В.Меньшов: “Москва нулимсанд дургүй” киног хориглочихоод байхад Л.Брежнев өөрөө үзээд, гаргахыг зөвшөөрч байлаа

2017 оны 03 сарын 14

Орос-Зөвлөлтийн кино урлагийн түүхэнд АНУ-д хүлээн зөвшөөрөгдөж, Академийн шагнал хүртсэн гурван найруулагч бий. Тэд бол алдарт Сергей Бондарчук (“Дайн ба энх” 1969), Владимир Меньшов (“Амьдрал нулимсанд дургүй” (1981), Никита Михалков (“Наранд зүдрэгсэд” 1995) нар юм. 1943 онд Оскав авсан “Москва хариу цохилт өглөө”, 1976 онд “Оскар” авсан “Дерсу Узала”-г энд дурьдаж болох ч нэг нь баримтат кино, нөгөө нь ерөнхий найруулагчаар нь япон хүн ажилласан байдаг юм. Бид “Алдартан” булнгаараа дамжуулан дээрх гурван уран бүтээлчийн ярилцлагыг цувралаар хүргэхээр бэлтгээд байгаа юм. Ингэхдээ монголчуудад хамгийн сайн мэддэгээр нь “Амьдрал нулимсанд дургүй” найруулагч В.Меньшовоор эхлүүлж байна.

Эдүгээ нас сүүдэр 77 хүрсэн ч уран бүтээлээ орхиогүй яваа (2015 онд тав, энэ жил хоёр кинонд тоглочихоод буй) энэ эрхэм хүн  жүжигчний хувиар 100 гаруй киноны гол болон туслах дүрд тоглож, ердөө тавхан кинонд найруулагчаар ажилласан ч Оросын ард түмэн түүнийг жүжигчин гэхээсээ илүү агуу найруулагч гэж үздэг юм.

 

 

-Кино урлагтай хэрхэн холбогдсон түүхээ ярьж өгөөч?

-Тэр үед би кино хийхийн л бөөн хүслэн. Би Кино урлагийн дээд сургуульд анхны оролдлогоороо орж чадаагүй юм шүү дээ. Дунд сургуулиа мөнгөн медальтай төгссөн би уралдаант шалгалтдаа уначихаад төрөлх Астраханьдаа ирж усан цэргээр ажилласан. Эцэг маань усан цэрэг байсан болохоор далай надад ойрхон санагддаг байсан юм. Дараа нь токарьчин болж, сүүлд Воркутад очиж уурхайчин ч хийсэн. Гэсэн ч энэ хугацаанд хэзээ нэгэн цагт урлагт хүчээ сорино гэсэн багын мөрөөдлөө орхиогүй. Бага байхад манайх телевиз худалдаж авснаас хойш би “Телевизээр гардаг хүн болно” гэж мөрөөддөг болсон юм л даа. Дөрвөн жил “төөрч” явсны эцэст 1961 онд мөрөөдөл болсон сургуульдаа элсдэг юм байна. Улмаар кинонд тоглож, багынхаа мөрөөдлийг гүйцээлээ. Гэтэл надад найруулагчийн ажилд хүчээ сорих шинэ мөрөөдөл бий болсон байлаа. Хэдийгээр цөөн кино найруулсан ч хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байдаг аа.

-“Амьдрал нулимсанд дургүй” киноны дүр сонголт одоо ч найруулагчдын дунд үлгэр жишээ болж яригддаг. Лүрүүдээ хэрхэн сонгосон бэ?

-Гурван найз бүсгүйн тухай өгүүлдэг Валентин Черныхын зохиолоор хийсэн кино шүү дээ. Киноны гол дүр Катеринагийн дүрд тоглох саналыг эхлээд Ирина Купченко, тухайн үед ид нэрд гарч байсан Маргарита Терехова нарт тавьсан ч хоёулаа татгалзсан. И.Купченкод зохиол таалагдсангүй, харин Маргаритагийн хувьд “Шадар гурван цэрэг” киноны гол дүрийг илүүд үзсэн л дээ. Ингээд Валентина Теличкина, Наталья Сайко, Вера Алентова нар дээр  тогтсон. Гэхдээ тэдний хэнийг сонгох нь эрэгтэй гол дүр буюу Гошагийн дүрд тоглох жүжигчнээс хамаарч байсан юм. Би Гошагийн дүрд эхлээд Виталий Соломныг тоглуулахаар пробонд авч явж байлаа. Надад ч тоглох боломж байсан. Гэтэл нэг удаа гэртээ орж ирээд зурагтаа саатал Алексей Баталовын тоглосон кино гарч байхыг хараад “Яагаад А.Баталов байж болохгүй гэж” гэж бодсон. Жаахан анхааралтай ахжиглаад би хайсан хүнээ олчихлоо гэж өөртөө хэлсэн дээ. Пробын үеэр В.Соломин Н.Сайко нар муугуй зохицож байсан ч Гошагийн дүр өөрчлөгдсөнөөр хамтрагчийг нь ч өөрчлөхөөс өөр арга байгаагүй. А.Баталовт хамгийн сайн тохирох хос нь Вера байсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top