Орхон аймаг: Хохирогч хамгаалах байраар үйлчлүүлэгсдийн 64 хувь нь хүүхэд

2017 оны 06 сарын 03

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнгөрсөн сарын 31-нд хуралдаж гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах байрны үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудал тэргүүтэй 6 асуудал хэлэлцлээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах байрны үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудлын талаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Гонзориг танилцууллаа. 

Аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн оны 11-р сард “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн түвшин тогтоох судалгааг”-г хийсэн. Судалгааны дүнгээс харахад энэ төрлийн гэмт хэрэг 2015 онтой харьцуулахад 40 орчим хувиар өссөн байна.  Мөн энэ оны эхний дөрвөн сард гарсан гэр бүлийн хүчирхийллийн гэмт  хэргийн тоог өнгөрсөн оны жилийн эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 9.1 хувиар нэмэгджээ. 

Аймгийн Засаг дарга 2014 онд “Оюу” сэтгэц, наркологийн эмнэлэгтэй гэрээ байгуулж гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах байрыг ажиллуулж эхэлсэн. Энэ байраар үйлчлүүлж буй иргэдэд аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг хавсран үзүүлэх болжээ. Энэ он гарсаар хамгаалах байранд 114 хүн байрлаж үйлчүүлсэн байна. Үүний 33 хувь нь насанд хүрэгч, 67 хувь нь хүүхэд байсан гэнэ. Жил бүр хамгаалах байрны үйл ажиллагаанд төсвөөс 25 сая төгрөг зарцуулдаг. Энэ нь төдийлөн хүрэлцдэггүй байна. 
 
Манай аймагт үйл ажиллагаа явуулж буй хамгаалах байр нь “Эмнэлгийн тусламж үзүүлэх, хамгаалах байр”-ны стандартаар ажилладаг. Энэ нь хохирогч тухайн байранд 1-3 хоног байрладаг гэсэн үг юм. Түүнчлэн MNS 6040:2009  стандартад зааснаар хүүхэд хамгааллын үйлчилгээ тусдаа байх ёстой аж. Хохирогчид хамгаалах байранд дээд тал нь гуравхан хоног байрлаж гараад дахин хүчирхийлэлд өртөх тохиолдол цөөнгүй байгааг АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг онцлон хэллээ.  
 
Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргаж Монгол Улсын болон олон улсын стандартад нийцсэн хамгаалах байр байгуулах төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Уг стандарт нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд, насанд хүрэгчийг 7 хоногоос гурван сар байрлуулах, зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох юм. Ажлын хэсгийн зүгээс төслөө боловсруулж, барилга барих боломжтой газрыг тодорхойлсноор олон улсын донор байгууллагаас санхүүжилт хүссэн байна. Нэр бүхий байгууллагууд энэ төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ албан бусаар илэрхийлээд байгаа аж. 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top