-Та чинь уг гарвал, үндсэн захиргаа хаанахын хүн байх нь вэ...?
-Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Жамьянжавын Сүхбаатар гэж хүн байна. Манайх удам судраараа л энэ нутгийн хүмүүс.
-Тэгэхээр та Богд хааны ач охин гэвэл аав тань төр шашныг хослон баригч Богд Жавзандамба агсны төрсөн хүү болж таарч байна уу?
-Тэгэлгүй яахав. Би тодорхой өгүүлье. Миний аавын ээж Донойн Ихбаяр гэж хүн байлаа. 1964 онд таалал төгссөн. Эмээ маань 1883 онд төрсөн хүн л дээ. Ингээд Богдын тааллаар хатан нь болж 1903 оны хавьд түүний ордонд ирсэн юм гэдэг. Ингээд хоёр хүү, нэг охин төрүүлсний нэг нь миний аав Жамьянжав байгаа юм. Миний аав 1921 онд төрсөн хүн.
-За уучлаарай, Богд хааны анхны хатан Дондогдулам гэж байдаг. Энэ хүн бол Төрийн их хатан, цагаан дарь эх. Энэ хатныг 1923 онд таалал төгссөний дараагаар Богд хаан Жонон вангийн хошуунаас Гэнэнпил гэж хатан авсан байдаг. Өөр хатны тухай түүх сударт бичигдээгүй санагдана. Гэтэл та......?
-Яг нарийн учрыг нь сайн мэдэхгүй юм. Юутай ч эмээ маань Богдын ордонд амьдарч гурван ч хүүхэд төрүүлсэн байдаг. 1937 онд том хүүг нь ардын засгийнхан том толгой лам хэмээн баривчилсны дараа хөдөө очиж амьдарч байсан. Хожим нь намайг мэдээ орж том болсон үед манайд бурхан тахил, олбог энэ тэр гээд их тансаг эд зүйл элбэг байдаг байсан юмдаг. Тэгэхээр хааны хатан гэж өргөмжилж зар цуу болоогүй ч Богд хаантан манай эмээг таалж хамт амьдарч байсан юм шиг байгаа юм.
-Эмээ тань энэ талаар ярьдаг байсан уу?
-Манай эмээ нэг ч нэр дурддаггүй, үргэлж “Тэр минь. Тэр минь тэгээд, надад ингэж хэлээд” гэж ярьдаг байсан юм. Харин хааяа тэр дацанд, энэ дацанд очоод байхад минь....” гэж дурдах. Тухайн үед шашин ном, бурхан, феодал энэ тэр гээд нам төрөөс хардаг хянадаг, барьдаг шалгадаг байсан болохоор тэгдэг байсан байх гэж боддог.
Сэтгэгдэл ( 1 )
shal hudlaa