Монгол үндэсний өв соёл, ёс заншлаа сурталчлах, эргэн сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бахархал, брэнд болсон уламжлалт өв соёлоо нийтэлж, та бүхнийхээ оюуны мэлмийд өргөн барьж байхаар шийдлээ. Газар нутаг бүр өөрийн гэсэн онцлогийг агуулсан цөм брэндтэй байдаг аж. Энэ удаа Хэнтий аймгийн бахархал, бахдал болсон Батноров сумын харьяат Уран дархан Тожили-йн талаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
Дархан хүн бурхан ухаантай
Монголчууд бид эрт үеэс Дархан хүн бурхан ухаантай хэмээн ярьж, нутаг хошуугаараа, хүн зоноороо хүндэтгэсээр ирсэн билээ. Уран дархан хүн ямар ч түүхэн цаг хугацааны үед чухал байр суурь эзэлсээр иржээ. Дархчуудаараа нутгийн бэл бэнчинтэй айлууд, ард иргэд эмээл, хазаар, бүс, мөнгөн аяга, дээлийн товч, эр хүний малгайн гоёл, бүсгүй хүний гоёл чимэглэл гээд бүхий л үнэт эдлэл, хэрэглэлээ хийлгэсээр иржээ. Мөн хошуу нутгийн захирагч нь ч дархчууддаа сайн хандахын сацуу, алдартай уран дархан хүнийг хошуу нутаг алгасан хүмүүс зорьж ирцгээдэг байжээ. Учир нь нэртэй, гарын ур сайтай дархан тийм ч олон байгаагүй гэдэг. Дархан хүнийг тэнгэрээс харж, аливаа муу үйлээс хамгаалдаг хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг. Үүнийг үгүйсгэх ч аргагүй юм. Учир нь Дархан хүнийг шарын талаас Данжин, бөөгийн талаас Дорлиг хэмээх бурхдууд хамгаалдаг ажээ. Мөн тэдний шүтээн нь алх, дөш нь бөгөөд, цагаан сараар нутгийн нэгэн дархан дөшөө хоймор өөдөө залж хадгаар ороож, цагаан идээ, шар тосоор идээ зассан байхыг хүүхэд байхдаа би олон удаа харж байсан билээ. Харин алх, дөшний сүнс нь бөөрөндөө байдаг учир тэд хажуу талаар нь юм цохихыг тун цээрлэдэг аж. Мөн дөшөө гадны хүн тохойлдохыг хориглодог бөгөөд тохойлдвол дөшний нүдүүлдэг зовлонг тохойлдсон хүн үүрдэг хэмээн ярьцгаадаг. Үүнээс харахад дархан хүн алх, дөшөө хэрхэн дээдэлдгийг мэдэж болох юм. Монгол уран дархан гэдэг хэзээнээсээ гарын ур дүй сайтай, ухаан уужим хүмүүс байжээ. Үүнийг эртний уран дархчууд болоод одоогийн зарим уран дархчуудын бүтээл, аж амьдралаас харж болно. Хятад хэвэнд ээмэг, бөгж цутгаж суугаа тэднийг дархан хүн гэхэд тун бэрх. Дархан хүн гэдэг багажаа өөрийн гараар хийж, хийсэн бүтээл, эд зүйл нь чанартай он удаан жил эзэндээ эдлэгдэхийн зэрэгцээ, гоёмсог хээ угалзаар чимэглэсэн, тун чамбай бүтээлүүд байдаг билээ. Одоо үед Монгол уран дархан ховордсон ч эрт үеийн уран дархчуудын гурав болон дөрөв дүгээр үеийн дархчууд өөрсдийн хэмжээнд дархаа хийж, шавь нараа сурган ажиллаж амьдарсаар байгаа билээ.
Батноров хийцийг үндэслэгч уран дархан Тожил /1900-1958/
Монгол дархны бүтээл нь арга барил, ур ухаан, хийцээрээ Батноров, Дарьганга, Далайчойнхор, Ноён сэврээ, Боржигон, Буриад хийц гэгдэж нутаг орныхоо нэрээр алдаршиж, ялгагдаж ирсэн байдаг. Тэр дундаа алдарт Батноров хийцийг үндэслэгч уран дархан Тожил нь нутаг усандаа төдийгүй, Монгол нутагтаа ихэд алдартай дархан хүн байжээ. Тэрээр 1900 онд Сэцэн хан аймгийн Дайчин бэйлийн хошуу, одоогоор Хэнтий аймгийн Батноров сумын нэгдүгээр багийн нутагт Дэлгэр-Өлзий хэмээх газар малчин ард Бадрахын гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг эхээс хайрласан нэрийг Ишжамц гэх бөгөөд хожмоо Тожил нэрээр дуудагдах болжээ. Тэрээр багаасаа уран дархны эрдэмд шимтэн суралцаж, өөрийн авьяас оролдлогоор алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл хийхдээ гаргуун болсон байна. Улмаар Монгол уран дархны урлагт цутгуурын аргыг хэрэглэх шинэ технологийг нэвтрүүлж түүнээс үндэслэн Батноров буюу Тожил гэсэн шинэ хийцийг үүсгэн хөгжүүлж улс орон даяар алдаршсан 20-аар зууны нэрт уран дархан юм. 1930-аад оноос дархан Тожилын хийц улам алдаршин түгж Дарьганга, Далайчойнхорын гэж эртнээс нэршсэн урлалтай өрсөлдөж ялангуяа эмээлийн мөнгөн чимгийг ур хийцээрээ давж Батноров хийц гэсэн нэр товойн тодорсон юм. Тожил дарханыг дунд зэргийн нуруутай, жаахан тультраа хэлтэй, шаравтар царайтай, сайхан дөлгөөн зантай хүн байсан гэж нутгийхан нь хүндэтгэн ярьдаг. Тэрбээр олон шавьтай болж Батноров хийцийг өвлүүлэн үлдээж, насан эцэстлээ төрөлх нутаг орондоо амьдарч дархны ажлаа хийсээр байжээ.
Дархан болох гараагаа эхэлж Тожил дархан хэмээн нэршсэн нь:
Ишжамц хүү 10 гаруй настайгаасаа эхлэн тэр үеийн хорол, баясгалан зэрэг тоглоомыг сийлж сурсан байна. Мөн цамын баг шуумалдаж сурчээ. Энэ бүхэн нь түүнийг уран дархны төрөлхийн авьяас билэгтэй байсныг илтгэнэ. Тухайн үед тэднийд хамгийн ойр дөт байсан “ээрүү” хэмээх Равжаа дархан түүнийг дархан болоход нь их нөлөөлжээ. Равжаа нь тэдний хүргэн ах юм. /Ардын урлаг судлаач Л.Батчулууны “Монгол дархны урлаг” номонд төмөрч, мөнгөч дархан гэж тэмдэглэсэн байдаг/ Равжаа дархнаас дарх хийх нарийн арга ухаан сурсан Ишжамц хүү өөрийн авьяас билэг, нөр их хөдөлмөрч, шинийг илэрхийлэгч, бүтээлч сэтгэлгээндээ тулгуурлан дарх хийх нарийн ухаанд бие даан суралцсаар байжээ. Тэр үед төмөр ховор, гантөмөр бүр ч олддоггүй байсан тул хадуурын төмөр, хуучин хуурай зэргийг ашиглаж багаж хийж суржээ. Тэрээр эхлээд, тэр үед дагнан хэрэглэж байсан цаасан загвараар цохиж хөөх аргыг эзэмшин эмээлийн чимэг, мөнгөн аяга, хормойн боолт, гоёл чимэглэлийн зүйлийг хүмүүсийн захиалгаар нэлээдгүйг хийж байжээ. Энэ үе нь 1920-30-аад онуудад хамаарах үндэслэлтэй. Тожил нэрийг сүүлд Хөвчийн жонон вангийн хошуугаар явж байхдаа авсан гэдэг.
Дархны урлагт цутгуурын аргыг нэвтрүүлж Батноров хийц буй болсон нь:
Өөрийн дархны ажилд шинийг эрэлхийлж урлах арга ухаанаа улам хөгжүүлж байсан Тожил дархан Хөвчийн жонон вангийн хошууны Тунсаг дархан хэвэнд цутгаж хийдэг гэсэн сураг дуулжээ. /Тунсаг нь 1867-1937 он, мөнгөний дархан, одоогийн Биндэр сумын хүн, эмээлийн хяр хийдгээрээ алдартай/ Тунсаг дархантай очиж уулзах хүсэлдээ хөтлөгдөн Хөвчийн жонон вангийн хошууг зорьсон гэдэг. Тунсаг дархны дэргэд нэлээд хугацаагаар байж цутгуур хийх анхны арга сурч ирсэн тэрээр өөрийн төрж өссөн нутгаасаа хэв хийх дээд зэргийн сайн шавар олсон түүхтэй. Тэр үед Тожил дархан Бошоогийн хөх толгой гэдэг шазар нутаглаж байсан байна. Нэг өдөр Хөх толгойхоо арын ганганы дэргэд тамхи татан сууж байтал жалгын эргийн шороо алтан боронзтой юм шиг гялтганаж харагджээ. Шороог авч имэрч үзвэл тостой юм шиг зөөлөн байсанд олзуурхан баярлаж хэв хийж үзэх санаа төржээ. Ингэж дархан Тожил Батноров хийцийн мөнгөний урлагийн хэвний шаврыг нээсэн байна. Уг шаврыг “Бошоогийн шавар” гэдэг. Бошоогийн шавар нь хэв хийхэд нэн тохиромжтой, дээд зэргийн хэв болдгоороо онцлогтой. Түүгээр хийсэн хэвэнд элдэв нүх сүв, ан цав гардаггүй, баргийн цохилт доргилтонд хагарч бутардаггүй, нарийн торгон ширхэгтэй зэргээрээ онцгой ялгаатай байдаг. Одоо ч Батноровын дархчуул бүгд Бошоогийн арын ганганаас хэв барих алтан боронзтой шороог авсаар байна. Цутгуурын арга сурсан, хэв барих шавартай болсон, төрөл бүрийн багаж хэрэгслээ өөрөө хийж сурсан, дархны хөөлтүүр, цоолтуур зэрэг олон нарийн арга эзэмшсэн, дээр нь олон түмний захиалга, эрэлт хэрэгцээ их байсан зэрэг нь Тожил дархныг “Батноров” гэдэг алдарт хийцийг бий болгох нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэхэд болох юм. Тэр загвараа олон янзаар боловсруулж төгөлдөр болсны эцэст ямар ч ярвигтай хээ угалзтай байлаа ч гүйцэтгэж чаддаг ховор авьяас, чадвартай байжээ. Энэ нь түүнийг ухаан, нүд, гарын ур нэгдэж гүйцсэн жинхэнэ уран бүтээлч болохыг илтгэдэг юм. Энэ үндсэн дээр Тожил нь цаасан хэвнээс хөөх аргыг халж, цутгуурын аргыг нимгэн хөөлтөөс гүн хөөлтүүрийн арга, хагалж хөөх, сийлбэрлэн хөөх, давтах, агшаах, гагнах, холбох, нүх сүв гарган ил далдаар сүлжин товойлгох зэрэг дархны урлагт байж болох төрөл бүрийн аргыг хослүүлан нэгэн цогц урлаг болгон эзэмшснээрээ Монгол дархны урлагт үндэсний шинэ технологийг үүсгэн бий болгож, улмаар Батноров хийцийн мөнгөний урлагийг /ялангуяа эмээлийн мөнгөн чимэг/ уран сайхны өндөр түвшинд гаргаж чадсан байна. Мөн эмээлийн чимэгний хэлбэр, хийцийг өөрчилж, урлах эрдэмтэйгээ хослуулсан нь түүний шинэчлэлийн онцлог юм. Энэ нь Батноров хийциийн мөнгөний урлагт цэвэрхэн, уран гоё, хүний сэтгэлийг булаах хэв маяг болж чадсан байна. Эртний Батноров хийцийн эмээлийн мөнгөн чимэг нь жижиг хөвөөтэй, баавар сүвэгчний туурга намхан, хээ угалзны хөөлт гүехэн, хэв загвар, донж маяг нь төдийлөн олны анхаарал татаж чадахгүй байжээ. Тожил дархан үүнийг анзаарч эмээлийн даруулга, баавар, сүвэгчийн хөөлтийг гүнзгий болгож улмаар жижиг хөвөөг үгүй болгон давхар хээ тавьж, баавар сүвэгчийн туургыг өндөр болгон долгио гаргаж донж маягийг нь гайхалтай тааруулснаар олны анхаарал татаж, алдаршиж эхэлсэн юм. Хэвэнд цутгасан хайлш зузаан товгор, нүх сүв нь нэвт гардаг учир хээ угалз нь тод, ил товгор, гоёмсог болдог төдийгүй түүнийг давхар хээлэх, хөөх зэргээр улам нарийсган оролддог учир Батноров хийцийн хээ угалз нааш цааш сүлжилдэн гарч уран гоёор сийлсэн юм шиг харагддагаараа бусад хийцээс ялгардаг. Энэ нь Тожил буюу Батноров хийцийн нэгэн гайхамшиг, гол онцлог юм.
Тожил дархны бүтээл орон даяар алдаршсан нь:
Тожил дархан, дархны хувьд эрийн цээнд хүрч хүний эдэлж хэрэглэдэг тансаг хээнцэр гоёл чимэглэл, эмээлийн их, дунд, бага гарын чимэглэл, мөнгөн аяга, хормойн боолт, хэт хутга, мөнгөн хазаар зэрэг төрөл бүрийн эдлэл хэрэглэлийг урлагийн өндөр түвшинд хийж эхэлсэн нь хол ойрын олон түмний эрэлт хэрэгцээг ихэсгэж, Тожил дархныг зорин очиж захиалгаар ганган хээнцэр тоног, гоёл чимэглэл хийлгэх, зарим нь шавь орж дархны ажилд суралцах болсон байна. Тожил дээлийн мөнгөн товч, гаансны соёо сэтгүүрээс аваад хормойн боолт, шатар, аяга, эмээлийн тоног тэргүүтнийг урлаж улам чадваржсанаар жансгийн иж бүрэн хэрэглэл, завьяа, цар, толь мандаа тэргүүтэн урласан нь үлэмж ажээ. Түүгээр ч зогсохгүй маршал Чойбалсан олон удаа урьж нийслэл хотод аваачиж гадаадын зочид төлөөлөгчид өгөх бэлэг сэлт хийлгэдэг байжээ. “Багшийг минь Улаанбаатраас дуудуулж Итали улсад бэлгэнд явуулах хэт хутга хийлгэсэн гэдэг” гэж түүний шавь Наваанчүлтэм хуучилсан байдаг. Мөн Ардын хувьсгалын 25, 30 жилийн ойгоор газар газрын сор болсон дархчуудтай хамт бэлгэнд өгөх аяга, хэт хутга зэрэг олон зүйл хийлгэж байсан тухай нутгийн дархчууд ярьдаг. Тожил дархны уран нарийн хийц болох алтан шигтгээ суулгасан гүц, таваг хоёроор ЗХУ-д Тожил гэсэн ил захидалыг 250000 хувь хэвлэжээ. Түүний урласан мөнгөн аяга, хэт хутга Дорно дахины урлагийн музейд хадгалагдаж байна. тожил дархны ур ухаан хөнгөн хялбараас нарийн төвөгтэй хүнд хэцүүд шилжин улам төгөлдөржиж, уран сайхны өндөр түвшинд гарч иржээ.
-Бага, дунд, их гарын мөнгөн чимэгтэй эмээл зэрэг олон арван бүтээл сум, аймаг, улсын музейн сан хөмрөгт дээдлэгдэн хадгалагдаж байна. Түүний дархны урлагийн олон төрөл зүйлийн дотроос хамгийн их алдаршиж, ур хийцээр гайхагдаж, олон түмний хэрэгцээ шаардлага болон тархаж хэн ч хараад Батноров хийц байна хэмээн таньдаг болсон бүтээл нь эмээлийн мөнгөн чимэг юм. Эдүгээ Батноров сумын айл бүрт Тожил хийцийн эмээл хазаар, мөнгөн аяга, хормойн боолт хадгалагдаж байгаа төдийгүй түүни й хойч үеийн дархчуудын урласан мөнгөн чимэгтэй эмээл Монгол даяар тарж улса аймаг сумын наадам дээр батноров хийцийн гоёмсог их, дунд, бага гарын мөнгөн чимэгтэй эмээл хазаар тун ч элбэг харагддаг болсон бйана.
Батноров хийцийн дэг сургууль үүсэн хөгжсөн нь:
Тожил дархан өөрийн үүсгэн хөгжүүлсэн мөнгөн цутгуурын нарийн нандин арга ухааныг олон хүнд гэрээр зааж сурган үе залгамжлах уран дархчуулыг төрүүлсэн нь Батноров хийц улам хөгжин тархаж олон түмэн ардын хэрэгцээг ханган өнөөдрийн хүртэл хөгжин дэвжих үндэс суурь болсон байна. түүний дэргэд байж эхлээд гар хөлийн үзүүрт зарагдаж, цутгуур хийх шаврыг зөөж байсан гарын шавь нар олон юм. 1940-өөд онд Хэнтий аймгийн Артелийн харьяа урчуудын цехийг Батноров суманд байгуулж захиалгаар алт, мөнгөн эдлэл хийдэг байжээ. Энд Тожил дархан оройлон оролцож, түүний хамт Т.Лувсандамдин, Д.Лувсаншарав, Н.Шарав, Б.Наваанжамба, З.Лувсангончиг, гонзгор Шагдар зэрэг дархчууд ажиллаж байжээ. Батноров хийцийн дэг сургуулийг гэрээр болон артелаар үүсгэн хөгжүүлж, уламжлагдан үргэлжилсээр өнөөдөр Батноров суманд Тожил дархны дөрөв дэх үеийн дархчуул төрөн гарч ирж уран бүтээлээ хийсээр байна. Тожил дархны шавь И.Намжилсүх нь өөрийн хүү Өлзийхутаг, Очирхуяг, Өлзийбаяр, охин Өлзийсайхан нарт дарх хийх эрдэм ухаан зааж сургасаар хүүхдүүд нь өдгөө нэртэй дархан болжээ. Мөн Д.Лувсаншарав Х.Наваанжамба нарын шавь П.Баттулга, И.Лхасүрэн болон тэдний шавь А.Цогтбаатар, П.Дашмягмар зэрэг үе дамжсан олон дархчууд төрөн гарсаар байна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Энэ мэдээллийг хаанаас авсан бэ? Цааш нь үргэлжлүүлэн уншвал ямар ном байгаа бол
Маш сайхан сэтэгдэл төрлөө нутаг усны нэр гараад гоё байна алт мөнгөнийн дархан сурмаар санагдаж байна би Хэнтий аймагт төрсөн Аймагийн артиль аав ээж ажилдаг байлаа
Сайхан нийтлэл болжээ. Миний найз Очирхуяг, Түүний ах Өлзийхутаг ахын нэр ч байна. Найздаа ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэе.