Ардчилсан нам VI их хурлаа хийж, намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах асуудлаа хэлэлцэж дараагийн их хурлаараа эцэслэн батлахаар тохирсон. Түүнээс хойш намынхаа дүрмийг хөдөө орон нутаг болон нийслэлийн дүүргүүд дор бүрнээ хэлэлцэж байна. Тус намын ээлжит их хурал энэ ням гаригт хуралдаж дүрмээ батлах юм. Намын дүрэмд зааснаар дэд даргатай байхаар оруулж өгсөн байна. Мөн АН дэргэдээ Ардчилсан оюутны холбоо байгуулахаар дүрэмдээ тусгажээ. АН-ын дүрэмд ямар онцлог заалт, өөрчлөлт орсныг та бүхэнд хэсэгчлэн сонирхуулья.
Намаа ялагдуулсан дарга нарт хариуцлага тооцох уу?
“Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд, 3.10.1.1 Намын Тэргүүн, Дэд тэргүүн, намын ЕНБД нар огцорсонд тооцогдоно. Эдгээр нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн байна. Энэ нь УИХ-ын сонгуульд гэж заасан нь зарим гишүүдийн дунд маргаан үүсгээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил болно. Сонгуульд тааруу оролцсон тохиолдолд одоогийн намын дарга хариуцлага үүрэхгүй гэж байгаа нь шүүмжлэх заалт юм. Иймд Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан бол мөн дээрх хариуцлагыг үүрүүлэх заалт оруулах нь зүйтэй гэдэг дээр зарим гишүүд нэгдээд байгаа юм.
Үндэсний зөвлөлдөх хороо бодлогын хороо болно
Мөн шинээр намд Үндэсний Бодлогын хороо (ҮБХ) байгуулагдах юм байна. Намын төлөөллийн төв байгууллага нь Үндэсний Бодлогын Хороо байх ажээ. Өөрөөр хэлбэл хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо юм. Энэ хорооны нэрийг ингэж өөрчилсөн нь нам бодлогын нам болох шинэчлэлийн нэг хэсэг ажээ. Тус хороо нь “Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна. Үүнээс 76-аас доошгүй нь эмэгтэй, 76-аас доошгүй нь 39-өөс илүүгүй насны гишүүдэд ногдоно” гэжээ. Тооны хувьд 228 байж өөрчлөгдөхгүй ч эмэгтэйчүүд, залуучуудын квотыг ийнхүү зааж өгсөн байна.
ҮБХ-ны гишүүний бүрэн эрхийн хугацааг хоёр жил байхаар тусгажээ.
ҮБХ нь дараах эрхтэй ажиллах юм байна.
Үүнд:
5.7.6.1. Улс төрийн өөр намыг нэгтгэх;
5.7.10.4. Улс орны хөгжлийн болон нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг сонсох, авч хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргах, ЕЗ-д чиглэл өгөх;
5.7.10.5. Төрийн сонгуульд оролцох Намын мөрийн хөтөлбөрийг батлах;
5.7.10.6. Ардчилсан Намаас бусад Улс төрийн намтай байгуулах хамтын ажиллагааны гэрээ батлах, эвсэл байгуулах асуудлыг хэлэлцэх;
5.7.10.8. УИХ-ын Сонгуулийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
ҮБХ-ны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангахад чиглэсэн намын гүйцэтгэх удирдлагын төв байгууллага нь Ерөнхий Зөвлөл байх аж.
АН дэд тэргүүнтэй ажиллана
Ардчилсан Намын даргыг “намын тэргүүн” гэж нэрлэхээр заасан байна. Түүнчлэн нам нь дэд тэргүүнтэй байхаар дүрмэндээ заагаад байгаа юм.
Дүрмэнд, 5.11.1. “Намын Тэргүүн нь дэд Тэргүүнийг Их хуралдайд санал болгож батлуулна.
5.11.2. Дэд Тэргүүн нь намын их Хуралдайгаас олгосон эрх хэмжээний хүрээнд ажиллана.
5.11.3. Намын Тэргүүний эзгүй тохиолдолд дүрмэнд өөрөөр заагаагүй бол намын дэд Тэргүүний аль нэг нь насны эрэмбээр намын Тэргүүнийг түр орлоно” гэжээ.
Ардчилсан намын удирдлагад намын Тэргүүн, дэд Тэргүүн, ЕНБД, Нийслэлийн намын хорооны дарга, УИХ-ын дарга, эсвэл дэд дарга, УИХ дахь намын бүлгийн дарга, Ерөнхий сайд багтах юм. Намын удирдлага нь долоо хоногт нэгээс доошгүй удаа хуралдахаар заажээ.
Ардчилсан оюутны холбоо байгуулагдана
Нам нь дэргэдээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан оюутны холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан ахмадын холбоо байгууллагуудтай байх юм. Оюутны холбоонд 26 нас хүртэл, залуучуудын холбоонд 35 хүртэл, ахмадын холбоонд 55-аас дээш насныханыг гишүүнээр элсүүлэхээр дүрэмд тусгажээ. Шинээр байгуулагдаж байгаа нь Ардчилсан оюутны холбоо юм. МАН хэдэн жилийн өмнө оюутны байгууллагатай болсон. Иргэдийн санал санаачлагыг авах, сонгуульд үр дүнтэй оролцоход оюутны байгууллага чухал үүрэгтэй гэж намын удирдлагууд үзэж оюутны байгууллага байгуулах шийдвэрт хүрсэн байна.
“Дэргэдэх байгууллагууд нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа Үндсэн дүрэм, бусад дүрэмд нийцүүлэн баталсан дүрмийн хүрээнд зохицуулна” гэжээ. Өөрөөр хэлбэл дээрх салбар байгууллагууд нь намынхаа үндсэн дүрмээс нэг их гажихгүй байх ёстой аж.
Зөвлөхүүдийн танхим ба хуучин дарга нарын очих газар
АН дэргэдээ шинээр Зөвлөхүүдийн танхим байгуулах юм. Зөвлөхүүдийн танхим гэдэг нь ерөнхий Зөвлөлийн дэргэд намын удирдлага, уламжлалыг хадгалах зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогын талаар зөвлөх эрх бүхий Зөвлөхүүдийн танхим байх юм.
Зөвлөхүүдийн танхимын бүрэлдэхүүнд Намын Тэргүүн, дэд Тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд багтах аж. Намын ахмад гишүүд, үеэ өнгөрөөсөн ч намынхаа ажилд сонирхолтой Р.Гончигдорж, Да.Ганболд гэх мэтийн нөхдүүдийг Зөвлөхүүдийн танхимд оруулах гэнэ. Намын шинэчлэл саад учруулж буй халаагаа өгдөггүй нөхдүүдийг энэ танхимд оруулж, үүнийгээ “дэвшүүлэн зайлуулах” арга ч гэж нэрлэж байгаа аж.
АН-ын шинэчилсэн дүрмийн төслийг танилцуулахад ийм байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
jaahan komnist durem bolj bgaa ymuu daa