Монгол Улсад эдгээр өдрүүдэд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчид ажиллаж байна. ОУВС-гийн төлөөлөгчидтэй Сангийн яамны удирдлагууд уулзалт хийж, хэлэлцэж байгаа юм. Учир нь манай улс эдийн засгаа аврахын тулд ОУВС-аас олгодог “Станд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Ийм ч учраас холбогдох албаны хүмүүс өнгөрсөн онд манай улсад ирж ажилласан бол энэ өдрүүдэд Ази номхон далайн газрынхан ирж ажиллаж байгаа юм байна. ОУВС-гийн “Станд бай” төсөл гэдэг нь эдийн засаг нь дампуурах шатандаа хүрсэн эсвэл дампуурсан орнуудад богино хугацааны санхүүгийн өндөр шаардлагатай өгдөг зээл гэж ерөнхийлж болно. Энэхүү зээлийг манай улс авахаар бол дараах шаардлагуудыг хэрэгжүүлэх ёстой.
Үүнд:
1.Төлбөрийн балансын тэнцлийг хангах
2.ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах
3.Нийгмийн халамжийг танах
4.Мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэх
5.Зээлийг хумих
Эдгээр заалтуудыг ойлгомжтойгоор тайлбарлавал манай улсын банк санхүү, төрийн бодлого, нийгмийн халамж үйлчилгээ, эдийн засгийг гадныхан бүхэлд нь хянах боломж бүрдэх юм.
ОУВС-д “standby credit facility”, “stande arrangement” гэсэн хоёр төрлийн стандбай хөтөлбөр байдаг. “standby arrangement” нь бага дунд орлоготой улсуудад олгох стандарт, энгийн зээлийн хөтөлбөр юм. Харин “standby credit facility” нь бага дунд орлоготой улсуудад олгодог нэн хямдралтай зээл. Манай улсын хувьд бага дунд орлоготой улсуудын тоонд багтдаг учраас “standby arrangement” зээлийн хөтөлбөрийг авах боломж бүрдэж байгаа. Монгол Улс ОУВС-гийн зээлд өмнө нь 1991, 1993, 1997, 2001, 2009 онуудад хамрагдаж байснаас 1993, 1997, 2001 онуудад бага орлоготой доод түвшинд хамрагддаг улсуудад зориулагдсан “extended credit facility” зээлийн төрлөөр 59 мянга 327 ам.доллар авч байсан. Харин 1991, 2009 онуудад одоогийн манай улсын хүсэж байгаа зээлийн төрөл буюу бага дунд орлоготой улсуудад олгодог “standby arrangement” төрлөөр нийт 136 сая 390 мянган ам.долларын зээл авсан байна. Ерөнхийдөө манай улс 1991 оноос хойш ОУВС-гийн зээлд хамрагдаж эхлээд нийтдээ 195.7 сая ам.долларын зээл авсан байгаа юм. “Манай улсын хувьд зах зээлд шилжих үед, эдийн засгийн хүндрэлтэй үед ОУВС-гаас авсан 195.7 саяын харьцангуй бага хүүтэй зээл эдийн засгийг сэргээхэд хувь нэмэрээ оруулсан нь үнэн. Гэхдээ одоогийн засгийн газрын хямралын гол үндэс суурь тогтолцооны гажуудал, эдийн засгийн хараат байдал, эдийн засгийн аюулгүй байдлын алдагдал, бие даасан бодлого явуулах боломж хумигдсан байдал, хэмжээнээс хэтэрсэн 21 тэрбум ам.долларын гадаад өр зэрэг нь “стандбай” хөтөлбөрт төлж буй үнэ” хэмээн зарим нэг эдийн засагчид үздэг.
Өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-тай хэлэлцээр амжилттай хийгдвэл эдийн засаг сэргэх тооцоо бий. Бид судалж үзсэн үндсэн дээр ийм тооцоо гарсан” гэж хэлж байгаа. Ямартай ч эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед яаралтай арга хэмжээ авах нь зөв ч хөдөлгөөнөө оновчтой хийхгүй бол хоол нойроор нь сойно гэдэг шиг Монгол улсын үйл ажиллагаанд гадныхан хэт ил тод байдлаар оролцоод эхэлвэл бодит жишээ болох Нигер, Болив, Аргентин (эдгээр орнуудыг өрийн дамдууралд оруулж улмаар өндөр хөгжилтэй орны үйлдвэрлэгч, түүхий эдийг бэлтгэгч болгон хувиргасан) зэрэг олон орны жишигт хүрэх аюултай юм.
Бид эдийн засгаа аврах хэрэгтэй байгаа ч өөрсдийн тусгаар тогтнол бие даасан байдлаа авч үлдэх нь юу юунаас чухал билээ.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 3 )
naaduul chin avah ni todorhoi tiimees bid hatuu hynalt shaardlagiig tavih mun hatuu haryutslag shiitgeltei boloh zailshgui shaardlagtai ymaa
Budda surgaal uzel surtal
Зөв орох хэрэгтэй хатуу гар хэрэгтэй бна шүү