Олон “хө”-тэй орчуулагч хийгээд зөөлөн төгсгөгч

2017 оны 07 сарын 06

 

Өрнөдөд бол уран зохиол, яруу найргийн шүүмжийг нь гол төлөв философичид нь бичдэг шүү хө.

Өнөө үеийн бичиг соёлын зүтгэлтнүүдийн нэг өвөрмөц төлөөлөл бол Шароди Даваахүү овогт энэ эр юм. Танилууд нь гол төлөв “Венгер Ганболд “ л гэдэг. Социализмын тогтолцооны ид үед Унгар улсад хувийнхаа зардлаар суралцахаар зориглон манаргасан нэгэн. Тэр үед их, дээд сургуульд оюутан нь улсын зардлаар суралцдаг. Ямар мэргэжлээр аль сургуульд хэдэн оюутан сургахаа тусгай төлөвлөлтийн дагуу зохион байгуулдаг байсан. Ялангуяа гадаадад буюу социалист оронд хэнийг явуулж сургахаа өндөр шалгуураар товлодог байв. Зөвлөлтөөс өөр оронд бол тийм ч олон оюутан сургадаггүй байсан. Гэтэл түүнээс гадуур хилийн чинадад гарч суралцах гэсэн нь тухайн үеийн нам, улсын бодлогод харш юм. Тиймээс ч олон шалгуур давааг даван залуу хүний их хүсэл зорилгоо ДДТБУХ, Намын Төв Хороо, Боловсролын яам, НАХЯ-ны дээд доод эрх мэдэлтэн бүрт зөв ойлгуулж чаджээ. Тийнхүү явж Европын нэгэн түүхт оронд суралцан философич, дуун хөрвүүлэгч хос мэргэжилтэй болсон байдаг. Түүнтэй цөөн сэдвээр ч болов ярилцлаа.

 

ӨРГӨӨ БОЛОН ШАГНАЛЫН СУРАГ

-Бараг баруун шахуу этгээдэд зорчин олон жил болоод наашлахдаа юу өвөртлөөд ирсэн бэ?

-Дээлтэйгээ гарсан монгол би 24 жилийн дараа дээлтэйгээ буцаж ирэхдээ гурван төлөвлөгөөтэй ирсэн л дээ. Европын нэг соёлын сэтгүүл байдаг. …интернацианоль гэж. Герман хувилбараар надад байна. Тэр хувилбар хэв маягийн дагуу Монголдоо гаргах гэсэн юм хө. Герман, итал, испани, мажаар хэлээр гардаг сэтгүүл юм.Тэр бүр нь ерөнхий эрхлэгчтэй. Дугаар бүр нэг том уран бүтээлчийн бүтээлийн материалаар голлоно. Европдоо бол тэрнийг нь нэг том хүн бичдэг. Оюуны хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан юм.”Мораль улс төр 2-ын завсар”-т гэсэн гол тодотголтой. Ямарч улс төр ордоггүй. Европын сэхээтнүүдэд зориулсан соёлын цуврал сэтгүүл хө. Анх францад Антонин Лим гэж чех хүн үүсгэн байгуулсан. Тайлбар мэтгэлцээний байнгын булантай. Яруу найраг, уран зураг, гэрэл зураг нь байнга байдаг. Миний гаргах монгол хувилбарт 60-70 хувь нь орчуулгын материал байх юм хө. Үлдсэн нь монголынхоо эрдэмтэн сэхээтнүүдийн туурвил юм уу ярилцлага сэлт байна. Эхний дугаарт гэхэд л Францын сэтгэгчид,философичдын материал орно. “Яагаад сэхээтнүүд жаргалтай бус байна вэ?”, “Нийгэмд сэхээтнүүд яагаад чухал вэ?” гэх жишээтэй. Монголынхоос Дармын Батбаяр, Дамдинсүрэнгийн Урианхай нарын бичсэн нийтлэл орж байгаа. Нэг материал гэхэд 15-20 нүүр байх юм хө. Богино бичвэр орохгүй. Европт нэр хүндтэй сэтгүүлийн хувилбарыг гаргах гэж оролдож байгаа юм л даа хө. Уг эх сэтгүүл нь цаанаа бол Парист, Берлинд, Ромд, Мадридад, Будапешт, Бухарест, Копенгагенд гардаг. Энд би өөрийн гаргах хувилбарынхаа хэд хэдэн дугаарыг төлөвлөчихсөн. Нэг дугаар нь “ Постколоничлол болон уул уурхай” гэсэн сэдвээр голлоход нөгөө нь “Түүх бичилт” гэдгээр дагнах жишээтэй. Ерөөс эх сэтгүүлийн зарчим бол бусдаас ондоо. Зар сурталчилгааны шинэ философи дэлгэрүүлнэ ч гэх шиг. Рекламны зураг хөргөө арт маягаар бэлтгэн оруулдаг юм билээ. Тэр бүгдийг нь л монгол хувилбартаа шингээх болно. Нэг төлөвлөгөө маань товчдоо иймэрхүү хө.

-За тэгвэл хоёр дахь төлөвлөгөө чинь юу вэ?

-Аа. Тэр бол хө, “Дуун хөрвүүлэгчдийн өргөө” гэдэг юм байгуулчих санаатай хө. Би чинь уран зохиолын нэг том анатологи гаргахдаа Унгарын дуун хөрвүүлэгчдийн өргөөнд сууж бэлэн болголоо шүү дээ.Тэнд нэг ээлжинд 7-8 хүн байрлан орчуулгын бүтээлээ нухаж суудаг юм. Сайхан номын сантай гоё орчин л доо хө. Монголын утга уран зохиолыг дэлхийд түгээхэд нэг тийм өргөөтэй бол их нэмэр тус болно доо. Дэлхийн өнцөг булан бүрээс монгол хэлтэй хүн ирж, манай бүтээлийг орчуулахад тийм өргөө чухал. Тэд монгол ахуй соёлын дунд байж орчуулах болохоор илүү зөв хөрвүүлнэ л дээ хө.Монгол зохиолч, бүтээлийн эзэнтэй нь уулзаад зөвлөх боломжтой. Тэд орчуулж хөрвүүлсэн бүтээлээ эх нутаг, улс орондоо очоод хэвлүүлэх ёстой Шалгуур нь тийм юм. Ийм нэг өргөөг ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар бий болгох санаа агуулж явна хө.

-Ирэх тэр Х хүний замын болон бусад зардал хаанаас эхтэй байх вэ?

– Тэр хүн нь өөрийнхөө зардлаар ирнэ. Харин ирсэн хүндээ стипент маягийн юм олгоно. Орчуулж буй бүтээлээсээ шалтгаалан 7,14 хоног, сар гэсэн хугацаанд энд байна шүү дээ. Тиймээс манайх өөрсдөө гаргах зардал янз бүр байна хө.

-Тийм өргөө өөр олон оронд байна уу?

-Еропын 13 оронд дуун хөрвүүлэгчдийн өргөө байна. Хамгийн том нь Германых. Тэднийх нэг удаадаа 22 орчуулагчийг хүлээж авдаг хүчин чадалтай гэх юм уу даа. Герман хэлтэй тийм тооны хүн тэнд орчуулгаа хийгээд сууж ажиллах боломжтой гэсэн үг хө.

-Тэднийх тэгвэл тэтгэлэг гэж хэдий хэр тооны юм өгдөг вэ?

-Германых сардаа 2000 евро, Унгарынх бол 150 000 порент өгдөг юм. Гэхдээ нэг өгүүллэг юм уу цөөн шүлэг орчуулж байгаа хүнийг 7 хоног байлгаад 100 000 орчим порент өгдөг ялгавартай хө.

-Орчуулуулах зохиол бүтээлийн сонголт ямар байх бол ?

-Тэр сонголтыг чинь монгол хэл мэддэг гадаадын орчуулагч өөрөө шийднэ хө. Тэдний улс оронд, уншигчдад нь буюу тухайн ард түмэнд ямар зохиол хүргэвэл зохилтойг тэр орчуулагч л мэднэ шүү дээ.

-Одоогоор зураг болон сураг төдий байгаа тэр өргөөний чинь гал зуух ямар байх вэ?

-Нэгдсэн том гал тогооны өрөөтэй. Өөрсдөө хоол ундаа хийнэ. Өөр өөр орны хүмүүс байна. Гэвч зав чөлөөгөөрөө хоорондоо ярилцдаг хэл нь монгол хэл байх юм хө. Жишээ нь намайг Унгарын тийм өргөөнд байхад Америкаас, Японоос, Германаас гээд орчуулагчид очсон байсан. Бид нар оройдоо гал тогоонд цуглаад хоолоо хийж идэх зуураа хоорондоо мажаар хэлээр л ярилцаад их удаан суудаг байсан.

-Монголоо сурталчлах нэг арга болох өргөө ажиллуулах наад санаачилгыг чинь дэмжигчид олдож байна уу ?

– Энэ оюуны өргөө чинь дан ганц уран зохиолын орчуулгад зориулагдах юм биш л дээ. Монголын түүх болон бусад бүхнийг орчуулагчид зориулсан байх юм хө. Ингэж Монголоо системтэй бодлоготойгоор гадаадад сурталчлах хэрэгтэй байгаа юм. Төсөв баригч төр, засгийн түшмэд дарга нарт нь хандаж үзээгүй. Харин хувийн хэвшлийн зарим нөхөддөө танилцуулж ойлгуулсан. Дэмжинэ гэсэн хө. Эдийн засгийн энэ хямралтай золгочихоод амжихгүй л явах шиг байна.

Эхний хоёр нь лут л юм. Нөгөө гурав дахь зорилт тань …?

– Нэг ийм юм л даа хө. “ Факс Монголика” гэсэн Олон улсын уран зохиолын нэг том шагнал бий болгох юм. Дэлхийд гуравхан гүрэн факс буюу энх амгаланг тунхагласан байдаг юм хө. Ром, Монгол, Британ эд. Их хааныхаа насыг бодоод хий насыг нь оруулаад 66 гэж тооцон 66 000-долларын сантай шагнал байх юм хө. Хоёр жилд нэг удаа олгох юм.

Уг шагналыг тодорхойлж өгөх шүүгчид нь хаанаас ямар эрхмүүд байх вэ?

– Польш, Унгар… гээд монгол морины минь туурай хүрсэн газрынх нь хүмүүсээс комиссид нь оруулна. Шагналыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулж байвал зүгээр хө. Энд нэг юм хэлье. Унгараас миний авсан шагналын сэлмийг гардуулахдаа их дэг жаягтай өгдөг юм. Түүнээс дутахааргүй сайхан ёс төртэй байлгахыг хичээнэ л дээ хө.

ӨӨРИЙН СЭХЭЭТНИЙ МӨРӨӨР

-Монголоос хамгийн анх Венгерт хэдийд хэн гэгч сэхээтэн очиж вэ. Баримжаалвал …?

– Ийм байдаг юм хө. 1950 онд анх хоёр улс маань дипломат харилцаа тогтоожээ. Элчин сайдын яам нээгдээгүй, нэг айлын байшинд байжээ. 1956 онд Ре өвгөн / Б.Ренчин / чинь сэхээтнээс анх очин оюутнууд ч очоогүй байхад, докторын зэрэг хамгаалсан байгаа юм. Хавар очоод гурван сар болсон юм билээ. Архивт байдаг даа нэг тийшээ 80 см урттай хавтгай, их том десартаци бий. Хуучин монгол бичгээр бичсэн байдаг. Түүний хураангуй товчлолыг нь Легта Лоюуш гэж Монгол судлалын тэнхимийн багш болон дөрвөн оюутан хамжаад мажаар хэл рүү жигтэйхэн сайхан орчуулсан байдаг юм хө. Тэдэн дунд нь Хар Дорж орсон байдаг.Сүүлд Ренчин гуайн хүргэн нь болсон шүү дээ. Намар нь Ренчин гуай эрдмийн зэргээ хамгаалаад цаашаа Прага руу явж Пауха гэдэг монгол судлаачтай уулзсан юм билээ. Чехсловак руу явснаас долоо хоногийн дараа нь Унгарт хувьсгал гарсан байдаг юм хө. Манай оюутнууд бол 1957-1958 онд л очсон байх. Анхны оюутнууд бол Жамбажанцан инженерийн үеийнхэн байх. Ер нь социализмын үед Унгарт эдийн засаг, эм зүй, геологи, биотехнологийн чиглэлээр сургаж байсан. Нэг их олон оюутан сургаагүй байх. Ялангуяа нийгмийн ухаанаар бол Гадаад яам гурван хүнийг мажаар хэл дээр нь албан ёсоор сургасан байдаг. Тэд одоо тэтгэврийн настайгаа золгох дөхөж байгаа байх. Миний хувьд хувийн зардлаараа философийн ангид нь суралцсан хө.
ЗХУ-д гэхэд Москва, Ленинградад ч манайхаас философоор сургадаггүй байсан. Свердловад сургадаг байсан байх. Тюменьд ч байсан байх аа. Герман, Унгар руу бол ярих ч хэрэггүй байсан. Гэтэл би хувийн зардлаараа гээд явчихсан л юм даа.

-Тэнд өөрөө 24 жил болсон гэдэг. Унгарын онцлогоос хэдийг хэл гэвэл?

– Намайг очсноос хойш гурван жил болоод социализм задарсан. Эхний таван жилд их найрсаг олон түмэн байсан. Бүр сүүлдээ бол өөр болсон юм хө. Нөгөө нэг их сонин юм нь эхлээд надад оюутны байрны нэрэмжит өдрүүд байв. Манай НУФ гэхэд 7000 орчим оюутантай. Тэдний 1000 нь оюутны байранд байна. Тэр оюутнууд оролцоно. Тав алхаад л нэг тайз засчихсан байна. Түүн дээр нь хамтлагууд ирж тоглоно. Хоорондоо уралдаантай. Чиглэл мэргэжлийнхээ салбараар баг болчихдог юм. Хамгийн том гол зааланд том тайз зассан байна. Тэнд алдартай хамтлагууд нь тоглоно. Уг арга хэмжээ долоо хоног үргэлжилдэг. Орой 17 цагаас өглөө таван цаг хүртэл бужигнана. Мөн л таван алхам тутамд гоожуурын пивоны лангуунууд байна. Оюутнууд өөрсдөө ажиллуулна. Гэрээ хийчихнэ. Виногоо зарна. Бүтэн долоо хоног л тэгж наргина. Зөвхөн оюутнууд гэлтгүй, гаднаас зарим хүмүүс оролцоно. Залуу сэхээтнүүд цөөнгүй ирнэ. Уух соёл тэнд байна. Гэвч өглөө найман цагт бүх оюутан хичээлдээ очсон байна. Цэвэрлэгч өглөө зургаан цагт бүгдийг гялтайтал цэвэрлэчихдэг. Хариуцлагаа бүгд ухамсарлана гэсэн үг. Үүгээрээ манайхаас онцлог.

-Өөр онцлогууд нь гэвэл ?

-Өө, олон олон. Адилхан социализмд байсан ч гэсэн зохиолчид, сэхээтнүүдийнх нь уншиж үзсэн юм шал өөр хө. Тэр 1956 оны улс төрийн их хөдөлгөөний дараахнаас л харьцангуй цензургүй болж ирсэн юм билээ. 1960 хэдэн оноос нэлээд чөлөөтэй болж, сэтгэлгээ нь тэлсэн хэрэг. Миний үед зарим багшаа оюутнууд “Чи…” гэж л байх. Хүн гэдэг утгаараа харьцаж байгаа учир багш ч дургүйцэхгүй. Харин ч дотно харьцана хө. Оюутан болоход нэг том танилцуулга ном өгнө. Бүх орох хичээлийн сэдвүүд, заах багшийн нэрстэйгээ хэвлэгдээд гарчихдаг. Тэр нь урдаа кодтой. Түүнийг нь би книжка дээрээ тэмдэглээд очиж багштай уулзана. Надтай адилхан тухайн хичээл багшийг сонгосон оюутнууд хамт багштайгаа уулзан хичээлийн цагийн хуваариа ярилцаж тохирно.Монголд тэр үед юун тийм юм байх. Багш нь оюутнаа сонсох дургүй байсан биз дээ хө.

-Одоо манайд зарим хандлага нь нэвтэрч байгаа байх аа. ?

-Тэнд бол сургалтын жаяг дэг нь тийм байсан. Манайх чинь анги болгодог нь одоо ч хэвээр биз Бас.ангийн даргатай ш дээ. Унгарт миний сурсан сургуульд тийм юм байгаагүй хө. Лекцийг хэдэн зуугаараа том зааланд сууж сонсоно. Семинарийн хичээл болохоор л мэргэжлээрээ нэг дор цуглан танилцана. Энэ бол тэнд аль эрт хэвшсэн. Гэтэл манайд саяхнаас л тэр талаар маргаж сууна шүү дээ.

-Тухайн үеийн нийгмийн тогтолцоо нь яаж харагдаж байв ?

-Нийгэм, улс төр гээд ярих юм бол зах зээлийн хэвшилд зарим талаараа орсон байсан. Хагас чөлөөт эдийн засагтай. Хувийн хэвшил дэлгэрчихсэн байв хө. 1960-аад он гэхэд л хаус байр сав чөлөөт арилжаанд хамарчихсан. Хувийн үйлвэр олонтой байжээ. Шинжлэх ухааны зарчмууд нь их нөлөөтэй явж ирсэн байдаг хө. Багш мэргэдийнх нь мэдлэг гайхалтай байсан. Нэг багш гэхэд дор хаяж гурван хэлтэй. Тэгээд 4-5 ч хэлтэй байна. Тухайн шинжлэх ухаанаар аль улс орон давамгай байна, тэр хэлийг нь сурсан байх жишээний. Мэдээж дэлхийд цуутай эрдэмтдийн онол бүтээлийг эх хэл дээр нь уншчихсан байна, тэд. Гэтэл манайхан чинь гадаадын том эрдэмтдийн нэр л хэлэхээс цаашгүй. Дорвитой гэсэн зарим нь ишлэл хэлэхээс цаашгүй. Тийм болохоор суралцаж байгаа залуус нь гаднын ганц нэг эрдэмтний нэртэй хоцордог байсан. Түүнээс тэр их эрдэмтдийн бүтээлийг монголоороо бүрэн орчуулан түгээдэггүй тийм байсан.Нэг том ялгаа нь энэ. Унгарт бол дэлхийн шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлох бүх эрдэмтний бүтээл туурвил мажаар хэл дээр орчуулагдсан байдаг юм хө

-Ахуйн тал дээр ажиглагдсан юм гэвэл?

-Ахуйн тал дээр нэг юм ажиглагдана. Хулгай зэлгий байгаагүй. Би суралцахын зэрэгцээ эмнэлэгт ажиллаж байсан юм хө.. Метро нь өглөө дөрвөн цагаас явж эхэлдэг. Үйлдвэрийн ажил зургаан цагаас эхэлнэ. Өдрийн хоёр цагт нэгдүгээр ээлж нь тарчихдаг. Холоос явдаг хүмүүс нь 4,5 цаг гээд л хөдөлгөөнд ордог юм. Өглөө ажилдаа явж байхад чинь дэлгүүрийн үүдэнд Сүүний үйлдвэрийн машинууд зогсчихсон савлагаатай сүү буулгаж орхиод явна. Дэлгүүр нь онгойгоогүй байна. Тэндээс хэн ч хулгайлна гэж байхгүй. Жижиг ууттай сүүтэй какоа чиг байж л байна. Тэгээд гудамжны худалдаа, жимс, жимсгэний наймаа нь чөлөөтэй байдаг. Хамгийн муу нэртэй цыганууд чиг тэндээс юм хулгайлахгүй хө. Юм зөв голдирлоороо хөгжиж хэвшихлээрээ тийм болдог байх гэж боддог юм би.

-Урлагийн хандлага ,залуусын хувцаслалт стиль голлох нь юу байв?

-Унгар чинь тэр үед поп рок өндөр хөгжсөн орон байсан. “Омега” гэдэг том хамтлаг бий. Одоо бараг 50 хэдэн настай хамтлаг шүү дээ. Тэр бол дэлхийн 10 том хамтлагийн нэг нь юм хө. Түүний нөлөө их байв. Залуусын нь хувцаслалт чөлөөтэй. Хувийн үйлдвэр их хөгжсөн тул бусад социалист орнуудаасаа эрс ялгаатай байв. Чех,зүүн Герман бол харин ч социалист талдаа байсан. Прагад буухад дэлгүүр үйлчилгээний газрынх нь зохион байгуулалт Зөвлөлтийн маягтай байх. Гэтэл Унгарт өөрөө, өөртөө үйлчлэх хэв маяг давамгайлна. Галт тэрэгний буудал дээр буухад л мэдэгдэнэ. Будапештэд нэг урт жуулчны гудамж байдаг. Тэрэнд монгол оюутнууд “Гангачуудын гудамж” гэж нэр өгсөн байсан. Угтаа тэр ганган хүмүүс нь гадаадын жуулчид л байна уу гэхээс Унгарын өөрийн иргэд биш байдаг. Ерөөсөө тэднийхэн нэг их гял цал болсон хувцаслалтгүй. Залуус нь их өндөр үнэ цэнэтэй юм өмсөхгүй хө. Ялангуяа нэг жаахан зэвэргэн хүйтэвтэр өдөр хүмүүсийнх нь тавьсан малгай гэж хачин юм байдаг юм шүү дээ.Гэтэл Югославт хүрээд очихоор хүмүүсийнх нь ганган гэж жигтэйхэн. Энэ нь слави цус, орос маягийн зан чанар гэдэг чинь тийм байдаг аж. Манайхан хүртэл Оросыг дуурайн олон жил явсан болохоор ганган талдаа шүү дээ. Югославт бол нөгөө талаасаа Италаас их хуулбар авч дуурайдаг аж. Италийн хүүхнүүд чинь их ганган л даа. Унгар бол тоохгүй. Тэд хувцсандаа тийм ханддаг атлаа ахуйдаа их анхаардаг. Их тохилог. Тэр байр сууц, түүний эргэн тойрондоо тохины тохь байдаг. Түүнийгээ бол бараг урлаг болгочихсон. Их тохилог орчинд амьдрах дуртай. Харин сүүлийн 3-4 жилд тэр уламжлал нь зарим талаараа алдагдаж байна гэж ярих болжээ.

Яагаад тэр юм бол?

-Одоо эрх барьж байгаа улс төрчдөөс болж буй гэх юм билээ хө. Тэдний стиль огцом өөрчлөгдөж байгаа гэх. Их өндөр үнэтэй брендийн эд хэрэглэж байгаа аж. Хамгийн үнэтэй цаг зүүгээд “галзуурцгааж” байгаа гэсэн хө. Гадаад явдлын яамны сайд нь одоо 36 настай ,тэр гэхэд үсээ гелидээд, бариу өмд өмсөөд явдаг гэсэн. Урьд нь Унгарын улс төрчид их даруухан байсан. Сүүлд гол төлөв 30 хэдтэй залуус улс төрд орж ирснээр эд материалын сонирхолтон болох тал руугаа хазайсан гэж байгаа.Мажаараар бол унверш гэж эдийн сонирхлоосоо ичихгүй байна гэсэн үг. Харин түүгээрээ бахархах хандлагыг бий болгож эхэлжээ.

Их хүмүүсийн нөлөө

-Чамд нөлөөлсөн хамгийн том алдартай эрдэмтэн хэн гэж байв?

-Зургаан том профессор бий шүү. Сөгеди Мусак Мехай гэж алдартай том профессор байх. Америкт хагас жил багшлаад Индианы их сургуульд уран зохиолын онол зааж байгаад ирсэн. Тэр хүн надад хичээл орсон. Немиский Бело гэж академич, герман хэлийг унаган юм шиг мэддэг лут эр байлаа.Тэр маш их нөлөөлсөн. Бас аав, хүү хоёр бий. Хүүг нь Курчоса Варню гэдэг. Хироманотик гэж уран зохиолын онол бий. Түүнийг аав нь Унгарт 1990 онд гаргаж ирээд шуугьсан. Унгар оюутнууд түүнийг ойлгоход хэцүү гэж байв.Тэр хүний хүү бидэнтэй хамт сурдаг байв. Сургуулиа төгсөөд тэндээ үлдсэн. Одоо алдартай том профессор байгаа хө. 40 хэдтэй залуу бий. Тэдний гаргаж байгаа номууд бол гайхамшигтай. Бас Родцу Шаандори гэж бий. Франц, Герман хүрээлэлд номууд нь их орчуулагдсан. Том профессор юм. Жигтэйхэн найз л даа бид. Бүр “Чи…” гэж ярьдаг юм хө. Миний дессертаци бичсэн өвөрмөц яруу найрагчтай яг нэг үе юм. Тэд найз нэг сэтгүүлийн редакцид ажилладаг. Би яагаад ч юм бэ, санамсаргүйгээр еврей зохиолч найрагчидтай жигтэйхэн их дотно болсон. Номуудыг нь их уншина. Унгарын бусад зохиолчдынхоосоо огт ондоо байдаг хө. Вошестван гэж алдартай зохиолч, төрийн хошой шагналтан. Тэрний бүтээлээр би мажаар хэлнийхээ дипломын ажлыг хийсэн. Еврей атлаа дөрвөн хэлтэй хүн байсан. Еврей нар чинь гэртээ бол гол төлөв германаар ярьчихдаг. Тэрбээр Томас Элиотыг мажаар хэл рүү хөрвүүлсэн байдаг. “Зүхлийн газар” гэх алдартай бүтээлийг нь орчуулсан. Тэрхүү орчуулгыг нь мажаараар уншаад асар их биширч байлаа. Өөрийнх нь бичсэн эссэний ном байгаа. Мань эрийн бүтээлийг Элиотынхтой харьцуулсан судалгаагаар би диплом бичих гэж байв хө. Тэгэхдээ пост-модерн яруу найргийг Элиот үндсэлсэн гэдгийг мэдэж авсан. Өдөр тутмын энгийн хар ярианы хэлээр найргийг бүтээгч нь Элиот байв. Харин Унгарт тийм хар ярианы болон этгээд бүдүүлэг үг хэллэгээр бүтээл туурвисан хүн бол миний “архичин” гээд байгаа найрагч юм. Эгэл борчуудын болон гудамжны хэлээр зарим нь бүр бохир гэмээр үгээр сонирхолтой шүлгийг хэлхсэн гэсэн үг. Яаж ингэж бүтээв гэдэг сонирхлыг минь татсан хө. Чойномын шүлэг зарим талаараа тэр хүний шүлэгтэй ойртоно. Би ганц нэгийг нь мажаар руу хийсэн. Энд яриад байгаа тэр балгадаг найрагч бол “Антипоэтика” гэдэг урсгалын төлөөлөл юм хө. Андегранди маягийн юм. Өөр жижиг хүрээ, соёлын давхаргынханд түгдэг зохиол. Тийм юмнууд нь сонин санагдаж байсан. Монгол судлалаасаа бол яах аргагүй том нөлөөлсөн хүн бол Хар Дорж багш маань юм хө. Тэр хүний номыг таван жил эх хэл дээр нь сонссон гарынх нь шавь би юм. Дэлхийн монгол судлал дотроо Хар Дорж багш шиг цэнхэр нүдтэн ховор. Германы Хайнсаг ч юм уу, тэр л их нэртэй Хайниш юм уу, Клиё энэ тэр бол хятад хэл бичигт сайн байсан. Дорж багш бол худам бичгээр шууд л түргэн бичнэ. Татална.Ер алдахгүй. Тэгээд дөрвөлжин бичгээр шууд бичнэ. Бас самбар дээр түвдээр бол түвдээр, хятадаар бол ханзаар нь янзын бичнэ дээ. Миний орчуулсныг үзээд засвар хийхдээ хуучин монголоор л биччихдэг байв хө. Эгээ л нэг Ре багш шиг. Надад нэг толь бичиг бий түүний өмнөтгөлд “Монгол хэл” гэдэг шүлгийг гараараа бичсэн. Тэнд анх намайг очиход багшийн нэг комьпютер нь макрософтын программ,кирилл үсэг таньдаггүй байсан. Тэдний цагаан толгой үсгийг нэг юм танидаг. Их олон товчлуур дарж байж нэг юм өөрийн үсгээ гарган монголоороо уншин зөв бурууг нь үзнэ.Тийм юмаар бичиж байв. Хичээлээ тараад л багшийн өрөөнд очдог.Тэгээд шошигтын системээр бичсэн цааснууд авдранд байна. Түүнийг харж бичиж шивж өгнө. Хожим нь багш толь бичгийн номдоо “Өмнөх үеийн word-ийн программаар эхлээд хийж байх үед тухайн үеийн манай ажилтан их удаан ажилласан боловч нэн их дүнгүй байгаагүй юм аа.” гэж оруулжээ. Миний тухай оруулсан хэрэг л дээ хө.

-Хос мэргэжлийн чинь нэг философийн хөгжил тухайн үедээ ямар байв, одоо дэлхий нийтэд ямар түвшинд яваа вэ?

-Тэр хө, Монголд дорно дахины хувьд хуучин Хүрэлбаатар гуай жаахан юм ярьж байв. Нагаржунайгийн талаар Лувсанцэрэнг өнгөрснөөс хойш дорвитой ярихгүй байна.
Арга зүй нь ямар байна гэдгээс хамаарна. Игозотек шинжлэх ухаанаас өөр л дөө. Нийгмийн ухааны хувьд аль өнцгөөс нь ямар аргаар харж байна гэдэг нөлөөтэй. Куров гэж нэг багш байв, герман гаралтай. Тэр бол Платоны тухай бол жигтэйхэн гоё юм ярина. Орчуулгаа яаж хийсэн тухайгаа хэлнэ. Английн философи, Германых байна, Францынх байна. Тэр бүхнээс манайд орчуулж байгаа юм алга. Ер манайд бол философийн хэл гэх үү дээ орчин үеийн найруулгыг нь хүргэж ирсэн хүмүүс бол Норовсамбуу, логикийн Баттөмөр нарын хэдхэн хүн байлаа. Өрнөдөд бол уран зохиол, яруу найргийн шүүмжийг нь гол төлөв философичид нь бичдэг шүү хө.

Тодотгол: Мажаар хэлний эртний найруулгад нь их ач холбогдол өгдөг Ганболд маань ярихдааюм хөгэж өгүүлбэрээ зөөлөн төгсгөх хэвшилтэй нэгэн. Орчуулагч гэхээсээ дуун хөрвүүлэгч гэх нэршилд тэр бас таатай хандаг бөлгөө.

                                                                                        Б.Цогзаяабаатар

                                                                                       www.Zindaa.mn

Top