Д.Амарбаясгалан: Хууль хяналтын байгууллагууд иргэн Доржзодовыг хамгаалалтад авах зайлшгүй шаардлага гарсан

2017 оны 06 сарын 15

Өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “60 тэрбумтай холбоотой иргэн Доржзодовыг цагдаагийн байгууллагаас баривчлах гэж байна” гэсэн  мэдээллийн дагуу хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр иргэн Доржзодовыг МАН-аас төрийн хамгаалтад авах хүсэлт ЦЕГ,ТЕГ-т хүргүүлсэн гэдгийг мэдэгдсэн юм.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Өрсөлдөгчдийн зүгээс сонгуулийн хар технологийг хэрэглэж, МАН-аас нэр дэвшигчийг зохион байгуулалттайгаар гүтгэж, гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ. Тэр дундаа АН, тус намаас нэр дэвшигч Х.Баттулгын штабын зүгээс зориуд зохион байгуулсан эвлүүлэг бүхий нэвтрүүлгүүдийг олон нийтэд түгээж байна. Үүний нэг нь 60 тэрбумын асуудал.  Энэ асуудал УИХ-ын ч, орон нутгийн сонгуулиар ч гарч ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ асуудлыг дахиж сөхөж байна. Та бүхэн анзаарвал сонгууль бүрээр өрсөлдөж буй нас, нэр дэвшиж буй хүмүүсийн нэр хүндэд халдах байдлаар тус намаас олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэх зорилготой ийм ажил хийж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байх үеэс л эхлэн энэ сэдвийг сөхөж, УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас олон нийтэд хүргэх гэж ажилласан. Энэ үеэр гарсан нэг ноцтой яриа бол “Хэрвээ Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алчихвал алчихна даа гэж Ганбаатар хэлсэн” гэдэг яриа юм. Үүний дараагаар иргэн Доржзодов “Миний амь насанд аюул учирлаа” гэсэн ойлголтыг өөрийн цахим хуудсаар дамжуулан зохион байгуулалттайгаар цацаж эхэлсэн. АН-ын нарийн бичгийн дарга С. Эрдэнэболдын найз АНУ-д амьдардаг Батмөнх гэгч залуу “Хэрвээ Доржзодовын амь насанд аюул учирвал энэ хариуцлагыг Ц.Сандуй, Ганбаатар, М. Энхболд, МАН хариуцах ёстой” гэсэн мэдээллийг тарааж эхэлсэн байдаг. Үүнтэй ижил төстэй мэдээллүүдийг тэр үеэс фэйсбүүкийн хуурамч хаягуудаас түгээж эхэлсэн. Энэ асуудалтай холбогдуулж иргэн Доржзодовыг хамгаалалтад авах шаардлага үүссэн гэсэн юм.

ТЕГ болон ЦЕГ-ын хүсэлтэд бичихдээ “Манай сонгуулийн штабт иргэдээс ирүүлж байгаа мэдээлэлд дүгнэлт хийж үзэхэд манай намын нэр дэвшигч болон намын нэр хүндийг бүхэлд нь харлуулах зорилгоор зориудаар зохиомол халдлага үйлдэж болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд иргэн Доржзодовыг яаралтай хамгаалалтад авахын зэрэгцээ энэ асуудлыг бүрэн шалгаж бидэнд болон олон нийтэд мэдээлэхийг хүсье” гэжээ.

Б.Амирдаа

Top