Бидний мэдэх алдартнууд, суут хүмүүс ямар зуршилтай байсныг та мэдэх үү?
Жишээлбэл, Бенжамин Франклин өдрийн эхлэлд өөрөөсөө “Би өнөөдөр ямар хэрэгтэй зүйл хийх вэ?”, өдрийн төгсгөлд “Өнөөдөр би ямар хэрэгтэй зүйл хийсэн бэ?” гэж асуудаг байжээ.
Судалгаагаар олон гайхалтай суут хүмүүс энэ мэтчилэн өдрийг асуултаар эхлүүлдэг байсан гэнэ. Суут сэтгэгч Альберт Эйнштейн “Өчигдрөөс суралцаж, өнөөдрөөр амьдарч, маргаашд итгэ. Хамгийн гол нь тасралтгүй дүгнэдэг бай” хэмээн хэлсэн нь ч бий.
Өөрийгөө ажиллуулахад хүч нэмэхэд тус болох дараах асуултуудыг өдөр бүр өөрөөсөө асууж мөн хариулж хэвшээрэй.
2005 онд Стив Жобс Стэнфордын их сургуулийн төгсөгчдөд зориулан үг хэлэхдээ өөрийгөө хорт хавдартай гэдгээ мэдсэн, 33 жилийн турш өдөр бүр толинд харж “Хэрэв өнөөдөр миний амьдралын сүүлийн өдөр бол би юу хийх ёстой вэ?” хэмээн асуудаг байсан ба ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой гэдгээ өөртөө өдөр бүр сануулдаг байсан тухайгаа ярьсан юм. “Би удахгүй үхэх болно гэдгээ мэдэж байгаа үедээ л амьдралдаа хамгийн том сонголтыг хийсэн. Удахгүй энэ хорвоог орхино гэдгээ мэддэг байх нь ялагдлын тухай бодохоос зайлсхийх гайхалтай арга байсан. Бид хэдийнээ нүцгэрсэн. Надад одоо юу ч байхгүй. Өөрийн зүрх сэтгэлээ дагахад шалтгаан байх албагүй.”
БИ ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?
“Энэ асуулт таны өөрийгөө хэрхэн үнэлж байгааг илэрхийлж байдаг” хэмээн Wanleo.com сайтын үүсгэн байгуулагч Deena Varshavskaya ярьсан юм. түүний хэлж байгаагаар хүн өөрийгөө янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож чадаж байгаагаас тухайн хүний үйл хөдлөл өөрчлөгдөж, эцэст нь өөрийгөө танихад тус болох болно хэмээжээ.
Жишээлбэл: хэрэв та өөрийгөө тийм ч чадвартай бизнес эрхлэгч, толгой сайтай оюутан гэж боддоггүй бол яагаад чадварлаг байж чадахгүй байгаагаа тунгаан бодоод үз. Ингэсэн тохиолдолд хэнтэй харилцаж юу ярих хэрэгтэй зэргийг мэдэж, амьдралдаа илүү ухаалаг үйл хөдлөлүүдийг хийж эхлэх болно.
МИНИЙ ГОЛ ХҮЧ ЮУ ВЭ?
Энд таны хэдэн кг-ийг өргөж чадах тухай яриагүйг мэдэж байгаа болов уу. Энэ асуулт таныг ажилдаа дуртай байлгах гол түлхүүр болно гэж VaynerMedia группийн үүсгэн байгуулагч Gary Vaynerchuk хэлжээ. Түүний тайлбарлаж байгаагаар маш олон хүмүүс ажилдаа дургүй байдгийн шалтгаан нь тэд жинхэнэ хүсэл эрмэлзлээ хараахан олоогүй байгаа учраас тэр гэжээ. “Магадгүй тэд цөөн хэдэн зүйлийг сайн хийж чаддаг, тиймдээ ч түүн дээрээ ажиллаж байгаа нь тэр юм. Гэсэн ч тэд хамгийн их хүсдэг, насан туршдаа хийсэн ч уйдахгүй тэр зүйлээ олоогүй байгаад л асуудал байгаа юм” гэжээ.
“Хүсээгүй дүрдээ хүчээр тоглох хэрэггүй. Оронд нь хайран цаг хугацааг өөрийн хүч чадлаа нээж олоход зарцуулбал үлдсэн амьдралынхаа туршид хүсэж байгаа зүйлээ хийж чадна” хэмээн тэрээр зөвлөв.
БИ ЯМАР БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛАХАД БЭЛЭН БАЙНА?
“Аз жаргал үргэлж тэмцлийг шаардаж байдаг. Түүнчлэн бид юуны төлөө тэмцэж байгаагаа ч ойлгодог байх шаардлагатай” хэмээн Mark Manson өөрийн хувийн блогтоо нийтэлжээ. Юу таны амжилтыг тодорхойлдог вэ гэдэг нь та юунд баяртай байдаг тухай биш юм. Харин асуулт нь та тэмцэж үлдэхийн тулд ямар бэрхшээлийг туулахад бэлэн байгаа тухай юм. Таны туулсан амьдралын чанарт сайхан туршлагууд байх ч сөрөг туршлагууд ч байдаг. Тиймээс замдаа тулгарах бэрхшээл бүрийг хүлээн зөвшөөрч, давж чаддаг байх хэрэгтэй.
Бид тодорхой хугацааны туршид их, бага хэмжээгээр амьдралдаа ямарваа өөрчлөлт хийсээр байдаг. Өмнөх амьдралаас одоо байгаа байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ямар шалтгааны улмаас өөрчлөлт гарсан, үр дүн нь эерэг эсвэл сөрөг байсан уу? гэдгийг анзаарч байгаарай. Алхах зөв замаа олсон тохиолдолд цааш гүйхэд ч хялбар байх болно.
Нэгэн танил залуу маань Европыг бүхэлд нь тойрон аялна гэсэн зорилго тавьж 2 жилийн хугацаанд аяллаа үргэлжлүүлсэн. Аяллынхаа төгсгөлд зорьсон газраа хүрээд “Одоо ямархуу байна даа?” гэж өөрөөсөө асуусан тухай твиттертээ жиргэсэн байхыг олж харлаа. Тэр хүссэндээ хүрсний дараах өөрөөсөө асуух асуулт нь бидэнд тавигддаг хамгийн энгийн, үнэн хирнээ чухал асуулт. Бид энэ асуултыг өдөр бүр сонсдог хирнээ тэрхүү жиргээг уншсаны дараа арай өөрөөр сонсож ойлгодог болсон юм.
Энэ сэдвийг сонсоход л хамгийн түрүүнд гэр бүл гэж хүн бүрийн толгойд орж ирдэг. Гэхдээ та өдөрт хамтдаа хамгийн их цагийг өнгөрөөдөг 5 хүнийг л бодоод үзээрэй. Бидний гэр бүлээс өөр хүмүүс байх вий. Тэдгээр таван хүн таныг зөв хүн байхад хэрхэн дэм болж чадах тухай ч бодоод үз. Эсвэл та өөрийнхөө цагийг үнэтэй гэж бодолгүй таны цагийг ч үрэн таран хийдэг хүмүүстэй хамт байгаа юм биш биз? Тэд тархиа цэнэглэхээс илүү тархиа гашилгаж тэрхүү ээдрээтэй сэдвээ тантай хуваалцахаар ирсэн бол та яагаад тэднийг зоригжуулж, урам өгөхөд хайран цагаа үрэх ёстой гэж?
Найз нөхдийн хүрээллээ нэг хараад үзээрэй. Өөртэйгөө ижил сонирхол, үнэт зүйл, таны хувийн хөгжил, цаг хугацааг эрхэмлэдэг төдийгүй мэдлэг, нөхөрлөл зэрэг бүх зүйлийг өгч чадах тэдгээр хүмүүсээр нөхөрлөлийн хүрээллээ бий болго.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
huudee msg bichne
ӨСТНӨӨ АЛНАА