Их спортоор “зэвсэглэсэн” 40 жилийн нөхөрлөл

2017 оны 04 сарын 03

“Андууд” буландаа бид олны танил эрхмүүдийн олон жилийн нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Тэгвэл энэ удаа Зэвсэгт хүчний жанжин штабын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт болон түүнийг цэргийн андуудыг урьсан юм. Д.Номт хурандаагийн хувьд өнөөдрийг хүртэл зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа. Харин түүний найзууд болох Ё.Бямбадорж, Х.Наранхүү, П.Болд нар нь 1990-ээд оны дундуур бэлтгэлээр халагджээ. Ингэснээр Ё.Бямбадорж барилгын салбарт хүчээ сорих болсон бол Х.Наранхүү нь газрын тос, нефтийн салбарт ажиллаж байна. Тэгвэл П.Болдыг уншигчид “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн гэдгээр нь андахгүй мэдэх биз ээ. Д.Номт хурандаагийн тодорхойлсноор найзууд дундаа ганц од нь гэсэн. Дээрх дөрвөн хүнийг зөвхөн цэргийн андууд гэвэл бас биш аж. Тэд өнөөдрийг хүртэл 40 орчим жил үерхэж нөхөрлөхдөө их спортыг нөхөрлөлийнхөө гол “зэвсэг” болгожээ. Учир нь, зав гарвал хөлбөмбөг, завсар гарвал биллъярд, боломж гарвал сагсан бөмбөг, чөлөөт цагаараа волейбол тоглосоор өдийг хүрчээ. Ингээд спортлог андуудын яриаг хүргэе.

 

-Юун түрүүнд урилгыг маань хүлээн авсанд талархаж байна. Манай ярилцлагыг эхлүүлдэг уламжлалт асуулт байдаг. Та бүхний нөхөрлөл хэдийд, хэрхэн эхэлж байв. Эндээс яриагаа эхлүүлэх үү?

Д.Н: -Биднийг урьсанд баярлалаа. Ер нь бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх нэг их дуртай биш. Энэ удаа дарга нар үүрэг өгч, санал тавьсан учраас урилгыг тань хүлээж авсан. Ер нь бол олон жил үерхэж байгаа олон сайхан найз байна.

Найз олонтой хүн л дээ. Наранхүү бид хоёрын хувьд бол дунд сургууль байхаасаа л дотно үерхэж, нөхөрлөж явна. Нэг ангийн хоёр гэсэн үг. Улсын тэргүүний лаборатори I сургуулийг төгссөн. 1975 оноос нөхөрлөл маань эхэлсэн. Сургуулиа төгсөөд хоёулаа цэргийн сургуульд явсан. Бямбадорж бол миний дарга байсан хүн. Намайг Ерөнхий сургуульд ороход Бямбаа төгсөх ангийн оюутан. 1987 оноос хамт ажиллаж эхэлсэн. Тэр үеэс л нөхөрлөж байна. Харин Болдын хувьд бас л миний дээд ангийн оюутан. Би нэгдүгээр курс. Болд төгсөх курс. Наранхүүтэй нэг ангийн найзууд болохоор энэ хэдтэйгээ найзыгаа танилцуулсан. Ингээд л жинхэнэ утгаараа нөхөрлөж явна даа. Найз гэвэл олон байна. Болд биднийг бодвол олны танил хүн. Манай найзуудын онцлог гэвэл дандаа цэргийнхэн. Цэргийн сургууль хамт төгсөөд, нэг салбарт олон жил хамт ажиллаж байсан. 1990 оны дунд үед найзууд маань бэлтгэлээр халагдсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл бие биедээ өмөг түшиг болоод явж байна. Яриад байвал Батлан хамгаалах болох Эрчим хүчний сайд асан Сономпил, Шадар сайд Хүрэлсүх гэх мэт олон найз бий.

Х.Н: -Манай Номт гуравдугаар ангиас шилжиж ирж байлаа. Эхэндээ гэр өөр зүг болохоор хоёр тийшээ явдаг. Гэтэл наймдугаар ангид байхад Номтынх хороолол руу нүүж ирсэн. Энэ үеэс л жинхэнэ утгаараа нөхөрлөсөн. Бидний нөхөрлөл бусдын жишгээр л үргэлжилж нэг мэдэхэд 40 жил болсон байна. Номтынд очиж их үймүүлдэг. Манай хүн аливаад уриалж, санаачилга гаргахдаа сайн. Бүхий л зүйлд уриалдаг байсан. Ингэж л дотноссон. Ангийн бүх хүүхэд найз биш гэж хэлж болохгүй. Гэхдээ эднээс арай илүү ойр дотно болж, гэр орноороо орж гардаг, зовлон жаргалаа ярилцдаг нь Номт байлаа.

Ё.Б: -Цэргийн сургуулиас л нэгнээ мэддэг. Нэг салбарт хамтраад ажилласнаас хойш 30 жил болсон байна. Номт манай салааны дарга байсан хүн. Хэзээ харихаа мэдэхгүй өдөр, шөнөгүй л ажилладаг байлаа. Тэгээд ирэхээр л зовлон, жаргалаа хуваалцаад эхэлдэг юм билээ. Тэр цагаас хойш дотносч, гэр орноороо ордог болсон доо. Цэргийн хүний нэг онцлог бий. Энгийн хүн бол өнөөдөр онц ажилгүй бол яваад өгнө. Гэтэл цэргийн хүн тушаалаар явдаг. Жишээлбэл, өнөөдөр гэртээ хэдэн цагт харихаа мэдэхгүй. Харихгүй ч байж магадгүй. Олон жил хамт ажиллаад, хээрийн сургуулилалт, цэргийн казармд байхаар хүний мөн чанар танигддаг юм. Энгийнээр хэлбэл, бие биеийнхээ занг сайн ойлгодог болж байгаа юм. Удаан найзлаад ирэхээр ар гэрийнхэн нь хүртэл хоорондоо дотно болдог юм байна. Бид амралт чөлөөт цагаараа байнга нэгнийдээ очиж сайхан шорлог хийж идэнгээ цагийг зугаатай, үр дүнтэй өнгөрүүлдэг.

Д.Н: -Наад хүн чинь зусланд манай хөрш. Найзууд зусланд гарахдаа хүртэл нэгнээсээ салж хагацаж чаддаггүй юм байна.

Ё.Б: -Ер нь бол хамаатнаас дутуугүй найзууд, ханилснаас дутуугүй андууд. Найзаар минь намайг таньдаг гэх мэт сайхан үгтэй дуунууд байдаг даа. Яг л тэр дууны мөрт шиг нэгнээ их үгүйлнэ. Ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд найздаа л ярихгүй бол бүтэхгүй юм шиг санагддаг. Ийм үе олон л доо. Жинхэнэ найзуудын илрэл бол харцнаас нь л шууд харагддаг. Би Номтыг хараад л юу тохиолдсоныг нь сайн мэдэхээр болсон ийм л найзууд байна даа.

П.Болд: -Өнгө ижил. Товчхондоо бол гурван найзтайгаа ижилхэн санаа бодолтой байна аа л гэсэн үг. Намайг ирэхээс өмнө манай гурав хэрхэн анх танилцаж байснаа ярьсан байх. Би ганц нэгхэн зүйл нэмье. Номт сагсан бөмбөг сайн тоглодог. Миний хувьд энэ төрлийн спорт сонирхдог учраас багтаа гишүүн элсүүлэх маягтай. Төгсөх ангийн оюутан учраас шинэ оюутнуудаас шинэ гишүүнээ хайж байгаа юм. Ингээд хараад явж байтал Номт хараанд өртсөн. 48 кг жинтэй, том хамартай, дэлдэн чихтэй, халзан толгойтой, туранхай шар хүү нэлээд эвсэлтэй харагдсан. Тэр нь манай Номт юм. “Энэ хүүхэд гайгүй эвсэлтэй юм байна. Өөд нь татна аа” гэж хэлээд л багтаа авсан. Би хоёр, гурван насаар ах болохоор захиргаадна. Цэргийн амьдрал гэхээр бүх зүйл хатуу чанга дэглэмтэй. Цэргийн сургууль ч бас ялгаагүй. Доод ангийнхан дээд ангийн ах нараа хүндэлж харьцах ёстой. Ингэж Номтыг багтаа авснаар бидний нөхөрлөл эхэлсэн түүхтэй. Энэ бол 1982 он юм. Цаашлаад элитийн батальоны 150 дугаар ангид багагүй хугацаанд хамт ажилласан. 

-Унаган хотынх уу, та хэд?

Д.Н: Тийм. Хүмүүс нутгархах их дуртай байдаг. Харин бид тийм биш. Угаасаа л Улаанбаатарынх юм чинь.

-Эрчүүдийн нөхөрлөл эмэгтэй-чүүдийнхээс арай өргөн хүрээнд байдаг. Жишээ нь, зав гарвал морь, малтай ноцолдох, агаар салхинд гарангаа ангийн зоог идэх. Мэдээж эр хүн болсон хойно бөх сонирхож таарна. Ер нь та нар чөлөөт цаг, заваараа юу хийдэг вэ?

Д.Н: -Үнэнийг хэлэхэд морь үзээд, бөх хараад суугаад байх нэг их дуртай биш. Яах вэ, монгол хүн юм чинь харалгүй яах вэ. Гэхдээ тийм ч их хорхойсдоггүй. Манайхан соёолонгийн тоосонд дарагдана гээд л Хүй долоон худагт очдог биз дээ. Бид бол тийм биш. Яагаад гэвэл морь, бөх үзэх орчныг манайхан сайн бүрдүүлж чадаагүй байна. Нэг олсоор хашуулчихаад л морь харж, бөх үзэх нэг их сонин биш. Харин хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол гэх мэт их спортод чөлөөт цагаа зориулдаг хүмүүс л дээ. Анх танилцсан цагаасаа л хөлбөмбөг тоглож эхэлсэн. Манай Болд гэхэд л хөлбөмбөг, сагсан бөмбөг маш сайн тоглодог. Дээрээс нь биллъярд цохино. Гэхдээ зүгээр тоглохгүй. 10 гаруй найз нийлээд хоорондоо тэмцээн зохион байгуулна. Шагналыг нь бүгдээрээ ээлжилж даах маягаар. Цаг ч их зарцуулдаг. Хөлбөмбөгийн хаалгаа өөрсдөө хийнэ. Заал хайна. Спортод хоббитойн буянаар Монголд хамгийн анх Олс таталтын холбоо байгуулсан түүхтэй. Тайваниас мэргэжлийн хүн авчраад сургалт явуулж, холбоогоо Азийн төдийгүй олон улсын холбоонд гишүүнээр элсүүлсэн. Шигшээ баг байгуулж тамирчдаа тив, дэлхийн аваргад оролцуулсан. Миний бие холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа даа. Харахад уйтгартай юм шиг мөртлөө олс таталт чинь маш гоё спорт юм билээ. Бүгд нэг хэмнэлээр ажилладаг. Сагсан бөмбөг, хөлбөмбөгт нэг багт онцгойрсон заавал 1-2 гол тоглогч байна. Тэд сайн байвал баг нь хожих магадлалтай. Гэтэл олс таталт тийм биш. Нэг нь л гишгэдэл алдвал баг хожигдоно. Жинхэнэ багийн ажиллагааг олс таталтаас харж болох юм. Олс таталтын баг бүрдүүлээд тэмцээн оролцохоор явахад Шадар сайд Хүрэлсүх маань маш их тусалж байлаа.

Х.Н: -Зөвхөн өөрсдөдөө зав гаргаад, өөрсдийгөө хөгжөөдөг гэвэл бас эндүүрэл. Мэдээж гэр бүлдээ ч цаг зарцуулна. Гэр бүлээрээ нийлж Байгал нуур руу аяллаар явсан. Заримдаа Номтын зуслан дээр ч юм уу цуглаж хө-зөр тоглонгоо сайхан шорлог хийж иднэ. Бидний найзуудын нэг Эрдэнэбат гэж хурандаа бий. Маш гоё шорлог хийдэг. Шорлогны мастер шүү дээ. Даанч ирж амжсангүй. Хийсэн шорлогийг нь идэхээр бас л гоё таашаал авна.

Д.Н: -Бас биллъярд их тоглоно. Сар бүр хоорондоо тэмцээн зохион байгуулдаг. Цэргийн найзуудынхаа дунд л даа. Шагналын сан нь юу ч байж болно. Ингэж тойрсоор жилийн эцэст нэгдсэн дүнгээр түрүүлсэн хүнд нь сэлэм бэлэглэдэг уламжлалтай. Саяхан тэмцээнээ зохион байгуулсан. Гуравдугаар сарын ээлжит тэмцээнийг бидний цэргийн найз Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Баясгалан маань нутагтаа хүлээн авч зохиосон. Энэ тэмцээнд Наранхүү зальдаж түрүүлж, айрагтай ваараар шагнуулсан хүн.

-Ер нь бол спортлог нөхөрлөлтэй хүмүүс юм аа даа?

Ё.Б: -Байнга л даа. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, биллъярдаар хязгаарлагдахгүй. Теннис, хоккей тоглоно. Цана, тэшүүрээр гулгана. Номт чинь Цэргийн сургуульд байхдаа цаначин байлаа. Ер нь бол спорт спортын хэлтэрхийтэй.

Х.Н: -Сүүлийн үед Номт хурандаа экстрим спорт сонирхож нэлээд явах болсон гээд байгаа.

Д.Н: -Бид бас их зугаална. Заримдаа ажлаас шалтгаалаад явж чадахгүй тохиолдол байдаг. Хэдэн жилийн өмнө найзуудтайгаа, гэр бүлээрээ нийлж Элсэн тасархай, Хамрын хийд рүү явсан. Бас загасчилна.

П.Б: -Спорт угаасаа хүнийг маш сайхан дотносуулдаг шидтэй юм л даа. Ялангуяа багийн спорт хүмүүсийн нөхөрлөлийг бэхжүүлдэг. Спортоор дамжуулж нөхөрлөсөн, найрамдсан жишээ олон бий. Тэр утгаараа спорт бол маш сайн талтай. Бас чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн зөв арга байх шүү.

-Эрчүүдийн олонхи нь найзуудаараа нийлж ан хийдэг шүү дээ. Та хэд бас ангийн зоог барина биз?

Д.Н: -За даа, тийм зүйлд ёстой сонирхол байхгүй шүү дээ. Хотын хүүхдүүд болоод ч тэр үү их спортод л нэлээд дуртай. Боломж л гарвал бөмбөг л хөөх гээд байдаг талтай. Түүнээс биш ан, морь, бөхөд шимтэж сонирхохгүй.

Ё.Б: -Хөлбөмбөгийн дэлхийн аварга, Европын аваргаар тун завгүй болно шүү дээ. Ажил тараад оройд заавал нэг газар бөөндөө цуглаж хөлбөмбөг үзнэ. Бас болоогүй бага зэргийн бооцоотой. Дэмждэг баг ялагдвал өөр гайгүй багийг нь харж байгаад бооцоо тавина. Энэ бол бидний кайф авах нэг хэлбэр.

Х.Н: -Нэг ёсондоо чөлөөт цагаа өнгөрөөх арга хэлбэр нь хамтдаа цуглаж, дуртай спортоороо өөрсдийгөө хөгжөөх юм даа. Сагс тоглохоор бол тоглодоггүй хэдийгээ ч дууддаг. Ганцхан зүйлд л хоббироод байдаггүй. Өөрсдийгөө хөгжөөхийн тулд яавал сонирхолтой байна, тэр бүгдийг л эрж хайдаг гэх үү дээ. Аль болох олон найзаа л хамруулахыг хичээдэг. Дээр дурдсанчлан заримдаа бөөндөө цуглаад спортын хөзөр ч тоглоно.

Д.Н: -Спортод дуртай юм болохоороо бид нийлж байгаад Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Соёмбын барсууд” гэж хөлбөмбөгийн клуб байгуулсан. Ахмадын хот, улсын аваргаар байнга оролцож, тогтмол өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Болд маань манай багийг ерөнхийд нь дасгалжуулдаг.

П.Б: -Ер нь бол алт, мөнгөн медалиас бараг доошилж үзээгүй дээ. Яах вэ, залуучуудын баг маань өнгөрсөн жил “Хүрхрээ” нэгдүгээр лигээс хүрэл медаль хүртсэн.

Д.Н: -Ингээд бодоод байхад үзэл бодол, сонирхол нь ойролцоо хүмүүс л бие биенээ олж найзалж, нөхөрлөдөг юм шиг байна. Социализмын үед заал олдохгүй, тун хэцүү. Манай эхнэр 28 дугаар сургуулийн багш. Залуу багш учраас хүссэн цагтаа заал авч өгч чадахгүй. Ингээд бид мөнгө нийлүүлж Эрхүүгээс волейболын тор, бөмбөг зэрэг хэрэгсэл 28 дугаар сургуульд авч өгөөд тэнд зааланд тоглодог байлаа. Бас хөлбөмбөгийн хаалгаа өөрсдөө хийнэ. Тэгээд Наранхүү “НИК” хувьцаат компанид ажилладаг байсан болохоор багаа авчирна. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн залуучууд ирнэ. Дээрээс нь манай 150 дугаар ангийн баг нэмэгдэнэ. Ингээд бүгдээрээ нийлж угсардаг хаалгаа машиныхаа ард ачиж аваад Маршалын гүүрний ойролцоо тоглодог. Одоо Маршал таун байгаа тэр хэсэг чинь янзын сайхан тэгшхэн, хоосон талбай байлаа шүү дээ. Тэнд их тоглодог байлаа. Нэг удаа тоглож дуусаад байж байтал Болд хэдүүлээ холбоо байгуулъя гэж байна. Надад газрын теннисний холбоо байгуул гэсэн үүрэг өгсөн, манай хэд. Би ч хөөцөлдөж эхэллээ. Гэтэл Зулбаатар гэж хүн хэдийнэ байгуулчихаж. Тэгсэн даамны Бат-Эрдэнэ олс таталтын холбоо байгуулахыг анх санаачилсан. Сонирхоод эхэлсэн чинь олс таталт үнэхээр гоё юм билээ. Ялангуяа одоо цагт бол хамгийн гоё спортын төрөл.

Ё.Б: -Ингээд бид нөхөрлөлөө ярихаар спорт руу л хальтирчихаад байгаа юм. Яалт ч үгүй биднийг холбож, өнөөдрийг хүртэл нөхөрлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн гүүр нь спорт юм чинь.

П.Б: -Наад Номтыг чинь волейбол-чид сайн мэднэ. Засгийн газрын гишүүн асан Сономпил бас спортод элэгтэй, дуртай хүн. “Залуу монгол” гэж волейболын багтай байсан даа. Тэр багийн менежер нь Номт байлаа. Тэгэхээр ерөөсөө их элдэвтэй хүн байгаа биз. Бид спортын үнэн хорхойтой.

Ё.Б: -Марш тактикийн тэмцээн чинь бас л нэг төрлийн спорт шүү дээ. Энэ тэмцээнд манай 150 дугаар ан-гийнхан тогтмол дээгүүр байр эзэлдэг.


-Ингэхэд найзууд цэргийн байгууллагад хамт ажиллах ямар байдаг вэ. Ялангуяа нэг нь дарга боллоо гэхэд найзаа гэх үү, эсвэл дарга, цэргийн харилцаатай байх уу?

Д.Н: -Ажил бол ажил. Цэргийн хүмүүсийн хийх ажил нь тодорхой. Бүх зүйл эрэмбэ, дараатай. Хэдийгээр миний найз байсан ч надаас илүү цолтой, дээгүүр албан тушаалтай бол хүндэлж харьцана. Түүнээс биш би найз нь гээд түрэмгийлээд байж болохгүй.

-Нэгнээ удаан хугацаагаар ч юм уу хол явахаар үгүйлнэ биз?

Ё.Б: -Тэгэлгүй яах вэ. Тэр бол ёстой тамтаггүй. Номт нэг удаа байгууллагынхаа шугамаар хоёр жилийн хугацаанд Солонгос руу явж байгаа юм. Тэгсэн Эрдэнэбат, Болд бид хэд тэсэлгүй Номтыг эргэхээр очсон. Наранхүүгийн маань ажил нь амжаагүй.

-Цэргийн андуудаас одоо салбар-таа ажиллаж үлдсэн нь Номт хурандаа юм байна. Бусад нь юу хийдэг юм бол. Ажил хэргийнхээ талаар танилцуулаач?

Д.Н: -Зэвсэгт хүчний жанжин штабын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалтай ажиллаж байна.

Х.Н: -1988 онд Оросоос сургуулиа төгсч ирээд Зүүнбаянд хоёр жил гаруйн хугацаанд офицероор алба хаасан. 1990-ээд оны дунд үед Ардын армид зохион байгуулалтын өөрчлөлт орж, миний бие бэлтгэлээр халагдаж байлаа. Тэр цагаас хойш газрын тос, нефтийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Яг энэ чиглэлээрээ хувийн хэвшил болон төрийн байгууллагад олон жил ажилласан.

Ё.Б: -Миний хувьд армиас халагдсан. 10 гаруй жил барилгын салбарт ажилласан. Анх Цэргийн их сургуулийн Улс төрийн ангийг төгсч байлаа.

П.Б: -Миний хийж байгаа ажлыг хүмүүс мэдэх биз. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнийг удирдаж байна.

- 40 орчим жилийн хугацаанд бие биеийнхээ зан чанарыг андахгүй мэддэг болсон байх. Нэгнээ сайхан тодорхойлооч гэвэл?

Д.Н: -Яг юу гэж тодорхойлох юм бол. Дутагдлыг нь хэлбэл эндээс гараад надад шанаа өгөх байх даа (инээв).

-Тэр бол та нарын мэдэх хэрэг. Магтаж ч болно шүү дээ?

Д.Н: Өөрөөсөө ах, өөрийнхөө дарга байсан хүнийг тодорхойлоод яах вэ (Бямбадоржийг хэлэв). Магтвал худлаа магтлаа гэнэ. Үнэнийг нь хэлбэл дараа шанаа авах хэрэг гарна. За энэ бол наргиа шүү. Наранхүүг тодорхойлсон нь арай дээр юм байна. Бид 13 дугаар хороололд биллъярд тоглож байлаа. Мөнгөө нийлүүлж байгаад нэг том өрөөнд дөрвөн ширээ авч тавьсан. Ингээд биллъярдны газар байгуулсан. Тэндээ орой бүр цуглана. Гэтэл нэг орой тоглож байтал Наранхүү ороод ирдэг юм байна. Удалгүй эхнэр нь араас нь бөөн уур болсон хүн ороод ирлээ. Яав, юу болов гээд асуутал хүүхэд нь халуурсан байж. Мань хүн түргэн дуудаад, халууны эмийг нь авч өгчихөөд бидэн дээр ирээд тоглож л дээ. Тэгсэн эхнэр нь “Хүүхэд халуураад, хүн сандраад явж байхад арван хэдэн жил ханилчихаад намайг хаяад тоглоом хөөж явлаа” гэж уурлаж байгаа юм. Тэгсэн манай хүн “Тэгээд би 30-аад жил найзалсан найзууд аа яаж болж байна аа. Би ямар халууны шил, халууны эм юм уу. Авчраад өглөө болоо юм биш үү” гэж хариулсан. Иймэрхүү л хүн шүү дээ, найзууд даа. Манай найз бол алтан цээжтэй, мөнгөн бөгстэй гэж худлаа хэлээд яах вэ. Эхнэртээ ингээд хэлчихэж байгаа хүн үерхэл нөхөрлөлдөө ямар байх нь ойлгомжтой биз дээ. Үнэнч дотны найз хүнд их ховор олдоно л доо. Бидэнд чинь аав ээж, эхнэр хүүхэд, ах дүү нартаа хэлэхгүй нууц гэж бас байна. Гэтэл найзаасаа бол юу ч нуух шаардлага байхгүй. Найзууддаа л бүх нууцаа ярьж зовлон, жаргалаа хуваалцана шүү дээ. Олз олсон ч тэр, факталсан ч тэр хамгийн түрүүнд найздаа л очдог.

Ё.Б: -Зовлон, жаргалаа хуваалцана гэдэг чинь тэр. Бид бие биеэ сэтгэлээрээ сайхан дэмждэг. Сэтгэлдээ бухимдаад байсан зүйлээ найз нөхөддөө ярьж байж л тайвширдаг.

Х.Н: -Олон жил найзалсан болохоор сайндаж, муудахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ муудаад шалихгүй ш дээ. Олон жил нөхөрлөсөн болохоор туниж байгаа царай нь л даа. Миний хувьд хэн нэгнийг тодорхойлох бус найзууддаа хүндэтгэлтэй ханддаг. Уурласан ч хүчтэй уурладаггүй. Ямар ч зүйлд найз нар бол миний талд л байдаг. Буруу зүйл хийсэн ч сэтгэлийн дэм өгнө. Тэр утгаараа би найзуудаасаа дандаа л урам авдаг. Спортоор нөхөрлөхдөө зүгээр тоглоод байхгүй. Гол нь эрүүл орчныг бий болгож байна.

П.Б: -Номтыг би тодорхойлох гээд үзье. Ер нь олон зүйлд бидэн дундаа анхдагч. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний анхны ерөнхий нарийн бичгийн дарга. Ингээд эх орныхоо газар шорооны төлөө тэмцэхийн хажуугаар спортоо орхиогүй. Хүүхэд залуучуудыг зөв боловсон хүмүүжүүлэх зорилгоор олс таталтын спортыг үүсгэн байгуулсан. Анхны үүсгэн байгуулагч, нарийн бичгийн дарга нь өнөөх Номт. Энэ хүнийг тодорхойлоод байвал солонгын долоон өнгө шиг л болох гээд байна. Туул голын хөвөөн дээр тоглодог байснаа үргэлжлүүлэхийн тулд клуб байгуулсан. Нэр нь “Соёмбын барсууд”. Санаачилгыг нь бас л Номт анх гаргажээ. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр Номт маань хамтач, нөхөрсөг, аливааг зохион байгуулахдаа маш сайн хүн.

-Сургуулиа төгсөөд хаана, хаана хуваарилагдаж байв?

Д.Н: -Арын хаалгагүй ардын хүү болохоороо би Ховд руу хуваарилагдсан. Наранхүү маань Зүүнбаянд очсон. Гайгүй ээ, вагоноор яваад оччихно. Над шиг хол яваагүй. Болд, Бямбадорж хоёр бол арын хаалга сайтай учраас хотод үлдсэн дээ /инээлдэв/.

П.Б: -Манай элитийн 150 дугаар анги бол тухайн үедээ хамгийн шилдэг нь байсан. Одоо ч гэсэн тэр нэр алдраа гээгээгүй л байна. Хамгийн шилдэг офицер, цэргүүд л 150 дугаар ангид алба хаадаг байлаа шүү дээ. Цэргийн албыг бүгд үнэхээр үлгэр жишээ хаасан. Хурандаа гэдэг цолыг хэр баргийн хүн хүсээд авчихдаг юм биш. Бид армиас зугатаж гараагүй. Бүгд армиас халагдаад энгийн сургуульд орсон. Номт л гэхэд Тагнуулын сургуулийн хууль зүйн чиглэлээр суралцсан. Өмнөд Солонгост Аюулгүй байдлын академи төгслөө. Миний хувьд гэхэд МУИС-ийн Хуулийн сургуулийг дүүргэсэн. Ер нь бүгдээрээ хоёр сургууль төгссөн шүү.

-Одоо бүгдээрээ зэвсэгт хүчний салбарт ажиллаагүй ч цэргийн салбарт үнэнч яваа хүмүүсийн хувьд үр хүүхдээ цэргийн хүн болгох тал дээр хэр анхаарал хандуулдаг вэ. Эсвэл хүссэн мэргэжлээ эзэмшээд яваг гэж боддог уу?

Д.Н: -Эрдэнэтөгсийн хүү ОХУ-д Цэргийн биеийн тамирын дээд сургууль төгсөөд ирсэн. Эрдэнэбатын  хүү Шүхэрт десантын дээд сургууль төгссөн. Манай дүүгийн хүү ОХУ-д Химийн сургууль төгслөө. Болдын аав нь хурандаа хүн байв. Хоёр хүү нь цэргийн хүн болсон. Хүндэт харуулын ангид ажиллаж байна. Товчхондоо бол дараа дараагийн хүүхдүүдээ мэргэжлээ өвлүүлэхээр ажиллаж байгаа.

П.Б: -Цэргийн сургууль хүнд маш ихийг өвлүүлж, үлдээдэг. Жинхэнэ цэргийн дэглэмийг сахиулдаг байлаа. Тэр үеийн хүмүүжил одоо бидний цусанд шингэжээ. Дөрвөн жилийн хугацаанд хамт байхаар дасалгүй яах вэ. Хагас, бүтэн сайнд чөлөө бараг өгдөггүй байсан шүү дээ.

Д.Н: -Цэргийн дэглэм хатуу байсныг хэллээ. Саяхан эхнэр сонирхоод байхаар нь тооцоо хийж үзсэн чинь жилийн 12 сарын зургаад нь гэртээ биш анги дээрээ хоносон байгаа юм. Улсын баярын парадын бэлтгэл гээд сар гэртээ ирэхгүй. Марш тактикийн бэлтгэл гээд байнгын бэлтгэл хийнэ. Эргүүлд гарна. Нэг жилийн талд нь бид хамт хонож байна шүү дээ. Одооны залуус бол ажил тарав уу, үгүй юү бушуухан гэрийн зүг явж байна. Анги дээр хонохдоо болж өгвөл нөгөө л спортоо хөөнө. Ширээний теннис, даам гэх мэт. Би теннис огт тоглож чаддаггүй байлаа. Ганболд гээд цэрэг “Номт дарга аа, 20:0-ээс эхэлье” гэж байгаа юм. Би ганц оноо авахад л хожих гээд байдаг, чаддаггүй ээ. Ингээд оноо авч чадалгүй байсаар байгаад 21:20-оор хожигдоно. Тэр цэрэгтэй тоглосны хүчинд сайн тоглож сурсан даа. Гэтэл Өмнөговийн цэргүүд шатар, даамдаа сайн. Спортод дуртай хүмүүс чинь бас л дагана биз. Хоорондоо бооцоотой хүртэл тоглоно. Тэр үед Өмнөговь аймгийн 15 цэрэг манай салаанд ирдэг юм даа.

-Олон жил нөхөрлөхдөө юугаар бахархаж байв?

П.Б: -Төр нийгмийн олон зүтгэлтнийг бэлтгэсэн. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал манай Бямбаагийн цэрэг болж очиж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай анги дээр дадлага хийж байсан хүн. Шүлэг бичнэ, арга хэмжээ хөтөлнө. УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн асан М.Сономпил зэрэг төрийн зүтгэлтнүүдийг гаргасан мундаг газар шүү, манай 150 дугаар анги. 


-Олон жил нөхөрлөсөн хүмүүст хөгжилтэй, хөгтэй явдал олон тохиолдсон байх. Хөгтэй явдлаасаа хуваалцаж болох уу?

Д.Н: -Олон бий дээ. Болд өөрийгөө их ариухан хүн гэж бодоод байх шиг байна. Болд дөрөвдүгээр курс, би нэгдүгээр курсийн оюутан. Оны ялгаа их л дээ. Нэг өдөр “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн энэ хүн чинь намайг дуудан хоёр орны голд сөхөрч суулгаад хромны өсгийгөөр дух руу балбаад л явж байлаа шүү дээ. Тэр үед яагаад хромоор зодуулснаа мэддэггүй. Тухайн үед нь би “Сонсогч Номт, сонсогч Номт” гээд л сууж байлаа. Энэ бол бас л дурсамжтай зүйл шүү дээ.

П.Б: -Үнэний ор бий. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ. Мань хүн намайг гаднаас орж ирж байсан чинь салааныхаа нэг хүний хөлийн хурууны завсар цаас хавчуулаад шатааж байгаад надад баригдсан юм. Түүнийг нь дугуй жийлгэх гэдэг. Тэгээд л шийтгүүлж байгаа нь тэр байхгүй юу. Түүнээс биш зүгээр байгаа хүнийг би дэглэхгүй. Доод ангийн хүүхдүүдийг хамгаална уу гэхээс шийтгээд байдаг хүн биш л дээ. Тэгэхээр цэргийн арга хэмжээ л авсан байж таарна.

Д.Н: -Тэр чинь өөрөө эхэлсэн байхгүй юу. Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Онц бригад”-ын харьяат Надалдоржийн Энхтүвшин гэж надтай хамт Цэргийн сургууль төгссөн хүн одоо Эрдэнэтийн номер нэг зураач болсон гэсэн. Тэр л намайг чадаж байгаа нь тэр. Шөнө унтаж байтал нойтон оргиод л явчихсан. Яав, юу болов гээд жаахан сандрах маягтай үзтэл миний оронд ус асгасан байгаа юм. Намайг чадаж байгаа юм гэнэ. Тэгэнгүүт нь би гэнэдүүлж хариугаа авч байхдаа яалт ч үгүй Болдод баригдсан тал бий. Одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх.

Ё.Б: -Хүн цаг хугацааны хувьд байнга л хувьсан өөрчлөгдөж байдаг юм байна. Би Номтын тухай ярих гээд байна л даа. Манай Номт хүүхэд их айлгахдаа сайн. Хүүхэд битгий хэл нохой хүртэл айдаг. Манай ээжийнд иртэл хүн рүү дайрдгаараа гудамжиндаа зартай нэг нохойг мань хүн ганц, хоёрхон чанга дуугараад л нам болгож байсан юм. Тийм хүнээс хүүхэд айлгүй яах вэ. Хүүхдүүд орой унтахгүй, эсвэл сахилгагүйтээд байвал “За Номт ах руу нь нэг ярихаас” гээд хэлэнгүүт маш томоотой болж хувирна. Ямарсайндаа цагаан сараар Номт манай ээжтэй золгохоор ирээд сууж байтал диваны ард нэг зүйл түчигнээд л байна гэнэ. Номт “Танайх хулганатай болжээ” гэтэл айлын эзэн “Үгүй ээ” гээд л гүрийж. Хулгана байхгүй юм чинь гүрийхээс яах вэ. Тэгсэн диваны манай дүүгийн хүүхэд 20-иод минут суусан бйгаа юм. Номт ахыгаа ирж байгааг цонхоор хараад нуугдсан нь тэр л дээ. Гол зүйлийг нь одоо хэлье. Хүүхэд айлгадаг Номт маань гэртээ бол хоёр ачийнхаа цэрэг нь. Өөрөө тэднээсээ айна гэж жигтэйхэн. Нохойг хэвтүүлдэг хүн ач, зээгээ харахаараа өөрөө хэвтчихсэн, илүү өндөрт цоройх болчихсон явж байх жишээтэй. Нөгөө “Мөрөөдлийн театр”-ын хошин шог дээр цэргийн дарга нь зээ хүүгийнхээ нохой нь болчихсон хөтлүүлж байдаг биз дээ. Түүн шиг л юм болсон. Эрдэнэбатын хүүхэд нь унтахгүй байхаар “Номтыг дууддаг юм уу” гэтэл “Унтах гэж л байна шүү дээ. Юун сүртэй юм” гэсэн гэдэг. Бас манай дүүгийн хүүхэд “Номт ах аймаар юм билээ. Манай банхар хуцсан чинь хоёр, гурав загнасан чинь банхар бараг номхон зогссон” гэж ярьж байгаа юм.

Х.Н: -Манай хүүг наад хүн чинь сахлаараа үрээд уйлуулах шахсан. Нүүр нь улайчихаад, шүдээ зуугаад л гүрийгээд байсан байгаа юм. Жаахан удсан бол уйлахаар байсан гэж хүү маань ярьдаг. Явсных нь дараа тэгж ярьж билээ.

Д.Н: -Наранхүүгийн хоёр дахь хүү нь их шазруун хүүхэд бий. Чанга эр болно доо.

Д.Н: -Бас нэг хөгжилтэй явдал байна. Би суугаагаараа унтаж чаддаггүй хүн. Тийм болохоор хичээл дээр хамгийн эхний эгнээнд суудаг. Цэрэнсодном багш хичээл орж байхад нь зүүрмэглэчихэж. Тэгсэн Номт гээд дуудаж байна. Би гээд л босоод ирсэн чинь багш “Хамгийн унтдаггүй энэ нөхөр хүртэл унтахаар яах вэ” гэж ирээд укасгаар толгой дундуур нэг буулгаад авч байна. Уг нь бол манай багш хичээлээ тайлбарлаж байхдаа “Ингэдэг номтой” гэж ярьсныг нь өөрийгөө дуудаж байна гэж ойлгоод баригдсан хэрэг. Бас надад чадуулсан гээд сая ярьсан Энхтүвшин зогсоогоороо нойрмоглож байхад нь дарга “Эрүү дээшээ” гэж командлахад мань хүн “Би” гэж хэлээд унтаж байснаа мэдэгдэж, баригдсан тал бий. Мөн талийгаач Ганчөдөр хичээл дээр унтаж байж. Тэгсэн багш хичээл зааж байхдаа “Ганц худгийн” гэж ирээд жишээ автал Чөдөрөө маань тэрийг нь “Ганчөдөр” гэж сонсоод “Би” гэж босч ирээд баригдсан. Нэрнээсээ болж баригдсан ийм гурван тохиолдол байдаг юм. 

Ё.Б: -Би дүүгийнхээ хүүхдийг машинтай дагуулж явахдаа Номтынхоор дайрсан. Тэгсэн тэр хүүхэд гэртээ очоод “Ээж ээ, өнөөдөр ёстой баяртай өдөр тохиолоо. Номт ахынд очсон чинь Номт ах биш эхнэр нь гарч ирсэн. Ямар гоё азтай өдөр вэ” гэсэн шүү. Хүүхдийн зүрхэнд ингэж л орсон байна шүү дээ.

-Хүүхэд айлгадагаараа алдартай байсан юм биш үү, Номт ах?

Д.Н: -Айлгавал айлгасан шиг айлгана аа. Эд нар хүүхдийг эрхлүүлээд байдаг юм. Би бол тийм биш.

Ё.Б: -Хүүхэд эрхлүүлдэггүй хүн чинь одоо өөрөө хэр өндөр цоройхоо шалгуулж байна шүү /инээлдэв/.

Д.Н: -Тэр хошин шогийг харахаар манай Бадмаа “Чамайг гаргаад байгаа юм биш үү” гээд л инээдэг юм.

П.Б: -“Маск” продакшны “Үнс” гэдэг онигоо чинь Бямбаагаас гарсан байхгүй юу. Гэртээ лам энэ тэр мэдэхгүй. Нас нэлээд яваад гэртээ лам авчирч ном уншуулахаар болов. Гэтэл сангийн вопер бэлтгэсэн байна гэнэ. Лам нь ном уншиж байгаад хартал өнөөх воперт нь үнс алга. Тэгсэн лам нь “Үнс” гэж хэлж л дээ. Мань хүн гайхаж байснаа барьж байсан сангийн вопероо үнсэх гэж байсан гэж байгаа юм. Гэтэл лам нь нүдээ нээгээд “Наадахдаа үнс хийгээч ээ. Үнсээр дүүргэ” гээд бөөн инээдэм болсон шүү. Түүнийг нь Номтын зуслан дээр “Маск”-ийн Мөнхсайханыг ирэхэд нь ярьж өгсөн юм. Мөнхсайхан хариуд нь “Наадах чинь ёстой гоё онигоо байна. Шинэ тоглолтынхоо нэг номер болгоно” гэж байсан юм. Ингээд хэлсэндээ хүрч, тэр онигоо бий болсон гэдэг. Ямар ч байсан баяжуулаад хөөрхөн номер хийсэн.

Ё.Б: -Болсон процесс нь тийм сүртэй зүйл болоогүй. “Үнс” гэхээр би ойлгохгүй нөгөө вопероо үнсэх гэж байсан юм. Ийм үйл явдал өрнөсөн. Манай хэд жаахан хэтрүүлж баяжууулаад онигоо болгожээ. “Үнс” гэхээр нь “Яахаараа үнсдэг юм бол” гээд бүр гайхаж байсан шүү. Тэгсэн харин лам маань “Та наадахдаа үнс хий л дээ” гэж хэлж билээ.

Х.Н: -Төгсгөлд нь би ганц хөгжилтэй гэмээр явдал яримаар санагдлаа. Номт, Эрдэнэбат бид гурав Дархан явсан. Машинаар явж байгаа юм. Тэгсэн Дархан орох үед төмөр зам нь авто замтайгаа зэрэгцээ үргэлжилдэг. Номт машин барьчихсан явж байтал урдаас нь нэг машин ирж байна гэнэ. Мань хүн нэлээд үглээ болохоор үглээд л байсан. Машин урдаас ирэхэд мань хүн болохоор гэрлээ хэд хэдэн удаа солилоо. Өнөөх нь байдаггүй ээ. Тэгсэн “Энэ ямар бүдүүлэг жолооч вэ. Ганцхан тод, том гэрэл хийчихээд гэрлээ шилжүүлэхгүй юм” гээд л уурладаг юм байна. Гэтэл нөгөөх нь хажуугаар нь өнгөрсөн чинь “Өө новш, өнгөрч явсан вагон байна” гэж үү. Бөөн инээд болж байлаа.

-Урилга хүлээн авч нөхөрлөлийнхөө тухай бага ч болтугай нээлттэй ярилцсанд та бүхэнд баярлалаа.

-Х.Н: Биднийг урьсан танай сонины хамт олонд бас баярлалаа. Хүний үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ, хуучны сайхан дурсамжийг сэргээсэн ийм ярилцлагад орсондоо баяртай байна.

Энэ хүмүүсийн амьдралын тэн хагас нь спорттой холбоотой аж. Цэргийн амьдралаас эхэлсэн нөхөрлөлөө спортоор үргэлжлүүлж өнөөдөр ч гэсэн нэг баг болж хөлбөмбөгийн ахмадын улсын аваргад оролцож, тогтмол медальт байрт шалгарч байгаа тэд залууст зөв үлгэр дууриалал болж явахыг хичээж явдгаа ярьсан юм. Ялангуяа спорт хүнд зөв хүмүүжил олгодог учраас өөрийн дуртай спортоор хичээллэж, цагийг аль болох үр дүнтэй өнгөрүүлж байхыг залуучуудад уриалж байна. Залуу хүн завтай байх нь гутамшиг гэж монголчууд ярих болсон. Үүний нэгэн адил тэд ч гэсэн зүгээр суудаг хүнд дургүй гэнэ. Болж өгвөл юу ч хамаагүй хийгээд, хөдөлмөрлөж л байх хэрэгтэй гэдгийг манай сонины “Андууд” булангаар дамжуулж хүргэсний уламжлъя. “Үй зайгүй найзаа үгүйлж явъя нэгийг, ай найзаа хайрлаж, түшиж явъя нэгийгээ” хэмээн дуулсан дууны үг бүхний утга учрыг харуулж буй “Цэргийн андууд”-ын 40 жилийн нөхөрлөл өнө удаан үргэлжилж, үе удамдаа дамжих болтугай.

Б.Мөнхзул

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgenii idevxten(122.201.21.142) 2017 оны 04 сарын 08

Nogoo ”Minii Mongoliin gazar shoroo”nii Bold end davxij baina. Irgenii xodolgoonii ner nuuriig ch jinxene gutaasan archaagui er dee. Tsegiin xun baisan um uu. Buur ch gutaajee

0  |  0
Би(103.229.123.238) 2017 оны 04 сарын 04

П.Болд гэж А/х байхад нь цэрэг нь байлаа.Том алаг нүдтэй гоё офицёр.Ийм офицёр болох юм шүү гэж боддог байсан шүү.150-р анги армийн шилдэг анги байсан юм.Би 1984-1987онд 3-р ротод Ж/А дарга байсан юм Даргадаа эрүүл энх.аз жаргал хүсьё.амжилт

0  |  0
boogii(202.179.8.210) 2017 оны 04 сарын 03

yoyotoi oguulemj bn

0  |  0
Top