Шведийн хааны нэрэмжит Шинжлэх ухааны академи шотланд эрдэмтэн Ангус Дитонд энэ оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртээсэн билээ. Таван жилийн өмнө АНУ-ын эрдэмтэн Даниэль Каннемантай хамтран явуулсан судалгааны үр дүнг нь үнэлж түүнд энэхүү шагналыг хүртээсэн гэдэг. Хоёр эрдэмтэн “Аз жаргалтай байхын тулд хүнд хэр их мөнгө хэрэгтэй вэ” гэсэн асуултад хариу өгөхийг зорьсон бөгөөд 450 мянган америкчуудын дунд санал асуулга явуулны эцэст жилд 75000, сард 6250 ам.доллар хангалттай хэмээх маш сонирхолтой үр дүнд хүрсэн юм. Бага орлоготой хүн цалин нэмэгдэх бүрт баярладаг бол дээр дурьдсан хэмжээнээс хэтрэх тусам баярлахаа больдог байна.
Жилд 75000 ам.долларын орлоготой, эхнэрээсээ салах вий гэж санаа зовохгүй, хөршүүдээсээ доор орохгүй байшинтай, тийм хурдан биш ч машинтай гм... байх үед аз жаргалын рейтинг хамгийн дээд түвшинд байдаг байна. Тухайлбал, орлого 1000 ам.доллараар багасах, 3000 ам.доллараар ихсэх бүрт салалтаас айх айдас, сэтгэл ханамжгүй байдал нэмэгдэж байжээ. Мөн хичнээн их мөнгө олсон ч хэрэглээнд нь төлдий их өөрчлөлт ордоггүй байна.
Ангус Дитон энэхүү судалгааныхаа үр дүнд үндэслээд “Дитооны парадокс” хэмээн нэршсэн томъёоллоо гаргасан бөгөөд “Өндөр орлого таныг аз жаргалтай болгохгүй, харин илүү сайхан амьдрахад л хэрэгтэй” хэмээн олон нийтэд зөвлөсөн юм. Нобелийн шагнал олгох хорооноос гагасан мэдэгдэлд “Түүний судалгаа ядуурлын учир шалтгааныг олох хамгийн чухал арга замыг нээж өглөө. Тэрбээр мөн ядуурлыг буруулахын тулд гэр бүлийн гишүүдийн хэрэглээг нэн түрүүнд судлах ёстой гэдгийг бидэнд зааж өглөө” хэмээн онцлон тэмдэглэжээ.
А.Дитон нь баян ядуугийн ялгааг судалдаг эрдэмтэн юм. Түүний бичсэн “Их үсрэлт: Эрүүл мэнд, эд хөрөнгө, тэгш бус байдал” хэмээх судалгааны бүтээл 2013 онд хэвлэгдэн гарч, анхаарал татаж байв. Түүндээ сүүлийн 200 жилийн турш хүн төрөлхтөн баялаг хуримтлуулахын хэрээр эрүүл мэндийн салбараа хөгжүүлж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, ядуурал, өвчин зовлонгоос зугтахыг хичээж иржээ. Гэвч ядуу улсуудыг жинхэнэ утгаар өөд татъя гэвэл санхүүгийн тусламж өгөх бус, хил хязгаараа нээлттэй болгож, хөдлмөр эрхлэх боломжийг нь олгон, халуун орны өвчнийг эмчлэх эмийг ашиг харалгүйгээр худалдах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн байдаг юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )