УИХ, эдийн засгийн байнгын хороо хуралдаж эхэлснээс хойш батлах гэж байгаа хууль, хэлэлцэж байгаа асуудлын талаар сошиал ертөнцөөр цэцэрхэгчид болон компьютэрийн араас шүүмжлэгчдэд хэсэг л хийх ажилтай болж байгаа харагдаж байна. Манай УИХ-ын гишүүд, сайд нар ч гэсэн хашрахгүй янз янзын үг, үйлдэл гаргасаар итгэл даалгаж сонгосон иргэдийнхээ аманд багтаж байгаа. 10 жилийн сургуульд эсвэл их дээд сургуульд ёс зүйн алдаа удаа дараа гаргасан хүүхдийг багш нарын хурлаар оруулж хэлэлцэж байгаад сургуулиас хөөх хүртэл арга хэмжээг авдаг. Тэгвэл бүхэл бүтэн улсын эрхийг барилцаж байж ёс зүй байтугай юун дотор ороод ирсэнээ ч мэдэхгүй улс төрчид Монгол улсад цөөнгүй гэдэг үг багадахаар байна. Энэ нь иргэн таны буруу учир нь манай иргэд олныг дагаж хошуурч хэдэн төгрөгний төлөө саналаа өгдөг.
Хэн илүү боловсролтой вэ? Хэн нь илүү итгэлтэй вэ? Гэдгийг харалгүй сайхан амлаж, халамжилсан нэгнийг нь л сонгочихдог эцэст нь дөрвөн жил нөгөөдүүлээсээ амлалтаа нэхэж суудаг. Энэ байдал дөрвөн жилийн дараа ахиад л давтагддаг. Бид УИХ-ын гишүүд ёс суртахуунгүй, мэдлэггүй, боловсролгүй гэж гоншигонож суухийн оронд өөрсдөө халамж, мөнгө харалгүй чадварлаг улс төрчдийг сонгож чаддаг болчихоод дараа нь тэр итгэлтэй хүмүүсээсээ юм нэхэж суумаар. Ганцхан жишээ дурьдхад өнөөдрийн УИХ-ын зааланд сууж буй 75 гишүүний 18 нь урлаг, спортын хүмүүс мөн 60-аас дээш насны гишүүн ердөө л дөрөвхөн. Олон улсын жишиг харахад парламентын гишүүний дундаж нас 50 харин манай улсад дундаж наслалт улам залуужсаар байгаа.
Мөн манай улсад ёс зүйн алдаа гаргасан гишүүдэд хариуцлага тооцдог хууль байхгүй, тийм хууль хэд хэдэн удаа орж ирж байсан ч дундаа хийгээд л алга болгосон. УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд гэж ямар хүн байх ёстой байдаг гэдгийг өнгөрсөн найман жилийн хугацаанд бид улам тод томруунаар харсан. УИХ-ын гишүүн, сайд болоод л өөрсдийн ах дүү, хамаатан садан, ойр дотны, эсвэл гэр бүлээс гадуур явалддаг хүүхнээ авчраад өөрийнхөө эргэн тойрны албан тушаалд томилчдог нь бичигдээгүй хууль болоод удаж байгаа. Ийм ч учраас Монголын залуучууд хийх, хэлэх зориг нь мохож хэн нэгний цүнхийг барьж хов зөөдөг болсон. Ийм аргаар явсан хэд нь зах зухаасаа гүзээ сууж эхэлдэг. Тэгэхээр ёс зүй гэдэг зүйлийг мартсан гишүүдэд арга хэмжээ авч сонгогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслөө эргэн сөхөж хэрэгжүүлэх цаг нь болсон.
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслөөс
Гуравдугаар бүлэг. УИХ-ын дарга, дэд даргыг огцруулах, гишүүнийг эгүүлэн татах 11 дүгээр зүйл. УИХ-ын гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах
11.1. УИХ-ын гишүүнийг доор дурдсан тохиолдолд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар эгүүлэн татна:
11.1.2. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон
11.1.3. Хууль ноцтой зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдсон
11.1.4. нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсаныг Ёс зүйн дэд хороо тогтоосон
11.1.5. тухайн жилийн УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан
Гэх мэт өндөр хариуцлага тооцох хуулийн төсөл 2015 онд яригдаж байсан. Хэрвээ энэ хуулийг баталж хатуу чанга мөрдөж эхлэх юм бол төрийн ордны томоогүй жаалууд томоожиж, хичээлдээ идэвхтэй сууж, хэн нэгний юманд дураараа хүрдэг нь багасаж, сонгоны анги болон хувирч болох юм.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 2 )
ЭНЭ ЮУ ВЭ АЛЬ ЭРТ ЭНЭ АСУУДАЛ УИХ-Д ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ШҮҮ ДЭЭ ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛСААР БАЙГААД Л ӨДИЙ ХҮРЧ ИРСЭН ОДОО ТЭР ЦЭЦ ГЭЖ БАС НЭГ БҮРЭН ХАМГААЛАЛТАНД ОРДОГ ХҮМҮҮС БАЙНА. ТӨРИЙН ЯМАР Ч АЛБАН ТУШААЛД ИЙМ ХАМГААЛАЛТ БАЙХ ХЭРЭГГҮЙ ХЭРЭВ АРД ТҮМЭН ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ БУРУУ Л ЮМ ҮЙЛДСЭН БОЛ БУЦААЖ ТАТАХ ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГААР ШҮҮГДЭХ БҮХ ШИЙДВЭРҮҮД НӨЛӨӨЛДӨГ БАЙХ ЁСТОЙ ТЭД АРД ТҮМНЭЭСЭЭ ЯЛГАРАХ ЁСГҮЙ ХУУЛИЙН ӨМНӨ АДИЛХАН Л БАЙХ ЁСТОЙ ШҮҮ УЛСЫН ХӨРӨНГӨ ЗАВШУУЛЧИХААД ЗУГТААГААД УИХ, ЦЭЦЭД ОРДОГ ХҮМҮҮС ОДОО Ч БИЙ ШҮҮ.ТЭР ХҮМҮҮС ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХУУЛИЙН ӨМНӨ ОЧИХ ЁСТОЙ.
Монголд парламентийн гишүүдийн эрх ашгийг хязгаарласан ийм хуулийг өөрсдөө УИХ гишүүд байх үедээ хэзээ ч хэлэлцэж батлахгүй.