Амин зүрхэнд нөмөртэй аав

2017 оны 02 сарын 22

“Үргэлжлэл” буландаа энэ удаа “Амин зүрхэнд нөмөртэй аав”-ыг онцоллоо. Тэрбээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул бөгөөд дөрвөн сар гаруйтай байхдаа зураач А.Гүрсэд хэмээх айлд үрчлүүлжээ. Энэ тухай “Наадмын үеэр аавын минь аав, ээж Яармагт нутгийнхаа нэгэн гэр бүлтэй таарсан гэдэг. Харин тэд хүүхдээ алдаад хэцүү яваагаа ярихад нь хүүгээ өгчихсөн юм гэнэ лээ. Тухайн үеийн хүмүүс нэг нутаг усных, удам судраа сайн мэддэг болохоор зовлон, шаналалтай явж байхад нь хүүгээ өгсөн юм билээ. Аав харин сүүлд тоглоом болгон төрсөн аав, ээждээ очоод “Та нар намайг зүгээр өгчихсөн гэсэн” гэж хэлээд сандаргасан” хэмээн түүний хүү Д.Цогт ярьсан юм. Тэр бол бидний сэт­гэлд “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр мөн­хөрсөн Г.Доржсамбуу агсан юм.

“Аавдаа хүрэх зам дэндүү хол санагдвал

Амьдрал дагасан залуу

нас минь хаачих л юм бол доо

Сураг алсын нутагт минь

намрын салхи нь сэвэлзэхэд

Сургааль үгийг тань мартаад

зүрхэндээ уйлдаг үр дээ би

Ачлалын дайтай хайр надад байна уу

Аавыгаа бодохын зуур илхэн  гаргаж хэлдэг үү

Мөрлөхийн дайтай энэрэл надад байна уу

Мөрийг тань түших ухаарал надад ирж үү

Аав аа амин зүрхэнд нөмөртэй аав аа”

гэх сайхан дууг түүний хүү Д.Цогт аавынхаа дурсгалд зориулан хийлгэж, “Perfect” хамтлагийн залуус амилуулсан байдаг. Энэ дууны түүх багагүй адал явдалтай. Д.Цогт аавдаа зориулж дуу гаргахаар зорьж, аяыг Аранзай, дууг “Perfect” хамтлагаар дуулуулахаар тохирсон гэдэг. Гэтэл шүлэг нь болж өгдөггүй. Хоёр, гурван хүнээр шүлэг бичүүлсэн ч санаанд нь таарах шүлэг гардаггүй.

Харин Х.Соёмбо тэр үед хотод орж ирээд удаагүй байж. Гэвч тэрбээр  хэнэггүйтээд алга болчихоод байдаг. Тэгэхээр нь найзтайгаа хамт СУИС-ийн ард студийн өрөөндөө Х.Соёмбыг түгжчихэж. Зүгээр ч үгүй, ширээн дээрээ ундаа, хуушуур тавиад шүү. Харин орой нь ирэхэд их гоё шүлэг биччихсэн сууж байсан гэнэ. Энэ тухай “Х.Соёмбо яг миний дотроо бодож байсан санааг гаргасан байсан. Хүн эцэг, эхийнхээ үргэлжлэл байдаг. Үргэлжлэл байна гэдэг удам судрынхаа гал голомтыг унтраахгүй явахыг хэлнэ гэсэн санаа” хэмээн хэлэхдээ аавдаа зориулсан дуундаа сэтгэл хангалуун байгаа нь илт байсан юм.

Найруулагч, хүүхэлдэйн киноны зураач мэргэжилтэй тэрбээр Г.Доржсамбуу агсны гурван хүүхдийн бага нь. “SBS” спорт сувагт зураглаачаар ажилладаг. Анх Дүрслэх урлагийн коллежид хүүхэлдэйн киноны анги нээгдэн 10 хүүхэд элсүүлж байсны нэг нь Д.Цогт байсан байна. Түүнийг 1993 онд коллежоо төгсөхөд  “Боролдой” студи нээгдэн, тэнд очиж ажилласнаар “Барын бамбар” зэрэг хэд хэдэн олон ангит хүүхэлдэйн кино бүтээлцжээ. 1995 онд СУИС дээр найруулагчийн ангид элсэлт авах зар тавьсан байсан гэнэ. Удсан ч үгүй, тухайн үед “Үндэсний телевиз”-ийн уран сайхны найруулагчаар ажиллаж байсан Энхжаргал гуай “Доржсамбуу найруулагчийн хүү хаана байна” гээд асуугаад ороод иржээ. Тэрбээр удам дамжсан найруулагчийн хүүхдүүдийг цуглуулж анги нээх гэж байсан нь тэр  аж. Ингээд зохиолч Ч.Чимэдийн охин ч.Минжин, Х.Дамдин найруулагчийн хүү Д.Баяжих, ардын жүжигчин найруулагч С.Гэндэн гуайн ач хүү гээд насны хувьд зөрүүтэй хэд хэдэн хүүхэд нэг ангид суралцаж, найруулагчийн гараагаа эхлүүлж  байжээ.

Олон хүн түүнээс “Найруу­лагчийн хувьд аавыгаа юу гэж боддог вэ”, “Аав тань ямар жүжигчин байсан бэ”, ”Ааваасаа илүү найруулагч болохыг хүсдэг үү” гэж асууж байсан болохоор тэрбээр “Хүн эцэг, эхээ дүгнэж, цэгнэх эрхгүй. Дээрээс нь миний аавыг мэргэжлийн уран бүтээлчид мэдэж байгаа. Тийм болохоор би уран бүтээлч талаас нь, эсвэл уран бүтээл талаас нь ярих дургүй. Надад ярих эрх ч байхгүй. Надаас хүн аавын минь тухай асуухад би юу харсан, мэдэрснээ ярина. Харин аавын найзууд бас өөр зүйл ярина. Хүнд найз нөхдөдөө яриад, үр хүүхдэдээ хэлэхгүй юм гэж бий. Эсвэл үр хүүхдэдээ хэлээд, найз нөхдөдөө ярихгүй зүйл ч байдаг” гэсэн юм.

Багадаа тэрбээр аав, ээж, өвөөгийнх нь ажил болох Багшийн дээд, Драмын театр, Хүүхэд залуучуудын ордон, “Тоншуул” сэтгүүл хавиар их эргэлддэг байжээ. Энэ тухайгаа ярихдаа “Бага байхад минь Арслангийн хүүхэд гэхээр их ичдэг байж билээ. Дээд ангийнхан барьж аваад “Арслангийн зулзага, киноных нь дууг дуул” гэдэг байсан. Түүнээс нь болоод аавтайгаа явахдаа зайтай явдаг байсан” хэмээн дурссан. “Нэг удаа би унаад хөлөө хугалсан юм. Ядаж байхад сургууль, эмнэлэг  ойрхон. Боолтоо солиулах болохоор аав үүрээд явна. Боолт солих цаг сургууль завсарлах үеэр таарчихна. Тэгээд л сургуулиар нэг “Арслан зулзагаа үүрээд явж байна” гээд хүүхдүүд орилолддог байж билээ” гээд инээв. Хүүхдүүдийг орилолдохоор аавынхаа нуруунд нүүрээ нааж явсан нь Д.Цогтын аавтайгаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамжийн нэг.

Харин санаанаас нь огт гардаггүй явдал нь “Уул усны үр сад” кинотой холбоотой. Тэрбээр “Найруулагч Н.Нямдаваа ах, аав хоёр их найз. Тэгээд намайг дөрөвдүгээр ангид байхад “Уул усны үр сад” киноны гол дүрд тоглуулах гээд их бэлдсэн юм. Харин шалгаруултад орохдоо би бэлдсэн зүйлээ хийхгүй гүрийгээд гол дүрдээ тэнцэхгүй, туслах дүрд тоглохоор болов. Тэр үеийн кино туслах дүрд тоглуулсан ч зуны гурван сар хамт аваад авчихна. Аав бас туслах дүрд тоглож, намайг харангаа, амарсан шигээ явсан юм. Зураг авалт Хөвсгөл аймгийн Рашаант суманд болсон болохоор  Сэлэнгэ мөрнөөс загас их барина. Нэг өдөр аав “Хойноос барьсан загас аваад ирээрэй” гэв. Би хаана тавьснаа мартаад, хайж яваад эрэг нуран ус руу уначихсан. Аав том биетэй байсан ч усанд сайн сэлдэг. Намайг уснаас гаргаж ирэхэд би их айсан байдалтай байсан юм билээ. Уг нь сүртэй живээгүй л дээ. Гэхдээ аав хүүгээ алчих шахлаа гээд загасны уураг, хэрэгслээ бүгдийг нь хүнд өгснөөс хойш ахиж загас бариагүй. Хотод ирээд намайг сэлүүлж сургах гэж  Хүүхэд залуучуудын төвийн усан бассейнд явуулж байсан. Эцэг хүний хайр халамж,  хамтдаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамжийг хүн цаг хугацаа өнгөрөх тусам улам их санагалздаг шиг санагдана” хэмээн дурсав.

Түүний аавыгаа дурсах яриа үнэ цэнэтэй, энгийн хэрнээ гүн утгатай байсан юм. Ингээд түүнтэй өрнүүлсэн яриагаа хүргэж байна.

-Та зураач мэргэжилтэй, мөн аав тань ч зураачаар Хөгжим бүжгийн коллежид сурч байсан гэдэг?

-Аав бага тойргийн V сургууль төгсч, мөн Хөгжим бүжгийн коллежийн Дүрслэх урлагийн ангид зураачаар гурван жил сурсан юм билээ. Харин би багаасаа л зураг их сонирхдог хүүхэд байсан. Өвөө маань зураач байсан нь надад их нөлөөлсөн. Гэвч өвөө намайг нэгдүгээр анги байхад бурхан болж, зургийнх нь бүх хэрэгсэл надад ирсэн юм. Харин аав гуравдугаар ангид байхад намайг зургийн дугуйланд оруулж, бид хамт их зурдаг байсан. Байнга зургаа зур гэж хэлээд өөрөө ч хажууд зураад суудаг байж билээ. Одоо ажлаас болоод тэр бүр зурж чадахгүй байгаа ч ядарсан, стресстсэн үедээ чимээгүй газар суугаад зурдаг. Их сайхан амардаг.

-Та аавыгаа зурсан уу?

-Хүүхэд байхдаа зурдаг байсан. Аав, ээжийн төрсөн өдөр болохоор зургийг нь зураад доор нь мэндчилгээ бичиж өгдөг байсан. Аавыг сахалтай, нүдний шилтэй зурахад гайгүй.

-Аав тань их шударга хүн байсан гэдэг?

-Аав дарга ч бай, сайд ч бай хэлэх гэснээ хэлчихдэг шударга хүн байсан. Ядарснаа дээрэлхдэг, албан тушаалтан эрх мэдэлтэйд тал засдаг хүнд дургүй. Зарим хүн “Танай аав чинь гавьяат бил үү” гэж асуудаг.  Аваагүй гэхээр гайхдаг. Яахав дээ, ард түмэн гавьяатын тэмдэг  зүүсэн дайтай хүндэлдэг.  Аавтай орой явж байхад хүн дээрэлхэж байгаа хүн таарвал нөгөөхийг нь өмөөрөөд зодчих гээд байдаг байсан. Ажил дээр нь эсвэл эргэн тойронд нь шударга бус зүйл болвол түүнээс болж их бухимдана. Нөгөө хэддээ ч бас хэлэх үгээ хэлчихнэ. Дээрэлхүү ч юм шиг. Сүүлд сонинд өгсөн ярилцлагыг нь фэйсбүүкээс уншсан. “Хүнтэй муудалцахдаа цээжин дотроо эвлэрэх зай заавал үлдээ” гэж ярьсан байна лээ. Яг л тийм хүн байсан. Цайлган, хүнтэй муудалдсан ч хар буруу санадаггүй. Хэнтэй ч найзална.

-Хүүхдүүдээ хэрхэн  хүмүү­жүүлдэг байсан бэ?

-Ах бид хоёр тэрсхэн боло­хоор их сахилгагүйтнэ. Буруу юм хийвэл гөвүүлнэ. Худлаа яривал аав  шийтгэнэ. Түүнээс биш тоглож байгаад цонх хагаллаа гэхэд  зүгээр. Аав эцэг, эхийн хуралд очдоггүй байсан. Нэг удаа ах бид хоёр нэг улирлаар хоёулаа дунд гарчихаж. Тэгсэн мэдчихээд  “Хувцсаа өмс, гаръя” гэж байна. Тэр үед аав багшийн дээдийн тэнхмийн эрхлэгч байсан юм. Тэгээд нэг том лекцийн заал руу орсон чинь дүүрэн оюутан суучихсан. Тэгсэн “За наашаа анхаарч бай. Энэ хоёр тэгийг харж ав” гэж хэлээд бид хоёрыг явуулах жишээний. Тэгээд л дараагийн улиралд дунд гарахгүй гэж хичээж байгаа юм. Эсвэл гудамжнаас мөнгө олоод баярлаад очиход “Буцаагаад байранд нь тавь” гэнэ.  Эзэн нь байхгүй гэхэд “Чи эзэн нь биш болохоор буцаагаад тавь” гэдэг байсан. Тэгээд л аваачиж тавина шүү дээ. Би чинь эмээгийн хүүхэд байсан болохоор  эмээ намайг өмөөрнө. “Гудамжинд байгаа мөнгийг өөр хүн авч л таарна” гэж хэлэхэд “Өмөөрүүлдэг хүнтэй юм” гээд намайг зодно. Эмээгээр өмөөрүүлж болохгүй. Гэхдээ буруу зүйл хийхээр л тэр шүү дээ.

-Г.Доржсамбуу найруулагч, жүжигчин,  багш гээд их завгүй байдаг байсан байх. Харин завтай үедээ гэр бүлтэйгээ  цагийг хэрхэн өнгөрүүлдэг байсан бол?

-Багшийн дээдэд багшилна,  драмын театрт ажиллана. Хажуугаар нь кинонд тоглоно гээд цаг зав муутай. Ажлын өдрүүдэд биднийг  унтсан хойно ирээд, өглөө унтаж байхад явчихдаг байсан.  Харин амралтын өдөр ээж гоё хоол хийж, аав янз бүрийн  дууны, шүлгийн зургийн тэмцээн зохиогоод их сайхан өнгөрүүлдэг байж билээ.

-Та аавынхаа ямар занг нь амьдралдаа хэрэгжүүлж явахыг хичээдэг вэ?

-Биднийг амлалтдаа хүр гэж сургадаг байсан шигээ өөрөө ч тийм хүн байсан. Нэг удаа надад дугуй авч өгнө гэсэн юм. Тэгээд  амралтын өглөө  III, IV хорооллын Мянган нэрийн барааны дэлгүүрээс  дугуй авч өглөө. Надад таарах дугуй байхгүй болохоор арай том Украин дугуй авсан юм.Тэгээд унаад явах гэсэн томдоод  хөл хүрдэггүй. Гэтэл аав “Миний хүү автобусаар явчих. Аав  нь унаад явъя” гэлээ.  Автобусанд суугаад явж байсан чинь хүмүүс шуугилдаад, автобусны хойшоо гүйгээд бөөн юм болж байна. Тэгэхээр нь гайхаад  харсан чинь аав дугуйг минь уначихсан явж байна. Дугуй аавд их жижигхэн харагдаж байгаа юм. Байр руу очиход хүртэл байраараа шавчихсан байж билээ. “Миний дугуй” гээд ахдаа унуулахгүй гэж хэлээд аавд бас гөвүүлж байгаа юм. Аав “Чиний дугуй биш. Чиний гэр бүлийн дугуй” гэж байсан. Дугуй аваад гараад ирэхээр байрны хүүхдүүд хүлээж байгаад бүгд унадаг. Өөрөө ч унасан юм байхгүй тийм л байсан. Тиймээс аавынхаа амлалтдаа хүр гэж өсгөснийг алдахгүй явахыг хичээдэг.

-Та хүүхдэдээ хэр зөөлөн ханддаг вэ?

-Аав гэдэг гэрийн нөмөр нөөлөг. Аав хүнд байх бүх зүйл миний аавд байсан. Гэтэл амьдрал дээр миний зан ааш ааваас өөр. Ах маань хоёр хүүтэй. Хааяа алганы амт үзүүлнэ. Би хоёр охинтой. Их эрхлүүлнэ. Гэхдээ аав эгчийг эрхлүүлэх үедээ эрхлүүлдэг ч бас чанга л байдаг байсан. Гэхдээ нийгэм нь өөр болчихсон. Эмэгтэй хүүхдийг чанга гараар бариад дэмий. Том охин минь надад л хамаг зүйлээ ярина шүү дээ. Бага нь  ч арай нялх байна.

-Сүүлд аавтайгаа хуваал­цаж байсан ярианаасаа хуваалцаач?

-Аав аяга, тагш юм ууж, халахаараа их юм ярина. Хүний мөн чанар, амьдралыг харах талаас  их ярьдаг байж. Гэхдээ хамгийн гол нь “Хүн шиг бай, хүнлэг бай” гэж л захисан даа. 1994 онд аав өнгөрч, би нэгдүгээр курст орж, ах эгч хоёр ч оюутан байсан. Сургууль төлбөртэй болчихсон, ээжид хэцүү байсан байх. Аавыг бурхан болсны дараа ямар олонтойгоо хүн байсныг нь  мэдсэн. Хөдөөний малчин хонь үүрээд манайд ороод ирж байгаа юм. Хүнд гурил илүүчлэхээргүй хүн гурил үүрээд ороод ирнэ. Одоо ч адилхан. Хаана ч явсан  “Би аавтай чинь найз байсан” гэж олон хүн хэлдэг.

-Тоглосон, найруулсан киног нь үзэж, хэр дурсдаг вэ?

-Аавын тоглосон олон киног үзэгчийнх нь хувиар үздэг. Гэхдээ “Мөнгөн буйл”, “Уул усны үр сад” кинонд нь хамт явсан болохоор киног нь үзэхээрээ дурсамжууд тодордог.  Сүүлд нь ч гэсэн би Дүрслэх урлагийн дээд сургууль төгсөх гээд дипломын ажлаа хамгаалах үеэр аав  “Монголын гурван өдөр”  кино хийх гээд Тэрэлжийн цаашаа зураг авалтад гарчихсан байсан. Би дипломоо хамгаалчихаад хойноос нь туслах зураачаар очих ёстой байсан юм. Очоод аавтай хамт кинон дээр нь ажиллаад сайхан амарна гэж бодоод очтол аав “Туслах зураачийг тэдэн төгрөгөөр цалинжуулна” гэж билээ. Намайг загнахдаа загнаж, бусадтай адилхан майханд унтуулна. Би болж өгвөл нүдэнд нь өртчихгүйг хичээж явна. Тэр үе надад маш том хичээл болж билээ.  Найруулагч мэргэжлийг  анх тэгж л сонирхож эхэлсэн байх. Гэхдээ аав намайг найруулагчаар суралцахаас өмнө бурхан болсон. Ах найруулагч болно гээд СУИС-д хоёр удаа шалгалт өгөөд эхний удаа унаж байсан юм. Тэгэхэд ээж чи нэг юм бодооч гэхэд аав “Өөрөө тэнцэхгүй бол тэр л биз” гээд хөдлөөгүй. Гэхдээ зарим зүйл дээр бас хөдөлнө.

-Зарим зүйл гэхээр юу байж болох уу?

-Талийгаач Амбий нэг удаа ярьж байсан юм. Дорнодоос шалгалт өгөх гэж ирэхдээ хоцроод шалгалт  авч байсан багш нар “Дараа жил ир” гэсэн юм билээ. Аав шалгалтын комиссын дарга нь байж. Тэгэхэд Амбий аавыг эмнэлэгт  хэвтээд байж байхад нь давхиж ороод учраа хэлээд  “Шалгалтанд оруулаад өгөөч” гэсэн гэдэг. Аав “Чи жоохон зэвүүн царайтай, байж байгаа байдал чинь хошин шогийн жүжигчин болчихоор хүү юү” гээд маргааш нь шалгалтын комиссыг гуйгаад өөрөө эмнэлгийн халаадтай очсон гэсэн. Тэр үед жүжигчин Амбий  мод болсон гэсэн. Тэгсэн нөгөөдүүл нь “Тэнцэхгүй”  гэхэд нь  аав “Үгүй ээ, наад чинь сайн жүжигчин болно. Яг мод шиг царайтай байгаа биз дээ” гээд тэнцэж байсан гэдэг. Тэгсэн хэрнээ өөрийнх нь хүүхэд тэнцэхгүй байхад “Би яах юм” гээд байж байна. Гэхдээ аавын нэр хүнд гэж байлгүй яахав.

-Та аавынхаа хийж ам­жаагүй “Тэнэгүүдийн орон” киног ахтайгаа хамт най­руулсан. Хүмүүсээс ч багагүй шүүмжлэл ирсэн гэдэг?

-Зохиолч Ш.Цэнд-Аюуш гуайн “Тэнэгүүдийн орон” зохиолоор аав  кино хийнэ гэж байгаад амжаагүй. Би оюутан, ах театрын найруулагч болохоор хоёулаа хамтарч хийнэ гэхээр бас хэцүү. Ах ерөнхий найруулагчаар харин би зураачаар ажилласан юм. Тэр үед би бүтээл дээр шийдвэр гаргах төвшний байгаагүй.   Тухайн үед менежмент маркетингаа мэдэхгүй “Тэнэгүүдийн орон”  зохиолынх нь нэрээр гаргаж, шүүмжлэл авч байсан. Гэхдээ мундаг жүжигчид тоглосон. Хүмүүс үзээгүй байж “Монголоо тэнэг” гэлээ гэж байсан. Уг нь  монгол хүн ямар ухаантай вэ гэсэн санаа байсан юм. Тэр кино маань амжилтад хүрээгүй. Гэхдээ үзсэн мэргэжлийн хүмүүс сайн гэхгүй ч муу кино гэдэггүй. Алдсан юм зөндөө. Банкнаас зээл аваад дараа нь өрөө төлж дийлэхгүй гээд олон зүйл болж байсан.

-Та олон хүн аавын тань талаар таниас асуудаг гэж байсан. Тэр бүрт бахархах сэтгэл төрөх нь лавтай байх?

-Ааваараа бахархах сэтгэл өдөр тутам төрдөг. Баяр ёслол болохоор монгол кино гардаг. Дээрээс нь урлаг гэдэг нүдний өмнө ил. Тиймээс урлагийнхан ярилцлага өгөхдөө манай багш гээд аавын тухай ярьдаг.  Мөн аавын шавь нар ном гаргасан. Тэр нь манай гэрт бурхны дэргэд залаатай байна.  Тэмдэглэлийн дэвтэр нь  ч байдаг. Хааяа түүнийг нь харахаар оюутан байхдаа бичиж байсан шүлэг, амьдралын үзэл бодлоо бичсэнийг нь уншихаар сайхан байдаг юм. Хүн нас яваад ирэхээр  эцэг, эхээ улам илүү ойлгодог юм байна. Аав “Үхлээс айх юм байхгүй, цаг нь ирэхээр хүн бүрт тохиолддог зүйл” гэж хэлдэг байлаа. Тийм болохоор эрүүл мэндээ ч тэгж айхтар анхаардаггүй байсан. Манай аав залуудаа өнгөрсөн гэдэг ч юм уу, зуурдаар явсан, байсан бол гэж би  боддоггүй. Хийх зүйлээ хийгээд  явсан хүн гэдэг өөр. Одоо ч гэсэн амьд байгаа юм шиг санагддаг. Бүх хэлсэн, бичсэн зүйл нь гэрт, дүрс нь кинонд байна шүү дээ.

-Танд аавын тань тэмдэглэлийн дэвтрээс өөр эдэлж хэрэглэж байсан зүйл нь хэр олон байдаг вэ?

-Аав харамч хүн байгаагүй. Хүнд сонирхож, шохоорхсон зүйл байвал харамлалгүй өгчихдөг. Тийм болохоор үр хүүхдэдээ тийм, ийм юмтай үлдээнэ гэдэг хүн байгаагүй. Харин өвөөгөөс дамжиж ирсэн хөөрөг зарим зүйлс ахад байдаг. Ном, нүдний шил гээд хэрэглэж байсан зүйлс нь надад бий. Материаллаг сонирхол багатай, элдэв юмаар гангарч, баярхаад байдаггүй хүн байсан даа.

П.Отгонтуяа


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.49) 2017 оны 03 сарын 03

Манай ЗГ-ын нэртэй 2-р 64 айлын орон сууцанд амьдардаг байж билээ.Гадаа орцныхоо үүдэнд түлээ хагалаад сууж байсан нь санаанд орж байна.Их л гүндүүгүй хүн шиг байсан санагдах юм.

0  |  0
gb(2.65.67.204) 2017 оны 02 сарын 25

Dorjsambuu gavyat boloogui bhad agluu booeo zolboot gsen nohoin baasnuud yu be? Ter b.lhagvasuren gj balai shalig uvgun baatar bolj bhiin????

0  |  0
цэцэгмаа(103.26.195.206) 2017 оны 02 сарын 23

Эр хүн гэж Доржсамбуу ахыг хэлнэ дээ.Одоо ч ийм дахиж төрөхгүй.Том зан байхгүй,хүнийг алагчилж үздэггүй,дандаа инээж явдаг ах байлаа.би нэг байранд,Киевт хам т суралцаж байлаа.кино болгонд гоё дүр бүтээсэн,юу ч хийж,бүтээж чадаагүй бацаан нарт гавъяат өгчихсөн байгаа юм даа.Бүгд мөнгөөр авсан.Ичиж амьдраасай?

0  |  0
Хүрлээ(150.129.140.154) 2017 оны 02 сарын 22

Дахиж төрөхгүй Монголын нэг од байсандаа

0  |  0
Чулуунбат Уранчимэг.(213.222.154.177) 2017 оны 02 сарын 22

Унэхээр гайхамшигтай уран бутээлч б сан ,олон ч хун урлагт хелее тавьсан б х.Тийм л гавьяатай хун б жээ.

0  |  0
ZOCNIN (108.181.115.137) 2017 оны 02 сарын 22

YOSTOI SAIHAN DYR BYTEESEN . mongol er hyn .

0  |  0
Top