Шатартай шадарласан Р.Гаадан аймагт бүрт очиж тогложээ

2017 оны 06 сарын 22

Харин халагдаж болохгүй, ээлжгүй алба маань энэ шатрын сайхан арми юм.

Өмнийн говийн Р. Гаадан Монголынхоо уулчид авиралт хийдэг бараг бүх ууланд авирсан аж. Өндөр Алтайн Таванбогдод гурван ч удаа гарсан байх юм. Н.Энхбаярыг  Ерөнхийлөгч байхдаа авирахад нь цуг авиралт хийсэн нөхдийн нэг юм байна.Тэрбээр уулын спортын мастер, шатрын спортын мастер, ширээний теннисний спортын дэд мастер гэсэн.  Даамны спортоор аймагтаа хэд түрүүлсэн, дугуйн спортоор мөн аймагтаа тав түрүүлсэн гэдэг. Шатарчны хувьд аймгийнхаа 27 удаагийн аварга. Улсын аваргын тэмцээнд тэр тоогоороо оролцсон юм билээ.Тийм болохлоор  Монголын спортынхон “Өмнөговийн Рэгдэнгийн Гаадан“ гээд таних байх. Өөрийн аймгийнхан нь болохоор  “Хэвлэхийн Гаадан “ л гэцгээнэ. Учир нь тэрбээр 1973 онд цэргийн албанаас халагдаад л  “Говийн мэдээ “ сонины хэвлэх үйлдвэрт ажилласан байна. Тэнд хэвлэгчээс нь эхлээд механик, линотипч болсон. Улмаар хожим нь тус үйлдвэрийнхээ захирал  ч болсон. Одоо Р.Гаадангийн ажлын байр “Говийн мэдээ”-гийн үйлдвэрийнхээ байшинд бий. Хөдөлмөрийн хамт олон-халуун бүлийнхээ  голомтыг сахигч  гэхэд болно. Хэн ч мань эрийг “Хэвлэхийнх биш” гэх аргагүй. Аль хэзээнээс л шатар, хэвлэх, Гаадан  гурвын хувь заяа хэлхээстэй юм шиг байв. Энэ хэлхээсийн эхлэлийн тухайд энд тодруулан ярилцлага өрнүүлье.

-Өөрийг чинь дөрвөн настайгаасаа шатар тоглосон гэдэг байх аа?

- Тийм би дөрвөн настайгаасаа л шатар нүүж эхэлсэн л дээ. Аав маань шатар их тоглодог хүн байсан. Манайх Ноён сумандаа байхад аав маань Гаадан гэдэг надтай ижил нэртэй хүн болон Лодон гуайтай шатар нүүж суух нь их байв.Тэр ахмад хүмүүсийн тоглохыг ажиж хараад аавынхаа заасантай хослуулан багаасаа шатарт гайгүй дөртэй болсон байх аа. Тэгээд сургуульд суугаад шатарт дур сонирхолтой зарим хүүхэдтэй тоглох болсон. Мөн ангийнхаа аварга шатарчин сурагч гэгдэн ихэд урамшиж билээ.

-Тэгээд яваандаа сумынхаа сургуулийн аварга болсон биз ?

-Сумынхаа сургуульд гайгүй л тоглож байсан . Харин хүсэл минь аймаг руу хулжина биз дээ. Аймгийн сургуулийнхан шатарт ямар байдаг бол гээд л... Аз болоход 1960 хэдэн онд аймгийн төв рүү орж ирэн суурьшсан. Сумын долоон жилийн сургууль татан буугдсан тул аймагт ирсэн юм. Аравдугаар ангиа  төгстөл аймгийн сургуульд таван жил суралцсан.

-Даланзадгадад ирээд л хожмын аймгийн аваргын тань гараа шулуудсан уу ?

- За бараг тэгсэн байх. Шатрын хорхой минь улам л ассан үе дээ. Ерөөс манай Өмнөговийн  шатрын спортын тухайд жинхэнэ аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь анх 1959-1960 оны үед л болсон юм билээ. Тэр үед эхний тэмцээнүүдэд хамгийн сайн тоглож байсан нь Манлай сумын Адин гэж хүн байжээ. Мөн Алтангэрэл гэдэг хүн нэг удаа аварга болсон байдаг. Мөн л Манлай сумынх бригадын дарга хийж байсан юм билээ. Цогтцэцийн гаралтай Цэдэнжавын Батаа гэдэг шатарчин аймагт хэд хэдэн удаа түрүүлжээ. Дараа нь ах дүү Хоролын Лхаасүрэн, Хоролын Шагхүү нар аваргалж  гарч ирсэн байдаг. Энэ говь нутагт  маань шатрын спортыг дэлгэрүүлэхэд аймгийн анхны дарга Жамсрангийн Самбуу гуай их санаа тавьж байжээ. Тэр үедээ Самбуу даргын нэрэмжит тэмцээн хүртэл зохиож байжээ.

-Өөрийн чинь үе хэдийгээс эхэлсэн бэ?

- Дээрх ах дүү хоёрын дараагаар л Рэгдэнгийн Гаадан, Рэгдэнгийн Гаваандорж  гээд дүү бид хоёр гарч ирсэн дээ. Ер хаана ч явсан шатраа орхиж чадахгүй болсон хүн юм би. Цэрэгт татагдаж очоод ангийнхаа шатрын аварга болж байв.  Цэргээс халагдаж ирээд байтал манай аймагт хотоос шатрын спортын мастерууд ирсэн. Тэдэнтэй тоглоод заримыг нь хожиж байлаа. Ерөөс шатрыг орхилгүй,  эргэлт буцалтгүй  болоход маань аймгийн Төлөвлөгөөний хэлтсийн Дамбадаржаа гуай их ташуур өгсөн юм. Аймгийнхаа шатрын түүхийг бичдэг сүрхий хүн байсан. “Чи шатар сайн тоглох юм. Чамд ирээдүй байна “ гэж тэр хүн хөөргөөд л , би ч улам  их урам орсон. Тэр замаар л Улсын аварга шалгаруулах тэмцээнд залуучуудынхаас эхлээд ахмадын ангилал хүртэл нас насандаа оролцож ирлээ. Бүсийн чанартай тэмцээнд бол байнга оролцож ирсэн. Зургаан аймгийн бүсээс хоёр удаа шалгарч , шигшээ тэмцээнд цөөнгүй орсон.

- Өмнийн говийн 27 удаагийн аварга маань бүсийнхээс өөр холын аль аймагт хүрч шатар нүүж байв ?

- Баян-Өлгий, Увс, Ховд хүрч тоглосон. За даа , тэгээд очиж тоглоогүй аймаг байхгүй. Би чинь бас аялагч  хүн тиймээс аймаг хошуу дамжин явах , шатраа нүүх дуртай шүү дээ.Одоо ч аль нэг ахмадын аваргын тэмцээнд оролцох л болж дээ.Дээр нь  шатрын гол ажил маань ар хойч үеийн шатарчнаа бэлтгэх болоод байна. Ер нь хүүхдүүдэд шатрын хичээл заагаад 30 хэдэн жил болсон шүү. Ажлынхаа хажуугаар л сургалт явуулдаг юм. Аймгийн Спортын хороонд шатар, теннис, даамны чиглэлээр дасгалжуулагчийн ажлыг мэр сэр хийж байсан.

- Сургалт хийгээд шавь нарын амжилт гэвэл ?

- Одоогоор “Өмнөговийн шатрын төв клуб “ гэсэн нэртэйгээр ажлынхаа нэг өрөөнд хүүхдүүдэд шатар зааж байна.Дээхэнэ үед нэг шавь маань Улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Алсдаа боловч сайн шатарчин гаргачих юмсан гэж л аймгийнхаа Шатрын холбооны тэргүүлэгчийн хувьдаа үүрэг хүлээн зүтгэж байна. Болох байлгүй.

-Танай аймгийнхан шатарт гайгүй болоход Самбуу даргаас өөр бас нэг хүнийг нөлөөлсөн гэж сонссон санагдана ?

- Аан чи Найдангийн Намжил гуайг хэлэх гээд байх шиг байна. Тэр хүн Монголын анхны шатрын бүлгэмийн гишүүн байсан гэдэг. 1930-аад оны эхээр гэсэн Нагнайдоржийн Санжаажамц гэдэг хүн ЗХУ-д суралцаж ирээд нийтийн шатрыг дэлгэрүүлье гээд Улаанбаатар хотод 11 гишүүнтэй бүлгэм байгуулжээ. Уг бүлгэмд  манай аймгийн Хүрмэн сумын гаралтай Намжил гэж тэр хүн орсон байна. Хот хүрээ явсан хүмүүсийн зарим нь тэр бүлгэмийн талаар сонсоод ирэх. Мөн Намжил гуай нутаг орондоо ирэхдээ шатрын спортын талаар ухуулах энэ бүгдээс шалтгаалсан юм их бий гэж аймагтаа алба хашиж асан  ахмад хүмүүс ярьдаг байсан шүү.  Одоо хүмүүс Монголын Шатрын Холбоонд байсан Намжил гэхээр  санах байх. 1958 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчин. Хожим Азийн шатрын холбооны  9-р бүсийн Ерөнхийлөгч гэгдэж байв. Нийтийн шатрыг уугуул аймаг нутагтаа дэлгэрүүлэхэд яалтгүй нөлөөгөө үзүүлсэн байх.

- Нийтийн шатар гэж онцлоод байгаагаа жаахан тодруулахгүй юу. Мөн урамтай шатар гэдгийн тухайд ?

- Монгол шатар, нийтийн шатар хоёр хоорондоо бас жаахан ялгаатай. Хүмүүс мэдэх байх. Монгол шатар бол ноёныг шалдалж хождоггүй. Мориор шаг хийж суулгадаггүй. Эртхэндээ  монголчууд ялангуяа манай говьчууд урамтай шатар, урамгүй шатар гэж хоёр янзаар тоглодог байжээ. Ямар нэгэн уй гашуу тохиолдоход наргиан цэнгээн,тоглоом наадамд оролцдоггүй байсан. Хэрэв тоглох, шатар нүүх бол урамгүй шатар гэдэг маягаар тоглодог байжээ. Тэр урамгүй хэлбэрээр тоглохдоо бэрс нь ноён шигээ ойр ойр нүүдэлтэй байх ёстой. Урамтай шатар гэвэл бэрс нь одоогийн нийтийн шатрынхаар хол нүүх бололцоотой. Тийм л ялгаатай юм.

- Урамтай шатар гэдэг шиг урамтай тамирчинтай ярианы сэдвээ жаахан жишин асуухад төрсөн газар чинь хаана вэ?

- Баруун говь дахь  Ноён сумынхаа Ганзагат багийн нутаг Өвдөг гэдэг газрын баруунтаа төрсөн гэсэн. Лав л зуны эхэн сард төрсөн гэж ээж хэлж байсан. Зургадугаар сарын 8-нд гэж тааж тогтоосон.

-   Уугуул говиосоо өөр нутагт удаахан  аж төрсөн нь  цэргийн  алба хаасан жилүүд чинь гэсэн.  Хаана хаасан бэ?

- Тийм юм даа. Эр цэргийн албаа Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад 152-р ангид хаасан. Цагааны Дуламхүү гэдэг захирагчтай, Базарсадын Дугаржав гэдэг штабын даргатай, Балжинням гэдэг улс төрийн орлогчтой анги байв.Тэнд гурван жил Штабын бичээч хийгээд халагдаж явахынхаа урд орой нь үүрэгт ажлаа өгсөн. Сайн бичдэг нэг шинэ цэргийг дуудаж ирүүлээд л “За чи миний оронд бичээч болно. Албаа сайн хаагаарай. Ах нь халагдаад явлаа” гээд ширээ шүүгээний түлхүүрээ хүлээлгэж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь эрт “Цэргийн хуаран минь баяртай “ гээд хөдөлж байлаа... Эр цэргийн алба сайхан тэндээс ээлж халаатай учраас халагдсан. Харин халагдаж болохгүй, ээлжгүй алба маань энэ шатрын сайхан арми юм. Шатар  сайхан спорт шүү.

Ийнхүү яриагаа товчлоод Р. Гаадан шавь нартаа шатрын хичээлээ заахаар яарсхийн ханан дахь хөлөгт самбар руу очсон юм 

Төгсгөлийн оронд:  Өмнийн говийн өнгө болсон хүмүүсийн нэг Р. Гаадан нь ажил хөдөлмөрийн амжилтаараа бас шатар тоглох шигээ баргийн нэгнийг урдаа гишгүүлдэггүй гэдэг. Аймаг орон нутгийнхаа хөдөлмөрийн сайчуулын тоонд олон удаа орсон байдаг. Ажил мэргэжлийнхээ Улсын  уралдаанд аймгийнхаа хэвлэх үйлдвэрийн хамт олныг төлөөлж амжилттай оролцож байсан  нь цөөнгүй. Тэр бүгдийг энэ ярилцлагад хамруулсангүй.

                                                                                         Б.Цогзаяабаатар

                                                                                     www.Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnb(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

boloogui baihad huul zorchson gej zargaldah buruu nogoo tal n davj zaaldana

0  |  0
Top