Улсын симфони найрал хөгжим үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус салбарын үе үеийн уран бүтээлчид хуран чууллаа. 1957 онд анх Симфони найрал хөгжим үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Түүнээс хойш 60 гаруйхан жилийн хугацаанд Монголын симфони найрал хөгжим дэлхийд танигдаж чадсан юм. Ингээд симфони найрал хөгжмийн үе үеийн төлөөлөгчдийн сэтгэгдлээс хуваалцъя.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад “Өнөөдрийн арга хэмжээ нь зөвхөн Соёл урлагийн ажилтны баяр биш Монголын ард түмний соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж байсан хамт олны баярын өдөр гэж ойлгож байна. Анх Симфони найрал хөгжим байгуулагдсан цагаас хойш соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэр төртэйгээр биелүүлж явсан ахмад уран бүтээлч хүний хувьд өнөөдөр тохиож буй түүхт 60 жилийн ой нь миний хувьд чухал ач холбогдолтой. Энэ түүхэн хугацаанд дэлхийн сонгодог уран бүтээл болон өөрийн орны хөгжмийн зохиолчдын бүтээлийг хөдөлмөрчин олонд хүргэхийн тулд 21 аймаг, хаана Монгол хүн амьдарч байна тэнд хүргэхийг зорьж байсан. Энэ өдөр симфони найрал хөгжмийг анх үүсгэн байгуулсан МУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжав гуайг дурсахгүй өнгөрөхийн аргагүй. Мөн үнэнчээр энэ салбарт зүтгэж ирсэн нийт хөгжимчдөдөө баярласнаа хэлмээр байна” хэмээв.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Д.Ухнаа “Би 1972 онд Болгарын хөгжмийн дээд сургууль төгсөж ирээд Улсын филармонд ажиллаж эхэлсэн билээ. Тэгээд найман жил дуучин, 18 жил даргын албан тушаал хашлаа. Би хамт олныхоо буянаар Монгол Улсын ардын жүжигчин хэмээх цолыг хүртсэн. Хэрвээ Симфони найрал хөгжим, Баян-Монгол, Соёл-Эрдэнэ чуулга байгаагүй бол би хэн ч биш байх байсан. Би энэхүү байгууллагынхаа ажил үйлсийг үргэлж бүтэмжтэй байгаасай гэж боддог. Анх симфони найрал хөгжмийг байгуулахдаа дагалдан авдаг байсан. Мэргэжлийн хүн бараг байдаггүй байлаа. Харин одоо 80 гаруй хувь нь мэргэжлийн, гадаад дотоодын хөгжмийн сургуулийг төгссөн хүмүүс байна. Аль ч улс оронд очиж, ямар ч уран бүтээлийг тоглоход бэлэн чадварлаг уран бүтээлчдээр хүрээгээ тэлсээр” гэлээ.
Симфони найрал хөгжим нь 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өмнө нь зөвхөн ЗХУ-д симфони найрал хөгжмийн чиглэлээр суралцдаг байсан бол өдгөө орон оронд монгол залуус суралцан ирж байгаа аж. Тухайлбал, Америк, Солонгос, Хятад, Япон, Герман, Австри гэх мэт улсуудад симфони найрал хөгжмөөр суралцсан залуус эх орондоо ирж хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж байна.
Симфони найрал хөгжмийн инспектор буюу ангийн дарга, хийлчин, СТА Ц.Цэрэнлхам “Өнөөдөр Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн баярын өдөр болж байна. Ц.Намсрайжаваар овоглож байгаа филармонийн 60 жилийн түүхтэй оркестр, үе үеийн хөгжимчдийн маш том баяр. Би 30 жилийн турш хамт олонтойгоо ажиллан, сүүлийн арван жил инспектороор ажиллаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр зөвхөн симфони оркестрын биш Монгол Улсын хэмжээний тэмдэглэлт өдөр юм. Гадаадын хэдэн зуун жилийн түүхтэй гадны соёл болох оркестрыг 60 жилийн дотор Монгол улс өөрийн болгож нутагшуулж чадсан. Тиймээс Монгол Улсын хэмжээний баяр гэдгийг онцолмоор байна. Симфони оркестрынхоо чадвараар Монгол Улс өнөөдөр дэлхийд нэрээ дуурсгаж чадсан. 2003 онд Азийн симфони фестивальд манай хөгжимчид Вагнер гэх мэт алдарт хөгжмийн зохиолчдын хөгжмийг чадварлаг тоглохыг дэлхийн улс орны хөгжимчид хараад энэ богино хугацаанд МУ-ын симфони найрал хөгжим ямар чадварлаг хөгжсөнийг гайхдаг. Тиймээс бахархахгүй байхын аргагүй” гэв.
Ойн баярын үеэр бусдыгаа манлайлан ажилласан хүмүүсийг шагнасан юм.
Хийлч хөгжимчин Б.Золбоо “Хөгжим бүжгийн коллеж төгсөөд улсын филармонид ажиллаж эхэлсэн. Одоо долоо дахь жилийнхээ зунтай золгох гэж байна. Өнөөдөр түүхэн ойн өдрөөрөө шагнал авсандаа баяртай байна. Симфони найрал хөгжим нь бусад хөгжмөөс маш онцлог. Учир нь маш олон хүн нэгдэн, бие биенийгээ хүндэтгэж, цагаа зохицуулж байж цогц уран бүтээл гардаг. Монголд симфони урлаг хөгжөөд удаагүй байгаа ч бид дэлхийн хэмжээнд Монголынхоо симфони хөгжмийг гаргахыг хичээж байгаа” хэмээлээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )