Хятадын археологичид Цагаан хэрмийн нурж дарагдсан байсан хэсгийг олсон тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Суйжун хошууны уулархаг нутаг Ляонин мужаас Цагаан хэрмийн бараг 20 километр хэсэг олдсон байна. Энэ бүс нутагт хэрмийг Мин улсын үед /1368-1644 он/ өөрчилсөн нь одоо бүрэн нуранги болжээ. Хэрмийн нуранги олон зуун жилийн хугацаанд хамгаалалтгүйн улмаас тарж үгүй болсон байна. Үүгээр урьд нь Цагаан хэрэм дайран өнгөрдөг байсныг нутгийн оршин суугчид мартах дээрээ тулсан бөгөөд хэрмийн чулуу, туйпууг гэр байшин барихдаа ашигласныг археологичид мэдээлжээ. Хятадын Цагаан хэрмийн барилгын ажлыг манай эриний өмнөх III зуунд эхэлсэн байна.Түүнээс хойш үргэлжлүүлэн барьсаар манжуурын Цин улсын үед /1644-1911 он/ хэрмииг анхаа-ралгүй орхисноос байгууламж сүйджээ. XX зууны сүүлийн 10 жилд хэрмийг сэргээн засах ажиллагаа эхэлсэн байна. Дашрамд сонирхуулахад, Хятадын эрдэмтэд Цагаан хэрмийн бат бөх, өнө удаан оршин тогтсоны нууцыг тогтоосон билээ. Байгууламжийг чулуун блокоор барихдаа цементэн шавар бус, цавуулаг цагаан будааны зутанг барилгын усанд муу уусдаг цагаан бодистой /кальцийн гидроксид/ хольж ашиглаж байсныг химичид тогтоожээ. Цагаан будааны зутан ашигласан нь тухайн үеийн дэвшил, шинэлэг алхам байв.Тэр шингэн дуссан хөрсөнд өнөөг хүртэл ногоо ургаагүй байгаа ажээ. Цагаан будааны зутанг хэрэм барихад төдийгүй Мин улсын үеийн бунхан, сүм хийдийн цогцолборын барилгад ашиглаж байсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )