Г.Ариунбаатар: “Чи Монгол хүн шүү” гэж өөрийгөө зоригжуулдаг

2017 оны 02 сарын 20

Монгол төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг 2002 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулан, онцгой гавьяа байгуулсан иргэнд олгодог болсноос хойш даруй 14 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд есөн хүнд “Чингис хаан” одонг гардуулсан бол өнөө жил дэлхийн дуурийн театрын тайзнаа “тод од” болон гялалзаж буй Ганбаатарын Ариунбаатарыг энэхүү одонгоор шагнах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан юм. Ийнхүү Г.Ариунбаатар “Чингис хаан“ одонг хамгийн залуудаа буюу 28 насандаа хүртсэн нь 2016 оны онцлох үйл явдлын нэг байлаа.

“Эзэн хичээвэл заяа хичээдэг” гэдэгчлэн “Монгол Улс” гэх нэрийг дэлхийн чихнээ цуурайтуулж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг "Зиндаа" сэтгүүлийн “Дэлхийн Монгол” буланд эрхэм хүндтэй зочноор урин залж, ярилцлаа.


-Монгол Улсын тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одонг энгэртээ зүүж байх тэр мөчийг эргэн дурсвал... Яг юу бодогдож байв?

-Анх “Чингис хаан” одонгоор шагнагдахаар боллоо гэж сонсоод айх, гайхах зэрэгцэж байлаа. Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн бодол “Цаашид юу хийх үү, энэхүү шагналаа яаж дааж явах вэ” гэдэг байсан. Аливаа гавьяа шагналыг хүртэх сайхан, хамгийн чухал нь түүнийгээ өндөрт өргөж явна гэдэг том хүндлэл юм болов уу. Энэхүү шагнал надад болоод Монголын сонгодог урлагт өгсөн үнэлэлт, басхүү ихийг хийгээрэй гэсэн “ташуур” юм гэж ойлгож байгаа.  

-Энэ шагналыг та 28 насандаа хүртлээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх алдрыг 22-хон насандаа хүртэж байсан. Залуу хүний хувьд арай л эрт энэхүү шагналуудыг авчихсан гэх бодол төрөх юм уу?

-М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн уралдаанд түрүүлээд ирсний дараахан буюу 2011 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж байлаа. Би ер нь аливаа шагналыг хүртэхдээ нэг их догдолж хөөрдөггүй юм. Мэдээж тухайн үед маш өндөр хариуцлага хүлээлгэж байна даа, өнөөдрийнхөөсөө илүү их хөдөлмөрлөх ёстой юм шүү гэдгийг ухамсарлаж байсан. Ингэж бодсоны үндсэн дээр дараа дараагийн амжилт маань гарсан юм болов уу.

Хэтэрхий эрт МУГЖ болсон гэдэг дээр би арай өөр бодолтой явдаг. Дэлхийд наймхан настай хүүхэд симфони зохиогоод явж байхад миний 22 нас гэдэг юу юм бэ. Харин ч төр засаг маань урам өгч, цаашид илүү “чангараарай” гэх үүднээс энэхүү шагналыг 22 настайд минь өгсөн гэж боддог. Мэдээж хийж бүтээснийг нь хардаг байх. Олны дунд “Энэ хүний нас яваад байдаг, одоо энэ шагналаа өгчихөөсэй, өгье” гэх яриа их гардаг. Би үүнийг өрөөсгөл ойлголт гэж боддог.

-М.И. Глинкийн нэрэмжит уралдаанд орж байхад тань үзэгчид “Сайхан Монгол, том Монгол” гэж хашгирч байсан гэдэг?

-Соёлтой үзэгчид тийм байдаг юм билээ. Би Монголын ард түмнийг тэнд аваачаад үзүүлчих юм сан гэж бодож байсан. “Браво” гэж орилоод л. Тайзны ард орчихсон байхад буцаж гаргаж ёслуулсан. Буцаж гарч ёслоод л надад үнэхээр кайфтай байсан шүү...

элхийн сонгодог урлагийн “олимп” гэгддэг П.И.Чаиковскийн уралдаанд түрүүлж, Гран при шагналын эзэн болж байсан. Энэ уралдаанд тэр бүр Гран при шагналыг өгөөд байдаггүй шүү дээ?

-50 жилийн түүхтэй П.И.Чайковскийн уралдаанд оролцсон маань миний хувьд үнэхээр гайхалтай мөч байсан. Энэ уралдааны шалгуур маш өндөр. Тэмцээний эцсийн шатанд БНХАУ, ОХУ, БНСУ, Монгол гээд дөрвөн улсын дуучин үлдсэн. Тухайн үед би “За дөрөвдүгээр байрт орчихсон юм байна” гэж бодсон. Тэгсэн дөрөвдүгээр байрт ОХУ, гуравдугаар байрт БНСУ- ын дуучид орсон. Тэгэхээр нь “За хоёрдугаар байрт орчихжээ” гэж бодлоо. Яагаад гэхээр нөгөө гүрнээрээ харж байгаа юм л даа. “ОХУ, БНХАУ хоёр чинь сүүлийн үед харилцаа холбоо нь сайжраад байгаа юм чинь нэгдүгээр байрт Хятадын дуучин орчихлоо доо” гээд л шагнал гардуулах тэр хэдхэн минутад маш их юм бодсон. Хятадын дуучин ч үнэхээрийн мундаг дуулсан л даа. Тэгсэн Хятадын дуучинд хоёрдугаар байрыг өгчихсөн.

Би бас л бодож байгаа юм “Нэгдүгээр байр өгөхгүй юм байна. Би Чой Вэйтэй хоёрдугаар байраа хуваагаад авчихсан юм байна” гэж. Учир нь энэ тэмцээнд нэгдүгээр байр шалгаруулахгүй байж болдог. Тэгсэн нэгдүгээр байр гэж зарласан. “Алтан медалийг Монголын дуучин Ганбаатарын Ариунбаатар хүртлээ” гээд л... Тэр мөч үнэхээр гайхалтай байсан. Тэгээд л тэргүүн байр хүртээд “Одоо би болсон” гээд ханачихсан... Гран при олгох тоглолтод орно гэхээр нь “За би Гран при авав л гэж дээ” гэж бодоод л... Гэхдээ тухайн үед нэг бодогдсон зүйл нь “Ерөнхийлөгч В.Путин, тус улсын бүхий л салбарын шилдгүүд энэ тоглолтыг үзнэ. Би энэ тоглолт дээр л бүх зүйлээ үзүүлэхгүй бол хэзээ харуулах юм. Энэ л миний боломж. Миний Монголыг битгий “дорд” хараасай...” гэж бодсон. Тэгээд л гала тоглолтын тайзан дээр 30 жил дуулчихсан хүний сэтгэлзүйтэй гарч дуулсан. Юунаас ч айгаагүй... Гала концертыг хоёр газар зохион байгуулдаг. Тухайн үед дэлхийн домог болсон удирдаач Валерий Гергиев гэдэг хүн надаас “Бэлтгэл хийх үү. Чи юу дуулах вэ” гэж асуусан. Харин би “Илицкий Ари”-г дуулна. Гэхдээ би бэлтгэл хиймээргүй байна” гэсэн. Би залхуурлаасаа болж тэгж хэлээгүй, нэг жил Дарима Линховоин гэдэг хүнийг хөлсийг нь урсгаж, нойрыг нь хассанаараа би яг ингээд тулаад ирсэн зүйл дээр бэлтгэл хийгээд яах юм. Багш маань надад зөндөө заасан, би ойлгосон. Үүнийгээ л гаргая. Гэхдээ яаж сэтгэл зүрхнээсээ гаргах вэ гэдгийг л бодсон. Тэгээд л дуулсан. Дуулчихаад тайзны ард ороод найздаа “За, Гран при авчихлаа. Хоёулаа эх орон руугаа багц дүүрэн буцах нь дээ” гэж хэлээд маазарч байсан юм. Тэгээд л гала концерт болоод дууслаа, би ч Гран при авсан хүнд нь баяр хүргэчихээд ороод ирье дээ гээд байж байсан чинь л “Монголия...” гэх шиг болсон. Тэрхэн мөчид “Өөр Монгол хүн байгаа юу, өөр “Монгол гүрэн” гэж байдаг уу” гээд бодож байсан. Тэгсэн миний хажууд байсан дуучид баяр хүргээд л, тайз руу түлхээд л... Тэгж л Валерий Гергиев гэх аугаа хүний гараас Гран при гардаж байсан. Тэр дундаа 50 жилийн түүхэнд хоёрхон удаа Гран при шагнал өгч байсных нь нэгийг Монгол хүн, Г.Ариунбаатар гэх дуучин авч чадсанд маш их баяртай байдаг. Энэ бол нэг талаараа хүндлэл, бахархал, басхүү “Монгол хүн чаддаг юм шүү” гэдгийг миний араас тус тэмцээнд оролцох гэж байгаа залууст үлгэрлэсэн хэрэг болсон. Энэ тэмцээн намайг амьдралд улам хайртай болгосон байж болох юм.


-П.И.Чайковскийн уралдаанд оролцохгүй гэж зөрүүдэлсэн талаар Дарима Линховоин багш тань ярьсан байсан. Яагаад?

-Би энэ тэмцээнд оролцох гэж жил гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Гэтэл яг тэмцээн болохоос долоо хоногийн өмнө цээжин дээр цэр тогтчихоод арилдаггүй. Тэгэхээр нь багшдаа “Би ер нь энэ тэмцээнд оролцохоо болилоо. Дэлхийн номер нэг ийм том тэмцээнд, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцох гэж байгаа, би муу оролцож болохгүй. Монгол хүмүүсийнхээ надад хүлээлгэсэн тэр итгэлийг би хөсөрдүүлж чадахгүй нь. Тиймээс оролцохгүй” гэсэн. Тухайн үед багш маань “Чи энэ тухайгаа өнөө шөнө сайн бодож хоноод, маргааш надад хариугаа хэлээрэй” гэсэн. Ийм шийдвэр гаргасан маань тухайн үеийн нервтэй холбоотой байсан. Тэмцээн болох гээд байдаг, тэгсэн хоолой маань гарч өгдөггүй... Тэгээд л шөнөжин бодсоны эцэст “Тэр мундаг багшийг жил зовоож, хөлсийг нь урсгасны хувьд оролцьё” гэж шийдээд Монгол руу хонины сүүл захиж, хоёр хоног ямар ч бэлтгэл хийхгүй байж байгаад л тэмцээндээ оролцсон.

-Ер нь та оролцож байсан тэмцээн уралдаан бүртээ амжилт гаргасан байдаг. Үүнд багш нарын ач тус их биз?

-Би дуурийн чиглэлээр дөрвөн тэмцээнд л оролцсон байдаг юм. Сайхан ижий аав, эх орон, эрдэмтэн багш нар, хамт олон, найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр тэр дөрвөн тэмцээн- дээ бүгдэд нь түрүүлж, амжилт үзүүлсэн. Эргээд бодоход үнэхээр сайхан зүйл л дээ. Мэдээж амжилт бүхний ард түүнийг зааж сургасан багш нарын минь үүрэг маш их бий. Намайг СУИС-д хөтөлж оруулсан багш маань МУГЖ Т.Баясгалан гэж хүн байлаа. Тэр хүн намайг Д.Банди багшид минь хүргэж өгсөн. МУГЖ Д.Банди багшийнхаа ачаар би дуурийн урлагт шунан дурласан. Анх СУИС-д элсэж байхдаа “Нийтийн дуучин болно. Олон түмэнд хүндлэгдсэн, олны ам дамжин дуулагддаг сайхан дуунуудтай, тийм л хүн болно доо” гэж боддог байв. СУИС-д суралцсан хоёр дахь жилээс эхлээд л мэргэжлийн урлаг, дуурийн дуунд дурлаж, дуурийн дуучин болно гэх тэр дархлааг өөртөө тогтоож чадсан. Би өөрийгөө СУИС-ийн тайзнаас “төрсөн“ гэж ярих дуртай. Одоо бэлтгэл, сургуулилт дээр минь үргэлж дэмжиж тусалж байдаг Э.Ичинхорлоо, Х.Уртнасан, Дарима Линховоин багш нартаа би үргэлж баярлаж явдаг. Мөн хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн Цагдаагийн “Сүлд” чуулга, Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүндээ маш их баярладаг. Би “Сүлд“ чуулгаас их урлагт дөрөө жийсэн хүн. Тэр дундаа бурхан мэт удирдагч Л.Гаваасүрэн хурандаадаа баярлахгүй байхын аргагүй. Тухайн үед намайг тоож, тохож томилоогүй бол би өдий зэрэгт яваа ч уу, үгүй ч үү...

-“Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар, дэлхийн алдарт “Маринский” театрын дуучин Г.Ариунбаатар хоёрын хооронд хэр өөрчлөлт гарав?

-Дуулж байгаа хэлбэрийн хувьд мэдээж ялгаа гаралгүй яахав. “Сүлд” чуулгад байхдаа би зүгээр л энгийн сайхан дуунуудыг дуулдаг байсан бол энд дуурь дуулж байна. Илүү том цар хүрээгээр ажиллаж байна гэж ойлгож болно. Харин зан араншингийн хувьд нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй болов уу гэж дүгнэж байгаа.

-Маринский театрын тайзнаас хэр сүрдэж байв. Дэлхийн сонгодгууд тэр л тайзан дээр цугладаг шүү дээ?

-Орчин цагийн дуучдын сайн сайхан боломж бололцоог нээж өгсөн Пүрэвжавын Ганбат гэж мундаг дуучин байлаа. Энэ дуучны хийж бүтээсэн уран бүтээлийг сонсож дуучин болох хүсэл минь улам нэмэгдэж байсан. Түүгээр ч зогсохгүй тэр мундаг, эрхэм хүний гаргасан ул мөр, жимээр явж байгаад л би Маринский театрт хүрсэн. П.Ганбат гавьяат анх Новосибирскийн театрт дуурь дуулж байгаад яг “Маринский театр”-т дуулахаар болсон үедээ бурханы оронд заларсан юм.

Миний хувьд энэ хүний хүслийг биелүүлж, зорьсон газарт нь хүрээд Монгол түмнийхээ итгэлийг өвөртөлж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж, мундаг дуучидтай хамтран дуулж, Валерий Гергиев гэх удирдаачаар удирдуулж явна.

Мэдээж “Маринский театр” анхны том тайз учраас айж балмагдах зүйл байлгүй яахав. Гэхдээ тэрхүү айдсаа дотроо нууж “Чи Монгол хүн шүү” гэж өөрийгөө зоригжуулдаг. Ер нь өвөг дээдэс, ахуй соёлоо дээдлэн шүтэж, тэнгэр барилдлагатай яваа минь биднийг ивээдэг юм болов уу.

-Дэлхийн сонгодог урлагийн тайз Монголын дуучинг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Үүнийг үзэгчид, тэр дундаа намайг урьж ажиллуулж байгаа агентууд дүгнэх байх. Би хувьдаа тэд газрууд намайг таалсан учраас л ингэж хамтарч ажиллаж байна гэж боддог. Монгол үзэгчдийн хувьд дэлхийн дуурийн театруудад тоглолтоор явж байхад зорьж ирж үздэг. Орос, Солонгос, Итали, Герман гээд бүхий л газарт явахад Монголын үзэгчид байж л байдаг.

-Монголын дуучин Ганбаатарын Ариунбаатар гэж зарлахад бахархалтай биз?

-Хамгийн том бахархал бол эх орон, ижий аавынхаа нэрийг дуурсгах юм шүү дээ. Ингэж зарлуулах бүртээ эх орноо, ижий аавыгаа улам их хайрлаж, улам их бахархдаг.

-Өнөөдөр та өөрийгөө “Дэлхийн дуучин” болсон гэж дүгнэж чадах уу. Хүмүүс бол таныг дэлхийн дуучин Г.Ариунбаатар гэж тодорхойлдог?

-Дэлхийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнд түрүүлж байсан учраас хүмүүс тэгж тодорхойлоод байх шиг байна. Нэг талаараа дэлхийн театруудад дуулж, Монгол соёлыг түгээж байгаа гэдэг утгаараа энэ тодорхойлолттой дөхөж магадгүй. Гэхдээ миний хувьд “Дэлхийн дуучин” гэдэг бол арай өөр ойлголт. Би өөрийгөө ингэж дүгнэх цаг үе хараахан болоогүй гэж боддог. Олон газраар явж, Монголынхоо нэрийг сайнаар гаргаж, хөдөлмөрлөж байгаа минь ард олонд минь үнэлэгдэж байна. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ.


-Дэлхийн олон орны театрт дуулж, сонгодог урлагийн мундагуудтай нэгэн тайзнаа гарч байна. Ингэж явахдаа Монголынхоо сонгодог урлагийн хөгжлийг харьцуулж, үнэлэлт, дүгнэлт өгдөг үү?

-Сонгодог урлаг гэдэг дэлхийд 500 гаруй жил, манайд 50 жил хөгжсөн салбар. Монголын сонгодог урлагийн төлөөллүүд, дуучдыг дэлхийн сонгодогуудтай харьцуулах хэрэггүй. Манай дуучид хаана ч, хэнд ч гологдохгүй. Харин Монголын мэргэжлийн урлагийн салбарын хөгжилд төр засгаас жаахан дэмжлэг үзүүлчихвэл дэлхийн урлагтай энэ тэнцүү байж чадна. Сонгодог урлагт санхүү маш их шаардагддаг. Гагцхүү тэрхүү хэрэгцээ, шаардлагыг нь дэмжээд өгвөл Монголын мянга мянган дуучин дэлхийг донсолгох чадвартай.

-Сонгодог урлагт эцсийн хязгаар гэж байдаг уу. Таны хувьд хүрэхийг хүссэн эцсийн хязгаар, гарахыг хүссэн оргил гэж байгаа байх?

-Хувь хүний үзэл бодол өөр өөр байдаг байх. Миний хувьд урлагт эцсийн хязгаар гэж байхгүй. Яахав, хувь хүн бүрт хүрэх чадал, чансаа, зорилго л гэж бий. Миний хувьд Монголынхоо хөгж- мийн зохиолчдын сор болсон уран бүтээлүүдийг дэлхийд гаргаж, дэлхийн

олон театрт эгшиг- лүүлэхсэн гэж боддог. Энэхүү бодлоо бие- лүүлээд, Монголын хөгж- мийн зохиолчдын, Монгол дуучдын үнэлгээ дэлхийд өндөрт тавигдаад эхлэ- хээр өөр зүйл хүсэх л байх. Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй гэдэг шиг урлаг, спорт гээд бүхий л салбарт хүслийн хязгаар байдаггүй болов уу.

-Хүсэл, мөрөөдөл гэснээс хүн том сэтгэж, том харж байж амжилтад хүрдэг гэдэг дээ?

-Тийм шүү. Би их олон зүйлийг мөрөөддөг. Эхнээсээ мөрөөдөл маань биелж л байна. Жишээ нь, би Монголдоо маш том дуурийн театр байгуулахыг хүсдэг. Тэрхүү театр маань жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулж, Монголын сонгодог урлагийн соёлыг, хөгжлийг дэлхийн бүх хүнд түгээж байгаасай гэж боддог. Нэг талаараа энэ нь аялал жуулчлал хөгжих нэг том боломж л доо. Тэр театрт маань дэлхийн сонгодог урлагийн төлөөллүүд ирж, Монголын хөгжмийн зохиолчдын сод бүтээлүүдийг дуулж яагаад болохгүй гэж... Мөн би Монголдоо урлагийн сургуулийг байгуулахыг хүсдэг.

Энэ мэтээр мөрөөдөл, бодож төлөвлөсөн зүйл маш их байна. Гэхдээ хүн зөвхөн мөрөөдөөд зогсохгүй, тэрхүү мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх ёстой гэж би боддог. Би зүтгэж байгаа болохоор мөрөөдөл маань тун удахгүй биелэх байх.

-Мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа гэснээс та бусдаас илүү авьяастай юм уу, эсвэл бусдаас илүү хөдөлмөрлөсөн болохоор энэ амжилтад хүрээд байна уу?

-Аль аль нь байгаа. Би өөрийгөө хөдөлмөрлөөгүй гэж хэлэхгүй, мөн өөрийгөө авьяасгүй гэж хэлэхгүй. Ямар ч авьяас тордолгоо байхгүй бол хөгжихгүй. Ер нь өнөөгийн залууст хөдөлмөр дутагдаад байх шиг санагддаг. Хүн зорьсон зүйлийнхээ төлөө үхэн хатан зүтгэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд заавал үр шимээ өгдөг.

-Урлаг судлаачид “Зөвхөн сонгодог дуу дуулаад дуучин болдоггүй гэж” ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би үүнтэй 100 хувь санал нэгддэг. Монголдоо дуучин болж, Монгол дуугаа дуулж байж Монгол уран бүтээлч дэлхийд дуулах ёстой гэж боддог. Дэлхийн сонгодгуудын хажууд бид өөрсдөө мундаг сонгодог хүмүүс юм шүү дээ. Бараг дэлхийн хэмжээний сонгодгоос хол давахаар хоолойны цар хүрээ, зүрх сэтгэл шаардсан бүтээлүүд Монголд л бий. Тиймээс тэрхүү гайхамшигтай бүтээ- лүүдийгээ дуулаад, хойч үедээ CD болгоод үлдээчих юмсан гэх мөрөөдөл надад байдаг. Тэрхүү мөрөөдөлдөө хөтлөгдөн 2012, 2014 он- уудад “Монгол сонгодог 1, 2” тоглолтоо хийж байсан.

-“Монгол сонгодог” тоглолт цааш үргэлжлэх үү?

-Үргэлжилнэ. Одоохондоо цаг зав муу байгаа учраас “Монгол сонгодог 3” гэх тоглолтын төлөвлөгөө цээжин дотор минь л яваад байна. Өмнөх тоглолтуудаасаа илүү гара- хаар сонгодогийг зохион байгуулна. Гэхдээ тун удахгүй энэ төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох байх. Мөн 2018 эсвэл 2019 онд “Монголын дуу хоолой” уралдаан зохион байгуулъя” гэх төсөл толгой дотор минь байна. Энэ талаараа бизнесийн болоод бүхий л салбарын ах, эгч нартаа хэлэхэд бүгд дэмжиж байгаа. Нэг талаараа энэ Монголыг дэлхийд сурталчлах том сурталчилгаа юм шүү дээ.

-Энэ олон мөрөөдөл, ажил хэргийг гүйцэтгэхийн тулд мэдээж эх орондоо байх шаардлагатай. Хүмүүс ч “Г.Ариунбаатар хэзээ Монголдоо амьдрах вэ” гэж асуумаар байгаа байх?

-Би Монголоосоо өөр хаа холдох вэ. Би эх орондоо зүйрлэшгүй их хайртай. Ижий аавынхаа хажууд байнга байхсан гэж боддог. Одоо миний ингэж хөдөлмөрлөж буй ньМонголын дуурийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа хэрэг шүү дээ. Ингэж явснаараа би олон залууг сурах эрмэлзлэлтэй болгож байгаа гэж боддог. Мөн дуулах бүртээ би Монголын дуурийн урлагийн нэр хүнд, миний нуруун дээр яваа шүү гэж хүчирхэгждэг. Яагаад гэхээр “Монголын дуучин” гэж сонгодог урлагийн тайзан дээр хэлэгдэж байгаа болохоор Монголын нэр хүнд, хөгжил дэвшил надаар дамжин бусдад хүрнэ. Би залуу байна, хийж бүтээх, харуулах зүйл их байна. Тийм учраас би одоо л ингэж явахгүй бол хэзээ явах юм.

-Хамгийн сүүлд “Чингис хаан” одонг гардахаар Монголд ирсэн байх. Ер нь эх нутгаа, ижий аавыгаа их санана биз?

-Онгоцонд суугаад л санаж эхэлнэ шүү дээ. Гэхдээ эх орныхоо нэрийг дуурсгаж яваа минь иргэн хүний үүргээ биелүүлж яваа хэрэг гэж боддог. Ингэж яваа минь өвөг дээдэс, ижий аавд минь баяр баяслыг төрүүлдэг болов уу.

-Нэгэнт энэ сэдвээр ярьж эхэлснийх аав, ээж, нутаг усныхаа талаар дурсахгүй юу?

-Би эгэл жирийн ижий, аавын гар дээр, таван хошуу малын захад өссөн хүүхэд. Миний хамгийн анхны тайз малын бэлчээр байлаа. Аав ээж минь энгийн л малчин хүмүүс. Төв аймагт амьдарч байгаад хэдхэн жилийн өмнөөс хотод орж ирсэн. Надад “Монгол хүн дэлхийд өндөрт үнэлүүлэх ёстой, тэр дундаа Баян-Өнжүүлийнхэн арай өндөрт байх ёстой” гэх бодол байдаг шүү.

-Таныг П.И.Чайковскийн уралдаанд оролцчихоод ирсний дараа “Одоо та хаачих вэ” гэх сэтгүүлчийн асуултад “Хөдөө рүүгээ явна аа” гэж хариулсан байдаг. Тэгэхээр их нутаг амьтай юмаа даа?

-Тухайн үед наад хариулт чинь нэлээд шуугиулж л байлаа. /инээв/ Магадгүй энэ бол миний амьдралын хоёр өнцөг байх. Энэ мэдрэмж, энэ хувь тавилан зөвхөн надад л оноогдсон юм болов уу. Нутгийнхаа буурал толгод, уул ус, ургамал ногоо, ан амьтныг харж баясах шиг сайхан зүйл байхгүй. Адууныхаа захад айргаа уугаад л, гүүний зэлэн дээрээ унагаа татаад зогсож байх шиг амар амгалан, аз жаргал гэж ховор. Английн хатан хааны ордонд дуулчихаад гурав хоногийн дараа нь би Монголдоо ирээд гүүгээ татаад л зогсож байсан. Монголын их амар амгалан гэдэг чинь тэр.

Гэхдээ залуу насандаа, зорилго тээгээд, илүү ихийг хийхээр зүтгэж яваа минь буруу зүйл биш байх аа. Энэ хугацаа хэр удаан үргэлжлэх билээ дээ. Тиймээс цаг хугацааг зөв ашиглаж дэлхий дахинд Монгол Улсын чадвар чансаа хаана байдгийг өөрийнхөөрөө харуулж явах юмсан гэдэг бодлоор жаахан адгуу ажиллаж байна. Ер нь дэлхийн хаана ч явсан эх орноо бодож явдаг. Санаа тавих эх орон, санаашрах ижий, аавтай байна гэдэг хамгийн сайхан юм даа.

-Хөдөө өссөн энгийн нэг залуу сонгодог урлагийг сонгох болсон шалтгаан юу байв?

-Яагаад болохгүй гэж. Мэдээж малчин ардын хувьд сонгодог урлаг тийм ч ойр биш л дээ. Бүр бага байхдаа аавыгаа дагаад тээврийн жолооч болно гэж боддог байлаа. Гэхдээ СУИС-д орно оо гээд аав, ээждээ ярьдаг байсан гэдэг. Намайг бага байхад манайх цагаан толгойтой төмөр ортой байлаа. Айл бүрт л байдаг байсан даа. Тэр орны наагуур хөшиг татчихдаг. Тэр хөшигний араас гарч ирээд л, гэрийнхэндээ концерт тоглож өслөө.

-Ер нь ээж, аавынхаа хувьд ямар хүү байхыг хүсдэг вэ?

-Ижий, аавыгаа амар амгалан байлгахыг л хүсдэг дээ. Энэ хүмүүст мянган эд хөрөнгө өгөөд баян тансаг амьдруулах нь тийм ч сонин биш. Ижий аавууд таван ханатай гэрт ч, тавилга ихтэй харшид ч амьдарсан хүүхдүүдээ хайрладаг хайр нь хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Бага насныхаа тухай яриач. Их шартай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж сонссон?

-Их хөдөлгөөнтэй, хийхийг хүссэн зүйлээ заавал хийдэг тийм л хүүхэд байсан. Үеийн хүүхдүүдийн хийж чадаж байгаа бүх зүйлийг би ч гэсэн хийх ёстой, чадах ёстой гэж өөртөө шаардлага тавина. Нэг үгээр хэлбэл цагаан атаархал юмуу даа. Гэхдээ өдийг хүртэл би ямар ч ажлыг голж байгаагүй. Бүх зүйлийг чадах хэмжээндээ хүртэл хийхийг хүсдэг, зорьдог.

-Английн хатан хааны ордонд дуулсан үеэ дурсвал?

Үнэхээр бүх зүйл нь гайхалтай байсан.

15-16 орны Ерөнхийлөгч, Английн хатан хааны гэр бүл, Английн элитүүд суучихсан. Би гурван дуу дуулсан л даа. Тухайн үед Английн ханхүү ирж, баяр хүргээд “Үнэхээр их таалагдлаа. Чамд Англи улсын бүх театр нээлттэй шүү. Чи хэзээ ч дуулж болно” гэж байлаа. Тэр үед надад бодогдсон нэг зүйл “Дээлтэйгээ очих минь яалаа” гэдэг бодол. Дээлтэйгээ очсон бол “Монгол гэж ийм улс байдаг. Та нар мэднэ дээ” гэж байгаад Монголынхоо талаар нэлээд юм ярих байсан болов уу. Харин одоо бол би хариуцлагатай байгаа шүү. Дуулахаар очиж байгаа газрууддаа ер нь л дээлтэйгээ очихыг боддог.

-Таны ярианаас сонсоход их үндсэрхэг хүн юмуу гэх бодол төрж байна?

-Хүн бүр “Эх орон хаанаас эхэлдэг вэ” гэж асуудаг. Миний хувьд эх орон миний сэтгэл дотроос эхэлдэг юм болов уу. Эх орноо хайрлах тэр сэтгэлийг хаанаас олж авдаг юм болоо гэж би бас гайхдаг.

Би боддог юм. “Эх орныг минь битгий дорд үзээсэй. Бид дэлхийн аль ч улсад байхгүй их түүхтэй улс юм шүү. Бид тэр түүхийг мартагнаад байна уу даа” гэж.

-Яагаад ийм бодол төрөх болов?

-Тоглолтоор явж байхад Монголоороо бахархаж байгаа хүмүүстэй таарна, Монголоосоо ичдэг хүмүүстэй ч таардаг. Энэ нь миний сэтгэлийг их эмзэглүүлдэг. Би хэзээ ч энэ Монгол орноо ядуу буурай гэж бодож, ичиж байгаагүй. Тэр хүмүүс Монгол орны минь дотор жихүүцэм хавар, айргаа уугаад адуундаа мордох тэр мэдрэмж, Монгол уламжлалыг мэдэхгүй байна. Монгол хэлээрээ зөв ярьж чадахгүй байна. Гэтэл үүнийг хэн ч анзаардаггүй. Би Монгол ёс, Монгол үндэстэн байхгүй болохоос хамгийн их айдаг. Жишээлэхэд, Орост хүүхдийг жаахан байхаас нь “Чи Орос хүн шүү, Орос хүн ийм байх ёстой” гэх ухааныг суулгаж өгдөг. Тэгэхээр тийм ухамсарыг бяцхан Монгол хүүхдүүдэд заах хэрэгтэй. Тэр хүүхдийн тархинд “Монгол хүн өндөрт гялалзах ёстой” гэдгийг суулгаж өгөх ёстой.

-Өөрийн үеийн залуусдаа ямар үнэлэлт өгөх вэ?

-Юм бүхэнд сайн, муу тал бий. Сайныг нь яривал, манай залуусын олонх нь архи уухаа болиод сурч боловсоръё, хөдөлмөрлөе гэдгийг бүрэн ухамсарладаг болж. Би урлагт ингэж амжилт гаргах сэдлийг үеийн залуусаасаа л авсан шүү дээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Амаржаргал гавьяат, Э.Анхбаяр, Ч.Энхтайван, О.Хүрэлбаатар гээд нэг үеийн залуус маань дуулаад, амжилт гаргаад, шагнал урамшуулал авахаар миний хувьд цагаан атаархал төрдөг байсан. “Миний найзууд надтай яг адилхан байж, ийм шагналуудыг хүртээд байхад би яагаад болдоггүй юм бэ” гэх бодлыг тээдэг байсан. Сөрөг зүйлсийн талаар яривал бас их зүйл бий. Залуус маань амар хялбараар амжилт олж, аливаа зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болж. “Би дипломтой, дээд мэргэжилтэй шүү дээ” гэж хэлээд дээгүүр хараад яваа мөртлөө, гэдэс нь хоосон байгаа залуучуудыг харах үнэхээр өрөвдөлтэй санагддаг.

Оюутан байхдаа би бүхий л ажлыг хийж үзсэн. “Сүлд” чуулгад орчихоод, дэслэгч цолтой байхдаа би долоон буудлын эцэст жимс зардаг, моторын тос борлуулдаг байлаа. Тухайн үед надад сайхан санагддаг байсан. Тоглолтоо дуусгачихаад л долоон буудал руу очоод жимс зараад зогсож байхдаа би дарга нар, найзууд, танилуудтайгаа таарч л байсан. Гэхдээ тэр хүмүүс намайг юу гэж бодох нь сонин байгаагүй. Яагаад гэвэл би худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй, өөрийнхөө хөдөлмөрөөр аав, ээж, дүүгийнхээ төлөө зогсож байсан. Энэ нь миний амьдралыг амттай болгож, өнгө оруулж өгсөн юм болов уу. Тийм ч учраас би залуусдаа үүнийг захиад байгаа юм.

-Ингээд бодохоор та их сэтгэлийн тэнхээтэй хүн бололтой?

-Яг тэгж хэлэх гэхээр бас болохгүй байна. Залуу насанд ядралт, сэтгэлийн тэнхээгүй байдал байх ёсгүй гэж боддог байлаа. Гэтэл тэр бодлоороо гүрийгээд байсан чинь бас болохгүй нь ээ. Заримдаа “Больё” гэх шантрал төрж байна шүү. Гэхдээ ийм бодол төрөөд ирэхээр энэ бол зовлон биш, шантрах шалтгаан биш гэж өөртөө хэлдэг. Хүний хамгийн том гурван зовлон ижий аавыгаа алдах, хайртай хань ижлээ алдах, үр хүүхдээ алдах болов уу. Үүнээс биш хөдөлмөрөөс шантрах, сэтгэлээр унах, ядрах зэрэг бол зүгээр амьдралд байдаг л юм. Үүнийг амьдралын нэг энгийн үйл явц гээд хүлээгээд авчихвал заавал тэр сэтгэлийн тэнхээ гэх мэтийг яриад байх зүйл биш юм байна гэдгийг ойлгоод байгаа.

-Таны хувьд хичнээн цагийн бэлтгэл сургуулилт хийж байна. Нэг хэсэг Орос хэлээ сурахгүй байгаа гэж багш нь зэмлэж байсан. Сурсан уу?

-Дуурийн дууны голлох хэл нь Франц, Герман, Итали, Орос байдаг. Хүмүүс амар л гэж хараад байдаг болохоос хэцүү шүү дээ. Дуурийн дуучин нэг дуурьт дуулахад уурхайн гүнд 5 цаг ажиллах хэмжээний эрч хүч, энерги зарцуулдаг гэх судалгаа байдаг. Тэгэхээр амар зүйл биш байгаа биз.

Дуурийн урлагийг хэн нэгний ам барьдагтай, клип хийдэгтэй зүйрлэж болохгүй. 6000-7000 хүний багтаамжтай театрт ямар ч микрофонгүйгээр дуулж, уйлж, инээнэ гэдэг маш их хөдөлмөр юм.

-Ер нь дуучин хүний хувьд дуулах, дуулахгүй дуу гэж бий юу. Нэг үгээр хэлбэл дуунд цензуртай хандах уу?

-Байхгүй. Хоолойны хувьд тохирох, тохирохгүй дуу гэж байна. Төрөл, жанр ийм байна гээд дуулахгүй байх шалтгаан байхгүй. Мэдээж дуучин хүний хувьд чанартай, сайхан уран бүтээл дуулахыг хүсэлгүй л яахав.

-Орос, тэр дундаа Буриад улсад байх ямар вэ?

-ОХУ-ын Соёлын сайд надаас “ОХУ-ыг та юу гэж боддог вэ” гэж асууж байсан. Түүнд би “Миний хоёр дахь эх орон” гэж хариулсан. Буриадын үзэгч, тэр ард түмэн үнэхээр гайхалтай хүмүүс.

-“Зиндаа” сэтгүүлийн эрхэм зочноор урьсны хувьд “Таны зиндаа юу вэ” гэж асуух хэрэгтэй байх ?

-Би ихэс дээдэс чиглэлийн маш өндөр зиндаатай хүн. Их эзэн Чингис хаан, Их Монгол Улсын иргэн болж, Монгол Улсын дуучин хэмээн үнэлэгдэж байгаа минь надаас дээдэс зиндаатай байхыг шаарддаг юм. Тиймээс би дэлхийн хүн ардын дунд хамгийн өндөр зиндаатай хүн гэж өөрийгөө боддог. Ингэж бодож байгаа минь энэхүү зүйлийг өөрийн биеэр мэдэрсэнд байгаа байх.

Бусдаар бол ямар нэгэн албан тушаал, мөнгө төгрөгөөр хүний зиндаа тогтоогддоггүй болов уу.

-Ярианыхаа төгсгөлд танаас “Г.Ариунбаатар гэж яг хэн бэ” гэж асуумаар санагдлаа. Яагаад гэвэл, хэн нэгэн хүн биш Г.Ариунбаатар өөрийгөө юу гэж тодорхойлох нь сонин байна?

-Надад өмнө нь ийм асуулт ирж байгаагүй юм байна. Тийм учраас энэ талаар огт бодож байсангүй. Өөрийгөө тодорхойлно гэдэг хэцүү юм. Миний хувьд хэлсэндээ хүрэхийг, зорьсноо бүтээхийг боддог, босоо хийморьтой эр хүн юм болов уу. Мөн бусдад үргэлж зөв үлгэр дууриал болохыг хүсдэг нэгэн гэх бодол төрж байна.

Миний хувьд дэлхийн Ди Луна болохыг хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. 

О.Шинэтуяа



Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
в,оюунбилэг(103.26.194.206) 2017 оны 02 сарын 22

харахад маш нүдэнд дулаахан,зөв бодолтой,сайхан сэтгэлтэй болохоор л ажил үйлс нь бүтэж аз хийморьтой яваа юмдаа үнэхээр цоглог хайрламаар сайхан хүү шүү ийм сайхан хүү төрүүлсэн ээж аавд нь баяр хүргэе

0  |  0
Zochin(122.201.22.208) 2017 оны 02 сарын 21

Сайн дуучин шүү... эх оронч үндсэрхэг үзэлтэй залуус ховор шүү... илүү их амжилт хүсье.... Архи сархад хүүхэн эмсэд хорлогдов гэж захия...Сайн хань болох сайхан монгол бүсгүй хаа нэгтээ байгаа харахгүйгээр зөрөөд явчихав

0  |  0
Tumurbaatar eej hvn (202.9.41.97) 2017 оны 02 сарын 21

Mongol hvnii baharhal bolson ariunbaatar dvvdee dandaa delhiig ner tsuugaa manduulj yabaarai gej eruue.

0  |  0
Hvn(66.181.184.150) 2017 оны 02 сарын 20

Yg helsendee hurdeg bolovuu? Hvn chanar ih l muutai hvn gj yridiishd

0  |  0
zochin(150.129.143.133) 2017 оны 02 сарын 20

sain duuchin. ongiroo, omogtoi ch zaluu. gehdee bi ih demjdeg. yagaad nuramgar, doojoogui baih yostoi gej. harin ch ih gurend tom teatrt duulj bui hund iim chanar zaaval baih yostoi gej boddog. ger buliin huvid aldaj onoj l yavaa. gehdee zaluu hund gardag l zovlon. demjihgui ch oilgoj orovddog yum.

0  |  0
lol(139.5.219.84) 2017 оны 02 сарын 20

mundag az od n giisen hun bna gehdee Баян-Өнжүүлийнхэн арай өндөрт байх ёстой” гэх бодол байдаг шүү. iimerhuu yaria l iluuts bgamda

0  |  0
туугии(66.181.180.222) 2017 оны 02 сарын 20

Ухаантай залуу юм аа. Амжилт

0  |  0
зочин(66.181.164.70) 2017 оны 02 сарын 20

Миний дүү мундаг шүү амжилт

0  |  0
Зочин(202.179.16.188) 2017 оны 02 сарын 20

Уншсан чинь бүр онгироод огшчихлоо. Яг л би өөрөө тийм өндөрт хүрч эх орноороо бахархаж зогсоо юм шиг л сэтгэгдэл төрж байна. Ухаантай сайхан залуу байна. Түмнийхээ хайрыг дааж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай. Амжилт хүсье

0  |  0
trtr(150.129.141.128) 2017 оны 02 сарын 20

er hun dee hu

0  |  0
sanjaa(119.46.166.132) 2017 оны 02 сарын 20

Mundag zaluu sain yvahdaa minii duu sarhad gj zuilees l hol yvaarai Urlagiin humuus dund elbeg bdag zuil shuu Ter tal deer uuriiguu cotroldood avaad yvchihval turiin hairaa daalaa l gesen ug

0  |  0
Top