээд, намын гишүүн гэдэг дээр нь харамсалтай нь цахим бүртгэлээс харагдахгүй байна. Яагаад намайг бүртгэхгүй байна вэ гэдгийг хариуцсан бүртгэлийн ажилтнуудаас нь лавлахаар тайлбар хэлэхгүй мэлзээд байгаа. Хассан, хасаагүй нь мэдэгдэхгүй байна. Өнөөдөр сүүлийн хугацаа. Өнөөдөр намайг бүртгээгүй бол шинэчилсэн бүртгэлд бүртгээгүй гэсэн үг. Гэхдээ бүртгэх болов уу гэж найдаж байна.
-Албан ёсоор таныг намаас хаслаа гэсэн бичиг ирж байв уу?
-Үгүй. Зүгээр л З.Энхболд Наранбаатарыг намаас хөөсөн л гэж ярьдаг. Намын дүрмээр бол намын дарга нь чамайг хөөлөө гээд хөөдөггүй.
СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХГҮЙ. З.ЭНХБОЛДЫН НАЙРУУЛГААР С.ЭРДЭНЭ ДАРГА БОЛНО
-Даваа гаригийн орой “Цензургүй яриа” нэвтрүүлгээр З.Энхболд дарга таны оймс нисгэсэн асуудлыг хөндсөн. Та үнэхээр гутал шидэхээр далд тохироод айхдаа оймс шидсэн юм уу?
-Би үзсэн. Тэр хүний ингэж ярьж байгаа нь надад инээдэмтэй санагдсан. Гэхдээ цаад утга агуулгаараа энэ хүн яагаад ийм юм ярив гэхээр АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг бидний залуус босгож ирж хүчтэй энэ асуудлыг тавиад үр дүнд хүрч байгаа. Энэ ажиллагааны эрчийг сулруулах гэж л ийм зүйлийг яриад явна гэж харж байгаа.
Тодорхой баримттай юм ярихад, 2013 онд Дархан-Уул аймгийн АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн үүсгэн байгуулагдаж байсан. Тухайн үед намын дотоод ардчиллын асуудлыг би сөхөж тавьж байсан. Ингээд намын арваад залуу гишүүн тав хоногийн өлсгөлөн зарлан байж Дархан-Уул аймгийн АН-ын дотоод сонгуулийг зохион байгуулаад үр дүнд хүрч байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн АН-ын дотоод сонгуульд оролцуулахгүй гэж намайг МАН-ынхантай хувилдаад З.Энхболд даргын зөвлөх энэ ажлыг гардаад цахим орчинд жиргээ хийж байсан шүү. “Наранбаатар бол НАМЗХ-ны гишүүн юм байна. Үүнийг намын дотоод сонгуульд оролцуулахгүй хас” гэсэн утгатай. Тэр үед намайг намын дотоод сонгуульд оролцуулахгүй хасахын тулд МАН-ын хүн гэдэг гаргалгааг ярьж эхэлсэн.
З.Энхболдын “Цензургүй яриа” нэвтрүүлгээр яриад байгаа асуудал энэ үеэс эхтэй. Дараагийн асуудал нь 2014 оны дөрөвдүгээр сард болсон Монголын эдийн засгийн форум дээр З.Энхболд дарга руу оймс шидсэн явдал. Ингэхдээ энэ хүнийг намын дарга гэдэг утгаар нь биш. Улс орныг удирдаж байгаа тэргүүн, эдийн засгийн томоохон төслүүдийг гацаасан, сүүлийн арван жилд болсон гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, уул уурхайн төслүүдийг унагаасан, эдийн засгийг нугаслах ажлыг голчлон гар бие оролцож хийсэн, эдийн засгийн алуурчин тийм учраас эдийн засгийн чуулган дээр үг хэлэх эрхгүй гэдгээр нь хандсан. Гэтэл намын дарга гэсэн фонтой хүн учраас улс орны эдийн засгийн асуудалд бухимдаж байна гэж харахаасаа урьтаад намыг муухай харагдууллаа гэдэг талаас нь миний үйлдлийг хүлээж авсан. Тиймээс л намайг МАН-ын гар хөл, МАН-ынхан мөнгө өгөөд Наранбаатарыг оймс шидүүлсэн гэдэг мэдэгдлээ тухайн үед Дархан-Уул аймагт очиж хийсэн. Яагаад үүнийгээ Дарханд хийв гэхээр би Дархан-Уул аймгийн АН-ын шинэчлэлийн төлөө явж байсан. Хоёрдугаарт, Дарханчууд үнэхээр шинэчлэлийг хүсч мөрөөдөж байгаа. Тэгэхээр энэ шинэчлэх гээд байгаа залууг нь МАН-ын хүн гээд харлуулчихвал дэмжигчгүй болно гэдгийг л тооцоолсон. Би бол “Төрийн тэргүүн хүн байна. Муу ч сайн ч манай намын дарга хүн байна даа” гэдэг утгаар нь тухайн үед түүний бусармаг мэдэгдлийг тэвчээд өнгөрөөсөн.
Гэтэл сая даваа гаригийн орой телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа “МАН Наранбаатарт захиалга өгөөд фэйсбүүкийн од болгоно гээд гутал шид гэх даалгавар өгч оруулсан байгаа юм. Гэтэл мань хүн айгаад оймс шидсэн” гэж ярилаа. Дахиад л намайг МАН-ын турхиралтаар энэ ажлыг хийлээ гэж намын шинэчлэлийн төлөө явж байгаа залуусын сэтгэл итгэлийг мохоох гэв. Үнэнд гүйцэгдэнээ энэ хүмүүс. Үнэнд гүйцэгдэж ч байгаа.
-Тухайн үедээ та оймсоо шидэхээр төлөвлөж орсон уу?
-Ямар ч тийм төлөвлөгөө байгаагүй. Тухайн үед үнэхээр би бухимдсан. Маш олон мянган компани үүд хаалгаа барьсан. Олон зуун геологи уул уурхайн мэргэжилтнүүд ажилгүй болсон. Үүнийг дагаад энэ салбарт үйлчилгээ үзүүлдэг компаниуд дампуурлаа зарласан. Бухимдахгүй яах юм бэ. Энэ үзэгдэл ард түмнээс, бизнесийнхэнээс шалтгаалаагүй. Бид байдгаараа хичээгээд ажиллаж байсан. Гэтэл төрийн бодлого болоогүй шүү дээ. Маш дампуу бодлого явуулж улс орноо өрөнд унагасан хүмүүс нь хэн байсан юм бэ. З.Энхболд тэргүүтэй намын удирдлагууд шүү дээ. Би намын удирдлага гэдэг утгаар нь биш улс орныг удирдаж яваа хүн гэдэг утгаар нь хандсан. Сүүлийн арван жилд хэрэгжүүлсэн бодлого нь дотоодын төдийгүй барууны хөрөнгө оруулагчдад халтай байсан учраас оймс шидсэн. Манай улсын эдийн засаг зөвхөн хятадын хөрөнгө оруулалтаас бүрэн хамааралтай байх боломжийг бий болгоход та илүүтэй оролцоотой байлаа. Одоо боль гэж л шүүмжилсэн арга хэрэгсэл. Би хамгийн соёлтойгоор үзэл бодлоо илэрхийлсэн. Бусад улс орнуудад өндөг шиддэг юм билээ, хогийн сав руу чихдэг юм байна. Гудамжинд энэ бол авлигач гээд шонгийн модноос дүүжилдэг. Үүнтэй харьцуулахад харьцангуй соёлтой эсэргүүцлээ илэрхийлсэн.
-Та үнэхээр гутал шидэх гэж байсан юм уу?
-Тэр чинь цэргийн баярын дараахан болсон үйл явдал. Би тухайн үед тайлбарлаж байсан. Миний гэргий надад бэлэглэсэн гутлыг би өмссөн байсан учраас тийм үнэ цэнэтэй зүйлийг ийм увиагүй хүн рүү шидэхгүй. Таарах зүйлийг нь л өгсөн. Оймс шидэж байх үедээ тодорхой эрсдлүүдээ бодсон. Мэдээж төрийн тэргүүн. Төрийн нэгдүгээр зэргийн хамгаалалттай хүн рүү ингэж үзэл бодлоо илэрхийлж байгаа учраас эрүүгийн хамгийн том хариуцлага хүлээж магадгүй гэж. Гэхдээ би ард түмнээсээ уучлал гуйсан. Зэ-гээс бол хэзээ ч энэ үйлдэлдээ уучлал гуйхгүй. Харин З.Энхболд одоо надаас уучлал гуйх цаг нь болсон. МАН-аас мөнгө аваад оймс шидсэн гэдэг үгэндээ эзэн болж өөрөө нотлох хэрэгтэй. МАН-ынхан зохион байгуулаад гутал шид гэсэн даалгавар өгсөн чинь нөгөөх нь айхдаа оймс шидсэн гэдэг яриагаа нотол. Би өнөөдөр шүүхэд З.Энхболд даргыг өгсөн. Шударга үнэн гэж байдаг бол надаас уучлал гуйх ёстой.
-Тухайн үед АН залуусынхаа дуу хоолойг сонссон бол магадгүй энэ парламентад нэлээд тооны суудалтай байх байсан болов уу?
-АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг бид 2015 оны дөрөвдүгээр сараас улс орны хэмжээнд өргөжүүлээд “Бид хэн нэгэн хүнтэй тэмцэлдэхээс илүү бүтэц тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй юм байна. Үүний тулд намын үндсэн дүрмийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Үүнд, дүрмэнд орох хадаас 12 санал ийм байна” гэж оруулж байсан. Хамгийн эхний санал нь АН-ын даргыг шууд гишүүдээс нь сонгодог болох. Анхан, дунд бүх шатны даргыг. Гишүүдээ цахим бүртгэлжүүлэх, намын хяналтын хороо, дотоод сонгуулийн хороог өөрсдөө хяналттай, хариуцлагатай болгох шаардлагуудыг тавьж байсан. Тухайн үед энэ шаардлагуудыг тавиад намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга гээд хандаагүй намын удирдлагууд байгаагүй. Улс төрийн мэдэгдлээс эхлээд хэвлэлийн бага хурал ч хийж байлаа. Гэтэл энэ шинэчлэлийг тэр хүмүүс хүсээгүй. Хүсээгүй учраас намайг намаас хөөсөн. Буруу зүйл ярьж байна. Намын нэр хүндийг гутаах гэж байна гэдгийг ярьсан. Өнөөдөр 2016 оны сонгуулийн дараагаас эхлээд намын удирдлагууд ард түмнээр дүнгээ тавиуллаа. Ялангуяа З.Энхболд, Намын хэрэг эрхлэх газар, ҮЗХ. Одоо яаж байна вэ гэхээр бидний тухайн үед тавьж байсан шинэчлэлийн энэ концевцийг бүгд ярьж байна. Сая намын VI их хурлаар бидний оруулсан энэ бүх өөрчлөлтүүдийг баталлаа. Тэгэхээр цаг хугацаа бол үнэнийг харуулж байгаа юм. Өнөөдөр энэ шинэчлэлийг хүсээгүй хүмүүс бүгд шинэчлэгчид болчихсон намын даргын сунгаанд явж байна. Би намын гишүүнчлэлээ сэргээж байгаа шалтгаан нь энэ. Тухайн үед бидний зөв байсан. Биднийг хөөж байсан. Одоо бол бид гишүүнчлэлээ сэргээгээд намыг бид авч явах ёстой гэсэн бодол санаандаа үнэнч үлдэнэ. Тэгэхээр хатуухан хэлье. Шинэчлэл хийгээгүй хүмүүс энэ намаас зайлах ёстой. Намын үйл хэргээс алга болох хэрэгтэй.
-Намын даргын сунгаанд яваа таван хүнээс хэнийг нь дэмжиж саналаа өгөх вэ. АН-ыг аваал явчих лидер бий болов уу?
-Тавуулаа намын улс төрийн амьдралд оролцож байсан туршлагатай хүмүүс. Хоёр нь залуу үеийн төлөөлөл, гурав нь манай намын ахмад туршлагатай улс төрч. Хэн нэгнийг ярихаасаа өмнө би шударга сонгууль болж чадах уу гэдэг дээр санаа зовж байна. Яагаад гэхээр, өнөөдөр намын даргын сонгуулийг хэн удирдаж байна вэ гэдгийг харахаар З.Энхболдын “Шонхор” франкцийнхан удирдаж байна. С.Эрдэнэ бол “Шонхор”-ын тэргүүн. Намын даргын сонгуулийн хороог Хэнтий аймгийн цагаан шонхорын Энхтайваны хуурай дүү, “Шонхор” фракцийн Хэнтий айгийн тэргүүн Оюунбаатар удирдаж байна. НБД-ыг нь хэн удирдаж байна вэ, “Шонхор” фракцийн тэргүүн С.Эрдэнийн туслах хүүхэн Үүрийнтуяа удирдаж байна. Доод шатандаа ч мөн энэ фракцийнхан ажиллаж байна. Намын даргын сонгуулийн хороог нэг фракцийнхан эзэлснээр сонгууль шударга болохгүй. Гэхдээ сонгууль явдгаараа явна. Жинхэнэ үр дүнг нь шкафандаа хийгээд өөрсдийн зохиосон үр дүнгээр асуудал шийдэгддэг. Ийм туршлага Дархан-Уул аймгийн 2010 оны АН-ын дотоод сонгуулийн ажил дээр ч болж байсан. Хоёрдугаарт, сонгуулийг гараар тоолох гэж байна. Энэ тохиолдолд шударга сонгууль болохгүй.
-Нөгөө автомат хар машинаар тоолох боломжгүй гэж үү?
-АН төрийн сонгуулийг шударга явуулахын төлөө сонгуулийн санал тоолох автомат машиныг санаачилсан. Хоёр удаагийн сонгууль үүгээр явсан. Ямар ч маргаан гардаггүй гэдэг нь ойлгомжтой болсон байгаа. Өнөөдрийн автомат машиныг ашиглаад намын дотоод сонгуулийг явуулаач гэсэн хүсэлтийг байнга тавьсан. Харамсалтай нь хэрэгжүүлсэнгүй. Нөгөө л гараар тоолох арга руу орж байна. АН үүн дээр ухралт хийлээ. Энэ намын даргын сонгууль шударга болохгүй. Би Ванга шиг хэлчихье. С.Эрдэнэ намын дарга болно. З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Ингээд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нам дахиад ялагдана. 2020 онд ч ялалт байхгүй. МАН С.Эрдэнээг намын дарга болоосой гэж мөн ч их хүсч байгаа. Тааллаар нь л болох байх. Сонгуулийн хуулийг З.Энхболд “Шонхор”-уудад МАН-ын таалалд нийцүүлээд юу болсон билээ. АН-ыг самрахаа хэзээ энэ хүн зогсоох вэ. Дөнгөж сая бас нэгэн мэдээлэл ирж байна.
-Ямар мэдээлэл. Нууц биш бол дэлгээч?
-З.Энхболдын найруулга байна. Юу гэхээр, Зэ тушаал гаргаад шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх гишүүдийг цуцлаад, өөрсдийн багцалсан хүмүүсээр санал өгүүлж сонгууль явуулахаар болжээ. Байгуулсан Засгийн газраа унагааж, намын үндсэн дүрэм зөрчсөн удирдлага, “Шонхор” фракцийнхан энэ сонгуулийг ингэж будилуулж байгаа учраас шударга сонгууль болохгүй.
-Залуусын төлөөлөл болж нэрээ дэвшүүлсэн Чимиддоржийг 200 сая төгрөгийн босго тавиад “цавчсан”. Энэ мэт шинэ дүр төрх АН-д гарч ирэх боломж хомс болсоор л байна уу?
-Нэг залууг ингэж цавчихаар хэдэн мянган залуу эмзэглэж энэ нам руу чинь ойртож чадахгүй зугтаж байгаа гэдгийг олж харах хэрэгтэй. Түүнээс Наранбаатарыг ч юм уу, Чимиддоржийг цавчлаа гээд тухайн үеийн л асуудал. Нам бол залуу үетэйгээ нэлээд тулж ажиллаж байж шинэчлэлийн асуудал эрчтэй явагдана. Би ахмад үеэ үгүйсгээгүй. Тэдний туршлага бидэнд хэрэгтэй. Гэхдээ ахмадуудын удирдлага доор нам өнгөрсөн хорин зургаа, долоон жилийн түүхэнд маш олон ялагдлыг хүлээсэн. Алдаа нь юу байсан гэхээр хоорондоо эв түнжингүй, намын дүрмээ мөрдөхөө байсан нь нөлөөлсөн. Хэд хэдэн удаа алдаад байгаа алдааг бид яагаад давтуулаад хүлээн зөвшөөрөх ёстой вэ гэдгийг залуус бодсон. АН-ын асуудал гэдэг бол дан ганц намын шинэчлэлийн асуудал биш. АН сул дорой байгаад ялагдаад байвал манай улсын нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал ганц намын эрхшээлд орно. Авлига, хүний эрх, шударга ёсны хэм хэмжээ алдагдана. Энэ бүхэн дээр хяналт тавих ямар ч боломжгүй болно. Тийм учраас АН-ын шинэчлэлийг залуус бид ярихаас өөр аргагүй. Ярихаар албан тушаалын төлөө тэмцэж байгаа. МАН-ын гишүүн манай намыг үймүүлж байна гэсэн пиар хийгээд байна. Ард түмэн тэнэг биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. -Уг нь бол залуус нь мөнгөн босгогүй болгох тухай асуудал ярьдаг. Үр дүнд хүрээгүй юм уу? -Намын шинэчлэлийн гол үндсэн цөм нь ерөөсөө л энэ. Намын дотоод сонгууль болон улс төрийн сонгуульд намын гишүүн нэр дэвшихэд мөнгөн босго тавихыг цуцлах заалт оруулсан ч харамсалтай нь дэмжигдээгүй. Үүнийг алга болгох ёстой. Зүй нь намын даргын сунгааг богино хугацаанд биш дөрөв, таван сарын туршид хийгээд эхний гурван сард зөвхөн намын гишүүдээс хандив цуглуулна гээд заачих хэрэгтэй. Тэртээ тэргүй дараагийн сонгуулийн хугацаа болоогүй. Ерөнхийлөгчийн сонгууль бол яах вэ дээ, тэртээ тэргүй намын гишүүдийн оролцоотой хийдэг ажил.
-Таны харж буйгаар С.Эрдэнэ намын дарга болбол АН-д ямар өөрчлөлт гарах бол?
-Ямар ч өөрчлөлт болохгүй. Магадгүй, нам бут үсэрч мэднэ. 2020 онд ч ялалт байхгүй. Үүнийгээ ч манай намын гишүүд дэндүү сайн мэдэж байгаа.
-Таныг бүртгэчихвэл саналаа хэнд өгөх вэ?
-Өөрийнхөө итгэл үнэмшлээр намын шинэчлэлийг хийж чадах, 2020 онд Ардчилсан намыг ялуулах хүнд өгнө. Одоо би яг тодорхой нэрийг нь хэлээд түүнийг дэмжинэ гэчихвэл сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн арга гээд над дээр арга хэмжээ авч магадгүй. Надаас шалтаг хайж байгаа хүмүүс их шүү дээ. АН-ын гишүүдэд уриалахад намаа ялалтад хүргэж чадах, ялчихаад либериаль бодлого явуулах, төрийн бус хувийн өмчийг шүтсэн, эдийн засгийн томоохон төслүүдийг зоригтой хөдөлгөж чадах тэр лидер хэн байж чадах вэ гэдгийг бодож л саналаа өгөөсэй гэж хүсч байна.
-Тэр лидер залуу хүн байх болов уу, эсвэл туршлагатай, тулхтай хүн байх уу?
-Нэг ийм үг байдаг даа. Ирж яваа цагийн дууг харьж яваа хүмүүс дуулдаггүй юм гэж л хэлье дээ.
-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхөө залуустай хэр дотно хамтарч байна вэ?
-Бид энэ хөдөлгөөний хийх ёстой ажлын үндсэн суурийг нь зөв тавьсан. Санал бодлоо хэлээд явж байгаа.
-Та намынхаа залуусын дуу хоолой болж намынхаа толгойд хүчтэй цохилт өгсөн хүн. Ер нь З.Энхболдын намдаа хийсэн гавьяаг юу гэж хардаг юм бэ. Н.Алтанхуяг гэж хүнийг намаа хэд хэдэн удаа ялалтад хүргэсэн гавьяатай гэдэг?
-З.Энхболд гуай миний өөрт нь гаргасан үйлдэлд тухайн үедээ цочирдсон байж магадгүй. Гэхдээ З.Энхболд намайг харлуулах гэж муу яриад сайн үр дүнд хүрнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Хамгийн гол нь залуу үе рүүгээ нулимснаараа АН-ын мянга мянган гишүүдийг алдсан гэдгийг л энэ хүн ухаараагүй явж байна. Ухаарах ч үгүй юм шиг байна. Н.Алтанхуяг гэж хүн бол намаа таван ч удаа ялалтад хүргэсэн гавьяатай. Зэ-д гавьяа гэхээсээ гай нь их. Тэр ардчиллын үнэ цэнийг үгүй хийсэн гайтай. Өөрөө бол ямар ч буруугүй юм шиг ярьдаг. Тэгээд намынхаа гишүүд рүү толгой дарааллан нулимж байна.
Олуулаа байсан намыг арай гэж л бүлэг байгуулах хэмжээнд аваачлаа. Ард түмэн дүнг нь тавьсан. Энэ бол ардчиллын үнэт зүйлийг тээж цаашаа авч явах манай намын хувьд маш том цохилт боллоо. Үүгээрээ бол ардчилалд гай авчирч байгаа хүн. Одоо тэгээд юу яриад яваа юм. Зүгээр л намаас зайлах хэрэгтэй. Харин Н.Алтанхуяг гэж хүний намдаа байгуулсан гавьяаг үнэлээд АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь шууд өгөх ёстой.
-Та 2016 оны УИХ-ын сонгууульд төрсөн нутаг Дархан-Уул аймгаас нэр дэвшээд өвдөг шороодсон. Хэр удаан ялагдлын шок-д орсон бэ?
-Энэ ялагдал надад маш их эрч хүч өгсөн. Улс төрд үзэх ёстой зүйлээ үзээд явж байна. Дараагийн удаа ялахын тулд юуг зөв хийх ёстой вэ гэдгээ ойлгосон. Тийм учраас би ялагдалдаа ямар нэгэн байдлаар гашуудаагүй. 2013 онд бидний үгийг сонсоод шинэчлэлээ хийчихсэн бол ялах байсан. Харамсалтай нь арай гэж бүлэг байгуулах хэмжээнд л суудал авлаа. Бүх шатны сонгуульд 100 хувь ялагдлаа.
УУЛ УУРХАЙН САЛБАРАА БИТГИЙ УЛС ТӨРЖҮҮЛ
-Та бол залуу улс төрчөөс гадна эдийн засагч хүн. Өнөөгийн эдийн засгийн орчинд МАН ямар бодлого баривал бид хямралыг арай дөнгүүр давах тухайд саналаа хэлээч гэвэл?
-Манай улсын эдийн засгийн бүтэц бол яах аргагүй уул уурхайгаасаа 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Яагаад гэвэл, экспортын нийт орлогын 98 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувь энэ салбараас хамааралтай. Үүнийгээ манай улс төрчид юу гэж ярьж байна гэхээр бид уул уурхайгаас хэт хамааралтай учраас үүнийг болих хэрэгтэй, тиймээс яг одооноос уул уурхайг зогсоогоод хөдөө аж ахуй, аялал жуулчлалаа хөгжүүлье гэдэг. Энэ бол сонголт, болно. Гэхдээ уул уурхайг зогсоосноор хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг тийм богино хугацаанд хөгжүүлж чадах уу гэдэг дээр ямар шийдэл байна вэ. Шийдэл байгаа бол мэдээж болно. Өнөөдөр бидэнд ямар ч шийдэл алга. Ер нь бид хүндрэлээс яаж гарах ёстой юм гэхээр уул уурхайгаа хөгжүүлж байж хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэт бусад салбараа хөгжүүлэх суурь боломжоо бий болгоно. Энэ үнэнтэйгээ манай улс төрчид эвлэрэх цаг нь болсон. Уул уурхайгаар битгий улс төр хий. 26 жил энэ салбараар улс төр хийлээ. Ингэсний үр дүнд бид юуг хожив. 22.5 тэрбум төгрөгийн өртэй, баахан төрийн өмчит уул уурхайн компанитай, сонгуулиар ялалт байгуулчихаараа нөгөө компаниуддаа шахааныхаа бизнесийг цэцэглүүлэх гэж зодолддог, түүнээсээ болоод парламент нь хага үсэрдэг. Улс үндэстнүүд нь хоорондоо хэрэлддэг улс болчихлоо. Одоо үүнийгээ болих цаг нь болсон. Би МАН-ыг үнэмлэхүй олонхи болсон энэ үе дээрээ томоохон хэд хэдэн ажлыг хийгээсэй гэж бодож байгаа. Харамсалтай нь 2016 оны сонгуулиас хойш Эрдэнэтийг яриад, өмнөх Засгийн газар эдийн засгийг элгээр нь мөлхүүллээ гэж гомдоллоод урагштай нэг ч алхам хийсэнгүй.
-Ямар хэдэн ажил вэ, тодруулаач?
-Энэ нам одоо болтол томилгоонуудаа хийж дуусаагүй байна. Одоо ажлаа хийх хэрэгтэй. Тавантолгойн хөрөнгө оруулалтын ажлыг урагшлуулах хэрэгтэй, хоёрдугаарт, Тавантолгойн цахилгаан станцын асуудлыг явуулъя. Төмөр замаа тавих хэрэгтэй байна. Эдийн засгийг хөл дээр нь босгох том төслүүдээ зоригтой хийх бүрэн эрх нь МАН-д байна. Харамсалтай нь энэ намд ямар ч эдийн засгийн төлөвлөгөө алга. Зориг алга. Нуулгүй хэлэхэд ёстой чацага царайлсан засгийн газар байна. АН муу ч сайн ч бүтээн байгуулалтыг хийсэн.
-Бид гуравдугаар сараас бондын мөнгөө төлөөд эхэлнэ. Гэвч мөнгөгүй гацчихлаа. Энд тэндээс мөнгө гуйгаад дорвитой бүтэхгүй байх шиг?
-МАН ажил хийж амжилт олох алтан моментоо алдчихсан. Сонгуулийн дараагаас эхлээд л Тавантолгойн гэрээний асуудлыг зоригтой барьж аваад шийдчихсэн бол өнөөдөр дэлхийгээр явж мөнгө гуйгаад шившиг болохгүй байсан. Оросод очоод хөөгдсөн. Арабын орнуудаар явлаа. Амруугаа алгадуулсан. Монголыг бол найдваргүй этгээд, муу найз гэсэн имижтэй болгочихсон учраас тэд бидэнд мөнгө өгөхгүй. Одоо ОУВС-г харахаас өөр аргагүй болсон. ОУВС-ийн мөнгө бол том төслүүдэд зарцуулагдах мөнгө биш шүү дээ. Төлбөрийн тэнцэл, валютын алдагдлыг барих л зориулалттай. Бага багаар өгдөг. Эдийн засгийн цусны эргэлтийг тасалчихгүй байх амь тариа. Үүнээс өөр гарц сонголт байхгүй. Үүн рүү л явна. Одоо харин цаг алдахгүйгээр том төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэгж байж энэ хүндрэлээс гарна.
-МАН эдийн засагтаа мөнгө босгох алтан боломжоо алдсан гэдгийг тодруулж асуумаар байна?
-Ардчилсан намд азгүй ч юм уу, нэг ийм дүр зураг харагдаад байдаг юм. Манай намыг засаг барихаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр уначихдаг. 400 орчим ам.долларын үнэтэй байсан коксжих нүүрсний үнэ 40 ам.доллар болж унасан. 9000 ам.доллар гараад явж байсан зэсийн үнэ 4500 руу орсон. МАН-ынханыг засаг барьсан үед уул уурхайн бүтээгдэхүүний үнийн цикл нь эсрэгээрээ өсч таардаг. Гэтэл МАН-ынхан яадаг вэ гэхээр энэ бололцоог ерөөсөө ашиглаж чаддаггүй. Би сонгуулийн дараа нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 200-250 ам.доллар болчихоод байхад Тавантолгойн нүүрс 25-35 ам.доллараар зарагдаж байгааг шүүмжлэнгүүт илүү өсөх боломжгүй гээд ЭрдэнэсТавантолгойн удирдлагууд хэвлэлийн хурал хүртэл хийж ард түмэнтэйгээ тэмцлээ. Нүүрсээ өндөр үнээр зарахгүй гэж тэр шүү дээ. Тэгэхээр үнийн өсөлтийн бололцоог энэ намынхан ашиглаагүй. Хэрвээ үүнийг ашигласан бол бид өр зээл гуйгаад гадуур явах уу. Өнөөдөр яаж байна гэхээр, коксжих нүүрсний үнийн өсөлтийн цонх хаагдаж байна. 310 ам.доллар хүртэл өссөн. Одоо бол 170 орчим ам.доллар дээр байна. Гэтэл манайхан 71 ам.доллараар нүүрсээ зарна гээд шоудаад байх юм. Зургаа, долоон сарын өмнө үүнийг хийх байсан.
Төрийн өмчит компани сайн менежмент явуулдаг гэж яриад байх юм. Гэтэл төрийн өмчит компаниуд нь ямар зөв менежмент явуулж байгаа юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Харьцуулаад үзье. ЭрдэнэсТавантолгой дээр нэг тонн нүүрсийг хажууд нь байгаа “Энержи ресурс” 13 ам.доллараар олборлож байхад төрийн өмчит ЭТТ 30 гаруй ам.доллаар олборлож байна. Тэгсэн хэрнээ нүүрсээ 30 ам.доллар хүрэхтэй үгүйтэй үнээр баахан зарлаа. Гэтэл хажууд нь хувийн өмчит компани 120 ам.доллараар зарж байна.
Одоо бол 170 ам.доллараар зарахаар ярилцаж байна. Бидний нөгөө 1072 хувьцааг эзэмшиж ногдол ашиг тараана гээд байгаа төрийн өмчит компанийн менежмент чинь зөв яваад байгаа юм уу. Уг нь бизнес яаж явдаг вэ гэхээр зардал хамгийн бага, орлого хамгийн их нөхцөл рүү чиглэж байвал зөв. Гэтэл ЭТТ яаж байна вэ, эсрэгээрээ зардал хамгийн өндөр, орлого хамгийн доод хэмжээнд яригдаж байна.
Өчигдөр Зэ дарга ярьж байна. Тавантолгой дээр ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Зүгээр л ухаад ачаад байхад болно гэж. Өнөөдөр нүүрсний үнэ 170 ам.доллар хүрчихсэн учраас 5.4 тэрбум тонн нүүрсээ шууд 170 ам.доллараар үржүүлээд 650 тэрбум долларын үнэлгээтэй компанийг төр байлгах ёстой гэдэг зүйлийг ярилаа. Үнэхээр 170 ам.доллараар нүүрсээ зарах менежентийг хийж байгаа бол хамаагүй. Харамсалтай нь төрийн өмч, төрийн гэдэг нэрээр улс төрчид бизнес хийж байна.
Нүүрсний үнийг хамгийн доод хэмжээнд нь байлгаж байгаад хилийн цаана гаргангуут өндөр үнээр зарчихаж байна. Олборлолтоо хувийн компанийн олборлолтын зардлаас хоёр дахин өндөр үнээр хийчихээр тэнд олборлолт хийж байгаа менежмент үр дүнгүй болох нь мэдээж.
-Нээрээ бидний 1072 хувьцаа юу болж байгаа бол. Үр ашгийг нь хүртэх цаг хэзээ байх бол?
-Би одоо цэвэр уул уурхайн инженер, эдийн засагчийн хувьд ЭТТ орд дээр судалгаа хийгээд бараг дуусч байна. Их сонин юм гарч ирнэ. Тавантолгойн орд яг одоогийн менежментээрээ нүүрсээ зарах юм бол 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй энэ ордоос 200 сая тонн хүрэхтэй үгүйтэй нүүрсийг олборлож чадах уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Бусад нь эдийн засгийн үр өгөөжгүй, хог шороо болоод газрын хэвлийдээ юу ч биш болоод үлдэнэ. Энэ 200 сая тонн нүүрсийг алдагдлаа нөхөх хэмжээнд үлгэн салган ажиллуулахад 10-15 жил ажиллуулаад ард түмэнд 1072 хувьцааны ногдол ашиг ирхээргүй байдалтай дуусахаар үр дүн харагдаж байна. Тэгвэл төмөр замаа тавиад, Тавантолгойн цахилгаан станцыг бариад өндөр үнэтэй дизель тоног төхөөрөмж ажиллуулахгүйгээр цахилгаан эксковаторуудыг ажиллуулах юм бол олборлолтын зардал эрс буурна. Үүн дээрээ нүүрсээ баяжуулаад япон, солонгос гэх мэт гуравдагч зэх зээлд гаргаад 300 ам.доллараар зарж чадвал 5.4 тэрбум тонн нүүрсний 80-90 хувь нь эдийн засгийн үр ашигтай нөөц болно. Энэ тохиолдолд бид 100-150 жил энэ ордыг ашиглах нөөц бололцоотой. Энэ хугацаанд бид хэдэн үеэрээ 1072 хувьцааны ногдол ашгийг хүртэх боломжтой байна вэ.
Тэгэхээр өнөөдөр Зэ-гийн яриад байгаа менежмент бол Тавантолгойн нүүрсийг сорчилж ашиглаад үлдсэнийг нь хог шороо болгох, 1072 хувьцааг ямар ч үр ашиггүй зүйл болгож хувиргахыг яриад байна. Би энэ тооцоог удахгүй дуусгаад яг салбарын мэргэжлийн инженерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тэнд улс төрчид биш салбарын мэргэжлийнхэн дүгнэлтээ хэлнэ. Үүний дараа улс төрчид нь яагаад Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэгтэй юм бэ гэдгийг бодог.
-Ойлгож сэрэх болов уу?
-Ойлгуулах тал дээр инженерүүд эдийн засагчид бид хичээх ёстой. Үр ашиг, сайн муу талыг нь судалж мэдсээр байж үүнийг нураалгах юм бол салбарынхан бидний буруу болно. Тиймээс үүрэг хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй хандах ёстой. Хоёрдугаарт, би 1072 хувьцааг эзэмшиж байгаа иргэн хүн.
БҮРЭНХААНЫ ФОСФОРИТЫН ОРДЫГ ТҮШИГЛЭЭД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ
-Нүүрсээ бид нэг их ашиггүй урагшаа зөөгөөд дуусах нь тодорхой боллоо. Өөр үр ашигтай мөнгө олох боломжтой салбар байна уу?
-Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарыг илүү сайн хөгжүүлээсэй гэж боддог. Гэхдээ үүнийг хөгжүүлэхийн тулд уул уурхайтай хамааралтай нэг төслийг зайлшгүй хэрэгжүүлмээр байгаа юм. Үүнийг нэг ч эдийн засагч, улс төрчид ярихгүй байна. Юу вэ гэхээр, хойд бүсийн аж үйлдвэрийн цогцолборын тухай асуудал. Хөвсгөлд усгүй, модгүй тал газарт, Бүрэнхааны фосфоритын орд газар байна. Энэ бол газар тариалангийн фосфорын бордооны гол үндсэн түүхий эд. Тэгэхээр фосфорын бордоо хийхийн тулд үүнийг заавал олборлох шаардлагатай болж байгаа юм. Олборлоод боловсруулах юм. Тэгэхээр боловсруулах үйлдвэр барих шаардлагатай. Гэтэл үүнтэйгээ хамт фосфорын бордоо үйлдвэрлэхэд хүхрийн хүчил хэрэгтэй болдог.
Хүхрийн хүчил Монголд байхгүй. Үүнийг юунаас гаргаж авдаг вэ гэхээр зэс хайлуулах үйлдвэрээс гаргаж авдаг юм. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр өнөөдөр зэсээ шороонд агуулагдаж байгаа баяжмалтай нь түүхийгээр нь зарж байгаа. 40 гаруй жил энд зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал ярьсан. Харамсалтай нь, зогссон шалтгаан нь энэ үйлдвэрийг барихад, хүхрийн хүчлийг хэрэглэх зах зээл нь байхгүй гэдэг утгаар өдий болтол хэрэгжүүлээгүй. Тэгвэл фосфорын ордоо ашиглаад зэс хайлуулах үйлдвэр барьчихвал бид фосфорын бордоо гэдэг шинэ бүтээгдэхүүнтэй болох нь ээ. Тонн нь дэлхийн зах зээл дээр 700-1200 ам.долларын хооронд хэлбэлздэг ийм бүтээгдэхүүн. Урд хөрш асар их хэрэглэдэг. Энэ үйлдвэрийг барихад Монгол Улс бордооныхоо хэрэглээг бүрэн хангана. Гэтэл Хөвсгөл, Дархан, Эрдэнэт газар тариалангийн гол бүс нутаг. Тэр бүс нутагт нь бордоо хийчихвэл маш бага өртөгөөр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжинэ. Цэвэр зэстэй болбол хүнд аж үйлдвэрээ хөгжүүлчихэж байна.
Энэ мэтчилэн харилцан уялдаатай хөгжих аж үйлдвэрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж болж байна. Үүний бас нэг гол тулгуур нь хойд бүсийн төмөр замын асуудал. Засгийн газрын түвшинд бол хойд бүсийн төмөр замын асуудлыг өргөн царигаар Эрдэнэт Овоотын чиглэл рүү 500 гаруй км замыг холбох зөвшөөрлийг өгчихөж байна. Энэ бол сайн зүйл. Гагцхүү манай улс төрчдөд иргэний зориг алга. Фосфорын бордооны асуудал яриахаар хаа байсан 100 гаруй км хол Хөвсгөл нууртай холбоод, Далай ээж цаазын тавцанд гэдэг асуудал яриад хэн ч үүнийг барьж авч чадахгүй байна.
-Судалгаа байхгүй юу?
-Бүх тооцоо судалгаа нь байгаа. Би өнгөрсөн дөрвөн жилд засгийн газарт, холбогдох яамдад судалгааны материалаа хийгээд өгч байсан. Хойд бүсийн аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх асуудал дээр би өөрөө гар бие оролцож явсан судлаачийн хувьд энэ төслүүдийг хөдөлгөх улс төрийн хүчнийг дэмжиж ажиллана.
-Боловсруулах үйлдвэр баръя гээд асуудал сөхөхөөр яагаад замхараад байдаг юм бол?
-Дахиад л өнөөх З.Энхболдыг ярина. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэж АН санаачлаад хийх гэсэн манай АН-ын зарим гишүүд МАН-ынхантай хувилдаад энэ төслийг явуулаагүй гэдгийг “Цензургүй яриа”-нд орохдоо хэлж байна билээ.
2011 онд би яг энэ аж үйлдвэрийн асуудлаар судалгаа хийж байсан. Тэгэхэд Сайншандын аж үйлдвэрийн парк өрсөлдөх чадваргүй гэж гарч байсан. Маш энгийн тодорхой зүйл хэлье. Сайншандад цемент үйлдвэрлэнэ гэж зүтгэсэн. Сайншанд дээр ган үйлдвэрлэнэ, зэс хайлуулах үйлдвэр барина гэж зүтгэсэн. ТЭЗҮ, Зах зээл талаасаа хөрөнгө оруулалт босгох талаасаа энэ ямар ч өрсөлдөх чадваргүй төсөл.
Өнөөдөр Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл дээр судалгаа хийх нэрээр 68 тэрбум төгрөг зарсан байгаа. Тэгчихээд энд чинь би зэс хайлуулах үйлдвэр баръя гэсэн нэг хөрөнгө оруулагч байгаа юм уу, байхгүй. Яагаад энд хөрөнгө оруулъя гэж асуух нэг ч хүн гарч ирэхгүй байна вэ. 2011 онд хийсэн бидний судалгаагаар юу гэж гарсан бэ гэхээр төмрийн хүдрийн гол нөөц нь Дархан, Сэлэнгийн бүсэд байна. Мянга гаруй км Сайншанд руу зөөгөөд, тэнд гангын үйлдвэр бариад эргээд хэрэглэх зах зээл нь Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар байна.
Яагаад ийм өндөр өртөгтэй бүсийг тэнд байгуулчихаад хэрэглээ зах зээл нь энд байх ёстой юм гээд бодохоор үйлдвэрлэлийн өртөг нь зах зээлийн борлуулалтын үнээсээ даваад байна. Тийм болохоор өрсөлдөх чадваргүй. Үүнийг захын эдийн засагч 68 тэрбум төгрөг зарцуулахгүйгээр 5 минутад хэлж ойлгуулж чадна. Гэтэл ямар ч ашиггүй ийм төслийг “Манай намын хэдэн нөхөд МАН-ынхантай хувилдаад явуулаагүй” гээд ярьж байгаа нь утгагүй.
Ийм хариуцлагагүй, улс орныхоо эдийн засгийг нугасладаг, төрийн өмчийг шүтсэн, коммунист манай намын толгойд байсан учраас бүх зүйл яваагүй. Эдгээр хүмүүс манай намаас өрх тусгаарлаад коммунист намаа байгуулаад тусдаа гарах хэрэгтэй.
М.МӨНХТУНГАЛАГ Эх сурвалж: “Улс төрийн тойм”
Сэтгэгдэл ( 3 )
Энэ залуу шударга л ярьж байна. Ийм залуусыг дэмжихгүйгээр аль ч нам хол явахгүй. Үнэн үгэнд эрх мэдэлтнүүд дургүй болжээ. Наранбаатар амжилтанд хүрнэ. Шударга ёс тогтоно.
erdene iin hun uym baina chi
Ийм тэмцэгч залуучууд олноор төрж үгээ хэлж байгаад баяртай байна. Монголын ирээдүй сайхан болноо. Зоригтой ч байнаа. Эрдэнэ сонгогдвол нам яг хуучнаараа бүр дордоно гэдгийг ойлголгүй л өөрийнхөөрөө зүтгэж байна. Дүү 1-29-нд Батзандан намын дарга болчихвол би Вангагаас илүү юм гээд 100 татна. Эрдэнэ гарчихвал чиний төлөө 100 татна.. Ямар ч тохиолдолд би 100 татна.