Энэ цагийн тренд

2017 оны 06 сарын 06

Энгийн даруу Эгэлгүй хээнцэр ...

Тав тухтай амьдралд хорьдугаар зуун биднийг сургасан. Түүнээс өмнө ч гоё ганган, чамин тансагт монголчууд дуртай байсныг нотлох баримт олон бий. Эрт цагийн хаадын удам болоод ч тэр үү бид гэр орон, хувцас хунараараа дэгжирхэх нэн дуртай. Тэр тусмаа хүн бүрийн гоо зүйн мэдрэмж, хүсэл сонирхол өөр тул түүнээ илэрхийлсэн гэр орны тав тух бүрдүүлэхийг өнөө цагт чухалчлах болжээ.

Нөгөө талаас загвар дизайн, интерьерийн тодорхой мэдлэгтэй байж тохижилт хийхгүй бол бидний оролдлогууд “ганган хүнд гархи нэмэр” гэдэгчлэн болох нь элбэг. Аливаа юмны донж маягийг тааруулна гэдэг санахад амар ч хийхэд хэцүү ажил юм. Харин сонголтоо зөв хийхэд хайсан бүхэн тань цогц бүрдсэн газрыг хайж олох чухал. Тийм газар хэд хэд бий. Тухайлбал, хөшигний тухайд “Виола” хэмээх нэгэн дэлгүүрийг нэрлэж болно. Тэнд таны хайсан хөшиг, тюль өргөн сонголттой байгаа гэхэд огтхон ч “давсалсан” болохгүй. Та интерьерийн тухай анхан шатны ойлголттой байхад л донжтой гэрийн эзэн, эзэгтэй болох боломжтой юм.

Хүн бүр ааш араншин, бүс нутгийн онцлогоос хамааран өөр өөр дизайн, өөр өөр интерьерийг таашаадаг. Тухайн хүнийг дуртай интерьерээр нь тодорхойлж болно гэдэг үг ч бий.

Эрхэм уншигч танд тохилог орчинд тав тухтай амьдрахад тань нэмэр болох үүднээс дараах зөвлөгөөг толилуулъя.


 

Минимал

Сүүлийн үед тренд болж байгаа дизайны урсгал бол минимализм юм. Уг урсгал 1970-аад оноос эхлэн түгэн дэлгэрсэн түүхтэй. Энэ төрлийн хэв загварт цагаан цайвар өнгө, завсрын өнгө, бор, хар, хар саарал өнгө голчлон хэрэглэгддэг. Гэрийн уур амьсгалыг минимал болгохын тулд том хэмжээний овор ихтэй тавилгууд дээр дурдагдсан өнгөтэй байх хэрэгтэй бөгөөд ханын цаг, ширээний цаг, сонин сэтгүүлийн жижиг тавиур, ховор тохиолдолд хөшиг нь хурц тод өнгөтэй байж болдог. Бүх зүйл энгийн. Тэр бүү хэл уран зураг, гэрэл зураг хүртэл хар цагаан өнгөтэй, жаазгүй дангаараа өлгөгдөх нь энэ хэв маягт түгээмэл. Обой буюу ханын цааснаас зоригтой татгалзаж байвал та өөрийгөө минимал хүн гэж хэлж болно. Цонхыг илүү цэлгэр харагдуулахад цайвар өнгийн тааран хөшиг тун чиг тохиромжтой байдаг. Тюль нь харин нэвт харагдахуйц тунгалаг байхад сайхан зохицно. Классик болон БарОкКО

Хуучны нүнжигтэй зузаан мебель ширээ, хээ угалз бүхий арьсан буйдан, алтлаг цацагтай орны бүтээлэг, бор өнгийн модон шал, болор гэрлийн бүрхүүл энэ бүхэн сонгодог хэв загварыг бүрдүүлнэ. Хамба хилэн материалтай хар бор, улаан, ногоон, хар ногоон, шаргал, хул өнгийн хөшиг ийм засалд гайхалтай зохицдог. Мөн хөшиг нь алтлаг өнгийн хээтэй байвал болоод явчих нь тэр. Классик загварт өндөр чанар голлох үүрэгтэй.

 

Өнгө ба зохицол

Та голлох тавилга болон обойны өнгөтэйгөө хоршуулан хөшиг сонгож болно. Орчин үеийн барилгын том цонх элдэв эрээн мяраан хөшигт тун дургүй. Хөшиг аль болох дагнасан өнгөтэй байх хэрэгтэй. Энгийн даруу байдал, эгэлгүй хээнцэр төрхийг нэгэн зэрэг илтгэж чадахуйц байх энэ цагийн тренд болж буй. Энэ шаардлагад нийцүүлэх амаргүй ч өнгө олон асуудлыг шийдвэрлэж өгдөг гэдгийг санууштай. Тухайлбал том цонхтой орчин үеийн барилгад нил ягаан өнгө сайхан зохицдог. Хэрвээ танай шал бараан өнгөтэй бол бага зэрэг цайвар талдаа ууссан хөшиг сонгоорой. Өрөөний тань цонх хойшоо буюу өдрийн нарны эсрэг чиглэлд байгаа тохиолдолд аль болох цайвар, нимгэн, торгомсог материалтай хөшиг гэрэл гэгээг илүү мэдрүүлнэ.

 

Материал ба зохицол...

Материалын тухайд цэвэрхэн тааран хөшиг бүхий л интерьерт зохицдог бол, хамба хилэн дээр дурдсанчлан сонгодог загварт илүү нийцэлтэй. Гэрийн засал энгийн даруу бол торгомсог хөшиг хэрэглэх нь элбэг. Номын сан, хөгжмийн өрөө, ажлын өрөө зэрэгт аль болох гэрэл бага нэвтрүүлдэг бараан өнгийн зузаан хөшиг сонгодог нь анхаарал илүү төвлөрөх, бичиг хэргийн хадгалалт сайжрахтай холбоотой юм. Унтлагын өрөөнд цайвар ногоон, усан цэнхэр, нил ягаан, усан ягаан өнгө сонгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Эдгээр өнгө нь хүнийг тайвшруулж, байгальд илүү ойр мэдрэмж төрүүлдэг байна.

 

Орон зай ба зохицол...

Залуус хороолол, Вива сити гэх мэт зай багатай орон сууцуудад хөшиг сонгох нь хэцүү. Нэг захаас нөгөө зах хүртэл тав алхахтай үгүйтэй жижиг байранд хөшиг бүр нүсэрдэж, давчуу сэтгэгдэл төрүүлэх гээд байдаг талтай. Энэ тохиолдолд та хөшгөө аль болох богино, аль болох нимгэн байхаар сонгох хэрэгтэй. Тэр тусмаа гэрэл сайн нэвтрүүлэхүйц цайвар өнгөтэй байх нь чухал юм. Жижиг талбайтай яг ижил асуудал том орон сууцнуудад тохиолддог гэвэл та итгэх үү? Энэ нь тавилга хөшиг хоёрын зохицол, хөшигний өнгө, материалтай ихээхэн холбоотой юм. Том талбайтай орон сууцанд эсрэг тэсрэг өнгөний шийдэл ихээхэн зохицох нь бий. Тухайлбал, та гэрийн тавилгаа цайвар өнгөөр дагнасан бол хөшиг бараан өнгөтэй байвал зүгээр. Эсвэл гэрт бараан өнгө зонхилж байвал цайвар өнгийн хөшиг сонгох нь зүйтэй юм. Мөн тод өнгийн тавилгатай хоршуулж хөшгөө сонгож болно. Энэ нь зөвхөн улбар болон цэнхэр, улаан гэх мэт хурц тод өнгө байх хэрэгтэйг мартаж болохгүй.

E KH Apartment, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia +976 9918 5361, 8811 1413


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top